Monday, January 8, 2018

ЛЕКЦ № 5. УЛС ТӨРИЙН НАМ, НАМЫН СИСТЕМ

Нам” хэмээх үг латин хэлнээс гаралтай бөгөөд хэсэг, бүлэг гэсэн утгыг илэрхийлнэ. Орчин үеийн улс төрийн нам бий болох хүртэл энэ үгээр засгийн эрхийг олж авах эсвэл засгийн эрхэнд нөлөөлөхийн төлөө тэмцэлдэх бүлгүүдийг нэрлэж байв. Өөрөөр хэлбэл нам гэх үг нь олон нийтийн дунд сөрөг утгаар хэрэглэгдэж байсан гэсэн утга гарч байна. Монгол хэлэнд “нам нийлж, сэм хуйвалдах” гэсэн хэлц байдаг нь үүнийг илтгэн харуулна.
Улс төрийн намын тухай үзэл санааны хувьсал, өөрчлөлтийн явцыг харьцуулан судлаад нам нь хөгжлийн дараах үндсэн үе шатыг туулсан гэж Германы эрдэмтэн Г. Трипель үзсэн. Үүнд:
·         Намын эсрэг тэмцэл өрнүүлж, нухчин дарахыг оролдож байсан үе: Энэ нь XVIII зууны сүүл үеийг хүртэл хамарч байна.
·         Намыг үл тоомсорлож байсан үе: Энэ үе нь XVIII зууны сүүл үеэс XIX зууны сүүл үеийг хүртэл хамарсан.
·         Намыг илтэд хүлээн зөвшөөрч, улс төр, эрх зүйн хувьд баталгаажуулах болсон үе:
·         Намын тухай онол улс төрийн шинжлэх ухаанд хүчирхэг зэвсэг болж, нам бол ардчиллын үндэс гэж үзэх болсон үе гэсэн дөрвөн үеийг багтаасан байна.
Эртний олон сэтгэгчид улс төрийн намуудын тухай өгүүлсэн байдаг. Тухайлбал Грегийн сэтгэгч Аристотель МЭӨ VI зууны үед Аттикт далайн эргийн болон уул талаар оршин суугчдын хоёр нам ширүүн тэмцэлдэж байсан талаар дурьдсан бол дундад зууны үеийнхэн Англид улаан, цагаан сарнайн намууд хоорондоо байлдаж байсан тухай өгүүлжээ.  Гэхдээ энэ нь улс төрийн нам эрт үед байсан гэсэн баримт хараахан биш юм. XVII зууны үеийн Английн хувьсгалаас эхлэн тэр үед өргөн тархаж асан хэмжээгүй эрхт хаант засаглалыг хязгаарлах, нийгмийн амьдралд иргэд бултаараа оролцох ашиг сонирхлын төлөөлөл болж үүссэн байна.
Өнөөгийн улс төр судлал буюу улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн намын түүхэн хувьсалын үйл явцад ангилал хийсэн хүн бол Германы эрдэмтэн М. Вебер юм. Тэрээр улс төрийн нам язгууртны бүлгэм, улс төрийн клуб, олон түмний нам гэсэн гурван үеийг туулсан гэж үзжээ. Гэхдээ түүхээс үзэхэд улс төрийн намын хөгжлийн дээрх гурван үеийг зөвхөн Английн хоёр нам туулжээ.
XVII зууны хоёрдугаар хагаст Англи улсад тори, виги гэсэн язгууртны хоёр бүлгэм үүссэн ба тэдний хооронд их төлөв нийгэмд ноёрхох байр суурь олж авахын төлөө ширүүн тэмцэл өрнөж байв. Бүлгэмээс ялгаатай нь Европын олон орноо улс төрийн клубууд байгуулагдсан байна. Тэд илүү зохион байгуулалттай, үзэл сурталжсан, өргөн хүрээний үйл ажиллагаа явуулдаг байв.
1831 онд Английн тори бүлгэм “Чарльтон Клаб”, 1836 онд виги бүлгэм “Реформ клаб” тус бүр байгуулж, улмаар 1861 онд анхны улс төрийн нам болох Английн Либераль нам үүсчээ. XIX зууны эцэс гэхэд баруун Европын ихэнх орнуудад улс төрийн намууд байгуулагджээ. Өөрөөр хэлбэл нам нь иргэний нийгмийн зохион байгуулалтын үндсэн хэлбэр, төр, иргэний нийгмийг зуучлагч улс төрийн институт болсон хэрэг.
Улс төрийн намыг судлах улс төр судлалын салбар ухааныг партологи буюу нам судлал гэдэг. Партологи буюу нам судлалыг хөгжүүлэхэд А. Токвиль, М. Вебер, Р. Михельс, М. Я. Острогорский, М. Дюверже, Ж. Сартори, Ж. Бюрдо, фон Байме, Ф. Гогель, Ж. Лаполомбэра, М. Винер, Л. Липсет, С. Нойман нарын улс төр судлаачид томоохон үүрэг гүйцэтгэсэн байна. Улс төрийн нам гэж юуг хэлэх талаар өнөөдрийг хүртэл улс төр судлаачдын дунд нэгдсэн санал алга байна. Улс төрийн намыг тодорхойлох гүн ухааны, социологийн, зорилго-үйл ажиллагааны, институциональ, системийн гэсэн таван үндсэн хандлага байгааг судлаачид тогтоожээ.
Өнөөгийн байдлаар улс төрийн намыг тодорхойлсон нийт 200 гаруй тодорхойлолт байгааг Америкийн улс төр судлаач Ж. Лангетус (Langhetuss. J., 2010) гаргажээ.
Гэхдээ улс төрийн намыг нийтлэг шинжүүд дээр нь тулгуурлан тодорхойлж болох юм. Улс төрийн нам  нь нийгэм дэх төрийн засаглалыг олж авах эсвээс түүнийг хэрэгжүүлэх үйл явцад оролцох эрмэлзлэл бүхий нийтлэг ашиг сонирхол, үзэл бодолтой хүмүүсийн нэгдэл, улс төрийн сайн дурын байгууллага мөн. Чухам эндээс үзэхэд улс төрийн засаглал руу тэмүүлэх, засаглалын механизмд оролцох нь улс төрийн намыг бусад байгууллага, хөдөлгөөн,  клубуудээс ялгах гол шинж болж байна.
Орчин үеийн улс төрийн нам нь олон тооны үүргийг нийгмийн өмнө хэрэгжүүлдэг. Юуны түрүүнд төр, нийгмийг холбох гүүр болж өгдөг. Тодорхой бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлэх замаар төрийн байгууллагуудын шийдвэрт шууд нөлөөлдөг.
Улс төрийн нам зорилгоо тодорхойлж, үзэл санаа, мөрийн хөтөлбөр, нийгмийг хөгжүүлэх стратегиа боловсруулж, олон түмэнд түүнийгээ үнэн зөв гэдэгт итгүүлэн үнэмшүүлэх үүрэг хүлээдэг.
Улс төрийн намын хамгийн чухал үүргийн нэг нь улс төрийн системийн бүх түвшинд элит, манлайлагчдыг сонгож бэлтгэх явдал юм.
Улс төрийн намын чухал зорилтуудын нэг нь иргэдийн улс төрийн нийгэмшилтийг хангах, тэдгээрийг дайчлах явдал болно.
Улс төрийн намын үндсэн үүрэг нь төрийн эрх мэдлийг олж авах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Ардчилсан дэглэмд улс төрийн намын төрийн эрхийг олж авах ганц боломж нь сонгууль юм.
Үүнээс гадна улс төрийн намын чиг үүргийг хамрах хүрээгээр нь улс төрийн судлаачид гадаад болон дотоод чиг үүрэг гэж ангилах тал бий.
Америкийн улс төр судлаач Ж. Лаполомбэра, М. Винер нар “Улс төрийн нам ба улс төрийн хөгжилт” бүтээлдээ улс төрийн намын дараах үндсэн шалгуурыг гаргажээ. Үүнд:
·         Улс төрийн нам цаг хугацааны шалгуурыг даван туулж, удаан хугацааны туршид оршин тогтнох чадвартай байх ёстой:
·         Улс төрийн нам нийт улс орны хэмжээнд зохион байгуулагдсан бүтэцтэй байх ёстой:
·         Удирдах төв, орон нутгийн байгууллагууд нь засгийн эрхэнд гарах хүсэл сонирхолтой байх ёстой:
·         Сонгуулийн болон улс төрийн бусад арга хэрэгсэлийг ашиглан тухайн нам олон түмний зүгээс шаардлагатай дэмжлэгийг авдаг байх ёстой гэсэн шалгууруудыг оруулсан байна.
Улс төрийн намыг зохион байгуулалтын бүтэц, гишүүнчлэл, номлол, байр суурь, нийгмийн бүлэг, үйл ажиллагааны чиглэл зэргээр нь ангилдаг.
Улс төрийн намын хамгийн өргөн тархсан ангиллыг Францын улс төр судлаач М. ДювержеУлс төрийн нам” (1951 он) бүтээлдээ хийжээ. Улс төрийн намыг зохион байгуулалтын зарчмаар нь боловсон хүчний болон олон түмний нам гэж ангилсан байна. 
Түүний үзснээр боловсон хүчний нам нь улс төрийн клубуудын удаан хугацааны хувьсалын үр дүн болж үүссэн байна. Энэ хэв шинжийн намын гол зорилт нь тодорхой сонгуулийн тойрогт үзэл суртлаас хамааралгүйгээр олон түмний дэмжлэгийг хамгийн ихээр авч чадах нөлөө бүхий хүнийг тодруулах явдал юм. Ийм намуудад Европын консерватив чиглэлийн намууд багтдаг. Харин олон түмний нам нь хүн амын сонгуулийн эрх нэмэгдсний үр дүн болж үүсчээ. Хатуу үзэл суртлын цээртэй, нарийн зохион байгуулалттай байдаг нь энэ хэв шинжийн намын онцлог болно. Коммунист, социалист, социал-демократ чигтэй намууд олон түмний намд багтдаг.
Улс төрийн намыг үзэл сурлын баримжаагаар нь барууны болон зүүний улс төрийн намууд гэж ангилдаг. Барууны намууд хувийн өмчийг хамгаалдаг хүчтэй төрийг шүтдэг. Харин зүүний намууд иргэдийг тэгш эрх, эрх чөлөөг номлохын зэрэгцээ нийгмийн өмчийн төлөө байдаг.
Үйл ажиллагааны арга барилаар нь улс төрийн намыг прагматик болон номлогч, улс төрийн системд эзлэх байр сууриар нь эрх баригч болон сөрөг, улс төрийн үйл ажиллагааны шинжээр нь радикал (эрс шинэчлэгч), экстремист (хэт хувьсгалч) гэх зэргээр ангилдаг.
Улс төрийн системийг намтай холбогч гол механизм нь намын систем болдог. Намууд өөр хоорондоо болон төртэй байнга харилцаж улс төрийн харилцааны тодорхой системийг бий болгодог. Үүнийг улс төрийн шинжлэх ухаанд намын систем гэсэн ойлголт илэрхийлдэг. Намын систем нь төрийн эрх мэдлийг олж авах, хэрэгжүүлэх явцад үүсч буй улс төрийн намуудын өрсөлдөөн,  харилцааны хүрээг хэлнэ. Намын системийг ангилахдаа дараах гурван шалтгуурыг үндэс болгодог болно. Үүнд:
·         Улс төрийн намуудын тоо:
·         Зонхилогч улс төрийн нам юм уу эвсэл байгаа, эсэх:
·         Улс төрийн намуудын хоорондын өрсөлдөөний түвшин хэр байгаа гэсэн гурван шалгуур ордог.
Улс төрийн шинжлэх ухаанд дээрх шалгуурыг баримтлан намын системийг нэг намт, хоёр намт, олон намт систем гэж ангилдаг.
1990 он хүртэл БНМАУ, ЗХУ-д оршин байсан намын тогтолцоог нэг намт систем гэж үздэг. Дашрамд өгүүлэхэд олон улс төр судлаачдын зүгээс ийм намтай орнуудын намыг систем төлөвшөөгүй, нэг намт систем биш гэх хандлага гаргадаг. Нэг намт систем тоталитари болон авторитари дэглэмтэй орнуудад түгээмэл байдаг. Өнөө үед нэг намт систем Куба, БНАСАУ, Африкийн Заир, Того, Габон улсуудад оршиж байна.
Засаг төрийн эрх мэдлийн төлөө сонгуульд ердөө хоёр нам өрсөлдөх системийг хоёр намт систем гэнэ. Хоёр намын систем нь тухайн орны нийгэмд зөвхөн хоёр нам бүрэн ноёрхсон гэсэн үг хараахан биш юм. Засаг төрийн шийдвэр гаргах үйл явцад хоёр нам давамгай эрх эдэлдэг гэсэн үг болно.
Хоёр намт систем нь АНУ, Англид байх сонгодог хэлбэрээс гадна хоёр хагас намын систем гэсэн төрөлтэй байдаг.
Хоёр намт улс төрийн системийн нэг давуу тал нь улс төрийн тогтвортой байдлыг хадгалах чадвар сайн байдагт оршино гэж олон судлаачдын зүгээс үздэг. Гэхдээ үүний зэрэгцээ цөөнхийн эрх ашгийг хангаж байх жижиг улс төрийн намууд шийдвэр гаргах үйл явцад оролцож чаддаггүй муу талтай гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу.
Хоёр болон түүнээс дээш тооны улс төрийн намууд засаг төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцож байвал олон намын систем гэж нэрлэдэг. Олон намын систем нь үнэмлэхүй олон намт болон харьцангуй олон намт систем гэсэн хоёр төрөлтэй.
Олон намын тогтолцоо Франц, Герман, Итали зэрэг Европын орнуудад хүчтэй хөгжсөн. Гэхдээ үнэмлэхүй олон намын тогтолцоо нийгмийн практикт тэр бүр сайн үр дүн авчирдаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Үзэл суртал, угсаатан, шашны сөргөлдөөнд автах, төвөөс зугтах хүч бий болох аюулыг үнэмлэхүй олон намт систем агуулж байдаг онцлогтой.
Дээрхи ангилалаас гадна намын системийг дараах байдлаар судлаачид ангилдаг. Үүнд:
·         Олон намын систем:
·         Эвслийн систем:
·         Хоршоолсон намын систем:
·         Үндэсний зөвшлийн намын систем:
·         Хязгаарлагдмал намын систем:
·         Нэг намын систем:
·         Хоёр намын систем:
·         Манлайлагч намын систем зэргийг багтаан үзэж болно.
Монгол улсын хувьд улс төрийн нам 1920 онд үүссэн бөгөөд 1990 он хүртэл эрх баригч нэг намын дарангуйлалд оршиж байв. 1990 оны улс төрийн өөрчлөлтөөр тус улсад олон намын систем бүрэлдэн тогтож 2011 оны 5-р сарын байдлаар 17 улс төрийн намтай болсон байна.
Монгол улсад олон намт улс төрийн тогтолцоо өнөө үед нэгэнт бодит үзэгдэл болсныг олон зүйлээр тайлбарлан хэлж болох юм. Гэхдээ эрх зүйн хувьд, үйл ажиллагааны чиглэлийн хувьд ардчиллын мөн чанартай үл нийцэх шинжүүд байгааг үгүйсгэж болохгүй юм.
Ашиглах ном зохиол:
Монгол хэл дээр:
Ø  “Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг.,  УБ:.,  2011 он.
Ø  “Улс төрийн шинжлэх ухаан” УБ:.,  ред: Ц. Ганболд., 2001 он.
Ø  Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд” УБ:., 2005 он.
Ø  Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг-I” УБ:., 2013 он.
Орос хэл дээр:

Ø  Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.
Ø  “Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:., 1997г.

Ø  Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис 1997г., №6. 

No comments:

Post a Comment