Saturday, August 1, 2020

НИКОС ПУЛАНЗАС

(1936—1979 он)—болбоос Франц, Грекийн нийгмийн зүтгэлтэн, социологич, гүн ухаантан нэгэн болно. Афин хотноо багш хүний гэрт лагшин эснэсэн. Оюутан ахуй цагаасаа залуучуудын социалист хөдөлгөөнд идэвхтэй оролцож, социализм, марксизмын гүн ухааны асуудалд татагдах болсон. Нэг бус удаа хавчлага, мөрдлөгөд өртөж байсан. 1960 онд Мюнхэн, Париж хотноо хүрэлцэн ирж, экзистенциализм, феноменологи, марксизмын сургаалыг нэгтгэсэн “Байгалийн хууль, зүй тогтол” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Пантеон-Сорбонн, Париж-III Их Сургууль, тэрчлэн Нийгмийн ухааны дээд сургуульд эрх зүйн болон социологийн гүн ухаанаар багшилж байсан. 1968 онд “Капиталист улсын нийгмийн ангиуд ба улс төрийн засаглал” нэртэй бүтээл туурвисан учир ихээхэн нэр цолгорч, дэлхийн олон хэлнээ орчуулагдсан. Өрнөд дахины “авторитари этатизм”, Дорно дахины тоталитари төрийн үзлийг хурцаар шүүмжлэгч нөлөө бүхий улс төрийн онолч гэгдэх болсон. Нийгмийн анги, ангийн тэмцлийн асуудлыг судлах явцдаа марксист үзлээс хөндийрч еврокоммунизмын сургаал баримтлах болсон. Үзэл санааны хувьд Францын сэхээрэлт гүн ухаантан Ж. П. Сартр, С. Де Бовуар нартай ойр байсан. Өөрийн гэсэн марксизмын дэг урсгал бий болгохыг эрмэлзэн улс төрийн шинжилгээн дэх бүтцийн хандлагыг хөгжүүлсэн. Грекийн Коммунист Намын сталинч бус хүрээлэлд багтаж, тус улс дахь хунтын дэглэмийг түлхэн унагахад идэвхтэй оролцсон. Пуланзасын бүх амьдрал, уран бүтээл улс төрийн зүүний хөдөлгөөний онолын үндсийг шинэтгэн боловсруулахад чиглэгдэж байв. Гүн ухаантны улс төрийн уриа нь “эсвэл социализм ардчилсан байна, эсвэл юу ч өөрчлөгдөхгүй” гэх утга санаатай байжээ. 

Sunday, May 17, 2020

КОНСЕРВАТИЗМ ГЭДЭГТ ЮУГ ОЙЛГОХ ВЭ?

Оршил
Консерватизм гэдэгт юуг ойлгох вэ, судлах ямар шаардлага байна вэ?
Хүн төрөлхтний түүхийн үе бүхэнд консерватизмд хамааруулж болох уламжлалт үнэт зүйлээ хадгалах, нийгмийг аажим, алгуур арга замаар хувьсган өөрчлөх гэсэн үзэл санаа байсаар иржээ. Харин консерватизм гэх үзэл санааны чиг олон судлаачдын илэрхийлж буйгаар XVII-XVIII зууны уулзвар заагт Англи улсад үүссэн байна. Анхлан Английн санваартан Титус Оутс тори хэмээх үгийг хэрэглээнд нэвтрүүлж, дараа дараачийн сэтгэгчид жүнхэн санааг нь гаргаж өгсөнөөр консерватизмын эхлэл тори үзэл санаа бий болжээ. Хуулиас гадуур хүн гэх утга бүхий тори гэсэн үг нь уламжлалаа хадгалах, эзэн хааны засаглалыг бататган бэхжүүлэх сургаалыг гол цөмөө болгож байв. Үндсэндээ “ертөнцийн эсэр эзэн, эзэн хаан, уламжлал” гэх уриа тори үзлийг тодорхойлж байлаа. 1688 оны Английн хувьсгалын үеэр эзэн хааны засаглалыг дэмжигчдийн гол үзэл санааг тори гэж үзэж болох байна (O'Sullivan 1976).
Харин консерватизм үг зүйн хувьд латин хэлний conservo буюу хадгалах, хамгаалах гэсэн үгийн бүтээвэр болно. Францын улс төрийн зүтгэлтэн Франсуа Рэне де Шатобриан 1818-1820 онуудад «Le Conser­va­teur» гэх долоо хоног тутмын сэтгүүл эрхлэн гаргаж байсан нь уг ойлголт нийтийн хэрэглээнд нэвтрэхэд үндсэн түлхэцийг үзүүлжээ. Харин “Консерватив нам” гэх ойлголтыг Ирландын төрийн зүтгэлтэн, нийтлэлч Жон Вильсон Крокэр 1830 онд анх хэрэглэсэн байна (Jerry Z. Muller 1997, 26). Уламжлалт үнэт зүйл, дэг журам, нийгмийн юм уу шашны номлолыг хэвээр хадгалах үзэл санааг консерватизм гэнэ. Ингэхдээ нийгмийн уламжлалыг хадгалж үлдэхийг чухалчилдаг байна. Дотоод бодлогын хувьд консерватив үзэлтнүүд нийгмийг эрс шинэтгэлийн аргаар өөрчлөхийг үгүйсгэж, оршин буй нийгэм, төрийн байгууллаа хэвээр хадгалахыг номлодог. Гадаад бодлогын хувьд цэрэг зэвсгийн хүчин чадал, холбоотондоо түшиглэн улсын аюулгүй байдлыг хангах ёстой гэж сургана. Эдийн засгийн хүрээнд импортын урсгалыг хязгаарлаж, үйлдвэрлэл, үйлчилгээг тэтгэх бодлого баримталдаг байна (Heywood 2012, 68, 69).
Консерватизм анхлан Английн үзэл санаа хэлбэрээр бүрэлдэн бий болсон ч хөгжлийн явцдаа өнгө төрхөө өөрчилж дэлхий дахины улс төрийн үзэл суртал болж хувирчээ. Үүнд Ричард Хукэр (1554-1600 он), Галифаксын нэгдүгээр маркиз Жорж Савил (1633-1695 он), Дэвид Хюмэ (1711-1776 он), Эдмунд Бёрк (1729-1799 он), Жозэф де Местр (1753-1821 он), Луи Габриэл Амбруаз Бональд (1754-1840 он) нарын сэтгэгчид томоохон хувь нэмэр оруулсан байна (Adams 1993, 55-81). Одоо эдгээр сэтгэгчдийн талаар дэлгэрүүлэн авч үзье.
Ричард Хукэр
Английн санваартан, XVI зууны нөлөө бүхий үзэл сурталч Ричард Хукэрийг консерватизмын үзэл суртлыг үндэслэгч мөн гэж өнөөгийн судлаачид хүлээн зөвшөөрдөг (Jerry Z. Muller 1997, Wolin December 1954). 1594 онд нийтлүүлсэн «Сүм хийдийн зохион байгуулалтын зүй тогтлууд» (Of the Lawes of Ecclesiastical Politie) бүтээлдээ өөрийн санааг хөгжүүлсэн. Ширээт лам нарын эрх мэдлийг хязгаарлаж, христийн шашны анхдагч санаа ахан дүүсийн хамтын удирдлагад сүм хийдийг даатгах хэрэгтэй гэж үзсэн. Аливаа нийгмийн хөгжлийн үндэс нь оюун ухаан, уламжлал болно. Оюун ухаан, уламжлалаа үл хүндэтгэвэл нийгэм мөхөх аюултай. Үүний зэрэгцээ сүм хийдийн удирдлагад эзэн хаан чухал үүрэгтэйг онцолсон. Ертөнцийн эсэр эзний бошго хүртэгч тул эзэн хаан сүм хийдийг толгойлох хэрэгтэй гэсэн санааг тэрээр гаргажээ.
Сүм хийд, улс төрийн зохион байгуулалт ямар байх нь эсэр эзэнд хүртээлгүй. Гагцхүү хүмүүсийн ая тухад нийцсэн, оюун ухаан, уламжлалд суурилсан байваас зохино. Зохион байгуулалтын ямар хэлбэр хүмүүсийн ая тухад нийцсэн, оюун ухаан, уламжлалд суурилсан байна, тэр хамгийн зохистой, нийцтэй гэж Хукэр үзжээ. Английн эзэн хаан I Яков Хукэрийн талаар “Хомс хүн Хукэрийн бүтээлийг эсэр эзний хууль, газрын хууль, сүм хийдийн гэгээн эцгүүд болон ариун бичвэрт тулгуурласан оюун ухааныг хамгийн бүрэн дүүрэн, цэвэр, тодорхой өгүүлсэн зохиол гэж үздэг” хэмээн хэлжээ (Walton 1927). Хукэрийн дараагаар консерватист үзэл санааг хөгжүүлсэн хүн бол Галифаксын нэгдүгээр маркиз Жорж Савил болно.
Галифаксын нэгдүгээр маркиз Жорж Савил
Галифаксын нэгдүгээр маркиз Жорж Савил хувь улс төрийн зүтгэлтний хувьд амаргүй амьдралыг туулсан юм. Түүний улс төрийн үзэл санаа ч хоёрдмол утга санааг өөртөө агуулдаг. Жорж Савил өөрийн улс төрийн үзэл санааг 1685 онд бичсэн «Флюггер», 1687 онд нийтлүүлсэн «Тэрслүү санаатанд бичсэн захидал» зэрэг зохиолууддаа өгүүлжээ.
Савил ямар санааг гаргасан бэ?
Хүн мөн чанарын хувьд төгс төгөлдөр бус учир нийгмийн болон улс төрийн байгуулал ямагт албадлагын шинжтэйгээр хэрэгждэг. Үүний зэрэгцээ хүн төгөлдөр бус учир нийгмийн тэгш бус байдал оршин байх нь гарцаагүй. Савил ямар ч тохиолдолд улс төрийн харилцаанд алтан дундаж байхыг онцолсон. Албадлагын замаар төрийн засаглал хэрэгжих ч ард түмний итгэл, сэтгэлд тулгуурлах учиртай. Сонирхолтой нь, жам ёсны буюу төрөөс өмнөх байдлын тухайд Хоббстой адил санааг гаргасан байдаг. Төгөлдөр бус амьтад болох хүмүүс өөрийгөө хамгаалах, аюулгүй байдлаа хангах үүднээс илүү сайн байдал, иргэний харилцаанд шилжиж, төрийг бий болгосон. Төр бий болсноор эрх мэдэл төвлөрч нэг хүний гарт шилжсэн. Ийм харилцаа оршин байх нь гарцаагүй юм. Эрх чөлөө бол нийгмийн цөөнх болсон хүмүүст байна. Тэд улсын үндэс мөн. Энэ санаагаараа тэрээр язгууртнуудыг сайшаан үзсэн юм. Сүм хийдийн хувьд өмнөх Хукэрийн санааг бүрэн үгүйсгэсэн гэж үзэж болно. Хукэр сүм хийдийн тэргүүн эзэн хаан байх ёстой гэсэн бол Савил сүм хийдийн тэргүүн Ромын хутагт байх нь зүй ёсны юм. Гэвч хутагт эзэн орон нутгийн онцлогийн хүндэтгэн шашны хэргийг хөтлөн явуулбал нэн сайн гэжээ (Savile 1912). Савилын дараагаар консерватизмыг Английн гүн ухаан Дэвид Хюмэ хөгжүүлсэн байна.
Дэвид Хюмэ
Английн гүн ухаантан Дэвид Хюмэ 1739 онд нийтлүүлсэн «Хүний мөн чанарын тухай шашдир» бүтээлдээ өөрийн үзэл санааг хөгжүүлсэн байна. Гэхдээ тэрээр өмнөх сэтгэгчдээс ялгаатай нь практик улс төрийн үйл ажиллагааг хэзээ ч сонирхож байгаагүй юм.
Хүний мөн чанарын тухай шинжлэх ухааны мэдлэгийг философи гэнэ. Тэгвэл хүний мөн чанар юунд тулгуурлах вэ?
Юуны түрүүнд Хюм Хоббс, Локк нарын хүчлэн хөгжүүлсэн нийгмийн гэрээний онолын үндсэн санааг бүрэн үгүйсгэсэн юм. Хүн өөрийн мөн чанарын хувьд нийгмийн амьтан болно. Хүн нийгэмгүй, улс төрийн засаглалаас ангид оршин амьдарч чадахгүй мөн чанартай. Иймд нийгмийн харилцаа гэгч хэн нэгний бодож олсон зохиомол зүйл огтоос биш бөгөөд зүй ёсны шинж чанартай болно. Нийгмийн харилцааны анхдагч суурь нь гэр бүл, тэр дундаа эцэг, эх, үр хүүхдийн харилцаа болно. Хүн төрөлхтний түүхэн дэх нийгмийн хөгжлийн эхэн шатанд гэр бүлд суурилсан харилцаа зонхилж байв. Энд албадлага, төр гэх мэт ойлголт байсангүй. Гэвч хөгжлийн тодорхой үед төрд суурилсан нийгмийн харилцаа үүссэн байна. Албадлага, хууль цааз, цэрэг арми, удирдлагын бүтэц бий болсон. Төрд суурилсан нийгмийн харилцаа бий болоход нэгдүгээрт, гадны халдлагаас хамгаалах, хоёрдугаарт, илүү сайхан амьдрах хүсэл эрмэлзэл хүчтэй нөлөөлсөн талаар Хюм бүтээлдээ дурджээ.
Төрийн засаглалын олон хэлбэрийг судлаад хамгийн зохистой нь хэмжээт цаазат эзэн хааны засаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Нийгмийн харилцаанд туршлага, уламжлал нэн чухал болохыг тэрээр онцолсон байна (Васильев 2014). Зарим судлаачдын зүгээс Хюмийг консерватизмын үзэл санааг үндэслэгч гэж үзэх явдал байна.
Эдмунд Бёрк
XVIII зууны шувтарга үеийн улс төрийн нэр нөлөө бүхий хайв сэтгэгчдийн нэг нь Англи-Ирландын улс төрийн бодлоготон, томоохон үзэл суртал консерватизмыг онолч Эдмунд Бёрк (Edmund Burke; 1729-1797 он) болно.
Тэрээр 1729 оны нэгдүгээр сарын 12 нд Дублин хотноо англикан шүтлэгтэн Ричард Бёрк болон католиг шүтлэгтэн Мэри Нэгл нарын гэрт эснэжээ. Бёрк болбоос эртний Халл буюу Англи угсааны дэ Бурго овгийн хүн юм. Тринити коллежийг дүүргэсний сүүлээр зохиолч болох зорилгоор хууль цаазын ухаан судлахын тулд 1750 онд Лондон хотноо хүрэлцэн ирсэн гэдэг. Энд байхдаа Английн ерөнхий сайд, Рокингэмийн маркиз, парламентын гишүүн Чарльз Уотсон лугаа ойр шадарлаж, 1765 оноос нарийн бичгийн даргаар нь ажиллах болсон байна.
Хатуу зарчимд тулгуурлан улс орноо заслан удирдах гэсэн III Георг хааны хүсэл сонирхлын эсрэг зогсох болов. Олон жилийн туршид Энэтхэг дахь колонийн захиргаанд шинэчлэл хийхийн төлөө тэмцсэн ба үүний улмаас Английн төрийн зүтгэлтэн Уоррэн Гастингс лугаа зөрчилдөх болсон байна. Гастингс хууль цаазын өрнө дахины төсөөлөл дорно дахинд үл нийцнэ гэсэн хатуу байр суурьтай байсан бол Бёрк жам ёсны эрхэд суурилсан Английн цааз эрхэмж хаа ч хүн бүгдэд адил үйлчлэх ёстой гэдгийг онцолсон байна.
Бёрк 1797 оны долдугаар сарын 9 нд Английн Бэконсфилд хотноо 68 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
1790 онд «Франц дахь хувьсгалын тухай эрэгцүүлэл» нэртэй зохиол гаргасан нь ихээхэн амжилтад хүргэжээ. Цагтаа либерал үзэл санаанд шимтэж, хүний эрх, эрх чөлөөг алдаршуулж явсан Бёрк үзэл онолын хувьд санаанд багтамгүй өөрчлөлтөд орсон нь хэн бүхнийг гайхашруулж байв.
Гарсан даруйдаа уншигч олны анхааралд өртөж, таван долоо хоногийн дотор 30 мянган хувиар борлогдон, эсэргэн жилийнхээ есдүгээр сар хүртэлх хугацаанд 11 удаа хэвлэгдсэн бүтээл бол Э. Бёркийн “Францын хувьсгалын тухай эрэгцүүлэл” зохиол юм.
Анхлан 1789 оны Францын хувьсгалын тухай сэтгэгдэл бичсэн хоёр захидлаа Шарл Жан Франсуа Дэпонт гэх язгууртанд илгээсэн нь уг алдарт бүтээлийн эхлэл болсон гэдэг.

Тэгвэл уг бүтээлдээ Бёрк юуны тухай өгүүлсэн бэ?
 Хүн, түүний оюун ухааны хүчин чадал хязгааргүй гэх жам ёсны эрхийн онолыг Бёрк бүрэн үгүйсгэсэн байна. Үнэн чанартаа хүн юу муу, юу сайн болохыг тэр бүр үнэн зөв тодорхойлж чаддаггүй бөгөөд өөрийн оюуныг хэтрүүлэн үнэлэх хандлагатай байдаг. Хүний мөн чанар өөрөө зөрчилт чанартайн зэрэгцээ хүрээлэн буй орчин тэр бүр нийцтэй байдаггүй тул нийгмийн байгууллын тодорхой хэлбэрт зохист утга шингээж авч үзэхээс өөр аргагүй юм.
Нийгэм гэдэг нь өөрийн хатуу зүй тогтол, мөн чанарт захирагдан хөгжих оюун санааны корпораци болно. Тодорхой цаг үед бүрэлдэн бий болсон төр улс урт удаан түүхэн хөгжлийн үр дүн, олон үеийн хэв хуулийн хувьслын үр дагавар болно. Хүний оюуны боломж хязгаарлагдмал учир энэ туршлагыг бүрэн дүүрэн танин мэдэж чаддаггүй бөгөөд уг тохиолдолд хүн ямагт “ухаангүй шинэчлэгч” болж үлддэг байна. Сайтар бодож төлөвлөөгүй шинэтгэлийн үр дүнд нийгмийн бүтэц бүхэлдээ эвдэгдэж, уламжлал, зан заншил алдагдахын зэрэгцээ ёс суртахууны үнэлэмж буурч, нигилизм газар авна.
Иймд шинэтгэлд болгоомжтой, нарийн тооцоололд тулгуурлаж хандах ёстой: Нийгмийн шинэтгэл ашиг тус, хөнөөлийн алийг нь илүү үзүүлэх вэ? Хэрэв ашгаас илүү хөнөөл учруулахаар бол шинэтгэлийг хэрэгжүүлэх хэрэггүй юм.
Үүний зэрэгцээ оршин буй нийгмийн дэг журамд туйлын утга шингээж тахин шүтэх хэрэггүй юм. Олон олон урхагийг тээж байдаг. Ямар ч нийгмийн байгуулал байсан бүгд адилхан дутагдалтай талтай. Ийм учраас шинэтгэл хийх шаардлага бас байдаг. Нийгмийг аливаа согог, эмгэгт шинжээс ангижруулах үйл явц удаан, болгоомжтой хийгдэх учиртай. Шинэтгэлийг хэрэгжүүлж буйн үндсэн зорилго нь оршин буй нийгмийн байгууллыг өөрчлөх бус, хадгалж хамгаалахад оршино. Удаан, аажим шинэтгэл хүн төрөлхтний түүхийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Уламжлалыг хадгалах үйл явц хувьсган өөрчлөх бус, дасан зохицох үйлээр дамжин хэрэгжинэ. Бёрк шинэтгэлийн хоёр хэв шинжийг гаргасан. Үүнд: 1) Уламжлалт эрх зүй, зарчмыг сэргээхэд чиглэсэн шинэтгэл, 2) Хувьсгалт үйл угтсан шинэтгэл байна.
Хүн төрөлхтний түүх гэгч рационал үндэслэлээр тайлбарлаж үл болох дээд санаалаг зүйлд захирагддаг болно. Урт удаан хугацааны түүхэн хувьслын бүтээгдэхүүн учир нийгэм дээрх зүй тогтолд захирагддаг байна. Бодож төлөвлөөгүй шинэтгэлээс нийгмийн дэг журмыг хамгаалах цорын ганц баталгаа нь өнгөрсөн үеэ сүслэн дагах явдал болно гэдгийг Бёрк онцолсон: Өнөө үе гэгч өнгөрсөн үе дээр суурилах бөгөөд ул мөрөө үлдээж байдаг. «Эртний хэв хууль, дүрэм журам бидний амьдралаас алсран одохын цагт бид тэднийг үгүй болсон гэж үзэх болохгүй юм. Энэ үеэс л бид өөрийн гэсэн зүг чиг, чиглүүрээ алдаж эхэлдэг». Цаг хугацаа гэгч хэрэггүй, ашиггүй зүйлээс ангижирч, үнэ цэнэтэй зүйлээ авч үлдэх хамгийн сайн шүүгч болно. Үүнтэй холбоотойгоор Бёрк өнөөгийн соёл иргэншлийн хүний мүс чанар, итгэл бишрэлтэй байдал, боловсрол гэсэн сайн шинжид анхаарлаа хандуулсан байна. «... хүний мүс чанар, итгэл бишрэлтэй байдал, боловсрол гэсэн гурван зарчмыг туйлчлан үзэхгүйгээр нэг ч улс орон оршин тогтнож үл чадна. Ийм чанаргүй төрөөс сайн зүйлийг горьдох, хүлээх хэрэггүй юм».
Бёрк шашныг иргэншсэн нийгмийн үндэс, ёс суртахуунлаг байдлын суурь гэж үзжээ. Хүн төрөлх чанарын хувьд шашинлаг амьтан учир «атеизм удаан оршин тогтнох суурьгүй юм...Харин түүний оронд зэрлэг, бүдүүлэг, сүйтгэгч мухар сүсэг ноёрхож эхэлдэг». Шашин гэгч — нийгэм тогтвортой байдал, дэг журмын үндэс  бөгөөд «хүн төрөлхтний оюун санаа эртнээс инагш хөгжиж ирсний баталгаа болно». Хүн төрөлхтний уг оюун санаа улсын дотоодод дэг журмыг бий болгож, чинээлэг иргэдийн засгийг эмхлэх бөгөөд албат иргэд ихэс дээдсээ хүдэтгэхийн үүтгэл болно. Шашин шүтлэгт найр тавьж, түүнийг хүндэтгэн сүслэсний үрээр төр улс урт хугацаанд оршин тогтнох чадвартай болдог. Зохион байгуулалттай шашин гэдэг нь иргэний дэг журмыг тэтгэж, засаглалын легитим чанарыг хангагч гол хүч мөн. Шашныг дордчилсноор дэг журам дордож, хүний атгаг сэтгэл сэдрэхийг сац уламжлалт ёс суртахууны үндсэнд харшилж дарангуйлалд хүргэдэг байна.
Уламжлалын нандин чанарыг хадгалах, бататган бэхжүүлэх нь Бёркийн үзсэнээр нийгэм, хүмүүний тухай төсөөллийг бэхжүүлж өгдөг байна. Соён гэгээрүүлэлтийн үеийн сэтгэгчидтэй маргалдан хүний оюун ухааныг уламжлалыг эсрэг сөргүүлэн тавьж улмаар дээгүүрт авч үзсэн байна. Түүний үзэж буйгаар уламжлалыг хүлээн авах нь юм, үзэгдлийн жам хууль буюу байгаль дэлхийн ёс горим, олон зууны туршид шалгарч үлдсэн мэргэн ухаанд нийцтэй байгаа явдал болно. Зөвхөн залгамж чанар, соёлын өвийг нандигнан хадгалснаар нийгмийн тогтвортой байдал хангагддаг байна.
Уламжлалын биелэл нь цаг хугацааны шалгуурыг бүрэн хангасан Английн үндсэн хууль болно. Энэ үндсэн хуулийн нэг давуу тал нь эрх чөлөө, дэг журмыг хангаж олон хүчний тэнцвэржилтийг бий болгодогт оршино. Улс орны захирагчдын гол зорилго нь уг тэнцвэрт байдлыг сахин хамгаалахад оршино. Англи, Америкийн үндсэн хууль нь сайн засаглалын төгс биелэл юм. Төрийн байгуулал олон үеийн уламжлал, хэм хэмжээн дээр суурилах учир цаг хугацаа улиран одсон ч дээрх үндсэн хуульд тусгагдсан зарчим улам бүр батажиж байдаг.
Бёрк эрх чөлөөг улс төрийн чухал үнэт зүйл гэж үзсэн ч түүнийг ач холбогдолгүй хоосон уриа, тунхаг болгохын эсрэг байв. Хүний хүчин чадлыг бүрэн дүүрэн нээн илэрүүлэхэд эрх чөлөө зайлшгүй шаардлагатай. Гэвч жинхэнэ, оюунлаг, тэнгэрлэг, ёс суртахуунлаг эрх чөлөө хатуу зохион байгуулалт бүхий нийгмээс үүдэлтэй. Мэргэн ухаан, ёс суртахуунтай харгалдах эрх чөлөө хамгийн муу зүйл мөн. Ухаангүй үйлдэл бүхнээс тэнэглэл бий болдог.
Эрх чөлөө гэгч — аливаа зүйлийг хязгааргүй хийх, хүсэл таашаалдаа бүрэн захирагдах, дур зоргоор аашлахын нэр биш юм. Бёрк эрх чөлөөний цорын ганц зохист хэлбэр нь дэг журамтай холбогдсон эрх чөлөө мөн гэжээ. Өөрөөр хэлбэл, дэг журам, эрхэм чанараас ангид эрх чөлөө байхыг үгүйсгэсэн байна. Эрх чөлөө нийгэм, хувь хүний хязгаарлалт дээр суурилах ёстой. Гэхдээ хязгаарлалт хүн бүгдэд адил тэгш байна. «Ёс суртахууны холбоо, өөрийн хүсэлд захирагдсан эрх чөлөө хамгийн эрхэм: хэдий чинээ шударга ёс руу тэмүүлнэ, төдий чинээ адгуусны зөн совинг сэдрээнэ. Хэдий чинээ дэг журам, ёс суртахууныг үнэлэнэ, төдий хэрээр төгөлдөрт чинагшилна.… Нийгэм байгалийн зөн совин, хүсэл зоригоор захируулах засаглалгүйгээр оршин тогтнож үл чадна. Оюунлаг бус бүхэнд эрх чөлөө үл эдлүүлэх нь хамгийн зохистой. Шунаг хүслийг ямагт хазаарлаж байх хэрэгтэй».
Эрх чөлөө гэгч нийгмийн сахилга бат, дэг журмын бүтээгдэхүүн бөгөөд хатуу засаг эрх чөлөөний нэгэн адил нийгэмд бас хэрэгтэй. Хэрэв эрх чөлөө хүний төрөлх мэдрэмтэй зөрчилдвөл түүнийг хамгаалах хэрэгтэй. Зохистой эрх чөлөө уламжлалт шүтэх бөгөөд хамгийн агуу болно. Дэг журамгүй байдлыг даллах эрх чөлөө өнгөрсөн үеэ сүслэхийн хэрээр ухаалаг шинжийг олно. Өөрийн эцгээ хүндэтгэж буй хүн өөрийгөө, бусдыг хүндэтгэх учиртай. Эрт үеэ үл сүслэх нь самуурлын үндэс юм.
Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёсыг зөрчиж, иргэний эрх, эрх чөлөөнд халдвал түүн шиг аюултай зүйл үгүй билээ. Улс орны улс төрийн уур амьсгалд огцом нөлөөлөх арга хэмжээ нь олон зуунаас идээшин тогтсон тэнвцэржилтийг алдагдуулж, үр дүнд нь дарангуйлал үүсэх магадлалтай гэдгийг Бёрк онцолсон байна. Ердийн эрх зүй, Habeas Corpus статусыг өөрчлөх хамгийн муу зүйл болохыг анхааруулсан. «Хэрэв би ерөнхий зарчим хэмээн зөв ойлгосон бол эрх чөлөө гэдэг нь нэг бол албат иргэдэд адил тэгш боломжийг, эсвэл юу ч олгодоггүй байх явдал юм. Хэсэгчилсэн эрх чөлөө бол миний хувьд хамгийн таагүй боолчлолын хэлбэр мэт санагдана».
Энэ аюулыг гэтлэх хамгийн үр дүнтэй арга нь эрх зүйн тэгш байдлыг бүх нийтээр, алгачлалгүй хүлээн зөвшөөрөх явдал юм. «Шударга бус байдлыг онцын эсэргүүцэлгүй хүлээн авдаг хүмүүс шууд хохирогчид болж хувирдаг».
Жам ёсны эрхийн үзэл санааг үгүйсгэж Бёрк иргэний нийгэмд төрсөн өнөөгийн хүмүүс хуулийн дор амьдрах, үйлдвэрлэлийн хэрэгсэл өмчлөх, хоол тэжээл олох, үр хүүхэдтай болох зэрэг тодорхой удамшигдсан эрхийг эзэмшдэг. Гэвч энэ бол хүн болгоныг адил тэгш болгоно гэсэн үг хараахан биш юм.
Энэхүү ерөнхий зарчмыг Бёрк нийгэм-улс төрийн харилцаанд дэлгэрүүлэн авч үзсэн байна. Үүнтэй холбоотойгоор төрийн эрх мэдлийн легитим чанарыг хангах үүднээс авилга, самуурал, дур зоргын тэгш байдал гэх ёс бус зарчмыг онолын хувьд боловсруулж, практик хэрэгжүүлэхийг чухалчлах болсон гэж Францыг шүүмжилжээ. Энэ нь эргээд хүний эрхэм чанар, нэр төр, уламжлалыг дайсагнан хандах байдлыг дэврээдэг байна. Ингэснээр нэр төрөө эрхэмлэгч хүн дордчлогдож явах нигуур буй.
Гэвч хэн хэргэм зэргээ эрхэмлэнэ, тэнд тэгш байдал орших үндэс үгүй. Аливаа нийгэм ямагт шатлан захирах шинж чанартай байх бөгөөд үүнийг сөрөх гэсэн оролдлого бүр таагүй үр нөлөө бий болгодог жамтай. Төр хэзээ ч энгийн дорд ардыг дарладаггүй. Гэхдээ хангалттай мэдлэг чадвар, туршлага байхгүй хүмүүс төрийг хэзээ ч удирдаж чаддаггүй байна. Төр улсыг жолоодогч улс хөнгөн хуумгай бодлоос ямагт ангид байх ёстой.
Гэхдээ үүнийг төрөхөөс эрх мэдэлтэй хүмүүс улс гэрийг толгойлдог хэмээн муйхарлан ойлгох хэрэггүй юм. Засаг баригч хүнд мэргэн ухааны зэрэгцээ буян заяа хослох учиртай. Ердийн хүмүүсийг сонгуульд өрсөлдүүлэх замаар засаг төрийн эрхийг тэдэнд даатгах нь хамгийн нүгэлт үйл болно. Төр улсыг тохиолдлын хүн юм уу хүмүүсийн бүлэг удирдах ёсгүй: засаг баригч хүн нэг бүр өөрийн юу хийж байгаа болон хийхийг хүсч байгаагаа мэддэг байх ёстой.
Жам ёсны эрх зөвхөн төргүй, нийгэмгүй байгалийн байдалд хэрэгжих бололцоотой. Иргэний нийгэмд нэгдсэн хүмүүс төрийн ашиг тусад нийцүүлж өөрийн жам ёсны эрхээс татгалзах бөгөөд хууль ёсыг хүлээн зөвшөөрөх болдог. Тийм ч учраас төр улс болон нийгэм энгийн иргэдээс хүсэл сонирхлоо хазаарлан номхтгож, шунаг, тачаалаа тогтоон барихыг шаардах эрхтэй байдаг. гэвч бүхнийг айдсын буулгаар нухчин дарж, өөрийн хүсэл зоргийг тулган хүлээлгэх чадвар бүхий засаг байсан цагт л энэ бүхэн бололцоотой юм. Энэ утгаараа хязгаарлалт гэдэг нь эрх чөлөөний нэгэн адил хүний эрхэд хамаардаг байна.
Төр улс гэгч «зөвхөн амьд биетийг жандаглан захирах нэг субьекийн хуваарьгүй ноёрхол», дээд журмын гэрээ болно. Үүнийг амин хувийг олз ашиг эрэлхийлсэн худалдаачны бүлгэмтэй андуурч болохгүй юм. Нийгмийн гэрээ нь шинжлэх ухаан, урлаг, сайн үйлс гэх мэт бүхий төрөлд хамтран амьдрахыг шаардана.
Энэ зорилгод олон үеийн хүний хүчин чармайлтын үр дүнд хүрдэг байна.
Хамгийн сайн засаглалын хэлбэрийг эзэн хааны, язгууртны, ардын гэх гурван засгийн бүрдлийг агуулсан Англи хэв шинжийг үндсэн хуульт хаант засаг мөн гэж Бёрк үзжээ. «Жам ёсны язгууртан» (Пэр, тайж нар, чинээлэг иргэд, худалдаачид, боловсролтой иргэд) — гэгч ард түмний хатуу дарангуйлал бий болгохоос зайлхийхын зэрэгцээ эзэн хааны дарангуйллыг сөрөх хүчирхэг арга хэрэгсэл юм. Хөрөнгө чинээний хувьд язгууртны хэмжээнд хүрсэн хэрнээ боловсрол, нэр төрийн хувьд бойжоогүй хөрөнгөтөн анги нийгмийн гүнд бүрэлдэж, олон олон урхагт үйл эрхлүүлсэн нь Францад хувьгал дэгдэхэд хүргэсэн болохыг Бёрк онцолсон байна.
Дарангуйлал яагаад бий болдог, эрх чөлөө гэж юу болохыг бүрэн гүйцэд ойлгож чадаагүй хөрсөн дээр хувьсгал хийхийг оролдсон нь Францын хувьсгалын үндсэн дутагдал болохыг Бёрк дурдсан байна.
«Цэвэр ардчилал» гэж хэзээ ч байдаггүй бөгөөд энэ дэлхий дээрх «хамгийн хуурмаг зүйл» болно.  Түүний гол аюул нь олонхийн дарангуйлал юм. Хамгийн гол нь, иргэн бүрт хэрэгтэй засаглалын легитим чанарыг хангаж чаддаггүй нь түүний үндсэн дутагдал болно. Тодорхой нөхцөл бүрдвэл ардчилал тогтож болно. Бёрк хэзээ ч ардчиллын эсрэг байгаагүй юм.
Нийгмийг удирдан чиглүүлж буй засгийн газар ямар ч байж болно. Нийгмийн олон янзын давхарга, түүнийг төлөөлөх хүмүүсийн эрх ашгийг бодолцсон, ашиг сонирхлыг нь тэгш хэмтэйгээр төлөөлсөн нөхцөлд аливаа удирдлагын үйл явцад оночтой шинж илрэн гардаг. Гэвч удирдлагын хэрэгжүүлж буй хүн бүрийн хүсэл сонирхол харилцан адилгүй гэдгийг бодолцох хэрэгтэй. Чухам үүнд л улс төрийн үйл хэрэгт амжилт олохын баталгаа оршино. Энэ бол улс төрийн удирдлагын гавьяа бус, хэм хэмжээ, үүрэг юм (Р. А. Бурханов & В. Н. Руденкин, 2009).
Жозэф де Местр
Жозэф де Местрийн үзснээр, хүн бол сүйтгэх, бусниулах зөнтэй, нүгэлт, оюуланг бус, бусчир муу амьтан; Тийм ч учраас хүн өөрийн хүсэл зоригдоо захирагдах, эрх чөлөө эдлэх ёсгүй юм. Хүний нүгэлт мөн чанар нь эцэс, төгсгөлгүй гэмт үйлийн эхлэл болох бөгөөд тэднийг харгис хэрцгийгээр гэсгээн шийтгэж байвал сая болох. Хүн болгонд нийцтэй зохион байгуулалтын шилдэг арга бол бүхнийг айдсаар далайлган шашлах хүчирхийлэл мөн.
Элэр цагийн хүй элгэний хүмүүст гэрээ, хууль цааз гэж үгүй тул нийгмийн гэрээний онол бүхэлдээ худал хуурмаг зүйл юм. Зөвхөн түүхэн талаас төдийгүй, учир шалтгааны хувьд нийгмийн гэрээ байгуулагдах боломжгүй. Хүний жам ёсны эрх гэгч хууран мэхлэлт. Тэгш эрх ямагт байгалийн хууль, нийгмийн харилцаатай зөрчилдөж байдаг. Үнэндээ, хүчтэй, чадалтай нэг нь сул доройгоо бусчирлан хүчирхийлж амьдрах жамтай.
Жам ёсны эрх, нийгмийн гэрээний онолын эсэргүүцэж, ертөнцийн эзний үзэл санааг хөгжүүлсэн. «Хүний эрхийн тухай эрхэм таны тайлбарыг сийрүүлэн бичихийг хичээе.… Таны бодлоор, хүмүүсийн хооронд ямар нэгэн ялгавар үл орших нь ойлгомжтой; Та энэ төсөөллийнхөө ачаар хүний тухай хамгийн хуурмаг оюун дүгнэлтэд хүрнэ. Энэ бол хуурмаг, нотлогдох боломжгүй тийм зүйл юм. Таны бодож тунгаасан бүхэн байгаль дээр үл орших учир бодитой бус» хэмээн Местр бичжээ. Түүний үзснээр, хүний бий болгосон бүхэнд сохроор сүслэх явдал соён гэгээрүүлэлтийн үеийн философийн хамгийн том дутагдал болно. Үнэн чанартаа, хүний оюун ухаан хязгаарлагдмал бөгөөд байгалийн хууль, зүй тогтлыг битгий хэл өөрийн амьдралаа ч бүрэн дүүрэн танин мэдэж чаддаггүйд оршино.
«Байгалийн хууль» гэдэгт де Местр тодорхой ард түмний дотор түүхэн жамаар бүрэлдэн бий болж, тухайн нийгмийнхээ улс төрийн соёл, таниуцаар бататгагдан хөгжих үнэт зүйл, хэм хэмжээг ойлгож байжээ.  Байгалийн, буюу хэв хууль нь хэзээ ч хүмүүсийн гэрээ, хэлцлийн үр дүнд бий болдоггүй бөгөөд ард түмэн бүрийн түүхэн хөгжлийн явцад бүрэлдэн тогтдог жамтай.
Хүн төрөлхтөний түүхийн эхэн үед байгалийн хууль сүсэг бишрэлд тулгуурлаж үүсч байсан бөгөөд энэ үед шашныг улс төрөөс зааглан авч үзэх боломжгүй байв. «Улс төрийг шашнаас, хууль тогтоогчдыг лам нараас зааглах боломжгүй» байжээ. Дараагийн үед нь хууль, зүй тогтол хүмүүсийн амьдралын хэв хуулинд суурилж үүсэх болсон. Өөрөөр хэлбэл, хууль бий болоход хүний хүсэл зориг бус, нөхцөл байдал шийдвэрлэх нөлөөтэй байсан гэсэн үг юм: Ард түмний ёс заншил, ёс суртахуун, сүсэг бишрэлд суурилсан туршлага голлох нөлөөтэй байжээ. Эндээс «хүмүүс өөрсдийн зөвшөөж байгаа, үгүйг эс харгалзан зан заншил, ёс суртахуун, үзэл санаанд илүү захирагддаг зөнтэй» гэсэн дүгнэлтэд де Местр хүрчээ.
Харин бичигдмэл хуулийн тухайд ердөө л зохиомол зүйл юм: «Аливаа бичигдмэл хууль тасархай цааснаас өөр юу ч биш юм.… Бичигдмэл хууль хэтэрхий илэрхий, хэтэрхий тодорхой шинжтэй бөгөөд нууцлаг шинжийг үл агуулна. Тухайлан хэлэхэд, харц ардын хүсэл зоригоос өөр юу ч биш юм». Ямар нэгэн биелэгдэшгүй хүсэл зоригийн золиос болох нь олонтаа тул бичигдмэл хууль тогтвортой хэрэгжиж чаддаггүй байна. Де Местрийн үзснээр, бичигдмэл хууль дараах зарчмыг өөртөө агуулдаг. Үүнд:
1) Ямар ч бичигдмэл хууль олон нийтийн үзэл бодол, хэлэлцүүлэгийн явцад бий болдоггүй;
 2) Аливаа бичигдмэл хууль өмнөх журмын үргэлжлэл байхын сац нийгмийн харилцааг бүхэлд нь журамлан тогтоох хандлагатай байдаг;
3) Гэхдээ хуулиар зохицуулж болдоггүй зүйл, харилцаа гэж байдаг;
4) Төрийн эрх мэдлийг нэг бүрчлэн хуульчлан тогтоох нь засаглалын хүчийг сулруулахын ялдар тогтвортой байх шинжийг алдагдуулдаг байна. Өөрөөр хэлбэл, төр улс мөхөх, уналтад орохын үндэс нь хуулийн засаглал юм;
5) Бичмэл хууль ямагт хэн нэгний хүсэл зоригоос хамаарч байдаг. Хэрэв алсын бодлогогүй хүмүүс шинэчлэл хийж, төрийн эрх мэдлийг гажуудуулбал үр дүнг нь бүхэл бүтэн ард түмэн, үндэстэн амсдаг;
6) Хуулийг бүтээгчид шалгарсан, шилэгдмэл хүмүүс байх учиртай. Тэрнээс хууль өөрөө төгс төгөлдөр байна гэсэн ойлголт байдаггүй;
7) Хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөний тухай ойлголт тухайн хууль ямар ард түмний дотор хэрэгжиж байгаагаас ихээхэн хамааралтай. Энэ дэлхий дээр бүрэн эрх чөлөөтэй үндэстэн, юм уу ард түмэн гэж хэзээ ч байдаггүй;
8) Сайн хуулийг сайн хууль тогтоогчид бий болгодог. Гэхдээ сайн хууль тогтоогч байна гэдэг ердийн нэг эрдэмтэй хүн байна гэсэн үг хараахан биш юм;
9) Бүх улс үндэстэнд хамааралтай бичигдмэл хууль гэж байдаггүй. Хууль бүр тодорхой ард түмэн, юм уу үндэстэнд зориулагдсан байдаг: «Нийт хүн төрөлхтөнд … хамааралтай зүйл байгаль дээр байдаггүй. Ингэхлээр, бүх үндэстэнд нийцтэй хууль байх боломжгүй: Хүн бүрт хамааралтай үзэл санаа, төгс таамаглал дээр суурилсан хууль бол цэвэр хийсвэрлэл мөн»; «1795 оны үндсэн хууль нийт хүн төрөлхтөнд зориулагджээ. Гэхдээ ертөнцөд нийт хүн төрөлхтөний зүйл гэж байдаггүй»;
10) Аливаа бичигдмэл хуулийн хувьд ард түмэн бүрийн ёс суртахуун, шашин шүтлэг, газар зүйн орчин, улс төрийн харилцаанд суурилсан байх нь туйлын чухал болно.
Төр улс гэгч бие даасан эрх мэдэл дээр үндэслэн тодорхой ард түмний дотор бий болох шатлан захирах ёс бүхий зохион байгуулалттай нэгдэл мөн. Харин ард түмэн гэгч бат тогтвортой таниуц, үнэт зүйлс бүхий өөрийн гэсэн хэл яриа, газар нутаг, соёл, хэв хуультай хүмүүсийн бүлэг болно: «Аливаа ард түмэн чухам түүнд л байх өөрийн гэсэн нэгдмэл үнэт зүйл, ёс суртахууны хэлэмж дээр суурилдаг». Төр улс, ард түмэн, хот суурин, хүй элгэн, хөршийн холбоо, гэр бүл тэргүүтэн нь үүнийг агуулах зүйл юм. 
Төр улс, ард түмний үүслийг де Местр хачин, тайлагдашгүй хэмээн тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, төрийн үүсэл суут ухаант, хагас домгийн жанжин, удирдагчдын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай байдаг.
Төр гэгч нэг цэгээс бүх эд эсээ удирдах амьд организм лугаа адил юм. «Төрийн эрх мэдэл хатуу чанд, шийдвэртэй байхын тулд нэг төвд захирагдах учиртай. Үүнийг нэг цэгээс эд эсээ удирдах амьд организм лугаа адилтгаж болох байна» хэмээн Местр бичжээ.
Улсын доторх дэг журам гэгч хүмүүсийн чиг үүргийн ялгаанд оршино. Иймд агуу хүн гэдгийг онцгой эрх мэдэл, чадвар эзэмшсэн хүнийг бус, харин төр, нийгмийн өмнө тусгай үүрэг хүлээсэн хүнийг ойлговоос сая болох. Ямар ч үед өөрчилж үл болох нийгмийн харилцааны нөхцөл нь хүмүүсийн дундах шатлан захирах ёс юм.
Төгс төгөлдөр засаглалын хэлбэр гэж байдаггүй. Тодорхой ард түмний мөн чанар, таниуцад нийцсэн тэр засаглал хамгийн шилдэг нь байдаг. Ингэхлээр, Местрийн хувьд тодорхой ард түмэнд л нийцэж байвал деспоти төр ч засаглалын шилдэг хэлбэр юм. Эсрэгээрээ, тодорхой ард түмний мөн чанарт үл нийцэх бол ардчилсан төр ч дарангуйллын хэлбэр болдог байна.
Гэхдээ Местр ерөнхийдөө эзэн хаант засгийн талархан үздэг байжээ. «Эзэн хааны засаг гэгч амьд эх оронч мэдрэмжээс өөр юу биш юм» хэмээн Местр тодорхойлсон байна.
Дээрхээс гадна, зохион байгуулалтын хувьд эзэн хаант засаг Ромын хутагтын засаг лугаа адил юм. Эзэн хаадын эрх мэдлээс Ромын хутагтын эрх мэдэл өндөр байх үед дэлхий дахинаа амар амгалан тогтоно. Учир нь төр улс, гэр бүл гэгээрэн хөгжихийн үндэс болсон шашин Ромын хутагтын соёрхолд байдаг. Ерөнхийдөө Местр дундад эртний католиг шашин зонхилсон Ромын хутагтын хязгааргүй эрх мэдлийг талархагч нэгэн байжээ.
Де Местр түүхийг ертөнцийн эзний агуу төлөвлөгөөний хэрэгжилт гэж үзсэн байна. Тиймээс хувьсгал гэгч хүн төрөлхтөний нүгэл хилэнцийг ертөнцийн эзэн гэсгээж буйн илрэл юм. Өөрөөр хэлбэл, хувьсгал дүн өвлийн хүйтэнд нахиалах модод адил нүглийн дунд буяны үр соёолуулах гайхамшигт үйл болно (Р. А. Бурханов ба В. Н. Руденкин 2009, 117-124).
Луи Габриэл Амбруаз Бональд
Францын улс төрийн сэтгэгч Бональд 1800 онд «Нийгмийн байгууллын жам ёсны зүй тогтлыг шинжилсэн туршлага» (Essai analytique sur les lois naturelles de l’ordre social, 1800) бүтээлээ дуусгасан бол 1801 болон 1802 онуудад «Нөхөн үржихүйн тухай» (Du divorce, 1801), «Саяхны нэгэн ухаантны бичсэн хүй нийгмийн үеийн зүй тогтлууд» (Législation primitive considérée dans les derniers temps par les seules lumières de la raison, 1802) гэх хоёр зохиол нь гарчээ. Эдгээрээс гадна «Европын нийтлэг эрх ашгийн тухай эрэгцүүлэл» (Réflexions sur l’intérét général de l’Europe, 1815), «Философийн судалгаа» (Recherches philosophiques, 1818), «Нийгмийн суурь зарчмын философи нотолгоо» (Démonstration philosophique du principe constitutif de la société, 1827) зэрэг зохиол нийтлүүлсэн байна.
Бональд өөрийн сургаалыг Кондильяк, Мальбранш нарын онолоос үндэсжүүлсэн байдаг. Үзэл санаагаа бүхэлд нь ертөнций эзний сургаал гэж нэрлэсэн байна. Түүний сургаалын үндэс нь нийгмийн үзэл санаа юм.  Нийгмийн дээд үзэл санаа болох төр улс ертөнцийн эзэн, ард түмний хооронд орших гүүр бөгөөд нэг үгээр хэлбэл, үзэл санаа, оюун санаа хоёрын холбоосыг илэрхийлэгч хэл болно. Хэл нь ертөнцийн эзний өөрөө өөрийгөө нээн илэрүүлэх арга хэрэгсэл мөн.
Эрх мэдэл гэдэг хүмүүсийн харилцаанд ойлгогдож, ухамсарлагдаж буй бодит байдал билээ. Гэхдээ Бональд либерал чиглэлийн сэтгэгчид шиг нийгмийн байдлыг ямар нэгэн гэрээний үр дүн гэж үзээгүй билээ. Түүний хувьд нийгэм ямар нэгэн гэрээний үр дүнд цогцлох боломжгүй. Үүнтэй холбоотойгоор улсын эв нэгдлийг задлах, хувь хүний эрх, эрх чөлөөг туйлчлан үзэх нь асар хөнөөлтэй гэдгийг Бональд онцолсон. Нийгэм-улс төрийн харилцаанд ерөнцийн эзний оролцоо хүчтэй илэрдэг гэж Бональд үзсэн.
Төрийн үзэл санаа хэрэгтэй, шаардлагатай боловч ертөнцийн эзэн хүнд ямар ч үед үгүй хийж үл болох эрх чөлөөг олгосон. Гэвч хүний муу хүсэл уг эрх, эрх чөлөөг эдлэх боломжид саад болж байна. Нийгмийн үүсэл, хөгжлийн үйл явцыг танин мэдэхэд хүний боломж хүчирдэнэ. Учир нь нийгэм бурханлаг, тайлагдашгүй шинж чанартай. Нийгэм мөнхийн хөдөлгөөнд байх бөгөөд өөрөө өөрийгөө бүтээж, хэлбэржүүлж байдаг.
Төрийг маш нарийн бүтэц бүхий организм гэж үзсэн. Төр өөрийн хүчийг уламжлал, хэв хуулиас улбаалж авдаг. Уламжлал, хэв хууль ард түмний үзэл санаан дээр суурилах бөгөөд улсын ирээдүйн хөгжилд зайлшгүй шаардлагатай зүйл болно.  Үүнтэй холбоотойгоор хийсвэр, нийгмийн бодит орчинд хэрэгжих бололцоогүй, нийгмийн суурь зүй тогтолтой зөрчилдсөн хүний талаарх үзэл санааг хөгжүүлэх учир Францын агуу хувьсгал улс төрийн зохисгүй үйл ажиллагаа мөн гэдгийг Бональд дурдсан.
Аливаа нийгмийн суурь үндэс нь христийн үзэл санаа юм. Нийгмийн байр сууриасаа үл хамааран алив хүний үүрэг, зорилго урьдаас тодорхойлогдсон байдаг. Бональд хүний эрх, эрх чөлөөг бие махбодын болон оюун санааны гэх хоёр талаас тодорхойлохыг оролдсон байна. Өөрөөр хэлбэл, хүн ертөнцийн эзэн, өөрийн бие махбодоор дамжин эрх чөлөөг эдэлдэг. Хүний эрх, эрх чөлөөний энэ хоёрдмол чанар бүх нийгэмд байдаг, байсаар ирсэн. Нийгмийн орчинд л амьдарч байгаа бол хүн эрх чөлөөгүй болох гэж байдаггүй. Гэхдээ онцолж хэлэхэд хүн зөвхөн нийгмийн орчинд л эрх чөлөөтэй байх боломжтой.
Төрийн засаглалын хувьд Бональд хэмжээгүй эрхт эзэн хааны засгийг талархан дэмжиж байсан. Гэхдээ эзэн хааны засаг шашны итгэл бишрэл дээр суурилах учиртай. Өөрөөр хэбэл, дундад зууны үед Европт түгээмэл байсан шашны теократ засаглалыг Бональд талархан хүлээн авч байжээ.
Дүгнэлт
Консерватизм орчин үеийн нөлөө бүхий улс төрийн үзэл суртлын нэг юм. Франц, Английн олон сэтгэгчдийн үзэл санаагаар дамжин нийгмийн практикт хэрэгжиж байна. Орчин үед консерватист үзэл сурталд неоконсерватизм, палеоконсерватизм, үндэсний консерватизм, нийгмийн консерватизм, либерал консерватизм, либертари консерватизм, патерналист консерватизм олон чиглэл урсгал бий болж, нийгмийн улс төрийн амьдралд дэлгэр хөгжиж байна.

Эх сурвалжийн жагсаалт

Adams, Ian. Political ideology today. Glasgow: Bell & Bain Ltd, 1993.
Heywood, Andrew. Political Ideologies: An Introduction . London: Palgrave Macmillan, 2012.
Jerry Z. Muller , ed. Conservatism: an anthology of social and political thought from David Hume to the present. Princeton, New Jersey: Princeton University Press, 1997.
O'Sullivan. Conservatism. London: J.M. Dent & Sons, 1976.
Savile, George. "Maxims of State." In The Complete Works Of George Savile, Marquess Of Halifax. Oxford: Clarendon Press, 1912.
Walton, Izaac. "The Life of Mr Rich. Hooker." In Walton’s Lives, edited by George Saintsbury. Oxford World’s Classics, 1927.
Wolin, Sheldon S. "Hume and Conservatism." American Political Science Review Vol. 48, no. Issue 4 (December 1954).
Васильев, В. В. "Неизвестный Юм ." Вопросы философии № 1 (2014).

Р. А. Бурханов, and В. Н. Руденкин. История политических учений от Античности до Нового Времени: Краткий конспект лекций. 2-е изд. Нижневартовск: Изд-во Нижневарт. гуманит. ун-та, 2009.

Monday, May 11, 2020

АМЕРИКИЙН УЛС ТӨР СУДЛААЧ СИДНЭЙ ВЕРБА

Сиднэй Верба
 Sidney Verba
Мэндэлсэн он
1932 оны тавугаар сарын 26
Мэндэлсэн газар
АНУ, Нью-Йорк хот
Бие барсан он
2019 оны гуравдугаар сарын 4 (86 насандаа)
Бие барсан газар
·         Массачусэтс, Кэмбриж
Харьяалал
АНУ
Үйл ажиллагааны төрөл
Улс төр судлаач
Гавьяа шагнал
Юхан Шюттагийн шагнал (2002 он)

Сиднэй Верба (Sidney VerbaАНУ-ын Нью-Йорк, 1932 оны тавдугаар сарын — 2019 оны гуравдугаар сарын 4) — болбоос Америкийн улс төр судлаач, орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны суурь судалгаанд жинтэй нөлөөлөл үзүүлсэн хайв эрдэмтэн болно.
АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн 1983 оны гишүүн болно.
Цадаг намтар
1953 онд Харвардын Их Сургуулийн бакалаврын зэрэгтэй дүүргэсэн. 1957 онд Принстоны Их Сургуульд магистр, 1959 онд докторын зэрэг хамгаалсан. 1960-1964 онуудад Принстоны Их Сургууль, 1964-1968 онуудад Стэнфордын Их Сургууль, 1968-1972 онуудад Чикаго Их Сургууль, 1972 оноос Харвардын Их Сургуульд багшилж байсан. 1984-2006 онуудад Харвардын Их Сургуулийн дэргэдэх Номын Сангийн захирал, Харвардын Их Сургуулийн Хэвлэх Үйлдвэрийн Захирлуудын зөвлөлийн гишүүн байсан. 
1972-1973 онуудад Олон Улс Судлалын Холбооны дэд ерөнхийлөгч, 1979-1981 онуудад Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны дэд ерөнхийлөгч, 1994-1995 онуудад ерөнхийлөгчөөр нь тус тус сонгогдон ажиллаж байсан. Үндэсний Судалгааны Зөвлөл, Нийгмийн Шинжлэх Ухааны Үндэсний Судалгааны Зөвлөл зэргийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан.
Шинжлэх ухааны үйл ажиллагаа
1940-1960 оны хооронд улс төрийн шинжлэх ухаан илүү мэргэшсэн шинж чанартай болж эхэлсэн. Улс төрийн шинжлэх ухаан, төрийн захиргаа, улс төрийн бодлогын салбар, факультетууд түүхч, эрх зүйч, гүн ухаантнуудын хамтын хүчин чармайлгын үр дүнд XIX зууны шувтарга гэхэд бий болж эхэлсэн. XX зууны эхний арван жил гэхэд АНУ-ын томоохон их, дээд сургуулиудад бүгдэд нь дээрх мэргэжлийн салбарууд бий болсон байна. 1903 онд Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо үүсгэн байгуулагдаж, 200 гаруй хүн гишүүнээр элсэн оржээ. Өнөөдөр Сиднэй Верба тэргүүтэй 13 мянга гаруй гишүүнтэй болсон байна. Үндсэндээ их, дээд сургуулийн энэ чиглэлийн хичээл заах багш нар цөм нь болжээ. Ихэнх гишүүд нь улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэгтэй юм уу зэрэг горилогч нар байна. Холбооны гишүүнчлэлд орохын тулд тодорхой хэмжээний шалгуур давдаг болсон байна. Салбартаа нэр хүнд олохын тулд адил асуудлыг судлах бусад эрдэмтдээр хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ үүснэ. Үүний зэрэгцээ улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр олон арван сэтгүүл гарах болсон.
1990-ээд оны эхэн үеэс Сиднэй Верба шинжлэх ухааны энэ өрсөлдөөнт талбарт хөл тавьж, томоохон судалгаа хийсний дүнд ихээхэн нэр хүнд олсон байна.
Түүний гол бүтээлүүд
Улс төр судлаач Г. Алмондтой хамтран “Иргэний соёл, ардчиллын тогтвортой байдал” бүтээл гаргасан нь ихээхэн нэр олсон бөгөөд иргэний улс төрийн соёл гэх цоо шинэ ойлголтыг бий болгожээ.
Иргэний соёл гэдэг нь патриархал болон албатын соёлын элементийг өөртөө хадгалсан оролцооны хэв шинжтэй соёл давамгайлсан улс төрийн соёлын холимог хэлбэр мөн.
Вербагийн өөр нэг бүтээл нь “Харьцуулсан улс төрийн соёл” болно. Тэрээр уг бүтээлдээ улс төрийн соёлыг тодорхойлох оролдлого хийсэн байна.
Улс төрийн соёл гэдэг нь улс төрийн үзэгдэл, үйл явц, хувь хүмүүсийн зан үйл хоорондын харилцаа холбоо, тэдгээрийн хариу үйлдлийг илэрхийлсэн үзэгдэл мөн. Хувь хүн, бүлгийн зан үйл нь ихэнхдээ засгийн газар, дайн тулаан, сонгуулийн кампанит ажил гэх мэт хүмүүсийн ажиглаж, тодорхой утга санаа шингээж байдаг үйлдлийн хариу байдаг. Хүмүүс улс төрийн хэрхэн ойлгож байгаа болон хэрхэн тайлбарлаж байгаа нь өөрөө улс төрийн соёл мөн.
Сиднэй Верба улс төрийн шинжлэх ухааны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. XX зууны хоёрдугаар хагаст тэрээр улс төрийн соёлын ямар хэв шинж либерал ардчиллын хөгжил, тогтвортой байдалд нөлөөлөхийг тайлбарлах оролдлого хийжээ. Бихевиоризмын уламжлалын хүрээнд Макс Веберийн арга зүйн нөлөөлөл дор байсан юм. Улс төрийн соёлын гурван хэв шинжийг гаргасан. Иргэний улс төрийн соёл АНУ, Англид хүчтэй байгааг судалгааны үр дүнгээр тогтоосон байна.
Улс төрийн соёлын ангилал
Дэлхийн улс төрийн шинжлэх ухаанд Алмонд, Верба нар “Иргэний соёл” нэртэй бүтээл нийтлүүлж, улс төрийн соёлын ангилал гаргасан нь ихээхэн нэр олжээ. Англи, Итали, ХБНГУ, Мексик, АНУ зэрэг таван улсыг судалгааны үндсэн судлагдахуун болгож, өвгийн, албатын, оролцооны гэх соёлын гурван цэвэр хэв шинж байгааг гаргасан.
Верба 1968 онд Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүн, 1972 болон 1976 онуудад Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны сайн бүтээлийн шагнал, 1980 онд Гуггэнхаймын шагнал, 1993 онд улс төрийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ж. Мэдисоны нрэмжит шагнал, 2002 онд Юхан Шюттагийн нэрэмжит шагнал тус тус хүртжээ.
Тэрээр улс төрийн шинжлэх ухааны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бүхэл бүхэн зууныг төлөөлөхүйц хайв эрдэмтэн байв.
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: УЛС ТӨР СУДЛААЧ, ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn