Friday, August 5, 2016

НИЙГМИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ


Манай улсад сүүлийн жилүүдэд иргэний хөдөлгөөний тухай ойлголт бий болж, судлах бодит хэрэгцээ үүсч байгаа бөгөөд үүнтэй уялдаад уг үзэгдэл, үйл явцыг хэрхэн нэрлэх, ойлгох, хөгжлийн ямар зүй тогтолтой болох, нам, төрийн байгууллагатай хэрхэн холбогддог зэргийг тодорхойлох шаардлага тулгарч байна. Ахисан түвшинд тухайлсан чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэд ч олшрох хандлагатай байна.
Дэлхий дахинаа нийгмийн хөдөлгөөний түүхийг 19-р зуунаас эхлэлтэй гэж үзэх бөгөөд Английн улс төрийн зүтгэлтэн Жон Уилксийн үйл ажиллагаатай холбон ойлгодог.
XX зууны эхэн үеэс улс төрийн шинжлэх ухааны хүрээнд нийгмийн хөдөлгөөн гэж юу болох, улс төрийн тогтолцоонд ямар нөлөөтэй байдаг, нийгмийн хөдөлгөөний хөгжил, өөрчлөлтийн тухайд судалгааны ажил эрчимжих болжээ. Ялангуяа, 1950-аад оны эхэн үеэс улс төрийн социологийн судалгааны томоохон чиглэл болж өргөжсөн байна. Нийгмийн хөдөлгөөн гэх үзэгдэл, үйл явцаа дагаар онол, үзэл баримтлал, хандлагууд ч хувьсан өөрчлөгдөж байна.

Үг зүйн хувьд social movement буюу нийгмийн хөдөлгөөн гэх ухагдахууныг Германы хайв эрдэмтэн, Венийн Их Сургуулийн профессор Лорэнц фон Штэйн «1789 оноос хойших Франц дахь нийгмийн хөдөлгөөний түүх» нэрт зохиолдоо анхлан хэрэглэжээ. Хэдийгээр эрдэмтэн, судлаачдын дунд нийгмийн хөдөлгөөн гэх ухагдахуун өргөн дэлгэр хэрэглэгддэг боловч иргэний эрхийн төлөөх хөдөлгөөн гэсэн ойлголт хамтатгал байдлаар ашиглагдах болсон. Ташрамд дурдахад, монгол хэлнээ өнөө цагт түгээмэл хэрэглэгдэх “иргэний хөдөлгөөн” хэмээх ойлголтын тухайд гадны судлаачдын өгүүлэл, бүтээлд бичсэн зүйл одоогоор алга. Иймээс ухагдахууны хувьд энэ чиглэлээр мэргэшиж буй судлаачид нийгмийн хөдөлгөөн (Social Movement), эсвэл иргэний эрхийн төлөөх хөдөлгөөн (Civil Rights Movement) гэх нэршлийг түлхүү хэрэглэвэл нийцтэй мэт санагдана.
Колумбын Их Сургуулийн профессор Чарльз Тилли нийгмийн хөдөлгөөнийг бусдад хамтын шаардлагаа тулган хүлээлгэх үүднээс энгийн иргэдийн ашиглах олон тооны жагсаал, цуглаан, кампанит ажлын нийлбэр цогц хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, Тилли төр засгийг удирдах хэрэгт энгийн иргэдийг татан оролцуулах үндсэн арга хэрэгсэл нь иргэний хөдөлгөөн мөн гэж үзсэн байна (Tilly C. , 2004, p. 3). Гэтэл Корнелл Их Сургуулийн профессор Сидней Жорж Тэрроу нийтлэг зорилго бүхий хүмүүсийн хамтын үйлдэл мөн (Tarrow S. , 1994) гэжээ. Харин Энтони Гиддэнс нийгмийн хөдөлгөөн нь “нийтийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын үйлдэл буюу тогтоосон хэм хэмжээнээс гадуур хамтын хүчээр зорилгодоо хүрэх үйл ажиллагаа мөн(Giddens, 1991) гэжээ.
Илүү тодорхой болгох үүднээс Монгол хэлний тайлбар тольд хэрхэн авч үзснийг дурдья. Цолгорсон хэл шинжлэлч Я. Цэвэлийн 1966 онд Улаанбаатар хотноо эрхлэн гаргаж, олны хүртээл болгосон «Монгол хэлний товч тайлбар толь»-д нийгмийн гэдгийг “хувийн биш, нийт олны”, хөдөлгөөн гэдгийг “нийгмийн тодорхой санаа, зорилго бүхий үйл байдал: аливаа хэсэг хүмүүс, юмны хөдлөх явдал(Цэвэл, 1966, хуудсд. 374, 706) гэж тайлбарласан байх юм. Гэтэл Б. Баярсайхан нарын 2011 онд эрхлэн хэвлүүлсэн «Монгол хэлний тайлбар толь» -д ерөнхийдөө Я. Цэвэл авгайтай төстэй боловч хөдөлгөөн гэдгийг “ямар нэгэн үзэл бодол, үйл хэргийн төлөө нийгмийн тодорхой санал, зорилго бүхий хүмүүс хамтран зүтгэх(Б. Баярсайхан (Эрхлэн гарг.,), 2011, хуудсд. 1498, 768) хэмээн дэлгэрэнгүй тайлбар хийжээ.
Орчин үед нийгмийн хөдөлгөөнийг дараах найман хандлагын хүрээнд судлах болсон. Үүнд:
·         Хамтын үйл байдал буюу хамтын үйлдлийн хандлага:
·         Депривацийн хандлага:
·         Марксист хандлага:
·         Нөөцийн дайчилгааны хандлага:
·         Улс төрийн үйл явцын хандлага:
·         Үнэлэмжийн хандлага:
·         Хүрээллийн хандлага:
·         Шинэ нийгмийн хөдөлгөөний хандлага орно.


Эх сурвалжийн жагсаалт

Giddens, A. (1991). Modernity and Self-Identity; Self and Society in the Late Modern Age . Cambridge: Cambridge University Press.
McAdam, D. (1982). Political Process and the Development of Black Insurgency, 1930-1970. Chicago: Chicago University Press.
Smelser, N. (1962). Theory of Collective Behavior. New York.
Tarrow, S. (1989). Struggle, Politics, and Reform; Collective Action, Social Movements and Cycles of Protest. 2 nd edition, New York: Cambridge University Press.
Tarrow, S. (1994). Power in Movement: Collective Action, Social Movements, and Politics. Cambridge : Cambridge University Press.
Tilly, C. (1978). From Mobilization to Revolution. Reading: Addison-Wesley.
Tilly, C. (2004). Social Movements, 1768-2004. New York: Boulder, CO, Paradigm Publishers.
Б. Баярсайхан (Эрхлэн гарг.,). (2011). Монгол хэлний тайлбар толь. Ред: А. Янжиндолгор, Улаанбаатар хот: МОНСУДАР Хэвлэлийн газар.

Цэвэл, Я. (1966). Монгол хэлний товч тайлбар толь. БНМАУ-ын ШУА, Хэл Зохиолын Хүрээлэн, Ред: Х. Лувсанбалдан, Улаанбаатар хот: Улсын Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Хороо.

Tuesday, July 5, 2016

СОНИРХЛЫН БҮЛГИЙН ОНОЛ


XX зууны эхээр Америкт улс төрийн шинжлэх ухааны хүрээнд эрх мэдэл, засаглалын үзэгдэл, үйл явцыг шинжлэн судлахад социологи, нийгмийн сэтгэл зүйн ололтуудыг түлхүү ашиглах болжээ. Ингэснээр бихевиоризм улс төрийн судалгаанд хүч түрэн орж, уг парадигмын нөлөөгөөр сонирхлын бүлгийн онол үүсчээ.

Сонирхлын бүлгийн онолыг анхлан хөгжүүлэгч нь Чикаго Их Сургуулийн профессор Артур Фишер Бэнтли (Arthur Fisher Bentley) юм. Хэдийгээр их, дээд сургуульд улс төр судлалаар хичээл зааж байгаагүй ч ихэнх амьдралаа мэдлэг түгээх үйл хэрэгт, тэр дундаа социологийн ухааныг хөгжүүлэх үйлсэд зориулсан нэгэн юм. Бэнтлийн судалгааны ажлын нэг чиглэл нь төр, засгийн түвшинд шийдвэр гаргах үйл явцтай холбоотойгоор хүмүүсийн ашиг сонирхлоор нөхцөлдсөн бүлгийн үйл ажиллагааг судлах явдал байв. Түүний бүтээлд сонирхлын бүлэг (interest group), шахалтын бүлэг (pressure group) гэх ухагдахууны талаар дурдсан байдаг. Нөгөө талаас, Бэнтли бүлэг, бүлгийн үйл ажиллагаа, ашиг сонирхол, сонирхлын бүлэг гэх ухагдахууныг нэг утгаар хэрэглэсэн байх юм. 1908 онд бичсэн хоёр хэсэг, 23 бүлгээс бүрдэх “Засаг төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл явц: Нийгмийн шахалтын талаарх судалгаа” (The Process of Government: A Study of Social Pressures) нэрт бүтээлдээ хүний үйл ажиллагааг ашиг сонирхолтодорхойлох бөгөөд ашигсонирхол дээр суурилж үүсэх бүлэг хоорондын харилцаа улс төрийн үйл явцыг биежүүлдэг гэсэн санааг гаргажээ. “Төрийн удирдлагын бүхий л үйл явц нь нэг нэгэндээ нөлөөлөл тогтоох замаар эрх ашгаа хангахыг эрмэлзсэн бүлэг хоорондын харилцаанаас өөр юу ч биш юм. Улс төрийн дэглэмийн ялгамж нь гагцхүү бүлгийн үйл ажиллагааны хэв шинжээр тодорхойлогдоно(Bentley, 1908, pp. 258-260).
Оруулга №1
Америкийн судлаач, Чикаго Их Сургуулийн профессор Артур Фишер Бэнтли (Arthur Fisher Bentley)1870 оны аравдугаар сарын 16 нд Иллинойс мужийн Фрипрот хотноо банкны албан хаагчийн гэрт мэндэлсэн. 1892 онд Жон Хопкинсийн Их Сургуулийг бакалавр, 1895 онд мөн сургуулийг докторын зэрэгтэй тус тус дүүргэсэн. 1893-1894 онуудадБерлин, Фрайбургийн Их Сургуульд суралцсан. 1896 онд Чикаго Их Сургуулийн социологийн ухааны профессороор томилогдсон. 1897-1910 онуудад Чикаго хотноо сэтгүүлчээр ажиллаж байсан. Дэлхийн I дайны жилүүдэд Улаан Загалмайн Нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бөгөөд 1924 онд Дэвшилтэт Намаас Сенатад нэр дэвшигч Робэрт Фоллэтийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байжээ. 1941-1942 онуудад Колумбын Их Сургуульд философийн чиглэлээр лекц уншиж байв. 1957 оны тавдугаар сарын 21 нд Индиана муж улсын Паоли хотноо бие барсан(Lemann, 2008; Зяблюк, 2004, pp. 55-87).
Гишүүдийн тоо, ашиг сонирхлыг төлөөлөх чадвар, шахалт үзүүлэх арга хэрэгсэл, зохион байгуулалтын хувьд бүлэг бүр харилцан адилгүй. Нэгэнт улс төр нь “ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор шийдвэр гаргах түвшинд шахалт үзүүлэх бүлгийн үйл ажиллагаа” учир бүлэг хооронд эвсэх юм уу, өрсөлдөн тэмцэлдэх шинж чанар давамгайлж байдаг. Энэ утгаараа улс төр динамик мөн чанартай. Улс төрийн хүрээнд илүү хүчирхэг бүлэг нь сул дорой бүлгээ дордчлох, шийдвэр гаргах түвшнээс хөндийрүүлэх үйл явц байнга өрнөнө. Улс төрд хувь хүн ямар ч ач холбогдолгүй. Гагцхүү энэ хүрээнд ашиг сонирхолд тулгуурлан үүсэх бүлгийн тусламжтайгаар зорилгоо хэрэгжүүлэх бололцоотой. Нэгдсэн ашиг сонирхолгүйгээр бүлэг оршин тогтнох боломжгүй. Энэ тохиолдолд хувь хүн бүлгийн зан үйлийг тодорхойлоход суурь нөлөөтэй. Хэдийгээр бүлэг нэгдмэл нийтлэгийг төлөөлөх боловч дотроо шатлан захирах бүтэцтэй гэсэн санааг Бэнтли цохон тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, сонирхлын бүлэг бүтцийн хувьд элитар шинжтэй байдаг гэсэн санаа гаргасан байна. Нийгэм өөрөө бүлэг хоорондын харилцааны нийлбэр учир тэдгээрийн дунд тэнцвэржилтийг хангах, эв эеийг бат нотоор төлөвшүүлэх нь засаг төрийн үндсэн зорилго юм гэж Бэнтли үзжээ(Bentley, 1908, хууд. 534).
Нийгэм бүлэг хоорондын харилцааны нийлбэр мөн ч төрийн эрх мэдлийн гол зорилго нь тэдгээрийн дунд тэнцвэржилтийг хангах явдал огтоос биш юм. Учир нь, нийгмийн орчинд бүлэг хоорондын тэнцвэржилтийг хангах бололцоогүй гэсэн санааг Колумбын Их Сургуулийн профессор Дэвид Бикнэлл Трумэн (David Bicknell Truman) хөгжүүлжээ. Сонирхлын бүлгийн тухайд өмнөх судлаачаасаа илүү нарийвчилсан тодорхойлолтыг өгчээ. 1951 онд нийтлүүлсэн “Засаг төрийн удирдлагын үйл явц: Улс төрийн ашиг сонирхол ба олон нийтийн санаа бодол” (The Governmental Process: Political Interests and Public Opinion) нэрт бүтээлдээ тодорхой нэг юм уу, хэд хэдэн ашиг сонирхол дээр тулгуурлан нэгдэж, бусад бүлгийн зүгээс уг эрх ашгаа дэмжүүлэх үйл ажиллагааг тогтмол эрэлхийлэх зохион байгуулалттай бүлгийг сонирхлын бүлэг гэнэ (Truman, 1951, pp. 13-58)хэмээн бичсэн байна.
Оруулга №2

Америкийн улс төр судлаач, Колумбын Их Сургуулийн профессор Дэвид Бикнэлл Трумэн (David Bicknell Truman) 1913 оны зургаадугаар сарын 1 нд Иллинойс мужийн Эвансон хотноо мэндэлсэн. Амхерст Коллежид бакалавр, Чикаго Их Сургуульд докторын зэрэг хүртжээ. Плюралист онолын томоохон төлөөлөгч Трумэн 1951 оноос Колумбын Их Сургуульд багшлах болсон. 1969-1978 онуудад эмэгтэйчүүдийн коллежийн захиралаар ажиллажээ. Нам судлалын нэртэй онолч, сонирхлын бүлгийн үзэл баримтлалыг хөгжүүлэгч Трумэн 2003 оны наймдугаар сарын 28 нд Флорида мужийн Сарасота хотноо 90 насандаа ажирсан. Бичвэрт дурдсан бүтээлээс гадна, 1940 онд “Засаг захиргааны төвлөрлийг сааруулах үйл явц”, 1959 онд “Конгрессийн нам” зэрэг зохиолууд бичсэн(Зяблюк, 2004, хуудсд. 87-98).
Өнөөгийн нийгэмд ангиуд устаж, тодорхой ашиг сонирхлоор нэгдсэн сонирхлын бүлгүүд бий болж байна. Юуны түрүүнд, тэд улс төрийн үйл явцыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, нийгмийн нөөцийг хуваарилах, захиран зарцуулах эрх мэдлийг олж авахын төлөө сонирхлын бүлгийн дунд өрнөх үйл явцыг Трумэн улс төр гэж тодорхойлсон байна.
Сонирхлын бүлгийн зэрэгцээгээр Трумэний бүтээлд ердийн бүлэг, болзолт бүлэг гэсэн ухагдахууны талаар дурдсан байдаг. Ердийн бүлэг, болзолт бүлэг гэж юуг хэлэх вэ, тэд сонирхлын бүлгээс юугаараа ялгаатай вэ? Тодорхой зорилгоор харилцаанд орж буй хувь хүмүүсийн нэгдлийг ердийн бүлэг гэж үзсэн бол тодорхой нийтлэг эрх ашиг бүхий хувь хүмүүсийн эрээвэр хураавар нэгдлийг болзолт бүлэг гэж тодорхойлсон. Тогтвортой байх шинж энэ төрлийн бүлэгт байдаггүй.
Үүнээс гадна, Трумэн сонирхлын бүлгийг улс төрийн болон улс төрийн бус гэсэн хоёр төрөлд ангилжээ. Засаг төрийн албан ёсны бүтцэд нөлөөлөл үзүүлэх замаар эрх ашгаа хангахыг эрмэлзэх бүлгийг улс төрийн, буюу шахалтын бүлэг гэж тодорхойлжээ. Харин нийгмийн бусад бүлэгт нөлөөлөх замаар эрх ашгаа хэрэгжүүлэх бүлгийг улс төрийн бус бүлэг хэмээсэн. Улс төрийн, буюу шахалтын бүлэг нь лоббизмтой шууд холбоотой. Трумэний үзснээр, АНУ нь нэг ч сонирхлын бүлэг олон нийтийн санаа бодолд нөлөөлөх юм уу, хяналтаа бүрэн тогтоож үл чадах плюралист улс төрийн тогтолцооны сонгодог жишээ юм. Ийм хэв шинжийн улс төрийн тогтолцоонд олон нийтийн ардчилсан үзэл бодол сайн төлөвшдөг талаар тэрээр дурдсан байна (Truman, 1951).

Бүлэг нь улс төрийн харилцааны үндсэн хэлбэр мөн гэдэгтэй Америкийн улс төр судлаачид санал нийлэх(Latham, 1952, хууд. 378) болсон талаар Амхерст Коллежийн профессор Эрл Латэм (Earl Gadson Latham) судалгааны явцдаа өгүүлжээ.
Оруулга №3
Америкийн улс төр судлаач, Амхерст Коллежийн профессор Эрл Гэдсон Латэм (Earl Gadson Latham) 1907 оны аравдугаар сарын 28 нд Массачусетс мужийн Нью-Бэдфорд хотноо мэндэлсэн. 1930 онд Харвардын Их Сургуульд бакалавр, 1939 онд мөн сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хүртсэн. 1940-1948 онуудад Миннесотын Их Сургуульд, 1948-1973 онд Амхерст Коллежид профессороор ажиллаж байсан. 1940-1953 он хүртэл засгийн газарт төсөв, санхүүгийн чиглэлийн зөвлөгөө өгч байв. Амхерст Коллежийн улс төрийн шинжлэх ухааны тэнхмийн эрхлэгч байсан. 1961-1963 онуудад холбооны улсын захиргааны зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан. 1977 оны тавдугаар сарын 6 нд 69 насандаа ажирсан. Сонирхлын бүлгийн онолын томоохон төлөөлөгчдийн нэг(Latham, 1952, pp. 376-397)
Сонирхлын бүлгийн онол, үзэл баримтлалын цаашдын хөгжилд Америкийн эрдэмтэн Габриэл Алмонд(Gabriel A. Almond), Сидней Верба (Sidney Verba), Р. Эдвард Фримен (R. Edward Freeman), Рассэл Линкольн Акофф (Russell Lincoln Ackoff), Лондонгийн Эдийн Засгийн Сургуулийн профессор Харольд Жозэф Ласки (Harold Joseph Laski) нарын олон судлаачид томоохон хувь нэмэр оруулсан байдаг.

Эх сурвалжийн жагсаалт

Bentley, A. F. (1908). The Process of Government: A Study of Social Pressures. Chicago : University of Chicago Press.
Latham, E. G. (1952). The Group Basis of Politics: Notes for Theory. The American Political Science Review, Vol. 46, No2.
Lemann, N. (2008, August 11). Conflict of Interests. New Yorker.
Truman, D. B. (1951). The Governmental Process: Political Interests and Public Opinion. New York: Alfred A. Knopf.
Зяблюк, Г. Н. (2004). Общественные интересы в политическом процессе США. Москва: Изд-во "ИСКРАН".

БИЧВЭРИЙГ БЭЛТГЭСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР