Sunday, March 1, 2020

ЭНЭТХЭГИЙН УЛС ТӨР СУДЛААЧ П. ШАРАН “ЭЛИТИЗМ”


П. Шаран нь Энэтхэгийн нэр цолгорсон улс төр судлаач нэгэн болно. Энэ удаад түүний “Харьцуулсан улс төр судлалын онол” (Theory of Comparative Politics) бүтээлийн бүлгийг дээжлэн хүргэж байна. Таалан болгооно уу.
ЭЛИТИЗМ
Аливаа нийгэмд хүн амын олонхыг захирах цөөнх оршин байдаг тухай элитийн үзэл баримтлалыг Италийн социологич В. Парэто (1848-1923 он), Г. Моска (1858-1941 он) нар хөгжүүлсэн байна. Элитийн судалгаа улс төрийн шинжлэх ухааны хүрээнд багтаж, XIX зууны шувтарга XX зууны эхэн үед бүрэлдэхүүн хэсэг нь болжээ. Либерал нийгэм дэх элитийн улс төрийн чиг үүргийн тухай асуудлыг XIX зууны шувтарга үед нээлттэйгээр авч үзэж, улс төрийн шинжлэх ухаан, социологи, улс төрийн болон нийгмийн сэтгэлгээний томоохон чиглэл болсон байна. Элитйн тухай үзэл санааны хэлэлцүүлэгт улс төрийн институт, улс төрийн зан үйл, улс төрийн засаглал, улс төрийн үзэл суртал гэх мэт ойлголтууд томоохон байр суурь эзэлдэг байна.
Элитийн онол
Парэто. Элит гэдэг нь Парэтогийн үзсэнээр, засаглал, баялаг, мэдлэг гэх мэт нийгмийн үнэт зүйл буюу бүтээгдэхүүнээр хэмжигдэх тодорхой шатанд хамгийн дээд эрэмбийн байр суурь эзэлдэг этгээдийг оноочилсон үнэлэмжгүй ухагдахуун юм. Нийгмийн дээд давхарга нь түүний үзсэнээр засгийн газрыг бүрдүүлэхэд шууд болон шууд бусаар оролцох засаглагч элит, засаглагч бус элит гэсэн хоёр хэсгээс бүрддэг байна (302-р хуудас). Парэто элитийн зонхилогч “үлдмэрүүд” (МУИС-ийн гэрган, доктор, профессор Ч. Өлзийсайхан авхайн орчуулгад остаток хэмээхийг “үлдэж ирсэн” гэж монголчилсон байх (Өлзийсайхан 2012, 5) бөгөөд эрхэм багшийн саналтай утга дайлган үлдмэр гэж толмочлов)-ийг өөрчлөх элитийн халаа, сэлгээний үзэл баримтлалыг боловсруулсан байна. Энэ нь бататган бэхжүүлэгчид шинийг эрэлхийлэгчдийг, шинийг эрэлхийлэгчид бататган бэхжүүлэгчдийг орлох онол юм. “Элитийн уналт, өсөлт” нэрт алдарт бүтээлдээ Парэто “Хүн төрөлхтний түүх гэгч элитийн байнгын халаа, сэлгээний түүх болно: Нэг хэсэг нь өсөж өндийж байхад өөр нэг хэсэг нь унаж доройтож байдаг” гэж бичжээ. Халаа, сэлгээний шалтгааныг дайн, элит нөхөн үйлдвэрлэх явцад үүсэх билэг чадварыг хомсдол гэж нэрлэжээ. Дайн бол хүн амын олонхтой харьцуулахад элитийн үлэмжхэн хэсгийг үгүй хийх зүйл юм. Хүн амын бусад хэсгээ бодвол хүүхэд цөөхөн байдаг тул элитийн гэр бүл устах хандлагатай байдаг. Товчоор хэлбэл, нэг хэсэг элит нөгөөгөөр солигдож байдаг. Солигдох үндсэн нөхцөл нь элитийн шинжид байх сэтгэл зүйн өөрчлөлтийн туслалцаатайгаар бий болно. Энэ ч учраас  уг хандлагыг сэтгэл зүйн хандлага гэж нэрлэдэг (303-р хуудас).
Парэтогийн гол ололт нь хүмүүс оюун ухаан, авьяас чадвар, хөдөлмөрч зан, нэр алдарт дурлах хандлага, оюун санааны чадавх, гуа зүйн хүмүүжлийн хувьд харилцан адилгүй байдаг гэдгийг тогтоосонд оршино. Тийм ч учраас нийгэм өөрөө олон бүрдэлт шинжтэй байдаг. Тэрээр нийгмийн элитийг засаглагч болон засаглагч бус гэж ангилсан байх бөгөөд цөөнхийн чухам үүрэг нь нийгмийн улс төрийн үйл хэргийг хөтлөн явуулахад оршино гэжээ. Элит уналтад орох үед элит бус давхарга элитийн үүргийг гүйцэтгэх болно. Ийнхүү түүх өөрөө “язгууртны булш” болж байдаг. Гэвч элитийн халаа, сэлгээний зарчим нь хуучин элит унахтай зэрэгцээд нийгэм бүхэлдээ уналтад орно гэдгийг илэрхийлдэггүй байна.
Сөрөг элит олон түмний туслалцаатайгаар хуучин элитээ халж сольж байвал уг үйл явцыг “энгийн хувьсгал буюу элитийн хавтгайрсан халаа, сэлгээ” гэж нэрлэнэ. Хувьсгалын явцад хуучин элит бүлгийн олон хүмүүс алагдах, хар гэрт хоригдох юм уу нийгмийн доод давхарга руу шилжиж байдаг. Өөр нэг хэсэг нь аврагдаж, ангийн байр сууриа хадгалж үлддэг байна. Тэд бас хувьсгалт хөдөлгөөнд томоохон байр суурь эзлэх тохиолдол ч байна. Эндээс Парэто хувьсгалт өөрчлөлтийн үр дүнд хуучны зарим нэг бүрдлийг өөртөө багтаасан шинэ элит төрөн гардаг гэсэн дүгнэлт хийжээ.
Г. Дорсо. Италийн онолын улс төр судлаач тэрээр засаглагч анги гэдгийг “нийгэмд улс төр, эд материал, оюун санааны хошуучлал бүхий зохион байгуулалттай хүч” хэмээн тодорхойлжээ. Засаглагч ангиас “улс төрийн анги” (засаглагч ангийн техникийн хэрэгсэл) дэвшин гарах зүй тогтолтой гэдгийг онцолсон. Үүнээс гадна, тэрээр улс төрийн ангийг “улс төрийн удирдагч анги” буюу гадаад, “улс төрийн сөрөг анги” буюу дотоод гэж ангилсан байна.
Дорсо элитийн халаа, сэлгээний тухайд Парэтогийн онолтой нэгдмэл байр суурь баримталж байсан ч элитийн дотоод бүрдэл хэсгүүдийн халаа, сэлгээний тухай илүү тодорхой санаа дэвшүүлсэн байна. Түүний үзсэнээр нийгмийн сайн сайхан болон тогтвортой байдлаас хамаарч халаа, сэлгээний гурван механизм оршин байна. Эдгээрт:
                                I.            Хоёр намын тогтолцоонд илүү ажиглагдах улс төрийн ангийн засаглагч болон сөрөг бүрдлүүдийн хооронд үүсэх халаа, сэлгээ байна.
                              II.            Улс төрийн ангиа бататган бэхжүүлж, хаалттай бүлэг болохоос сэргийлэх улс төрийн анги, засаглагч бусад ангийн дунд өрнөх халаа, сэлгээ байна.
                           III.            Удирдагч анги болон засаглагч ангийн дунд үүсэх халаа, сэлгээ гэж байна.
Моска. Тэрээр “элит” гэх ойлголтыг хязгаарлагдмал хүрээнд ашигласан байна. Моска “Засаглагч анги” бүтээлдээ “Бүх нийгмүүдэд засаглагч, удирдуулагч гэсэн хоёр анги зэрэгцэн орших зүй тогтолтой” гэж бичжээ. Засаглагч анги удирдуулагч ангиас ямагт тооны хувьд цөөн байдаг. Нэгдүгээрт, цөөнх зохион байгуулалттай учир олонхоо удирддаг. Хоёрдугаарт, засаглагч цөөнх олон түмнээс өөрт байх онцгой чадваруудаараа ялгардаг. Тийм ч учраас тэд оршин амьдарч буй нийгэмдээ хүндэтгэл, нөлөөлөл ихтэй байдаг юм.
Парэтогийн нэгэн адил Моска ёс суртахууны зарим нэг түгээмэл зарчимд тулгуурлан засаглагч анги өөрийн засаглалаа зөвтгөж байдаг гэж үзжээ. Тэрээр элитийн халаа, сэлгээ байхыг хүлээн зөвшөөрсөн боловч өөр утгатайг онцолсон байна. Моска зөвхөн улс төрийн хүчний харьцаанд өөрчлөлт орсон нөхцөлд л өмнөхөөсөө ялгаатай хүч төрийн удирдлагад бий болох шаардлага гарна гэжээ.
Энэ учирт өмнөх хүч засаглагч анги бүрдүүлэх арга хэлбэрээ өөрчлөх замаар өөрийгөө хадгалж үлдэх сонирхолтой байдаг. Улс төрийн анги өөрийн төлөөлөгчдийн эгнээнд нийгмийн доод давхаргаас чадварлаг нэгнийг татах замаар, эсвэл нийгмийн шинэ бүлгээс гишүүд татах замаар сөрөг элит хувьсгалын үр дүнгээр зайлуулах хүртэл эрх мэдлээ хадгалж байдаг гэжээ. Гэхдээ Моска хүчийг аажмаар хэрэглэх, итгэл үнэмшлийн замаар өөрчлөлт хийхийг илүүд үзсэн байна (303-р хуудас). Тэрээр засаглагч элитүүдэд олон түмний санаа бодолд нийцүүлж улс төрийн тогтолцоонд аажим, алгуур өөрчлөлт хийх хэрэгтэйг зөвлөсөн байна.
Р. Михельс. Түүний бүтээлд дээр дурдсан Москагийн хандлага (зохион байгуулалтын) илүү боловсронгуй байдлаар хөгжсөн байна. Түүний үзсэнээр элитийн засаглал түүний зохион байгуулалтын шинж чанараас шууд хамаардаг байна. Үүнд тэрээр засаглалыг бататгах зохион байгуулах чадвараас гадна элит бий болгоход хүргэх зохион байгуулалттай нийгмийн өөрийнх нь бүтцийг мөн багтаасан байна. Михельс нийгмийн бүхий л зохион байгуулалтыг удирдах зүй тогтлыг санал болгосон. Үүнийг тэрээр “олигархийн төмөр хууль” хэмээн нэрлэжээ. Макс Веберийн нэгэн адил Михельс олон түмэн, ердийн гишүүн орчин үеийн зохион байгуулалтыг удирдан чиглүүлж чадахгүй бөгөөд үр дүнд нь нийгмийн үйл хэрэгт тэдний зүгээс үзүүлэх нөлөөлөл багасна гэж үзсэн. Намын нөлөө, эрх ашиг гэгч нь намын сайн дурын түшмэд, сонирхогч гишүүдийн давхарга, намын төлөө саналаа өгөх ч намын албан ёсны бүтцэд ордоггүй хүмүүсээс бүрдэх зорилтот бүлгийн сац суварга болно.
Маркс. Марксийн үзсэнээр аливаа нийгэм дарлагч анги, нэг юм уу хоёр дарлагдагч анги гэсэн хоёр төрлийн хүмүүсээс бүрддэг байна. Үйлдвэрлэлийн эдийн засгийн гол арга хэрэгслийг өөрийн гарт төвлөрүүлсэн дарлагч анги улс төрийн нөлөөлөлтэй байдаг. Энэ хоёр ангийн хооронд байнгын ангийн тэмцэл өрнөх бөгөөд ялалт ажилчин ангийн гарт шилжсэнээр ангийн тэмцэл устаж, ангигүй нийгэм цогцлох болно.
Бэрнхэйм. “Менежерүүдийн хувьсгал” гэх алдарт бүтээлдээ Марксийн нэгэн адил үйлдвэрлэлийн арга, хэрэгслийг хяналтдаа байлгах нь улс төрийн засаглал, нийгмийн нэр хүнд, цаашлаад эд баялагт хүрэх замыг нээдэг байна гэж үзсэн. Ийнхүү түүний үзсэнээр элитийн засаглал нь үйлдвэрлэлийн үндсэн арга хэрэгсэлд хяналт тавих, дахин хуваарилах явдалд тулгуурладаг байна. Өөрийн санааг цааш үргэлжлүүлэн тэрээр капиталист нийгэм нь ямагт мөхөлд хөтлөх бөгөөд эдийн засаг, улс төр, удирдлагын элитээр хянуулсан нийгмээр солигдох зүй тогтолтой гэдгийг онцолсон. Түүний таамаглаж буйгаар төрийн удирдлага нь их төлөв хууль тогтоох бус, гүйцэтгэх эрх мэдлээр дамжин хэрэгжих бөгөөд үүнийг Англи дахь төрийн албан хаагчид, ЗХУ дахь төрийн төлөвлөгөөний ажилтнууд, АНУ дахь яамдын гүйцэтгэх ажилтнуудаас бэлхэнээ харж болох юм. Маркс, Бэрнхэйм нарын уг хандлагыг эдийн засгийн гэж нэрлэж болох юм.
Жилас “Шинэ анги” нэрт бүтээлдээ арай өөр хандлагыг баримталсан байна. Тэрээр Орос дахь большевик хувьсгалын дараа түүхэнд хэзээ ч гарч байгаагүй цоо шинэ анги бүрэлдснийг онцолсон байна. Энэхүү анги нь бюрократи, чухамдаа бол намын бюрократи анги юм. Шинэ анги нь захиргааны эрх мэдлийн давуу эрхийг ашиглан онцгой эрх ямба, эдийн засгийн давуулаг байдал эзэмшсэн анги мөн гэж хэлж болох байна. Жиласын үзсэнээр шинэ анги пролетаричуудаас бүрдэж, түүнийгээ хамгаалдаг байна. Шинэ анги хамтын өмч гэх өмчийн онцгой нэгэн хэлбэрийн ачаар өөрийн эрх мэдэл, давуу байдал, үзэл суртал, зан үйлээ төлжөөх бөгөөд ард түмэн, нийт нийгмийн өмнөөс төлөөлөн биежиж хөгждөг байна.
Р. Миллс. “Засаглагч элит” бүтээлдээ институционал аргыг ашигласан байна. Миллс нийгэм дэх засаглалыг нийгмийн институттай холбон үзэж, элитийг “дээд байр суурь эзлэх хүмүүс” хэмээн тодорхойлжээ. Миллс АНУ дахь элитийг үйлдвэр аж ахуйн нэгжийн удирдлага, улс төрийн удирдлага, цэрэг, армийн удирдлага гэх гурван хүрээнд авч үзсэн байна. Тэрээр америкийн нийгмийг засаглагч элит гол гол асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ олон түмнийг хууран мэхлэх, сүрдүүлэх, айлгах замаар тогтоон барьж байх олон түмний нийгэм мөн гэж тодорхойлжээ. Засаглагч элитийг хариуцлагажуулж байдаг зохион байгуулалт бүхий олон нийтийн хяналт үгүй учир элитийн авлига газар авах хандлагатай гэдгийг Миллс онцолсон.
Г. Д. Лассуэлл. Түүний хувьд “улс төрийг судална гэдэг нь нөлөөлөл, нөлөө бүхий хүмүүсийг судална” гэсэн үг бөгөөд “авч болохоос илүүг хэн авч байгааг”давхар судалдаг байна. Хүмүүсийн ихэнх нь хүндэтгэл, орлого, аюулгүй байдлаас бүрдсэн үнэт зүйл гэж нэрлэгдэх тэр зүйлийг олж авахыг хичээдэг байна. Эдгээр үнэт зүйлийн дийлэнх хэсгийг элит, үлдсэн хэсгийг олон түмэн эзэмшдэг. Янз бүрийн үнэт зүйл ашиглах учир элитүүд бие биенээсээ ихээхэн ялгардаг байна. Тухайлбал, хүндэтгэл хүлээсэн элитүүд ямагт аюулгүй байдал бүхий элит байж чаддаггүй байна. Элитийн хувь заяа хүрээлэн буй орчноо хэрхэн төөрөгдүүлж байгаагаас өөрөөр хэлбэл, хүчирхийлэл, сайхан сэтгэл, бэлгэ тэмдэг, тогтоосон хэм хэмжээг хэр ашиглаж байгаагаас ихээхэн хамаардаг байна.
Хувьсгал гэдэг нь элитийн ангийн шинж чанарт өөрчлөлт оруулж буй явдал мөн гэдгийг Лассуэлл хүлээн зөвшөөрсөн. Францын хувьсгал мэргэшсэн бүлэг, дундаж хөрөнгөтний өсөлт байсан. Хувьсгалын дараагийн долгион биеийн хүчний хөдөлмөр эрхлэгч ажилтнаас гарах бөгөөд бюрократи төрийн эсрэг босож, социалист байгууллыг тунхагладаг жамтай  (305-р хуудас).
Шүүмжлэлт үнэлгээ
Элитийн онолын мөн чанар нь аливаа нийгэмд ач холбогдол бүхий чухал шийдвэрүүд гаргаж, олонхоо захирах цөөнх оршин байх ёстой гэж үздэгт оршино. “Улс төрийн анги” юм уу “засаглагч элит”-ийг бүрдүүлэгч энэхүү цөөнхөд төрийн шийдвэрт нөлөөлж, бодлого боловсруулах бүхэн хамрагддаг байна. Цөөнх ердийн сонгуулиар дамжуулан өөрийн ноёрхогч байр суурийг олж авдаг байна. Түүний нөлөөлөл тодорхой нийгмийн юм уу шашны үнэт зүйл, удамшсан юм уу бие хүний тодорхой шинж чанартай холбоотой байж болдог.  Элитүүд Жэймс Мэйзелийн “3 С” гэж нэрлэсэн бүлгийн ухамсар, нэгдэл, харилцаа өрнүүлэх чадвар гэх зарим нэг шинж чанарыг эзэмшсэн байх ёстой. Эдгээр шинж нь тэдэнд засаглалаа тогтоон барих боломж олгодог байна. Гэвч илүү чухал шалтгаан нь засаглал өөрийн шинж чанараараа кумулятив байдагт оршино. Засаглал нь эдийн засгийн нөлөөлөл, нийгмийн байр суурь, баялаг, үр хүүхдээ давуу байдлаар сургах гэх мэт  нийгмийн бусад баялагийг олж авах арга хэрэгсэл болсон илүү их засаглалд хүрэх боломж олгодог. Сүүлийн хоёр шинж нь өөрөө засаглал бөгөөд элитийн ноёрхолд сүүлний үе шувтартал хадгалагдах хандлагатай байдаг. Элитийн онолчид элитийн байр сууринд хүрэхийн тулд бүлэг эзэмшвэл зохих олон боломж, шинж чанарыг тодорхойлсон байдаг. Хэрэв Моска, Михельс нар зохион байгуулах чадварыг онцолсон бол Парэто элит болон элит бус этгээдийн сэтгэл зүйн шинж чанарыг чухалчилсан байна. Хэрэв Бэрнхэйм эдийн засгийн нөөцөд хяналтаа тогтоохыг онцолсон бол Миллс нийгэмд эзлэх байр суурийг судалжээ. Цааш нь, элитийн онолчид ноёрхогч цөөнхийг олонхийн зүгээс ардчилсан механизмын үед ч хяналтандаа байлгах бололцоогүй гэдгийг онцолсон байна.
Гэхдээ дээр дурдсан элитийн онолын бүрдэл нь засаг төрийн эрх ард түмний гарт байна гэсэн ардчиллын нотлогдоогүй үнэнийг хөндөхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Ийм ч учраас элитийн онолд байх “ард түмний туслалцаатайгаар ард түмнийг засаглах” гэсэн томьёоллыг Морис Дювэрже ард түмнээс гаралтай “элитйн туслалцаатайгаар ард түмнийг засаглах” гэсэн өөр хэлцээр солих санал дэвшүүлсэн байна. Элитийн онол нь хүн төрөлхтний жам ёсны тэгш бус байдлын тухай сонгодог номлолд тулгуурладаг. Энэ нь аливаа улс төрийн байгуулал өөрийн мөн чанарын хувьд олигарх байдаг гэсэн үг юм. Элитийн онол улс төр ард түмний оролцооноос хамаардаг гэх үзлийг үгүйсгэдэг. Энэ үзэл санаанд улс төрийн тогтолцоонд тэр бүр байдаггүй шинжийг тусгасан гэж нотолдог. Сонгуулийн үйл явцад хэт их анхаарах нь тэдний үзэж буйгаар асуудалд хэт явцуу хандаж буй хэрэг юм. Тийм ч учраас тэд дээрх баримт бол либерал ардчилал гэж нэрлэгдэх тэр дэглэмийн улс төрийн амьдралд хамарна гэдгээр өөрт ашигтай дүгнэлтэд хүрдэг. Хүмүүс улс төрийн үйл явцад бүрэн хэмжээгээр оролцож болно гэж үздэг ч тэдний бодит нөлөөлөл сонгуулиар хязгаарлагддаг. Засаглалын төвд тодорхой нөлөөлөл бүхий нийгмийэ элит оршин байдаг. Өөр нэг баримт нь засгийн газар ард түмний жинхэнэ төлөөлөл гэдгийг нь мэдэх бололцоогүй экспертийн мэдлэгээс хамаарч байдаг гэдэгт оршино. Хэрэв цэрэг, армийн дээд удирдлага юм уу төрийн өндөр албан тушаалтны бүтцийг судалбал энэ нь илүү тодорхой болно.
Элитийн онол дараах хоёр үндсэн чиглэлээр шүүмжлэлд өртдөг. Үүнд:
                                I.            Өнөөгийн ардчилал, социалист үзэл санааг бүрэн үгүйсгэдэг:
                              II.            Олон янзын нийгэмд байх бодит нөхцөлийг тайлбарлах чадвар хомс.
Шууд ардчиллын үзэл баримтлалыг дэмжигчид ард түмэн, төрийн шийдвэр гаргах үйл явц хооронд нөлөөлөх ямар нэгэн элитийн давхарга бүхий улс төрийн аливаа тогтолцоо оршин байхыг бүрэн үгүйсгэдэг.  Гэвч хэдэн сая хүн ам бүхий улс орны тухайд төрийн бодлогын төвшинд шийдвэр гаргахад оролцохын тулд иргэдийн олонх зохион байгуулалтад орох хэрэгтэйг хүлээн зөвшөөрдөг (308-р хуудас).
Хэдийгээр бүхий л засгийн газрууд ард түмний нэрээр ард түмнийг захирах хандлагатай байдаг боловч өнөөгийн нийгэмд “ард түмний туслалцаатайгаар” засаглах бололцоогүй юм. Чухам энэ л шалтгааны улмаас элитийн онолыг баримтлагчид засаглалыг хүмүүсийн жижиг бүлгийн туслалцаатайгаар хэрэгжүүлж болно гэж үздэг. Үүнээс гадна, зарим нэг судлаачдын зүгээс ардчиллын сонгодог үзэл баримтлалд шүүмжлэлтэй хандахын зэрэгцээ ардчилал, элитизм хамт байх бололцоотой гэж үздэг. Шумпэтэр “Капитализм, социализм, ардчилал” гэх бүтээлдээ ардчиллыг шийдвэр гаргах эрх мэдэл олж авч, сонгогчдын саналын төлөө өрсөлдөөнт сонгуульд оролцох замаар цөөн тооны хүмүүст улс төрийн үийдвэр гаргах боломж олгодог институционал механизм мөн гэж тодорхойлжээ. Бусад нь ардчилал нь ард түмэнд өсөлдөгч элитүүдээс сонголт хийх боломж олгодог гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
“Ардчилал ба хуурмаг байдал” бүтээлдээ Пламэнац “олонхд хөтлөгдсөн цөөнхийн хүсэл зориг” гэгч домог учир “ард түмний хүсэл зориг” гэх юм уу “олонхын хүсэл, зориг” гэх байх бололцоогүй юм гэж бичжээ. Эндээс элит болон элит бусын харилцааг сайтар судлах хэрэгтэй гэсэн дүгнэлт урган гарч байна.
Элитизмийг шүүмжлэх явцдаа плюралистууд социологийн юм уу арга зүйн асуудлыг хөнддөг байна. Социологийн шүүмж нь элитийн онолчдын хөгжүүлдэг засаглагч элитийн онцгой байдал, эв нэгдлийг бий болгох чадварт эргэлздэг. Тухайлбал, Д. Мэйзэл засаглагч элитийг тодорхойлох шинж нь элитийн онолыг баримтлагчдын гаргаж буй баримтын хамгийн сул тал юм гэж үзжээ. Р. Даль болон бусад плюралистууд ардчилсан тогтолцоонд өнөөдрийн байдлаар орон нутгийн болон үндэсний хэмжээнд ямар ч засаглагч элит байхгүй байна гэж үзжээ. Плюрализм нь сонирхлын бүлгийг улс төрийн амьдралын гол хөдөлгөгч хүч гэж тооцдог. Плюрализм нь хэлбэр нь байнга хувьсан өөрчлөгдөх засаглалын бүтцийг авч үзэх учир цорын ганц засаглагч элит юм уу засаглагч анги оршин байхыг үгүйсгэдэг байна. Сонирхлын нэг бүлэг юм уу эвсэл хэзээ ч ялагч байдаггүй. Ялна, ялагдана гэдэг асуудлаас асуудал болж өөрчлөгдөж байдаг (308-р хуудас).
Элитийн төрөл
Уламжлалт ба орчин үеийн элит. Элитийг уламжлалт ба орчин үеийн гэж ангилж болох юм. Уламжлалт элитийн засаглал нь зан заншил, шашин, газар, гэр бүл болон бусад соёлын тогтоосон хэв шинж дээр тулгуурладаг. Өнөө үед шашны элитийн засаглал нийт улсын төвшинд суларч нийгэм улам бүр шашингүйн шинж чанартай болж байна. Үүнээс гадна, шашин зарим улс төрийн намуудад, тухайлбал, Өрнөд Европ дахь католиг намуудад нөлөөлсөн хэвээр байна. Зарим шашны зүтгэлтнүүд тухайлбал, Бирм, Цейлон дахь буддын лам нар төрийн түшмэдэд нөлөөлсөн хэвээр байна. Исламын улсын улс төрийн удирдагчид шашны зүтгэлтнүүдийн дэмжлэгийг дахин олж, олон түмэнд нөлөөлөхийг оролдсоор байна. Олон улс оронд шашны элитүүд урьдийн адил хөдөөгийн хэсэгт нөлөөтэй хэвээр байна. Бусад уламжлалт элитүүд, тухайлбал, язгууртнууд шашнаас илүүтэйгээр эрх мэдлээ алдсан байна. Латин Америк дахь цэргийн элитүүд нийгмийн хуучинсаг хүчинтэй холбоотой байх бөгөөд шинэтгэлийг эсэргүүцэх замаар эрх ашгаа хадгалж үлдэх хандлагатай байна. Гэтэл Ази болон Африкт цэрэг, армийн удирдлага илүү боловсролтой, илүү дэвшилттэй, үндэсхэрхэг үзэлтэй хүн амын хэсгийг төлөөлж байна.
Орчин үеийн элитэд бид түшмэд, боловсролтой улс төрийн удирдагчид, бизнес эрхлэгчид, шинжлэх ухааны хүрээний төлөөлөл, инженер, технократуудыг багтааж болох юм. Тэд засаглалд шууд болон шууд бус байдлаар томоохон байр суурь эзэлж, төрийн шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж байна.  Энэ бол дээд болон дунд төвшиний, тэрчлэн захиргааны элитүүд хамаарч байна.
Дээд болон дунд төвшиний элит. Дээд төвшиний элитийн төлөөлөгчид улсын шийдвэр гаргах тогтолцооны стратегийн албан тушаалд очиж, үлэмжхэн нөлөөтэй байдаг. Засгийн газар, голлох улс төрийн намууд, томоохон сонирхлыг бүлэг, үйлдвэрчний эвлэлийн хүрээнд дээд албан тушаал эрхлэх 100-200 хүн сая сая хүмүүсийн төлөө байнга шийдвэр гаргаж байдаг. Өрнөдийн хэв шинжийн ардчилсан засаглалын үед эдгээр бүлгүүд нь нэг нэгнийхээ эсрэг нээлттэй ажиллах эрх чөлөөтэй байдаг онцлогтой. Гэтэл ЗХУ мэтийн коммунист орнуудад цорын ганц нам нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эрх мэдлийг эзэмшсэн байдаг (310-р хуудас). Мексик, Турк мэтийн зарим нэгэн коммунист бус орнуудад мөн адил нэг нам удирдлагыг хэрэгжүүлж байсан (1920-1960 оны хооронд). Эдгээр орнуудад харагдах засаглалын үлэмж хэсэг нэг намын гарт төвлөрч, удирдлага нь дээд элитийн дунд томоохон байр суурь эзэлж байсан.
Дээд төвшиний элитийг тодорхой нөхцөлт шинжээр танин мэдэх бололцоотой. Тухайлбал, шийдвэр гаргадаг байх нь элитийн гол шинж юм. АНУ-д ерөнхийлөгчийн найз нөхдийн хүрээлэл, орон тооны бус зөвлөхүүд албаны ёсны томилогдсон кабинетаас тусдаа “гал тогооны кабинет”-ыг бүрдүүлдэг байх жишээтэй. Байр суурийн хувьд дээд төвшиний элит гэж тодорхойлогдсон бүлэг хүмүүс нөхцөлт шинж бүхий элитийн бүлгээр өөрийгөө сэлбэж байдаг. АНУ, Англи, Франц, Баруун Геман мэтийн өрнөдийн хэв шинжтэй ардчилалд нэг сая оршин суугч тутамд дээд төвшиний элитийн 50 төлөөлөгч ноогддог байна. 200 орчим хүн амтай АНУ мэтийн орнуудад дээд төвшиний элитийн хүрээлэлд 10 мянга орчим хүн багтаж байх жишээтэй.
Дээд төвшиний элитийн дараагаар дунд төвшиний элит гэж байна. Дунд төвшиний элитийн үндсэн хэсэг нь орлого, мэргэжлийн байр суурь, боловсролын төвшин гэх гурван хэмжүүрээр бүрэлдсэн 5 хувь дээд хэсэгт багтах хүмүүс юм. Эдгээр гурван шинжийн нэг юм уу хоёр шинжийг өөртөө агуулсан тэр хэсгийг маригнал элит гэнэ. Орлого гэхээсээ илүүтэйгээр боловсролын төвшин өндөр хүмүүс оршин буй нийгмийн байгуулалд шүүмжлэлтэй хандах бөгөөд улс төрийн үзэл бодлын хувьд либерал юм уу хэт хувьсгалч шинжтэй байдаг. Боловсрол гэхээсээ илүүтэйгээр орлогын төвшин өндөр хүмүүс өөрийн байр суурь, нэр хүндэд сэтгэл ханамжгүй байх бөгөөд улс төрийн үзэл бодлын хувьд төвийн юм уу хэт барууны хандлагатай байдаг. Энэ мэт ялгаа, үл нийцлийг хүлээн зөвшөөрснөөр орлого, мэргэжлийн байр суурь, боловсролын төвшингийн хослолоор тодорхойлогдох улсын нийт хүн амын 5 хувь тухайн улсын улс төрийн орчны талаар ихээхэн төсөөлөл өгдөгийг ойлгож болох байна.
Захиргааны элит. Олон улс орны яам, хэлтэс, удирдлагын бусад байгууллагад дээд албан тушаал эрхлэх төрийн албан хаагчдын дээд давхаргын төлөөллийг захиргааны элитүүд гэнэ (311-р хуудас). Захиргааны элит гэх ойлголтыг төрийн жинхэнэ албан хаагч гэж нэрлэгдсэн захиргааны албан хаагчдад хамааруулж болох юм. Өрнөд Европт төрийн байгууллагын улс төрийн удирдлага, тэдэнд захирагдах төрийн төвч түшмэд нь АНУ-ыг бодвол илүү дээд төвшиний шатлан захирах бүтэцтэй байдаг. Энэхүү төрийн албан хаагчид нь захиргааны үйл хэрэгт мэргэшсэн дээд боловсролтой мэргэжилтнүүд юм. Өрсөлдөгч улс төрийн намуудын алинд ч хамаарахгүй төвч байх ёстой гэж үздэг байна.
Сүүлийн жилүүдэд улс орнуудын захиргааны аппаратад хамаарал бүхий судалгааны тоо өсөн нэмэгдэж байгаа хэдий ч Армстронгийн “Европын захиргааны элит” шиг системчлэгдсэн бүтээл гарч чадаагүйг онцлох байна. Тэрээр Франц, Англи, Герман, Оросын захиргааны элитүүдийн чиг үүргийг харьцуулан судалсан байна. Гол нь захиргааны элит улсын эдийн засгийн хөгжилд ямар нөлөөтэйг тодорхойлох оролдлого хийжээ. Эдийн засгийн хөгжил дэх захиргааны байнгын эерэг оролцоонд нөлөөлөх дараах таван хүчин зүйлийг гаргасан байна. Эдгээрт:
·         Нийслэл хотын нөлөө:
·         Нутаг дэвсгэрийн туршлага:
·         Засаг захиргааны нэгдмэл байдал:
·         Шинжлэх ухаан-технологийн боловсрол:
·         Эдийн засгийн системтэй сургалт зэрэг болно (Шаран 1992, 90-110).

Орчуулгын эх сурвалж
Өлзийсайхан, Ч. 2012. "Вильфредо Парето ." In Улс төрийн шинжлэх ухааны дээж бичиг, edited by Ё. Довчин. Улаанбаатар хот: "Соёмбо Принтинг" ХХК.
Шаран, П. 1992. " Элитизм." In Мир политики: Суждения и оценки западных политологов: Сборник статей, 90-101. Москва.

МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР