Thursday, May 11, 2017

ЭНТОНИ ДАУНСЫН АРДЧИЛЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОНОЛ

Энтони Даунс
Anthony Downs
Мэндэлсэн он:
1930 оны арваннэгдүгээр сарын 21 (86 нас)
Мэндэлсэн газар:
Иванстон хот
Харьяалал:
АНУ
Шинжлэх ухааны хүрээ:
Эдийн засгийн ухаан
Ажлын газар:
Чикаго Их Сургууль
RAND корпораци
Брукингс Хүрээлэн
Стэнфордийн Их Сургууль
Карлтон Коллеж
Энтони Даунс (Англи хэлнээ: Anthony Downs1930 оны арваннэгдүгээр сарын 21, Иллинойс муж улс, Иванстон хот) — нь улсын салбарын бодлого, нийтийн захиргааны чиглэлд мэргэшсэн Америкийн цолгорсон эдийн засагч, улс төр судлаач нэгэн болно. Миннесота муж улсын Нортфилд дахь Карлтон Коллежид бакалавр, Стэнфордийн Их Сургуульд докторын зэрэг хүртсэн. 1977 оноос Вашингтон хотноо байрлах улсын салбарын бодлого судлалын Брукингс Хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан байсан. Чикаго Их Сургуулийн профессор, RAND корпорацийн шинжээч нэгэн.
Намтрын товчоон 

Э. Даунс ердийн нэг эрдэмтэн судлаач байгаагүй юм. 1959 онд их сургуулиа дүүргэсний дараагаар 18-хан насандаа улсын хэмжээний бодлого боловсруулагч, удирдлагын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч томоохон компани болох Real Estate Corporation –д орж, дөрвөн жилийн туршид захиралуудын зөвлөлийн даргаар нь ажиллажээ. Дараагаар нь, 1977 онд  улсын салбарын бодлогоор мэргэшин ажиллах ашгийн төлөө бус Брукингс Хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар орсон байна. Э. Даунс Карлтон Коллеж, Стэнфордийн Их Сургуульд олон улсын харилцаа, улс төр судлалын чиглэлээр лекци уншиж байв.
Улс төр, эдийн засгийн шинжлэх ухааны хослуулан сонирхох болсон уг хандлага ардчилал, бюрократийн эдийн засгийн онолын чиглэлээр бичигдсэн түүний бүтээлүүдэд хүчтэй тусгагдсан байдаг. Real Estate Corporation-д ажиллахын зэрэгцээ гурван жилийн турш Чикаго Их Сургуулийн улс төрийн болон эдийн засгийн шинжлэх ухааны факультетад багшилсан байна.
Амьдралын асуудлаа ончтой шийдвэрлэж дадсан байдал нь Э. Даунсын улсын салбарын болон хувийн хэвшлийн удирдлагын чиглэлээр байгууллагуудад өгдөг олон зөвлөгөөнд тусгалаа олсон байна. Ялангуяа орон сууц, хот төлөвлөлтийн яамтай хамтран ажиллаж байсан нь хотын асуудлаарх түүний бүтээлүүдэд хүчтэй нөлөөлжээ. 1967 онд ерөнхийлөгч Л. Жонсон Э. Даунсыг хот төлөвлөлтийн асуудлаарх улсын хороонд авч ажиллуулсан байна. Мөн 1989 онд Даунс хотуудын орон сууцны бүтээн байгуулалтад садаа болж буй хууль тогтоомжийг нягтлан шалгах хорооны бүрэлдэхүүнд орсон. Тэрээр хэд хэдэн пүүс, компанийн захиралуудын зөвлөлын гишүүн байж, орон сууц, үл хөдлөх хөрөнгө, хот төлөвлөлтийн асуудлаар цуврал лекци уншиж байв.
Боловсролын байдал
Даунс 1952 онд Карлтон Коллежид олон улсын харилцаа, улс төрийн шинжлэх ухаанаар бакалавр, 1956 онд Стэнфордийн Их Сургуульд эдийн засгийн ухаанаар магистр, докторын зэрэг хүртсэн.
Рационал сонголтын онолыг хөгжүүлэхэд томоохон нөлөөлөл үзүүлсэнд тооцогдох “Ардчиллын эдийн засгийн онол” бүтээлээ 1957 онд нийтлүүлсэн. Нийтийн эрх ашиг гэх ойлголт хийсвэр утгатай. Өөрт дээд зэргээр ашиг бий болгох хувь хүмүүсийн рационал үйл ажиллагаа л улс төрийг урладаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн амьдралд ашиг олох гэсэн эдийн засгийн зүй тогтол үйлчилнэ. Сонгогчид өөрсдийнх нь амьдралд хэрэгтэй бодлого, шийдвэр гаргах чадвар бүхий улс төрч буюу улс төрийн намыг сонгодог бол сонгосон улс төрч, улс төрийн нам нь дахин сонгогдох, улсын эрх мэдлийг өөрсдийн гарт тогтвортой хадгалах үүднээс ард түмэн, сонгогчдын эрэлт, хэрэгцээнд суурилсан бодлого сонгож явуулахыг эрмэлздэг. Харин төрийн албан хаагчид сайн сайхан амьдрах хүсэлдээ хөтлөгдөн улсын бодлого, шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг чухалчилдаг. Бүгдэд нь өөрсдийн эрх ашгийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанаасаа ашиг бүтээх, хүртэх эдийн засгийн зүй тогтол үйлчилж байна. Үүнийгээ Даунс “ардчиллын эдийн засгийн онол” хэмээн загварчлан нэрлэсэн байдаг.
Бүтээлийн дээжис
·         «Ардчиллын эдийн засгийн онол» (An Economic Theory of Democracy, 1957);
·         «Бюрократийн дотоод мөн чанар» (Inside Bureaucracy, 1967);
·         «Хотын асуудал, хэтийн төлөв» (Urban Problems and Prospects, 1970).
·         «Э. Даунсын шилмэл эсээ» хоёр дэвтэр (The Selected Essays of Anthony Downs, 1998).
Ишлэл, зүүлт

Downs, Anthony // American Political Scientists: A Dictionary — 2 — Greenwood Publishing Group, 2002. — ISBN 978-0-313-31957-0

No comments:

Post a Comment