Friday, May 19, 2017

УЛС ТӨР СУДЛААЧ АДАМ ПШЕВОРСКИ

Адам Пшеворски
Adam Przeworski
Мэндэлсэн он:
1940 оны тавдугаар сарын 5 (77 настай)
Мэндэлсэн газар:
Польш улс, Варшав хот
Харьяалал:
 Польш улс
 АНУ
Үйл ажиллагааны төрөл:
Улс төрийн шинжлэх ухаан
Ажлын газар:
Чикаго Их Сургууль,
Нью-Йоркийн Их Сургууль
Альма-матер:
Варшавын Их Сургууль,
Баруун-Хойдын Их Сургууль
Гавьяа, шагнал:
Улс төрийн шинжлэх ухааны салбар дахь Юхан Шюттагийн нэрэмжит шагнал (2010 он)
Адам Пшеворски (Польш хэлнээ: Adam Przeworski; 1940 оны тавдугаар сарын 5, Польш улс, Варшав хот) — нь Нью-Йоркийн Их Сургуулийн Европ судлалын профессор, Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүн (1991 он), польш гаралтай Америкийн улс төр судлаач нэгэн.
Намтар
Пшеворски 1940 оны тавдугаар сарын 5 нд Польшийн нийслэл Варшав хотноо мэндэлсэн. 1961 онд Варшавын Их Сургуулийн дүүргэж, удалгүй АНУ руу цагаачилсан. 1966 онд Баруун-Хойдын Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. Дараагаар нь, Чикаго Их Сургуульд багшлах болсон. Жон Хопкинс Их Сургуулиас санаачлан хэрэгжүүлсэн «Авторитаризмаас ардчилалд шилжихүй» нэрт  олон улсын хэмжээний төсөлт үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Төслийн үр дүн болж Өмнөд Европ (Испани, Португали, Грек), Латин Америкийн орнуудын авторитари дэглэмээс ардчилалд шилжих үйл явцыг шинжилсэн дөрвөн дэвтэр судалгааны бүтээл гарсан.
Пшеворски Энэтхэг, Чили, Их Британи, Франц, ХБНГУ, Испани, Швейцарьт зочин профессороор ажиллаж байсан. 1991 онд Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон бол 2001 онд “Ардчилал ба хөгжил” ном бичсний учир Вудро Вильсон нэрэмжит шагнал, 2010 онд улс төрийн шинжлэх ухааны салбар дахь Йохан Шюттагийн нэрэмжит шагнал тус тус хүртсэн. 
1985 онд бичсэн «Капитализм ба нийгмийн ардчилал», 1991 онд нийтлүүлсэн «Ардчилал ба зах зээл: Зүүн Европ, Латин Америк дахь улс төр, эдийн засгийн шинэтгэлүүд» нэрт хоёр бүтээлдээ өөрийн онолыг хөгжүүлсэн. Нийтдээ 13 орчим бүтээл нийтлүүлсэн.
Улс төрийн үзэл санаа
Пшеворски ардчилал, улс төрийн эдийн засгийн ухаан, шилжилт судлал, судалгааны арга зүйн чиглэлээр дагнан судалгаа хийдэг. Түүний анхны томоохон хэмжээний бүтээл болох  «Капитализм ба нийгмийн ардчилал» нь улс төрийн эдийн засгийн ухааны хүрээнд хийгдсэн судалгаа байсан. Зарим судлаачдын зүгээс Пшеворскиг харьцуулсан улс төр судлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг онцолсон байдаг. Өмнөд болон Зүүн Европ, Төв, Латин Америкийн орнуудын ардчилалд шилжих үйл явц, ардчилах үйл явцын онцлог, болон нийтлэг талуудыг судлахад ихээхэн анхаарал хандуулсан.
“Ардчилал бол засаг барьж буй нам нь сонгуулийн үр дүнгээр солигддог тогтолцоо мөн. Энд тодорхой үзэл бодол, үнэлэмж, эрх ашиг бүхий хүмүүсийн бүлэг – намууд байна. Тэдний дунд дүрэм журамд захирагдсан тэмцэл явагддаг. Үр дүнд нь түр зуурын ялагч, ялагдагч бий болно” (Пшеворский, 2000, хууд. 28).
“(…) Ардчилал гэдэг хэн ч бүхнийг хянадаггүй хэрнээ хувь заяа нь шийдвэр гаргагчдаас бүгдээс нь хамаарч байдаг зөрчлийг шийдвэрлэх тогтолцоо юм. Тодорхой зөрчлийг шийдвэрлэх явц өөр хоорондоо өрсөлдөж буй улс төрийн хүчнүүдээс ex ante хамаарахгүй. Учир нь тэдний үйлдэл нэг нэгнээсээ шалтгаалж байх бөгөөд урьдчилан тааварлах боломжгүй байдагт оршино. Ингэхлээр, өрсөлдөөнд оролцож буй хэнийх нь ч хувьд үр дүн тодорхой бус байна. Ардчилал гэдэг сонгуульд оролцогчид хамгийн сайн гэсэн үйлдлээ хийчихээд үр дүнг нь сонгуулийн хайрцагнаас хардаг тогтолцоо юм” (Пшеворский, 2000, хууд. 30) хэмээн Пшеворски бичжээ.
Ардчиллын хамгийн чухал үнэт зүйл нь хүчирхийлэл, дураар зоргоор авирлах явдлаас хамгаалагдсан байхад оршино. Ингэхэд ардчилал хэзээ бэхждэг юм бэ? “Тодорхой улс төр, эдийн засгийн нөхцөлд хэм хэмжээний нэг тогтолцоо цорын ганц тоглоомын дүрэм болж, ялсан, ялагдсан хүчнүүд уг тогтолцооноос ангид хэм хэмжээг эрэлхийлэхгүй болсон тэр цагт ардчилсан төр бэхжинэ” (Пшеворский, 2000, хууд. 47). Үүнээс гадна, үр ашигтай чөлөөт эдийн засгийн тогтолцоо бий болоход олон улсын харилцааны хүчин зүйл нөлөөлж болохыг Пшеворски онцолсон байдаг. Харин хэрхэн бий болох вэ гэдэг нь иргэдийн хариуцлагатай шууд холбогдоно. Ардчиллын бэхжилтийг хангахад улс төрийн хүчнүүдийг эрх ашгийг бүрэн илэрхийлсэн байхаас гадна эдийн засгийн өсөлт сууь нөлөөтэйг онцолсон байдаг. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган $-ийг давсан улс оронд ардчиллын замааас ухрах ойлголт байдаггүй талаар Пшеворски дурдсан.
Улс төрийн шилжилтийн цорын ганц гарц нь ардчилал биш юм. Авторитари юм уу тоталитари дэглэм унаснаар хөгжлийн янз бүрийн стратеги бий болж болно. Пшеворски дараах хувилбар үүсч болохыг дурдсан байна. Үүнд:
1. Ардчилсан хэм хэмжээг бататгаж чадалгүйгээр улс төрийн хүчнүүд шинэ дарангуйлал тогтоохын төлөө өөр хоорондоо тэмцэлдэж болно.
2. Нэг ч улс төрийн хүчин эрх ашгаа хангаж чадалгүй ардчиллыг түр зуурын шийдвэр хэмээн зөвшилцөж болно.
3. Ардчилсан хэм хэмжээг хэсэгчилсэн байдлаар бий болгосон хэрнээ улс төрийн хүчнүүд нь шинэ дарангуйлал тогтоохын төлөө хоорондоо тэмцэлдэж болно.
4. Ардчилсан хэм хэмжээг нийгэмд тогтоосон хэрнээ засаглалын үр дүн муутай зохион байгуулалтын хэлбэрийг улс төрийн хүчнүүд бий болгож болно.
5. Ардчилсан хэм хэмжээг нийгэмд төлөвшүүлж, тогтвортой хөгжих нөхцөлийг үүсгэж болно .
Ямартаа ч ардчилал бол шилжилтийн цорын ганц гарц биш гэдгийг Пшеворски онцолсон байдаг (Пшеворский, 2000, хуудсд. 92-95).
“Шилжилтийн үеийн гол асуудал нь зэвсэг барьж буй хэн нэгэн бусдыгаа устгачихалгүйгээр юм уу үйлдвэрлэлийн нөөцийг хянаж буй хэн нэгэн бусдыгаа өлсгөж алчихалгүйгээр ардчилалд шилжих явдал юм” (Пшеворский, 2000, хууд. 91). Ардчилсан дэглэм тогтсны дараагаар улс төрийн хүчнүүдийн дунд дараах хоёр төлийн тэмцэл бий болох боломжтой. Үүнд:
·   Тогтвортой ардчиллыг бий болгож, олсон үр дүнгээ бататгахын төлөө хуучин дэглэмийн төлөөлөгчид болон ардчилсан хүчний хооронд:
·         Ардчилсан хүчнүүдийн дунд тэмцэл үүсч болно (Пшеворский, 2000, хууд. 108).
Ардчиллыг тогтооход нийгмийн хэм хэмжээ, түүний тодорхой бус байдал чухал ач холбогдолтой бөгөөд улс төрийн хүчнүүд засаг төрийн эрх мэдлийг өөрсдийн гарт удаан хугацаанд хадгалах хүсэл эрмэлзлэлтэй байдаг ба үүнээс зайлсхийх орчинг бий болгох нь чухал хэмээн зөвлөсөн. “Нэг нам нь сонгогчдын 60-аас дээш хувийн санал авч хоёр удаа дараалан сонгогдсон нэг ч орныг ардчилсан гэж үзэж болохгүй” (Пшеворский, 2000, хуудсд. 138, 139) хэмээн Пшеворски бичжээ.
Эх сурвалжийн жагсаалт

Пшеворский, А. (2000). Демократия и Рынок: Политические и экономические реформы в Восточной Европе и Латинской Америке. (В. А. Бажанова, Trans.) Москва: РОССПЭН.
МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 

УЛС ТӨР СУДЛААЧ ГИЛЬЕРМО А. О’ДОННЕЛЛ

Гильермо О’Доннелл
Мэндэлсэн он:
1936 оны хоёрдугаар сарын 24
Мэндэлсэн газар:
Аргентин улс, Буэнос-Айрес хот
Бие барсан он:
2011 оны арваннэгдүгээр сарын 29 (75 насандаа)
Бие барсан газар:
Аргентин улс, Буэнос-Айрес хот
Харьяалал:
 Аргентин улс
Ажилласан газар:
Мичиганы Их Сургууль
Нотро-Дам Их Сургууль
Альма-матер:
Йелийн Их Сургууль
Буэнос-Айрес Их Сургууль
Гильермо А. О’Доннелл (Испани хэлнээ: Guillermo O'Donnell, 1936 он Аргентин улс — 2011 оны арваннэгдүгээр сарын 29, Буэнос-Айрес хот) — нь 1970-аад оны сүүл үеэс АНУ-д ажиллаж болсон ардчилах үйл явц, шилжилт судлал, Латин Америк дахь улс төрийн үйл явцаар мэргэшсэн Аргентины хайв улс төр судлаач билээ. Түүний ах Паочо О’Доннелл нь Аргентины нэртэй үргэлжилсэн үгийн зохиолч, улс төрч нэгэн юм.
Цадиг намтар
О’Доннелл Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо мэндэлсэн. Буэнос-Айресын Их Сургуулийн хууль цаазын салбарыг дүүргэж, 1958 онд хуульч болсон. 1958-1966 онуудад Буэнос-Айресын Их Сургуулийн Хуулийн Сургуульд, 1966-1968 онуудад Аргентин дахь Ромын Хутагтын Католиг Их Сургуульд тус тус багшилж байсан. 1963 онд Дотоод Хэргийн Яамны орлогч сайдаар ажилласан.
1968 онд Йелийн Их Сургуульд үргэлжлүүлэн суралцаж улс төрийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан боловч докторын ажлаа дуусгаж чадалгүй эх орондоо эргэн ирсэн. 1972-1975 онуудад Аврагчийн Иезуит Их Сургуульд багшилсан. 1973 онд Латин Америк дахь улс төрийн үйл явцыг судалсан “Modernization and Bureaucratic-Authoritarianism” нэрт номоо нийтлүүлсэн нь судлаачдын зүгээс өндөр үнэлгээ авсан байна.
1979 онд АНУ-д очиж, ахисан түвшинд үргэлжлүүлэн суралцсан. 1987 онд Йелийн их Сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг горилсон. Үүний дараагаар Индиана муж улсын Нотро-Дам Их Сургуулийн дэргэдэх Келлог Хүрээлэнгийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн профессор, Стэнфордын Их Сургуулийн Ахисан Түвшний Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажлыг хавсран хийсэн. Сан-Паула Их Сургууль, Калифорнийн Их Сургуульд багшилж байсан. Аргентин дахь Төр, Нийгмийн Судалгааны Төвийн захиралаар ажилласан.
Эхнэр нь улс төрийн шинжлэх ухааны профессор Габриэла Ипполито О’Доннелл бөгөөд тэднийх нийтдээ 5 хүүхэдтэй.
Улс төрийн үзэл санаа
О’Доннелл 1960-аад оны Латин Америкийн улс төрийн үйл явцыг судлах замаар тухайн бүс нутгийн улс төрийн дэглэм, хөгжлийн онцлогийг нээн илрүүлэхийг зорьсон. Латин Америкийн орнуудын авторитари дэглэм мэргэшсэн төрийн албан хаагчид, цэргийн хүч дээр тулгуурлан нийгэмд ноёрхлоо хадгалж үлдэхийг чармайх болсон бөгөөд энэ шинжээрээ бусад бүс нутгийн авторитари дэглэмээс ялгардаг байна. Тийм ч учраас Латин Америк дахь авторитаризм нь бюрократи авторитаризм юм хэмээн О’Доннелл үзжээ. Сүүлээр судалгааны хүрээгээ өргөтгөж ардчилах үйл явц, ардчилсан шилжилт, ардчиллын бэхжилтийн асуудалд анхаарал хандуулах болсон. Энэ чиглэлээр нэрт эрдэмтэн Филипп Шмиттертэй хамтран 1986 онд “Transitions from Authoritarian Rule: Tentative Conclusions about Uncertain Democracies” бүтээл нийтлүүлсэн нь өнгөрсөн зууны 80, 90-ээд оны туршид харьцуулсан улс төр судлалын томоохон зохиолд тооцогдож байв. Ардчилсан дэглэмд шилжих үйл явц улс төрийн хүчнүүдийн үйл ажиллагааны ерөнхий төлвөөр тодорхойлогдох бөгөөд аядуу (soft), хатуу (hard), холимог (moderate), радикал (radical) шинжийг аль нь давамгайлж байгаагаас хамааран үр дүн харилцан адилгүй байх болно гэсэн санааг гаргажээ.
О’Доннелл 1990-ээд оны эхэн үеэс ардчиллын чанарын тухай асуудалд ихээхэн анхаарах болсон. Латин Америкийн орнуудад бүх нийтийн сонгуулаар гарч ирсэн ерөнхийлөгч улс төрийн эрх мэдлийг төвлөрүүлж, иргэд нийгмийн хариуцлага хүлээхээс зайлсхийдэг нь энэ бүс нутаг төлөөллийн бус, “төлөөлөгчийн ардчилал” хөгжих үндсэн нөхцөл болжээ. Энэ хүрээнд О’Доннелл 1996 онд Journal of Democracy сэтгүүлд “Delegative Democracy” нэртэй өгүүлэл нийтлүүлсэн байдаг.
Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны ерөнхийлөгч, Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны дэд ерөнхийлөгч, Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүн Гильермо А. О’Доннелл 2011 оны арваннэгдүгээр сарын 29 нд Аргентины Буэнос-Айрес хотноо 75 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

УЛС ТӨР СУДЛААЧ ХУАН ХОСЕ ЛИНЦ СТРОЧ ДЕ ГРАСИА

Хуан Линц
Мэндэлсэн он:
1926 оны арванхоёругаар сарын 24
Мэндэлсэн газар:
ХБНГУ, Бонн хот
Бие барсан он:
2013 оны аравдугаар сарын 1 (86 насандаа)
Бие барсан газар:
АНУ, Коннектикут муж улс, Нью-Хайвэн
Харьяалал:
 ХБНГУ
 Испани
 АНУ
Үйл ажиллагааны төрөл:
Улс төрийн шинжлэх ухаан
Ажлын газар:
Эрдмийн зэрэг:
Улс төрийн шинжлэх ухааны доктор
Эрдмийн цол:
Профессор
Альма-матер:
Мадридын Комплутэн Их Сургууль
Колумбын Их Сургууль
Гавьяа, шагнал:
Нийгмийн шинжлэх ухааны салбар дахь Астурын ханхүүгийн шагнал (1987 он)
Улс төрийн шинжлэх ухааны салбар дахь Юхан Швттагийн нэрэмжит шагнал (1996 он)
Хуан Хосе Линц (Герман хэлнээ: Juan Linz, Juan José Linz, бүтэн нэр — испани хэлнээ: Juan José Linz Storch de Gracia; 1926 оны арванхоёрдугаар сарын 24, ХБНГУ, Бонн хот — 2013 оны аравдугаар сарын 1, АНУ, Нью-Хайвэн) — нь Америкийн цолгорсон улс төр судлаач, Йелийн Их Сургуулийн профессор, транзитологи буюу шилжилт судлалын ухаанаар мэргэшсэн нэрт эрдэмтэн болно.
Цадиг намтар
Эцгийн талаасаа герман, эхийн талаасаа испани цустай нэгэн. 1926 онд мэндэлсэн. Эхийн хамт 1932 онд Германаас Испани руу шилжсэн. Дунд сургуулиа дүүргээд Мадридын Комплутен Их Сургуульд хууль цааз, эдийн засаг, худалдаа арилжаа, улс төрийн шинжлэх ухаанаар суралцан төгсч, 1959 онд Колумбын Их Сургуульд “ХБНГУ-ын улс төрийн намуудын нийгмийн үндэс” сэдвээр социологийн ухааны докторын зэрэг горилсон. 1961 оноос Колумбын Их Сургуульд, 1968 оноос Йелийн Их Сургуульд багшлах болсон. Түүний судалгааны ажлын хүрээнд Испаны улс төрийн амьдралын талаарх судалгаа томоохон байр суурь эзэлдэг.
Хуан Хосе Линц Бэркли, Стэнфорд, Хэйдэлбэрг, Мюнхен, Берлин, Флорнэнцийн их сургуулиудад зочин профессороор ажиллаж байсан. Европын Академи, Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академи, Британы Академийн гишүүн, 1976 оны Гранадын, 1992 оны Жоржтаун, Марбург, Мадридын Их Сургуулийн хүндэт доктор Хуан Хосе Линц Строч де Грасиа 2013 оны аравдугаар сарын 1нд АНУ-ын Коннектикут муж улсын Нью-Хайвэн хотноо 86 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.

Хуан Хосе Линц “Ардчилсан дэглэмүүдийн уналт” (The Breakdown of Democratic Regimes, 1978), “Ардчилсан шинжилт, бэхжилтийн асуудлууд: Өмнөд Европ, Латин Америк, посткоммунист Европын орнууд” (Problems of Democratic Transition and Consolidation: Southern Europe, South America, and Post-Communist Europe, 1996), “Тоталитари болон авторитари дэглэмүүд” (Totalitarian and Authoritarian Regimes, 2000) зэрэг олон тооны ном гаргасан байдаг. 


Thursday, May 11, 2017

ЭНТОНИ ДАУНСЫН АРДЧИЛЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОНОЛ

Энтони Даунс
Anthony Downs
Мэндэлсэн он:
1930 оны арваннэгдүгээр сарын 21 (86 нас)
Мэндэлсэн газар:
Иванстон хот
Харьяалал:
АНУ
Шинжлэх ухааны хүрээ:
Эдийн засгийн ухаан
Ажлын газар:
Чикаго Их Сургууль
RAND корпораци
Брукингс Хүрээлэн
Стэнфордийн Их Сургууль
Карлтон Коллеж
Энтони Даунс (Англи хэлнээ: Anthony Downs; 1930 оны арваннэгдүгээр сарын 21, Иллинойс муж улс, Иванстон хот) — нь улсын салбарын бодлого, нийтийн захиргааны чиглэлд мэргэшсэн Америкийн цолгорсон эдийн засагч, улс төр судлаач нэгэн болно. Миннесота муж улсын Нортфилд дахь Карлтон Коллежид бакалавр, Стэнфордийн Их Сургуульд докторын зэрэг хүртсэн. 1977 оноос Вашингтон хотноо байрлах улсын салбарын бодлого судлалын Брукингс Хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан байсан. Чикаго Их Сургуулийн профессор, RAND корпорацийн шинжээч нэгэн.
Намтрын товчоон 

Э. Даунс ердийн нэг эрдэмтэн судлаач байгаагүй юм. 1959 онд их сургуулиа дүүргэсний дараагаар 18-хан насандаа улсын хэмжээний бодлого боловсруулагч, удирдлагын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч томоохон компани болох Real Estate Corporation –д орж, дөрвөн жилийн туршид захиралуудын зөвлөлийн даргаар нь ажиллажээ. Дараагаар нь, 1977 онд  улсын салбарын бодлогоор мэргэшин ажиллах ашгийн төлөө бус Брукингс Хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар орсон байна. Э. Даунс Карлтон Коллеж, Стэнфордийн Их Сургуульд олон улсын харилцаа, улс төр судлалын чиглэлээр лекци уншиж байв.
Улс төр, эдийн засгийн шинжлэх ухааны хослуулан сонирхох болсон уг хандлага ардчилал, бюрократийн эдийн засгийн онолын чиглэлээр бичигдсэн түүний бүтээлүүдэд хүчтэй тусгагдсан байдаг. Real Estate Corporation-д ажиллахын зэрэгцээ гурван жилийн турш Чикаго Их Сургуулийн улс төрийн болон эдийн засгийн шинжлэх ухааны факультетад багшилсан байна.
Амьдралын асуудлаа ончтой шийдвэрлэж дадсан байдал нь Э. Даунсын улсын салбарын болон хувийн хэвшлийн удирдлагын чиглэлээр байгууллагуудад өгдөг олон зөвлөгөөнд тусгалаа олсон байна. Ялангуяа орон сууц, хот төлөвлөлтийн яамтай хамтран ажиллаж байсан нь хотын асуудлаарх түүний бүтээлүүдэд хүчтэй нөлөөлжээ. 1967 онд ерөнхийлөгч Л. Жонсон Э. Даунсыг хот төлөвлөлтийн асуудлаарх улсын хороонд авч ажиллуулсан байна. Мөн 1989 онд Даунс хотуудын орон сууцны бүтээн байгуулалтад садаа болж буй хууль тогтоомжийг нягтлан шалгах хорооны бүрэлдэхүүнд орсон. Тэрээр хэд хэдэн пүүс, компанийн захиралуудын зөвлөлын гишүүн байж, орон сууц, үл хөдлөх хөрөнгө, хот төлөвлөлтийн асуудлаар цуврал лекци уншиж байв.
Боловсролын байдал
Даунс 1952 онд Карлтон Коллежид олон улсын харилцаа, улс төрийн шинжлэх ухаанаар бакалавр, 1956 онд Стэнфордийн Их Сургуульд эдийн засгийн ухаанаар магистр, докторын зэрэг хүртсэн.
Рационал сонголтын онолыг хөгжүүлэхэд томоохон нөлөөлөл үзүүлсэнд тооцогдох “Ардчиллын эдийн засгийн онол” бүтээлээ 1957 онд нийтлүүлсэн. Нийтийн эрх ашиг гэх ойлголт хийсвэр утгатай. Өөрт дээд зэргээр ашиг бий болгох хувь хүмүүсийн рационал үйл ажиллагаа л улс төрийг урладаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн амьдралд ашиг олох гэсэн эдийн засгийн зүй тогтол үйлчилнэ. Сонгогчид өөрсдийнх нь амьдралд хэрэгтэй бодлого, шийдвэр гаргах чадвар бүхий улс төрч буюу улс төрийн намыг сонгодог бол сонгосон улс төрч, улс төрийн нам нь дахин сонгогдох, улсын эрх мэдлийг өөрсдийн гарт тогтвортой хадгалах үүднээс ард түмэн, сонгогчдын эрэлт, хэрэгцээнд суурилсан бодлого сонгож явуулахыг эрмэлздэг. Харин төрийн албан хаагчид сайн сайхан амьдрах хүсэлдээ хөтлөгдөн улсын бодлого, шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг чухалчилдаг. Бүгдэд нь өөрсдийн эрх ашгийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанаасаа ашиг бүтээх, хүртэх эдийн засгийн зүй тогтол үйлчилж байна. Үүнийгээ Даунс “ардчиллын эдийн засгийн онол” хэмээн загварчлан нэрлэсэн байдаг.
Бүтээлийн дээжис
·         «Ардчиллын эдийн засгийн онол» (An Economic Theory of Democracy, 1957);
·         «Бюрократийн дотоод мөн чанар» (Inside Bureaucracy, 1967);
·         «Хотын асуудал, хэтийн төлөв» (Urban Problems and Prospects, 1970).
·         «Э. Даунсын шилмэл эсээ» хоёр дэвтэр (The Selected Essays of Anthony Downs, 1998).
Ишлэл, зүүлт

Downs, Anthony // American Political Scientists: A Dictionary — 2 — Greenwood Publishing Group, 2002. — ISBN 978-0-313-31957-0

Saturday, April 8, 2017

УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ №1

Хичээлийн нэр: Улс төр судлалын үндэс
Хичээл заах багш: Н. Отгонбаяр
Ажлын өрөө: Ерөнхий Эрдмийн Тэнхим
Хичээл заах анги: Өдрийн 11, 12, 13, 14, 15-р анги
Хичээлийн кредит: 2 кр
Хичээлийн нийт цаг: 1:2 (Лекц 16, семинар 32)
Хичээлийн хэлбэр: Лекц, семинар
Хичээлийн залгамж: Монголын түүх, Нийгмийн тухай мэдлэг
Орох улирал: 2-р улирал
Блог хаяг: www.politnauka.blogspot.com
УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ, СУДЛАХ ЗҮЙЛ
Өнөөгийн нийгмийн шинжлэх ухаанд улс төр судлал буюу улс төрийн шинжлэх ухаан томоохон байр суурь эзэлдэг. Энэ шинжлэх ухааны олон улсын нэршил нь political science or, political studies болно. Харин орос хэлнээ политическая наука или политология гэж нэрлэдэг. Хүн төрөлхтөний бүхий л түүхийн туршид тодорхой нийгэм, ард түмний хувь заяанд улс төр, ялангуяа төр чухал үүрэгтэй байсаар иржээ. Үүнтэй холбоотойгоор Орос-Дагестаны цолгорсон хүмүүн Р. Гамзатов “өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй үе чам руу их буугаар буудна” хэмээх онч үгээ хэлсэн бизээ.
Одоогоос 3500 орчим жилийн өмнө улс төрийн мэдлэг философи сэтгэлгээний хүрээнд Грек, Рим, Энэтхэг, Хятад зэрэг орнуудад бий болсон байна. Күнз, Мэнз, Лаоз, Сократ, Платон, Аристотель, Цицерон, Полибий, Чанакья нарын суут сэтгэгчид улс төрийн мэдлэгийг үндэсний төр улсын болон хот улсын хүрээнд томьёолон гаргаж ирэхийг оролдсон байдаг.
Улс төр хэмээх нь эртний Грекийн politika, policy буюу төр, нийгмийн үйл хэрэг гэсэн үгнээс гаралтай аж. Зарим судлаачдын зүгээс улс төрийн шинжлэх ухааны эцэг бол Аристотель мөн гэсэн санааг гаргадаг.
Улс төрийн мэдлэг үүсэл хөгжлийн явцдаа дараах үе шатыг дамжсан хэмээн өнөөгийн судлаачид үзэх болсон. Үүнд:
·         Улс төрийн мэдлэг бүрэлдэн тогтсон үе:
·         Улс төрийн мэдлэгийн рационал үе (XV-XIX зуун):
·         Улс төрийн мэдлэг шинжлэх ухаан болж төлөвшсөн үе гэсэн гурван үеийг багтаадаг байна.
Ташрамд өгүүлэхэд Америкийн улс төр судлаач Карл В. Дойч улс төрийн мэдлэгийн үүслийг
·         Философийн үе (эртний Грек-Римээс 1861-1865 оны Америкийн иргэний дайн хүртэлх):
·         Эмпирик үе (1865 оноос дэлхийн II дайн дуусах хүртэл):
·         Эмпирикийг хянан засварлах буюу рефлексийн үе (Дэлхийн II дайнаас өнөөг хүртэл) гэсэн гурван үед ангилан авч үзсэн ч ихэнх судлаачдын зүгээс Америк төвт хандлагыг илэрхий баримталсан гэх шүүмжлэлд өртдөг байна.
Эндээс улс төр гэж чухам юуг хэлэх, улс төрийг хүн болгон судлах шаардлагатай юу гэсэн асуулт урган гарч байна.
Улс төр гэж чухам юуг хэлэх талаар өнөөдрийг хүртэл нэгдсэн ойлголт шинжлэх ухаанд хараахан бий болоогүй байна. Судлаачид улс төр хэмээх үзэгдлийг тал бүрээс нь тодорхойлохыг оролддог. Тухайлбал Д. Истон “улс төр гэдэг нь нийгмийн дотоодод албадлага хэрэглэх замаар үнэт зүйлсийг байршуулан хуваарилах үйл ажиллагаа мөн” хэмээжээ. Харин О. Шпенглер “амьдрал гэдэг төгс утгаараа улс төр, улс төр бол амьдрал юм” гэсэн бол Р. Шнайдер “улс төрийн судлана гэдэг нь нийгэмд ач холбогдол бүхий шийдвэр гаргах үйл явцыг судлана гэсэн үг юм” гэжээ. Гэтэл Америкийн судлаач Х. Лассуэлл “улс төрийг судлана гэдэг нь нөлөөллийг судлана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хэн, хаана, хэзээ, юуг, хэрхэн, ямар аргаар олж авч байгааг судлах ухаан болно” гэжээ.
Улс төрийг хамгийн өргөн утгаар авч үзвэл нийгэм дэх төрийн эрх мэдлийг олж авах, олж авахаар завдах, ядахдаа хэсэгчилсэн байдлаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл явцад оролцох зорилго бүхий хувь хүн, нийгмийн бүлгүүдийн ухамсартай үйл ажиллагааны нийлбэр цогц мөн гэж тодорхойлж болох байна.
Харин нийгмийн амьдралын улс төрийн хүрээнд илрэх түгээмэл харилцаа, зүй тогтлыг судлах ухаан бол улс төр судлал буюу улс төрийн шинжлэх ухаан болно.
Улс төрийн мэдлэг XIX зууны сүүл, XX зууны эхээр шинжлэх ухаан болж төлөвшсөн түүхтэй. 1857 онд Колумбын коллежид “түүх, улс төрийн шинжлэх ухааны тэнхим” байгуулагдсан нь их, дээд сургуулиудад уг ухааныг судлах үндэс болсон байна. Улмаар 1903 он гэхэд Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо байгуулагдсан байдаг. Колумбын коллежийн жишээг Харвард, Принстон, Йель, Стэнфорд, Чикаго их сургуулиуд дагах болсноор XX зууны хоёрдугаар хагас гэхэд улс төрийн мэдлэг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаан болох эхлэл тавигджээ.
1948 онд ЮНЕСКО-гийн ивээл дор Париж хотноо болсон олон улсын хурлаас олон улсын харилцаа, улс төрийн онол, улс төрийн нам, бүлэг, улс төрийн институт гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэг бүхий улс төрийн шинжлэх ухаан бий болсныг хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар 1949 онд Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо үүсчээ. Энэхүү холбоо гурван жил тутамд хуралдах бөгөөд улс төрийн шинжлэх ухааны анхдугаар хуралдаан 1951 онд Швейцарийн Цюрих хотноо зохион байгуулагдсан байна.
Хуучин социалист орнуудад улс төрийн шинжлэх ухаан 1980-аад он хүртэл үзэл суртлын хорионд байв. ЗХУ-д 1962 онд Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо байгуулагдсан боловч далайцтай хөгжиж чадаагүй юм. Харин 80-аад оны сүүл үеэс Орос, Монгол, Румын, Югослав, Унгар, БНАГАУ, Польш, Болгар зэрэг орнуудад улс төрийн шинжлэх ухаан шинэ өрнөлөөр хөгжсөн байдаг.
1989 онд Оросын Бүртгэл Мэдээллийн Хорооноос анх удаа улс төр судлалыг шинжлэх ухаан хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Үүний үр дүнд ОХУ-ын их, дээд сургуулиудад улс төр судлал буюу улс төрийн шинжлэх ухааныг тусгай хөтөлбөр, програмаар үзэх болжээ. Гэхдээ энэ нь ОХУ-д дээрхээс өмнө улс төрийн асуудлыг судлаж байгаагүй гэсэн үг хараахан биш бөгөөд философи, төр, эрх зүйн онол, улс төрийн эдийн засгийн ухааны хүрээнд их, дээд сургуулиудад зааж байсан баримт байдаг.
Улс төрийн үзэгдэл, үйл явцыг тодорхой аргын туслалцаатайгаар танин мэдддэг. Арга гэдэг нь Грек хэлний method хэмээх үгнээс гаралтай бөгөөд аливаа нэгэн онолыг үнэлэх, батлах арга, шинжлэн судлах хэрэгсэл болно. Улс төр судлаачид улс төрийн шинжлэх ухааны арга зүйн хөгжлийг дараах байдлаар үечилдэг байна. Үүнд:
·         Сонгодог үе (XIX зуун хүртэл): голлон дедуктив, учир шалтгаан-философийн тэрчлэн ёс суртахуун, үнэлэмжийн хандлагын хүрээнд хөгжиж ирсэн.
·         Институционал үе шат (XIX зууны сүүл, XX зууны эхэн хүртэл): түүхэн харьцуулалт, хэм хэмжээний болон институционал аргууд голлон хөгжиж байсан.
·         Бихевиорист үе шат (XX зууны 20-70-аад оны үе хүртэл): энэ үед улс төрийн шинжлэх ухаанд тоон аргууд голлон хэрэглэгдэж байсан.
·         Постбихевиорист үе шат: улс төрийн шинжлэх ухаанд уламжлалт болон шинэ, эмпирик аргуудыг харилцан тэнцвэртэй байдлаар хэрэглэх болсон.
Улс төрийн шинжлэх ухааны аргуудыг ерөнхийд нь дараах гурван бүлэгт ангилан авч үздэг байна. Үүнд:
·         Нийгмийн шинжлэх ухааны ерөнхий аргууд (индукц, дедукц, таамаглах гэх мэт):
·         Улс төрийн шинжлэх ухааны өөрийн аргууд:
·         Эмпирик аргууд багтана.
Улс төрийн шинжлэх ухаан өөрөө олон ухааны уулзвар зааг дээр орших учир түүний аргууд ч  гэсэн альтернатив шинжтэй байдаг.

Эх сурвалж: Н. Отгонбаяр (2014). Улс төр судлалын лекцүүд, Ред: Л. Мядаг, УБ: “Хүчит Нөхөр” ХХК, 15-20-р тал.