Friday, February 28, 2020

СОЁЛ ИРГЭНШИЛ ХООРОНДЫН ЗӨРЧЛИЙН ОНОЛ


Соёл иргэншил хоорондын зөрчил ба дэлхийн дэг журмын өөрчлөлт (The Clash of Civilizations and the Remaking of World Order1996) — нь хүйтэн дайны дараах үеийн дэлхийн улс төрийн байдалд зориулж Хантингтоны туурвисан түүхэн-гүн ухааны бүтээл болно. Уг ном нь Америкийн улс төр судлалын нөлөө бүхий сэтгүүл болох «Форин афферс» («Олон улсын харилцаа») сэтгүүлд 1993 онд нийтлэгдсэн «Соёл иргэншил хоорондын зөрчил үү?» (The Clash of Civilizations) өгүүлэлд тусгагдсан зохиогчийн үзэл санааны шууд үргэлжлэл юм. Америкийн улс төр судлаач Самуэл П. Хантингтон ирээдүйд дайн улс орнуудын дунд бус, харин харилцан адилгүй соёлуудын дунд өрнөх болно гэж үзжээ. Мөн тэрээр исламын шашны хэт ялгарах үзэл санаа дэлхий дахинаа ихээхэн аюул учруулахыг сануулсан байна. Энэ үзэл санааг 1992 оны лекцид тодорхой дурдсан байх бөгөөд өөр нэг нэр цолгорсон эрдэмтэн Фрэнсис Фукуямагийн  «Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн» бүтээлд хариу болгож гаргажээ. 1996 онд Хантингтон дээрх үзэл санаагаа системтэйгээр хөгжүүлж, тусгай ном болгосныг дурдах байна.
Соёл иргэншил хоорондын зөрчил гэх ойлголтыг анхлан Албэрт Камю 1946 онд ашигласан байх бөгөөд Бэрнард Льюс The Atlantic Monthly сэтгүүлийн 1990 оны есдүгээр сарын дугаарт Исламын шашны үзэл санааг шүүмжилсэн өгүүлэл бичихдээ хэрэглэсэн байна. Илүү нарийвчлан авч үзвэл 1926 онд Ойрх Дорнодын тухай Базил Мэтьюгийн «Залуу Исламын шашин замын эхэнд: Соёл иргэншил хоорондын зөрчлийн судалгаа» бүтээлдээ хэрэглэсэн байх юм.
Хантингтон хүйтэн дайны дараах дэлхийн улс төрийн бодлогын төлөв байдлын тухай харилцан адилгүй онолын хандлагууд байдаг гэдгээс бүтээлээ эхэлсэн байна. Зарим судлаачдын зүгээс хүний эрх, либерал ардчилал, капиталист зах зээлийн эдийн засаг нь хүйтэн дайны дараах хүн төрөлхтний үзэл санааны цорын ганц гарц болох тухай бичсэн байдаг. Ялангуяа Фрэнсис Фукуяма Хэгэлийн бошиглосон түүхийн төгсгөлд хүн төрөлхтөн ирчихсэн тухай бичжээ.
Соёл иргэншил хоорондын зөрчил нь түүхийн хөгжлийн бүхэл бүтэн нэгэн үе шат болно. Өмнө нь хүн төрөлхтний түүх эзэн хаад, үндэстэн, үзэл суртлуудын хоорондын тэмцлээр биелэлээ олж байв. Гэтэл хүйтэн дайн дууссанаар дэлхийн улс төрийн бодлого шинэ шатанд дэвшин гарч, өрнөдтэй зэрэгцээд өрнөдийн бус соёл иргэншлүүд хүч түрэн гарч ирэв.
Соёл иргэншил хоорондын мөргөлдөөн
Хүйтэн дайны дараах үеэс дайн, мөргөлдөөний үндсэн хандлага соёл иргэншил хоорондын заагаар өрнөж байна гэж Хантингтон үзжээ. Югославын задралын дараах байдал, Чечень, Энэтхэг, Пакистаны хоорондын тэмцэл зэрэг нь бүгд үүний томоохон илрэл болно. Өрнөдийн улс төрийн тогтолцоо, үнэт зүйлээ дархлаажуулах хөдөлгөөн, эрмэлзэл бусад соёл иргэншилтэй зөрчилдөх байдалд тэднийг хөтөлнө. Өрнөд үүнийгээ хүлээн зөвшөөрсөн учраас дэлхийн улс төрийн талбарт өөрийн эрх ашгийг хангах, хамгаалах бүхэл бүтэн тогтолцоо бий болгохыг чармайж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага бол энэ тогтолцооны ердөө нэг хэсэг төдий юм.
Хантингтон Өрнөдийн соёл иргэншилтэй зөрчилдөх бусад нэгдэл, соёл иргэншлийн эдийн засаг, цэргийн болон улс төрийн хүчин чадлыг тодорхойлох оролдлого хийсэн байна.
Дорнод Азийн Хятадын соёл иргэншил эдийн засгийн хурдацтай хөгжилдөө түшиглэн Өрнөдийн сөрөх оролдлого хийх болсон. Ирээдүйд Хойд болон Өмнөд Солонгос, Вьетнам зэрэг бүс нутгийн гүрнүүд Хятадын шаардлагыг хүлээн авч, түүнийг сөрөх бус, аялдан дагах чиг хандлага барих болно. Тийм ч учраас Хятадын өсөлт нь дэлхийн улс төрийн бодлогын үндсэн асуудал байх бөгөөд Өрнөдийн соёл иргэншлийн хамгийн том аюул болно.
Исламын соёл иргэншлийн хувьд хүн ам зүйн шинжтэй томоохон тэсрэлт явагдаж, үр дүнд нь фундаменталист хөдөлгөөн эрчимжиж байна. Нэг үгээр Исламын сэргэн мандалт бий болж байна. Хэрэв Исламын соёл иргэншил Хятадтай ойрсож чадвал Өрнөдийн хувьд томоохон аюул болно. Тэд ойрсон нягтарч буйг нотлох зүйлс ч байна. Тухайлбал, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, хүний эрхийг хангах, ардчиллыг тогтоох тухайд тэдний байр суурь ижил байна. Хамтран ажиллаж байна ч гэж үзэж болох юм.
Орос, Япон, Энэтхэгийн тухайд аль ч талд орж болох хэцүү орнууд гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Эдгээр орнуудын бодлогын чиг хандлага хаашаа чиглэх гэдгээс хамаарч дэлхийн улс төр өөрчлөгдөх болно.
Соёл иргэншлүүд
Хантингтон дараах соёл иргэншил байх бололцоотой гэж үзсэн.
1.       Үнэн алдартны соёл иргэншил
2.       Өрнөдийн соёл иргэншил
3.       Исламын соёл иргэншил
4.       Индуист соёл иргэншил
5.       Күнзийн соёл иргэншил
6.       Японы соёл иргэншил
7.       Латин Америкийн соёл иргэншил
8.       Африкийн соёл иргэншил
9.       Буддын соёл иргэншил орно.
Соёл иргэншил хоорондын зөрчлийн шалтгаан
Хантингтон соёл иргэншил хоорондын зөрчлийг дэврээх зургаан үндсэн шалтгаан байгааг дурдсан. Үүнд:
1.       Соёл иргэншил хоорондын ялгаа зүгээр нэг бодитой зүйл бишээ. Соёл иргэншлүүд түүх, хэл, соёл, уламжлал, хамгийн гол нь, шашны хувьд нэг нэгнээсээ ялгаатай байна. Эдгээр ялгаа нь олон зуун жилийн туршид бүрэлдэн бий болжээ.
2.       Дэлхий дахин улам бүр ойртон нягтарч байна. Ингэснээр соёл иргэншлийн өөриймсөх ухамсар өсөн нэмэгдэх болсон.
3.       Эдийн засгийн өөрчлөлт, нийгмийн хувьсалаас шалтгаалан хүмүүсийн орон нутгийн ялгаа арилж, соёл иргэншлийн ухамсар өсөн нэмэгдэж байна.
4.       Соёл иргэншлийн ухамсар өсөн нэмэгдсэнээр Өрнөд хоёрдмол шинжтэй болсон. Нэг талаас хүчин чадлынхаа оргил үед байна. Нөгөө талаас бусад соёл иргэншилтэй хамтран ажиллах, зэрэгцэн орших зайлшгүй шаардлагатай болсон.
5.       Соёл иргэншлийн ялгаа улам бүр өсөн нэмэгдэж, бусад орчин нөхцөлд нөлөөлөх болсон.
6.       Эдийн засгийн бүсжих бодлого эрчимжиж байна.
БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР