Tuesday, May 23, 2017

ПОЛЬШИЙН УЛС ТӨР СУДЛААЧ ЕЖИ ЙОЗЕФ ВЯТР

Ежи Йозеф Вятр
Jerzy Jozef Wiatr
Мэндэлсэн он:
1931 оны есдүгээр сарын 17 (86 настай)
Мэндэлсэн газар:
Варшав хот
Харьяалал:
Польш улс
Үйл ажиллагааны төрөл:
Социологи, улс төрийн шинжлэх ухаан
Ажилласан газар:
Варшавын Их Сургууль
Эрдмийн зэрэг:
Социлогийн ухааны доктор
Эрдмийн цол:
Профессор
Альма-матер:
Варшавын Их Сургууль
Гавьяа, шагнал:
Польшийн хоёрдугаар зэргийн одон (1996)
Ежи Йозеф Вятр (Польш хэлнээ: Jerzy Jozef Wiatr, 1931 оны есдүгээр сарын 17 нд Польшийн нийслэл Варшав хотноо мэндэлсэн) — нь Польшийн улс төр судлаач, социологич, коммунист тогтолцооны үеийн болон дараах үеийн Польшийн төр, нийгмийн зүтгэлтэн, Варшавын Их Сургуулийн хүндэт профессор, Ажилчны Нэгдсэн Намын томоохон удирдагч  Славомир Каземиж Вятрын эцэг болно. Тэрээр 1991-1997 онуудад Польшийн I, II, III дахь удаагийн Сеймын депутатаар сонгогдсон бөгөөд Влозимеж Цимошевичийн засгийн газарт боловсролын яамны сайдын алба (Ministra Edukacji Narodowej)-ыг хашиж байв. Түүний 1977 онд бичсэн «Улс төрийн харилцааны социологи» (Socjologia stosunkyw politycznych) нэрт бүтээл хуучнаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ) болон ах дүү социалист орнуудын нийгэм-улс төрийн сэтгэлгээнд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн байдаг.
Намтрын товчоон
Вятр 1931 оны есдүгээр сарын 17 нд Польшийн Варшав хотноо Уильям Йозеф болон Цофи Жанкович нарын гэрт мэндэлсэн. 1954 онд Варшавын Их Сургуулийн Философи, Социологийн Ухааны Факультетыг дүүргэсэн. 1957 онд докторын зэрэг хамгаалсан. 1951-1958 онуудад Варшавын Их Сургуульд туслах багш, 1958-59 онд дэд профессор, 1969 оноос профессор болсон. Үүний зэрэгцээ 1959-1965 онуудад Краковын Их Сургуульд дэд профессор, 1958-1968 онуудад Цэрэг-Улс Төрийн Академийн профессороор тус тус томилогдон ажиллаж байсан. 1949 онд   Польшийн Ажилчны Нэгдсэн Намд элссэн бөгөөд 1989 онд тарах хүртэл нь уг намын гишүүн байсан. 1979-1982 онуудад Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ үүрэгт албыг хаших хугацаандаа хоёр ч удаа Польшийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо (Poliskie Towarzystwo Nauk Politycznych)-ны Удирдах Зөвлөлийн тэргүүнээр ажилласан байдаг. 1981-1984 онуудад Намын Төв Хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн Хүрээлэнгийн захиралаар ажилласан. 1990 оноос Ардчилсан Зүүний Хүчний Холбоо намын гишүүн болсон. Ерөнхийлөгч Александр Квасневски Польшийн шинжлэх ухааны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 1996 онд Вятрыг гавьяаны хоёрдугаар зэргийн одонгоор шагнажээ. Вятр улсынхаа нэр хүндтэй их сургуулиудын зэрэгцээгээр 1968-69 онд Манчестерийн Их Сургуульд, 1967, 1974, 1976 онд Мичиганы Улсын Их Сургуульд, 1973 онд Бостон Их Сургуульд, 1985 онд Өмнөд Иллинойс Их Сургуульд, 1978, 80, 88 онуудад Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургуульд, 1973, 81, 83 онуудад Бритиш Колумбын Их Сургуульд, 1977, 80 онд Бельгийн Лэйдэн Хотын Католиг Их Сургуульд тус тус зочин профессороор ажилласан. 1998 оноос Нийгэм, Олон Улс Судлалын Хүрээлэнгийн, 2007 оноос Варшав дахь Европын Захиргаа, Эрх Зүйн Сургуулийн захиралаар томилогдон ажиллаж байна (Kubiak, 2011, pp. 5-42).
Ежи Вятрын судалгааны үндсэн чиглэл нь улс төрийн бодлогын социологи бөгөөд энэ чиглэлд олон арван бүтээл туурвисны дотроос «Үндэстэн ба төр: Үндэстний социологийн асуудлууд» (Naryd i panstwo: Socjologiczne problem kwestii narodowej, 1969), «Улс төрийн харилцааны социологи» (Socjologia stosunkyw politycznych, 1977), «Нийгэм: Тогтолцоот социологийн удиртгал» (Spoleczenstwo: Wstep do socjologii systematycznej, 1979), «Эрх чөлөөнд хүрэх зам: Колончлолын дараах улс орнуудын хөгжлийн улс төрийн механизм» (Drogi do wolnosci: Polityczne mechanizmy rozwoju krajym postkolonialnych, 1982), «Цэргийн социологи» (Socjologia wojska, 1982), «Нийгмийн хөгжлийн марксист онол» (Marksistowska teoria rozwoju spolecznego, 1983), «Марксизм ба улс төрийн бодлого» (Marksizm i polityka, 1987), «Их өөрчлөлтийн социологи» (Socjologia wielkiej przemiany, 1999), «Нийгмийн ардчилал ба XXI зууны сорилтууд» (Socjaldemokracja wobec wyzwan XXI wieku, 2000), «Улс төрийн бодлогын социологи» (Socjologia polityki, 2002), «Польшийн язгуур эрх ашгийн тухай эрэгцүүлэл» (Refleksje o polskim interesie narodowym, 2004), «Посткоммунист Европ – 1989 оны дараах төр, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт» (Europa pokomunistyczna – przemiany panstw I spoleczenstw po 1989 roku, 2006) зэргийг дурдаж болох байна.
“Улс төрийн харилцааны социологи” бүтээлийн агуулга
Вятрын үзэл санаа, улс төрийн онол хуучин социалист тогтолцоотой байсан орнуудын нийгмийн сэтгэлгээний хөгжилд хүчтэй нөлөөлөл үзүүлснийг дээр нэгэнт дурдсан билээ. Гэхдээ түүний онолыг “марксист улс төрийн шинжлэх ухаан(Вятр, 1979, хууд. 7) гэх нэрийн дор судалж байсан. Энэ үйл явцын хаяалбар нөлөө БНМАУ-д ч байсныг тэмдэглэх хэрэгтэй.
Вятрын 1977 онд бичсэн «Улс төрийн харилцааны социологи» нэрт бүтээл нь ерөнхий асуудал, улс төрийн социологийн онолын үндэс, улс төрийн харилцааны социологийн судалгаа гэсэн гурван хэсэг, нийт 14 бүлгээс бүрдэл болох бөгөөд улс төрийн шинжлэх ухааныг социологийн ухааны бүрэлдэхүүн мөн гэж үзсэнээрээ онцлогтой билээ. Гэхдээ улс төрийн шинжлэх ухаан гэх юм уу улс төр судлал гэсэн нэр томьёог хэрэглээгүй бөгөөд улс төрийн харилцааны социологи гэх ойлголтыг ашигласан болно. Вятрын улс төрийн харилцааны социологи нь өнөөгийн ойлголтоор улс төрийн шинжлэх ухаан мөн.
Юуны түрүүнд, Вятр нийгмийн амьдралын улс төрийн хүрээг «улс төрийн харилцааны социологи»[1] (Вятр, 1979) гэх ерөнхий ухааны хүрээнд авч үзэж судалсан байдаг. Тэгвэл улс төрийн үзэгдэл, үйл явцыг улс төрийн харилцааны социологи гэх ухаанаар төлөөлүүлэн судлах ямар хэрэгцээ, шаардлага байв гэсэн асуулт гарч байна.  “(…) Европын ихэнх орнуудын нэгэн адил дайнаас өмнөх болон дайны дараах жилүүдэд Польшид улс төрийн шинжлэх ухаан буюу улс төр судлалын уламжлал гэхээр зүйл байсангүй. Харин Францын тухайд арай өөр, улс төрийн шинжлэх ухааны нэн эртний уламжлал байсан юм. Бидний хэсэг нөхөд 1960 онд Польшийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Нийгэмлэгийг анх үүсгэн байгуулж байлаа. Миний бие энэ үйлсэд анхнаас нь хүчин зүтгэсэн гэдгийг хэлмээр байна. Харамсалтай нь, тэр үед хамтран ажиллаж байсан нөхдийн маань ихэнх нь одоо нэгэнт байхгүй болжээ. Энэ үед улс төрийн социологи буюу Ю. Хохфельд (1911-1966)-ийн нэрлэсэнчлэн «улс төрийн харилцааны социологи» л байсан. Улс төр судлал гэж байгаагүй. В. Хохфельд «Studia Socjologiczno-Polityczne» (Нийгэм-улс төрийн судалгаа) сэтгүүлд нийтлүүлсэн «Марксизм ба улс төрийн харилцааны социологи» нэрт анхны өгүүлэлдээ улс төрийн харилцааны марксист социологи нь улс төрийн бодлогын талаарх нэгдмэл шинжлэх ухааны үндэс болох ёстой гэсэн санааг дэвшүүлсэн юм. Миний бие энэ онол, энэ үзэл баримтлалыг л хөгжүүлсэн. Яагаад тэр вэ? Учир нь марксизм улс төр ба эдийн засаг, улс төр ба соёл гэхчилэн нийгмийн амьдралын янз бүрийн хэсгийг нэгтгэн судлах боломж олгож байсан хэрэг. Ингэхлээр, хэрэв 1950-аад оны сүүл – 1960-аад оны эхээр Польшид улс төрийн бодлогын тусгаар шинжлэх ухаан, улс төрийн шинжлэх ухааны үзэл баримтлал байсан гэж үзвэл тэр нь юуны түрүүнд, социологийн үзэл баримтлал байх боломжтой байсан юм  (Кучинов, 2014, хууд. 88) хэмээн Вятр хариулжээ.
Улс төрийн харилцааны социологийг Вятр нийгэм дэх улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, түүнийг хэрэгжилтийг судлах социологийн онол мөн гэж тодорхойлсон байна. “Өнөөгийн шинжлэх ухаанд улс төрийн харилцааны социологийн судлах зүйлийг нарийвчлан тодорхойлсон, хэн бүхний хүлээн зөвшөөрөхүйц нийтлэг ойлголт өнөө хэр бий болж чадаагүй байна. Хамгийн өргөн утгаар авч үзвэл улс төрийн харилцааны социологи гэдэг нь улс төрийн бодлогын мөн чанарыг илэрхийлэгч эрх мэдлийн төлөөх тэмцэл, эрх мэдлийн хэрэгжилтийг судлаж тайлбар өгөх социологийн онолын хэсэг мөн(Вятр, 1979, хууд. 21). Илүү нарийвчилсан байдлаар тодорхойлбол “(…) нийгмийн амьдралын тогтсон хэлбэр дэх эрх мэдлийн төлөөх тэмцэл, эрх мэдлийн хэрэгжилт, тэдгээрийн обьектив нөхцөл, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөллийг судалж, тайлбарлах социологийн хэсэг(Вятр, 1979, хууд. 22) юм.  
Вятрын үзсэнээр, улс төрийн харилцааны социологи дараах бүрдлийг өөртөө багтаадаг байна. Үүнд:
·         Ажилчны хөдөлгөөн, улс төрийн намуудын социологи:
·         Төр, төрийн байгууллагуудын социологи (Тухайлбал, төлөөллийн байгууллагууд, арми, иргэний захиргаа гэх мэт):
·         Улс төрийн ухамсарын социологи:
·         Улс төрийн үйл байдлын социологи:
·         Олон улсын улс төрийн харилцааны социологи (Вятр, 1979, хууд. 31) зэрэг болно.
Хүснэгтлэн харуулбал дараах байдалтай байна.
Улс төрийн харилцааны социологи
Ерөнхий онолын хэсэг
Улс төрийн социологи
Бүрэлдэхүүн ухаанууд
Улс төрийн хөдөлгөөн, намуудын социологи
Төрийн социологи
Улс төрийн ухамсарын социологи
Улс төрийн үйл байдлын социологи
Олон улсын улс төрийн харилцааны социологи
Эх сурвалж: (Вятр, 1979, хууд. 32)
Улс төрийн хөдөлгөөн, намуудын социологи
Вятр улс төрийн харилцааны социологийн үндсэн судлах зүйлийн нэгийг улс төрийн хөдөлгөөн, нам мөн гэж үзсэн. “Улс төрийн хөдөлгөөн, түүний онцгой, институционал хэлбэр болох улс төрийн нам нь улс төрийн харилцааны социологийн судлах үндсэн асуудлын нэг яах аргагүй мөн билээ. Улс төрийн хөдөлгөөн хэрхэн бий болдог, үйл ажиллагаа нь ямар зарчмуудтай, улс төрийн намын хэлбэрт хэрхэн шилждэг, улс төрийн намын үйл ажиллагааны механизм юу болох зэрэг нь улс төрийн амьдралын социологи шинжилгээнд онцгой чухал ач холбогдолтой юм (Вятр, 1979, хууд. 313) хэмээн Вятр бичжээ.
Улс төрийн хөдөлгөөнийг дараах байдлаар тодорхойлсон: “ (…) оршин буй нөхцөлийг өөрчлөх юм уу төрийн эрх мэдлийг булаан авч засгийн газарт нөлөөлөл үзүүлэхийг зорьж буй нийгмийн хүч мөн (Вятр, 1979, хууд. 313). Нийгмийн бусад зохион байгуулалтын хэлбэрээс ялгаатай нь улс төрийн хөдөлгөөн улс төрийн арга, хэрэгсэл ашиглан зорилго, зорилтоо хэрэгжүүлэхийг чухалчилдагт оршино.
Харин улс төрийн нам нь 1. Дээд зэргээр зохион байгуулалтад орсон: 2. Төрийн эрх мэдлийг булаан авч хэрэгжүүлэх замаар зорилгодоо хүрэхийг эрмэлзсэн улс төрийн хөдөлгөөн болно (Вятр, 1979, хуудсд. 313, 14). Үүнээс гадна, улс төрийн хөдөлгөөн хүн төрөлхтөний хөгжлийн түрүү үеийн үзэгдэл бол улс төрийн нам харьцангуй сүүл үед бий болсон зүйл юм.
Вятр улс төрийн хөдөлгөөн (улс төрийн намыг)-ийг дараах гурван хэмжүүрт үндэслэн ангилж болно гэж үзсэн. Үүнд:
·         Нийгмийн ямар бүтцэд тулгуурласан гэдгээр нь (ангид тулгуурласан, анги хэв шинжит бүтцэд тулгуурласан, ангиудын харилцаанд тулгуурласан нийгмийн хөдөлгөөн):
·         Оршин буй улс төрийн байгуулалд хэрхэн хандаж буйгаар нь (Консерватив, реформист, хувьсгалт, хувьсгалын эсэргүү улс төрийн хөдөлгөөн буюу нам):
·         Зохион байгуулалтын хэлбэрээр нь (аядуу, сул зохион байгуулалттай, дээд зэргийн зохион байгуулалттай улс төрийн хөдөлгөөн буюу нам) ангилж болдог байна.
Дараагийн нэг чухал асуудал нь Вятр улс төрийн хөдөлгөөний хөгжлийн үйл явцыг тодорхойлох оролдлого хийсэнд оршино. Түүний үзсэнээр аливаа улс төрийн хөдөлгөөн 1. Урьдач нөхцөл бүрдэх үе: 2. Хүсэл сонирхлыг нэгтгэх үе: 3. Суртал ухуулгын үе: 4. Улс төрийн идэвхтэй үйл ажиллагааны үе: 5. Улс төрийн хөдөлгөөн уналтад орох үе гэсэн таван үе шатыг дамждаг байна (Вятр, 1979, хуудсд. 319-22).
Улс төрийн хөдөлгөөн буюу намуудын үйл ажиллагаатай холбоотойгоор намын тогтолцоо гэх ойлголтод анхаарлаа хандуулсан байна. Нам тогтолцоо гэдэг нь (…) хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын харилцааны нийлбэр цогц(Вятр, 1979, хууд. 331) юм. Намын тогтолцоог дотор нь альтернатив тогтолцоо, альтернатив бус тогтолцоо гэж хоёр ангилсан. Альтернатив тогтолцоо сарнимал олон намын, хоёр эвслийн, хоёр намын гэсэн төрөлтэй бол альтернатив бус тогтолцоо нь хоршсон намын, үндэсний зөвшилцлийн, хязгаарлагдмал намын, нэг намын гэсэн хэлбэртэй байдаг. Үүнээс гадна, социалист орнуудад нэг намт болон жанжлагч намын тогтолцоо хүчтэй байгааг гаргасан (Вятр, 1979, хууд. 334).
Төрийн социологи
Улс төрийн судалгаа төрийн эрх мэдлийн асуудалтай нягт холбогдох бөгөөд барууны олон судлаачдын бүтээлд төр, түүний эрх мэдлийн үйл ажиллагааны судалгаанд ихээхэн анхаарал хандуулсан байдаг. “Улс төрийн харилцааны социологи төрийг төрийн эрх мэдлийн үр ашиг, нийгмийн шалтгаант үр дагаврын үүднээс авч үздэг (Вятр, 1979, хууд. 341). Төрийн талаарх социологийн асуудал нь 1. Төрийн үүсэл, хөгжил, үндсэн үүрэг: 2. Төрийн хэлбэр, хэв шинж: 3. Төрийн албаны бүтэц, бүрэлдэхүүн, үүрэг зэргийг хамардаг. Төрийн үүсэл хөгжилд 1. Өөр овог, аймгийн зүгээс хийж буй дайн, тулаан: 2. Хүн амын угсаатны харилцаа: 3. Өөр овог, аймгийн зүгээс үзүүлэх дарамт, шахалт: 4. Газар зүйн хүчин зүйл нөлөөлсөн байж болохыг Вятр онцолсон. Хэдийгээр төрийн хэлбэрийн тухайд марксист хандлагыг хөгжүүлсэн ч тодорхой ард түмэн төрийн эрх мэдлийн аль нэг хэлбэрийг сонгоход 1. Ангиудын хоорондын харилцаа: 2. Түүхэн нөхцөл байдал: 3. Геополитикийн нөхцөл: 4. Төрийн гарамгай зүтгэлтний нөлөө шийдвэрлэх үүрэгтэй байсан байж болох юм гэсэн санааг дэвшүүлсэн. Төрийн удирдлага, эрх мэдэл, төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүн гэх мэт өнөөгийн төрийн удирдлагын шинжлэх ухааны асуудлыг Вятр төрийн социологи нэрийн дор судлах оролдлого хийжээ.
Дээрхээс гадна, Вятр улс төрийн үйл байдал, улс төрийн ухамсар, олон улсын улс төрийн харилцааны социологийн асуудлаар тодорхой санаанууд дэвшүүлсэн байдаг.

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

Kubiak, H. E. (2011). Kraków w biografii Jerzego Józefa Wiatra. Kraków : Krakowskie Towarzystwo Edukacyjne sp. z o.o. .
Вятр, Е. (1979). Социология политических отношений. (профессор Ф. М. Бурлацкого, Ed.) Москва: Издательство "Прогресс".
Кучинов, А. М. (2014). Интервью с профессором Ежи Йозефом Вятром. Политический вектор - М, № 1.



МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР






[1] Польшиийн нэртэй улс төр судлаач Юлиан Хохфельд (1911-1966 он) 1958 онд «Studia Socjologiczno-Polityczne» сэтгүүлд «Марксизм ба улс төрийн харилцааны социологи» нэрт өгүүлэл нийтлүүлсэн бөгөөд “улс төрийн харилцааны социологи” гэх ойлголтыг шинжлэх ухааны хэрэглээнд анх нэвтрүүлсэн. Гэхдээ Ян Станислав Быстроний “улс төрийн амьдралын социологи” өөрөөр хэлбэл, “улс төрийн социологи” гэх ойлголттой утга адил хэмээн бичсэн байдаг. Вятрын хувьд улс төрийн социологи болон улс төрийн харилцааны социологи нь огт өөр ойлголтууд юм. 

Friday, May 19, 2017

УЛС ТӨР СУДЛААЧ АДАМ ПШЕВОРСКИ

Адам Пшеворски
Adam Przeworski
Мэндэлсэн он:
1940 оны тавдугаар сарын 5 (77 настай)
Мэндэлсэн газар:
Польш улс, Варшав хот
Харьяалал:
 Польш улс
 АНУ
Үйл ажиллагааны төрөл:
Улс төрийн шинжлэх ухаан
Ажлын газар:
Чикаго Их Сургууль,
Нью-Йоркийн Их Сургууль
Альма-матер:
Варшавын Их Сургууль,
Баруун-Хойдын Их Сургууль
Гавьяа, шагнал:
Улс төрийн шинжлэх ухааны салбар дахь Юхан Шюттагийн нэрэмжит шагнал (2010 он)
Адам Пшеворски (Польш хэлнээ: Adam Przeworski1940 оны тавдугаар сарын 5, Польш улс, Варшав хот) — нь Нью-Йоркийн Их Сургуулийн Европ судлалын профессор, Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүн (1991 он), польш гаралтай Америкийн улс төр судлаач нэгэн.
Намтар
Пшеворски 1940 оны тавдугаар сарын 5 нд Польшийн нийслэл Варшав хотноо мэндэлсэн. 1961 онд Варшавын Их Сургуулийн дүүргэж, удалгүй АНУ руу цагаачилсан. 1966 онд Баруун-Хойдын Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. Дараагаар нь, Чикаго Их Сургуульд багшлах болсон. Жон Хопкинс Их Сургуулиас санаачлан хэрэгжүүлсэн «Авторитаризмаас ардчилалд шилжихүй» нэрт  олон улсын хэмжээний төсөлт үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Төслийн үр дүн болж Өмнөд Европ (Испани, Португали, Грек), Латин Америкийн орнуудын авторитари дэглэмээс ардчилалд шилжих үйл явцыг шинжилсэн дөрвөн дэвтэр судалгааны бүтээл гарсан.
Пшеворски Энэтхэг, Чили, Их Британи, Франц, ХБНГУ, Испани, Швейцарьт зочин профессороор ажиллаж байсан. 1991 онд Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон бол 2001 онд “Ардчилал ба хөгжил” ном бичсний учир Вудро Вильсон нэрэмжит шагнал, 2010 онд улс төрийн шинжлэх ухааны салбар дахь Йохан Шюттагийн нэрэмжит шагнал тус тус хүртсэн. 
1985 онд бичсэн «Капитализм ба нийгмийн ардчилал», 1991 онд нийтлүүлсэн «Ардчилал ба зах зээл: Зүүн Европ, Латин Америк дахь улс төр, эдийн засгийн шинэтгэлүүд» нэрт хоёр бүтээлдээ өөрийн онолыг хөгжүүлсэн. Нийтдээ 13 орчим бүтээл нийтлүүлсэн.
Улс төрийн үзэл санаа
Пшеворски ардчилал, улс төрийн эдийн засгийн ухаан, шилжилт судлал, судалгааны арга зүйн чиглэлээр дагнан судалгаа хийдэг. Түүний анхны томоохон хэмжээний бүтээл болох  «Капитализм ба нийгмийн ардчилал» нь улс төрийн эдийн засгийн ухааны хүрээнд хийгдсэн судалгаа байсан. Зарим судлаачдын зүгээс Пшеворскиг харьцуулсан улс төр судлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг онцолсон байдаг. Өмнөд болон Зүүн Европ, Төв, Латин Америкийн орнуудын ардчилалд шилжих үйл явц, ардчилах үйл явцын онцлог, болон нийтлэг талуудыг судлахад ихээхэн анхаарал хандуулсан.
Ардчилал бол засаг барьж буй нам нь сонгуулийн үр дүнгээр солигддог тогтолцоо мөн. Энд тодорхой үзэл бодол, үнэлэмж, эрх ашиг бүхий хүмүүсийн бүлэг – намууд байна. Тэдний дунд дүрэм журамд захирагдсан тэмцэл явагддаг. Үр дүнд нь түр зуурын ялагч, ялагдагч бий болно (Пшеворский, 2000, хууд. 28).
“(…) Ардчилал гэдэг хэн ч бүхнийг хянадаггүй хэрнээ хувь заяа нь шийдвэр гаргагчдаас бүгдээс нь хамаарч байдаг зөрчлийг шийдвэрлэх тогтолцоо юм. Тодорхой зөрчлийг шийдвэрлэх явц өөр хоорондоо өрсөлдөж буй улс төрийн хүчнүүдээс ex ante хамаарахгүй. Учир нь тэдний үйлдэл нэг нэгнээсээ шалтгаалж байх бөгөөд урьдчилан тааварлах боломжгүй байдагт оршино. Ингэхлээр, өрсөлдөөнд оролцож буй хэнийх нь ч хувьд үр дүн тодорхой бус байна. Ардчилал гэдэг сонгуульд оролцогчид хамгийн сайн гэсэн үйлдлээ хийчихээд үр дүнг нь сонгуулийн хайрцагнаас хардаг тогтолцоо юм(Пшеворский, 2000, хууд. 30) хэмээн Пшеворски бичжээ.
Ардчиллын хамгийн чухал үнэт зүйл нь хүчирхийлэл, дураар зоргоор авирлах явдлаас хамгаалагдсан байхад оршино. Ингэхэд ардчилал хэзээ бэхждэг юм бэ? “Тодорхой улс төр, эдийн засгийн нөхцөлд хэм хэмжээний нэг тогтолцоо цорын ганц тоглоомын дүрэм болж, ялсан, ялагдсан хүчнүүд уг тогтолцооноос ангид хэм хэмжээг эрэлхийлэхгүй болсон тэр цагт ардчилсан төр бэхжинэ(Пшеворский, 2000, хууд. 47). Үүнээс гадна, үр ашигтай чөлөөт эдийн засгийн тогтолцоо бий болоход олон улсын харилцааны хүчин зүйл нөлөөлж болохыг Пшеворски онцолсон байдаг. Харин хэрхэн бий болох вэ гэдэг нь иргэдийн хариуцлагатай шууд холбогдоно. Ардчиллын бэхжилтийг хангахад улс төрийн хүчнүүдийг эрх ашгийг бүрэн илэрхийлсэн байхаас гадна эдийн засгийн өсөлт сууь нөлөөтэйг онцолсон байдаг. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган $-ийг давсан улс оронд ардчиллын замааас ухрах ойлголт байдаггүй талаар Пшеворски дурдсан.
Улс төрийн шилжилтийн цорын ганц гарц нь ардчилал биш юм. Авторитари юм уу тоталитари дэглэм унаснаар хөгжлийн янз бүрийн стратеги бий болж болно. Пшеворски дараах хувилбар үүсч болохыг дурдсан байна. Үүнд:
1. Ардчилсан хэм хэмжээг бататгаж чадалгүйгээр улс төрийн хүчнүүд шинэ дарангуйлал тогтоохын төлөө өөр хоорондоо тэмцэлдэж болно.
2. Нэг ч улс төрийн хүчин эрх ашгаа хангаж чадалгүй ардчиллыг түр зуурын шийдвэр хэмээн зөвшилцөж болно.
3. Ардчилсан хэм хэмжээг хэсэгчилсэн байдлаар бий болгосон хэрнээ улс төрийн хүчнүүд нь шинэ дарангуйлал тогтоохын төлөө хоорондоо тэмцэлдэж болно.
4. Ардчилсан хэм хэмжээг нийгэмд тогтоосон хэрнээ засаглалын үр дүн муутай зохион байгуулалтын хэлбэрийг улс төрийн хүчнүүд бий болгож болно.
5. Ардчилсан хэм хэмжээг нийгэмд төлөвшүүлж, тогтвортой хөгжих нөхцөлийг үүсгэж болно .
Ямартаа ч ардчилал бол шилжилтийн цорын ганц гарц биш гэдгийг Пшеворски онцолсон байдаг (Пшеворский, 2000, хуудсд. 92-95).
Шилжилтийн үеийн гол асуудал нь зэвсэг барьж буй хэн нэгэн бусдыгаа устгачихалгүйгээр юм уу үйлдвэрлэлийн нөөцийг хянаж буй хэн нэгэн бусдыгаа өлсгөж алчихалгүйгээр ардчилалд шилжих явдал юм(Пшеворский, 2000, хууд. 91). Ардчилсан дэглэм тогтсны дараагаар улс төрийн хүчнүүдийн дунд дараах хоёр төлийн тэмцэл бий болох боломжтой. Үүнд:
·   Тогтвортой ардчиллыг бий болгож, олсон үр дүнгээ бататгахын төлөө хуучин дэглэмийн төлөөлөгчид болон ардчилсан хүчний хооронд:
·         Ардчилсан хүчнүүдийн дунд тэмцэл үүсч болно (Пшеворский, 2000, хууд. 108).
Ардчиллыг тогтооход нийгмийн хэм хэмжээ, түүний тодорхой бус байдал чухал ач холбогдолтой бөгөөд улс төрийн хүчнүүд засаг төрийн эрх мэдлийг өөрсдийн гарт удаан хугацаанд хадгалах хүсэл эрмэлзлэлтэй байдаг ба үүнээс зайлсхийх орчинг бий болгох нь чухал хэмээн зөвлөсөн. “Нэг нам нь сонгогчдын 60-аас дээш хувийн санал авч хоёр удаа дараалан сонгогдсон нэг ч орныг ардчилсан гэж үзэж болохгүй(Пшеворский, 2000, хуудсд. 138, 139) хэмээн Пшеворски бичжээ.
Эх сурвалжийн жагсаалт

Пшеворский, А. (2000). Демократия и Рынок: Политические и экономические реформы в Восточной Европе и Латинской Америке. (В. А. Бажанова, Trans.) Москва: РОССПЭН.
МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР