Friday, May 19, 2017

УЛС ТӨР СУДЛААЧ ГИЛЬЕРМО А. О’ДОННЕЛЛ

Гильермо О’Доннелл
Мэндэлсэн он:
1936 оны хоёрдугаар сарын 24
Мэндэлсэн газар:
Аргентин улс, Буэнос-Айрес хот
Бие барсан он:
2011 оны арваннэгдүгээр сарын 29 (75 насандаа)
Бие барсан газар:
Аргентин улс, Буэнос-Айрес хот
Харьяалал:
 Аргентин улс
Ажилласан газар:
Мичиганы Их Сургууль
Нотро-Дам Их Сургууль
Альма-матер:
Йелийн Их Сургууль
Буэнос-Айрес Их Сургууль
Гильермо А. О’Доннелл (Испани хэлнээ: Guillermo O'Donnell1936 он Аргентин улс — 2011 оны арваннэгдүгээр сарын 29, Буэнос-Айрес хот) — нь 1970-аад оны сүүл үеэс АНУ-д ажиллаж болсон ардчилах үйл явц, шилжилт судлал, Латин Америк дахь улс төрийн үйл явцаар мэргэшсэн Аргентины хайв улс төр судлаач билээ. Түүний ах Паочо О’Доннелл нь Аргентины нэртэй үргэлжилсэн үгийн зохиолч, улс төрч нэгэн юм.
Цадиг намтар
О’Доннелл Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо мэндэлсэн. Буэнос-Айресын Их Сургуулийн хууль цаазын салбарыг дүүргэж, 1958 онд хуульч болсон. 1958-1966 онуудад Буэнос-Айресын Их Сургуулийн Хуулийн Сургуульд, 1966-1968 онуудад Аргентин дахь Ромын Хутагтын Католиг Их Сургуульд тус тус багшилж байсан. 1963 онд Дотоод Хэргийн Яамны орлогч сайдаар ажилласан.
1968 онд Йелийн Их Сургуульд үргэлжлүүлэн суралцаж улс төрийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан боловч докторын ажлаа дуусгаж чадалгүй эх орондоо эргэн ирсэн. 1972-1975 онуудад Аврагчийн Иезуит Их Сургуульд багшилсан. 1973 онд Латин Америк дахь улс төрийн үйл явцыг судалсан “Modernization and Bureaucratic-Authoritarianism” нэрт номоо нийтлүүлсэн нь судлаачдын зүгээс өндөр үнэлгээ авсан байна.
1979 онд АНУ-д очиж, ахисан түвшинд үргэлжлүүлэн суралцсан. 1987 онд Йелийн их Сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг горилсон. Үүний дараагаар Индиана муж улсын Нотро-Дам Их Сургуулийн дэргэдэх Келлог Хүрээлэнгийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн профессор, Стэнфордын Их Сургуулийн Ахисан Түвшний Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажлыг хавсран хийсэн. Сан-Паула Их Сургууль, Калифорнийн Их Сургуульд багшилж байсан. Аргентин дахь Төр, Нийгмийн Судалгааны Төвийн захиралаар ажилласан.
Эхнэр нь улс төрийн шинжлэх ухааны профессор Габриэла Ипполито О’Доннелл бөгөөд тэднийх нийтдээ 5 хүүхэдтэй.
Улс төрийн үзэл санаа
О’Доннелл 1960-аад оны Латин Америкийн улс төрийн үйл явцыг судлах замаар тухайн бүс нутгийн улс төрийн дэглэм, хөгжлийн онцлогийг нээн илрүүлэхийг зорьсон. Латин Америкийн орнуудын авторитари дэглэм мэргэшсэн төрийн албан хаагчид, цэргийн хүч дээр тулгуурлан нийгэмд ноёрхлоо хадгалж үлдэхийг чармайх болсон бөгөөд энэ шинжээрээ бусад бүс нутгийн авторитари дэглэмээс ялгардаг байна. Тийм ч учраас Латин Америк дахь авторитаризм нь бюрократи авторитаризм юм хэмээн О’Доннелл үзжээ. Сүүлээр судалгааны хүрээгээ өргөтгөж ардчилах үйл явц, ардчилсан шилжилт, ардчиллын бэхжилтийн асуудалд анхаарал хандуулах болсон. Энэ чиглэлээр нэрт эрдэмтэн Филипп Шмиттертэй хамтран 1986 онд “Transitions from Authoritarian Rule: Tentative Conclusions about Uncertain Democracies” бүтээл нийтлүүлсэн нь өнгөрсөн зууны 80, 90-ээд оны туршид харьцуулсан улс төр судлалын томоохон зохиолд тооцогдож байв. Ардчилсан дэглэмд шилжих үйл явц улс төрийн хүчнүүдийн үйл ажиллагааны ерөнхий төлвөөр тодорхойлогдох бөгөөд аядуу (soft), хатуу (hard), холимог (moderate), радикал (radical) шинжийг аль нь давамгайлж байгаагаас хамааран үр дүн харилцан адилгүй байх болно гэсэн санааг гаргажээ.
О’Доннелл 1990-ээд оны эхэн үеэс ардчиллын чанарын тухай асуудалд ихээхэн анхаарах болсон. Латин Америкийн орнуудад бүх нийтийн сонгуулаар гарч ирсэн ерөнхийлөгч улс төрийн эрх мэдлийг төвлөрүүлж, иргэд нийгмийн хариуцлага хүлээхээс зайлсхийдэг нь энэ бүс нутаг төлөөллийн бус, “төлөөлөгчийн ардчилал” хөгжих үндсэн нөхцөл болжээ. Энэ хүрээнд О’Доннелл 1996 онд Journal of Democracy сэтгүүлд “Delegative Democracy” нэртэй өгүүлэл нийтлүүлсэн байдаг.
Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны ерөнхийлөгч, Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны дэд ерөнхийлөгч, Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүн Гильермо А. О’Доннелл 2011 оны арваннэгдүгээр сарын 29 нд Аргентины Буэнос-Айрес хотноо 75 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment