Saturday, August 1, 2020

НИКОС ПУЛАНЗАС

(1936—1979 он)—болбоос Франц, Грекийн нийгмийн зүтгэлтэн, социологич, гүн ухаантан нэгэн болно. Афин хотноо багш хүний гэрт лагшин эснэсэн. Оюутан ахуй цагаасаа залуучуудын социалист хөдөлгөөнд идэвхтэй оролцож, социализм, марксизмын гүн ухааны асуудалд татагдах болсон. Нэг бус удаа хавчлага, мөрдлөгөд өртөж байсан. 1960 онд Мюнхэн, Париж хотноо хүрэлцэн ирж, экзистенциализм, феноменологи, марксизмын сургаалыг нэгтгэсэн “Байгалийн хууль, зүй тогтол” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Пантеон-Сорбонн, Париж-III Их Сургууль, тэрчлэн Нийгмийн ухааны дээд сургуульд эрх зүйн болон социологийн гүн ухаанаар багшилж байсан. 1968 онд “Капиталист улсын нийгмийн ангиуд ба улс төрийн засаглал” нэртэй бүтээл туурвисан учир ихээхэн нэр цолгорч, дэлхийн олон хэлнээ орчуулагдсан. Өрнөд дахины “авторитари этатизм”, Дорно дахины тоталитари төрийн үзлийг хурцаар шүүмжлэгч нөлөө бүхий улс төрийн онолч гэгдэх болсон. Нийгмийн анги, ангийн тэмцлийн асуудлыг судлах явцдаа марксист үзлээс хөндийрч еврокоммунизмын сургаал баримтлах болсон. Үзэл санааны хувьд Францын сэхээрэлт гүн ухаантан Ж. П. Сартр, С. Де Бовуар нартай ойр байсан. Өөрийн гэсэн марксизмын дэг урсгал бий болгохыг эрмэлзэн улс төрийн шинжилгээн дэх бүтцийн хандлагыг хөгжүүлсэн. Грекийн Коммунист Намын сталинч бус хүрээлэлд багтаж, тус улс дахь хунтын дэглэмийг түлхэн унагахад идэвхтэй оролцсон. Пуланзасын бүх амьдрал, уран бүтээл улс төрийн зүүний хөдөлгөөний онолын үндсийг шинэтгэн боловсруулахад чиглэгдэж байв. Гүн ухаантны улс төрийн уриа нь “эсвэл социализм ардчилсан байна, эсвэл юу ч өөрчлөгдөхгүй” гэх утга санаатай байжээ.