Saturday, April 8, 2017

УЛС ТӨР СУДЛАЛЫН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ №1

Хичээлийн нэр: Улс төр судлалын үндэс
Хичээл заах багш: Н. Отгонбаяр
Ажлын өрөө: Ерөнхий Эрдмийн Тэнхим
Хичээл заах анги: Өдрийн 11, 12, 13, 14, 15-р анги
Хичээлийн кредит: 2 кр
Хичээлийн нийт цаг: 1:2 (Лекц 16, семинар 32)
Хичээлийн хэлбэр: Лекц, семинар
Хичээлийн залгамж: Монголын түүх, Нийгмийн тухай мэдлэг
Орох улирал: 2-р улирал
Блог хаяг: www.politnauka.blogspot.com
УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ, СУДЛАХ ЗҮЙЛ
Өнөөгийн нийгмийн шинжлэх ухаанд улс төр судлал буюу улс төрийн шинжлэх ухаан томоохон байр суурь эзэлдэг. Энэ шинжлэх ухааны олон улсын нэршил нь political science or, political studies болно. Харин орос хэлнээ политическая наука или политология гэж нэрлэдэг. Хүн төрөлхтөний бүхий л түүхийн туршид тодорхой нийгэм, ард түмний хувь заяанд улс төр, ялангуяа төр чухал үүрэгтэй байсаар иржээ. Үүнтэй холбоотойгоор Орос-Дагестаны цолгорсон хүмүүн Р. Гамзатов “өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй үе чам руу их буугаар буудна” хэмээх онч үгээ хэлсэн бизээ.
Одоогоос 3500 орчим жилийн өмнө улс төрийн мэдлэг философи сэтгэлгээний хүрээнд Грек, Рим, Энэтхэг, Хятад зэрэг орнуудад бий болсон байна. Күнз, Мэнз, Лаоз, Сократ, Платон, Аристотель, Цицерон, Полибий, Чанакья нарын суут сэтгэгчид улс төрийн мэдлэгийг үндэсний төр улсын болон хот улсын хүрээнд томьёолон гаргаж ирэхийг оролдсон байдаг.
Улс төр хэмээх нь эртний Грекийн politika, policy буюу төр, нийгмийн үйл хэрэг гэсэн үгнээс гаралтай аж. Зарим судлаачдын зүгээс улс төрийн шинжлэх ухааны эцэг бол Аристотель мөн гэсэн санааг гаргадаг.
Улс төрийн мэдлэг үүсэл хөгжлийн явцдаа дараах үе шатыг дамжсан хэмээн өнөөгийн судлаачид үзэх болсон. Үүнд:
·         Улс төрийн мэдлэг бүрэлдэн тогтсон үе:
·         Улс төрийн мэдлэгийн рационал үе (XV-XIX зуун):
·         Улс төрийн мэдлэг шинжлэх ухаан болж төлөвшсөн үе гэсэн гурван үеийг багтаадаг байна.
Ташрамд өгүүлэхэд Америкийн улс төр судлаач Карл В. Дойч улс төрийн мэдлэгийн үүслийг
·         Философийн үе (эртний Грек-Римээс 1861-1865 оны Америкийн иргэний дайн хүртэлх):
·         Эмпирик үе (1865 оноос дэлхийн II дайн дуусах хүртэл):
·         Эмпирикийг хянан засварлах буюу рефлексийн үе (Дэлхийн II дайнаас өнөөг хүртэл) гэсэн гурван үед ангилан авч үзсэн ч ихэнх судлаачдын зүгээс Америк төвт хандлагыг илэрхий баримталсан гэх шүүмжлэлд өртдөг байна.
Эндээс улс төр гэж чухам юуг хэлэх, улс төрийг хүн болгон судлах шаардлагатай юу гэсэн асуулт урган гарч байна.
Улс төр гэж чухам юуг хэлэх талаар өнөөдрийг хүртэл нэгдсэн ойлголт шинжлэх ухаанд хараахан бий болоогүй байна. Судлаачид улс төр хэмээх үзэгдлийг тал бүрээс нь тодорхойлохыг оролддог. Тухайлбал Д. Истон “улс төр гэдэг нь нийгмийн дотоодод албадлага хэрэглэх замаар үнэт зүйлсийг байршуулан хуваарилах үйл ажиллагаа мөн” хэмээжээ. Харин О. Шпенглер “амьдрал гэдэг төгс утгаараа улс төр, улс төр бол амьдрал юм” гэсэн бол Р. Шнайдер “улс төрийн судлана гэдэг нь нийгэмд ач холбогдол бүхий шийдвэр гаргах үйл явцыг судлана гэсэн үг юм” гэжээ. Гэтэл Америкийн судлаач Х. Лассуэлл “улс төрийг судлана гэдэг нь нөлөөллийг судлана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хэн, хаана, хэзээ, юуг, хэрхэн, ямар аргаар олж авч байгааг судлах ухаан болно” гэжээ.
Улс төрийг хамгийн өргөн утгаар авч үзвэл нийгэм дэх төрийн эрх мэдлийг олж авах, олж авахаар завдах, ядахдаа хэсэгчилсэн байдлаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл явцад оролцох зорилго бүхий хувь хүн, нийгмийн бүлгүүдийн ухамсартай үйл ажиллагааны нийлбэр цогц мөн гэж тодорхойлж болох байна.
Харин нийгмийн амьдралын улс төрийн хүрээнд илрэх түгээмэл харилцаа, зүй тогтлыг судлах ухаан бол улс төр судлал буюу улс төрийн шинжлэх ухаан болно.
Улс төрийн мэдлэг XIX зууны сүүл, XX зууны эхээр шинжлэх ухаан болж төлөвшсөн түүхтэй. 1857 онд Колумбын коллежид “түүх, улс төрийн шинжлэх ухааны тэнхим” байгуулагдсан нь их, дээд сургуулиудад уг ухааныг судлах үндэс болсон байна. Улмаар 1903 он гэхэд Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо байгуулагдсан байдаг. Колумбын коллежийн жишээг Харвард, Принстон, Йель, Стэнфорд, Чикаго их сургуулиуд дагах болсноор XX зууны хоёрдугаар хагас гэхэд улс төрийн мэдлэг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаан болох эхлэл тавигджээ.
1948 онд ЮНЕСКО-гийн ивээл дор Париж хотноо болсон олон улсын хурлаас олон улсын харилцаа, улс төрийн онол, улс төрийн нам, бүлэг, улс төрийн институт гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэг бүхий улс төрийн шинжлэх ухаан бий болсныг хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар 1949 онд Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо үүсчээ. Энэхүү холбоо гурван жил тутамд хуралдах бөгөөд улс төрийн шинжлэх ухааны анхдугаар хуралдаан 1951 онд Швейцарийн Цюрих хотноо зохион байгуулагдсан байна.
Хуучин социалист орнуудад улс төрийн шинжлэх ухаан 1980-аад он хүртэл үзэл суртлын хорионд байв. ЗХУ-д 1962 онд Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо байгуулагдсан боловч далайцтай хөгжиж чадаагүй юм. Харин 80-аад оны сүүл үеэс Орос, Монгол, Румын, Югослав, Унгар, БНАГАУ, Польш, Болгар зэрэг орнуудад улс төрийн шинжлэх ухаан шинэ өрнөлөөр хөгжсөн байдаг.
1989 онд Оросын Бүртгэл Мэдээллийн Хорооноос анх удаа улс төр судлалыг шинжлэх ухаан хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Үүний үр дүнд ОХУ-ын их, дээд сургуулиудад улс төр судлал буюу улс төрийн шинжлэх ухааныг тусгай хөтөлбөр, програмаар үзэх болжээ. Гэхдээ энэ нь ОХУ-д дээрхээс өмнө улс төрийн асуудлыг судлаж байгаагүй гэсэн үг хараахан биш бөгөөд философи, төр, эрх зүйн онол, улс төрийн эдийн засгийн ухааны хүрээнд их, дээд сургуулиудад зааж байсан баримт байдаг.
Улс төрийн үзэгдэл, үйл явцыг тодорхой аргын туслалцаатайгаар танин мэдддэг. Арга гэдэг нь Грек хэлний method хэмээх үгнээс гаралтай бөгөөд аливаа нэгэн онолыг үнэлэх, батлах арга, шинжлэн судлах хэрэгсэл болно. Улс төр судлаачид улс төрийн шинжлэх ухааны арга зүйн хөгжлийг дараах байдлаар үечилдэг байна. Үүнд:
·         Сонгодог үе (XIX зуун хүртэл): голлон дедуктив, учир шалтгаан-философийн тэрчлэн ёс суртахуун, үнэлэмжийн хандлагын хүрээнд хөгжиж ирсэн.
·         Институционал үе шат (XIX зууны сүүл, XX зууны эхэн хүртэл): түүхэн харьцуулалт, хэм хэмжээний болон институционал аргууд голлон хөгжиж байсан.
·         Бихевиорист үе шат (XX зууны 20-70-аад оны үе хүртэл): энэ үед улс төрийн шинжлэх ухаанд тоон аргууд голлон хэрэглэгдэж байсан.
·         Постбихевиорист үе шат: улс төрийн шинжлэх ухаанд уламжлалт болон шинэ, эмпирик аргуудыг харилцан тэнцвэртэй байдлаар хэрэглэх болсон.
Улс төрийн шинжлэх ухааны аргуудыг ерөнхийд нь дараах гурван бүлэгт ангилан авч үздэг байна. Үүнд:
·         Нийгмийн шинжлэх ухааны ерөнхий аргууд (индукц, дедукц, таамаглах гэх мэт):
·         Улс төрийн шинжлэх ухааны өөрийн аргууд:
·         Эмпирик аргууд багтана.
Улс төрийн шинжлэх ухаан өөрөө олон ухааны уулзвар зааг дээр орших учир түүний аргууд ч  гэсэн альтернатив шинжтэй байдаг.

Эх сурвалж: Н. Отгонбаяр (2014). Улс төр судлалын лекцүүд, Ред: Л. Мядаг, УБ: “Хүчит Нөхөр” ХХК, 15-20-р тал.