Monday, January 8, 2018

ЛЕКЦ № 4. ТӨРИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ОНОЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛУУД

Улс төр судлал буюу улс төрийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудын нэг нь төр хэмээх ойлголт юм. Хүн төрөлхтөний түүхийн үе бүхэнд төрийн тухай асуудлыг янз бүрээр ойлгосоор иржээ. Тухайлбал эртний Грег-Ромын үед төр гэх ойлголтыг мэддэггүй, хот улсын удирдлагын хүрээнд асуудлыг хязгаарлан ойлгодог байв. Дундад зууны үед вант улс, ханлиг, бүгд найрамдах улс, гүнлэг зэрэг ойлголтоор дамжин төрийг төсөөлдөг байв.
Төр буюу stato хэмээх үгийг анх Италийн нэрт гүн ухаантан, улс төрийн онолч Н. Макиавелли шинжлэх ухаанд нэвтрүүлсэн байдаг.
Итали хэлний Stato, Англи хэлний State, Испани хэлний Estado, Франц хэлний Etat, Герман хэлний Staat гэх үгнүүд нь нэг зүйлийг илэрхийлэх бөгөөд төрийг төлөөлүүлэн ойлгох үгс болно.
Төр бол улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл юм. Энэ байдал нь төрийг улс төрийн системийн гол институт гэж үзэхэд хүргэдэг. Төр нь тодорхой шинжүүдийг агуулж тусгай үүргүүдийг хэрэгжүүлэх тогтвортой институциональ бүтэц юм.
Улс төрийн шинжлэх ухаанд төрийн үүсэл, хөгжил, мөн чанар, үндсэн үйл ажиллагааны талаар хэд хэдэн үзэл баримтлал байдаг. Эдгээрийг одоо та бүхэнд хэлж өгөх хэрэгтэй болов уу.
Төрийн үүсэл, хөгжил, мөн чанарын тухай теократи буюу шашны үзэл баримтлал: Энэ үзэл санаа хүний бүхий л үйл ажиллагааг, тэр дундаа төрийг бурхны хүсэл зоригоор бүтсэн дээд зүйлс гэж үздэг. Хүн төрөлхтөний удам угсааг үргэлжлүүлэх, хадгалж үлдээх, нийгмийн харилцаанд дэг журам тогтоох зорилгоор төр улсыг бурхан бүтээсэн. Тиймийн учир төр улсын эрх, нийгмийн шударга ёс, тэгш байдлыг батлан сахигч нь бурхан, түүнээс бошго авч сонгогдсон эзэн хаад байх болно. Өнөө үед энэ үзэл санааг католиг урсгалын төлөөлөгчид хүчтэй баримтлах болсон.
Төрийн үүсэл, хөгжил, мөн чанарын тухай патриархаль үзэл баримтлал: Олон овог аймаг, хүй элгэнүүд нэгдэн нийлсний үр дүнд төр үүсдэг. Төр хэмээгч нь асар том нэгэн гэр бүл бөгөөд хаан эзэн албат иргэдийн харилцаа гэр бүл дэх эцэг, үрийн харилцаанаас үл ялгагдана.  Төрийн үндэс нь “Хаан хүмүүн хаан лугаа адил, албат иргэн мөн лугаа адил, эцэг хүмүүн эцэг лугаа адил, хөвүүн хөвүүн лугаа адил байхад оршмуй” (Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг-I” УБ., ред: Г. Энхтуяа., 2013 он., 94-р талыг үз) гэж мэргэн Күнз айлдсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ бол төрийн тухай патриархаль үзэл санаа юм.
Төрийн үүсэл, хөгжил, мөн чанарын тухай нийгмийн гэрээний үзэл баримлтлал: Энэхүү үзэл санаа XVII-XVIII зууны үед бий болсон бөгөөд гол төлөөлөгчид нь Т. Хоббс, Ж. Локк, Ж. Ж. Руссо нарын хүмүүс болно. Хүмүүс эхэн үедээ аймшиг, айдсаар дүүрэн байгалийн байдалд байсан бөгөөд аюул заналыг гэтлэн давж, амгалан, энхийн нийгмийн харилцаанд орохын тулд байгалиас өөрт заяасан үндсэн эрхээсээ сайн дураар татгалзаж гэрээ байгуулснаар төр үүссэн гэж энэ урсгалынхан үздэг.
Хүмүүс өөрсдийгөө харилцаа, холбоонд оруулахын цаад үндэс, эцсийн зорилго буюу бодол санаа нь өөрөө өөрийгөө хамгаалах, ингэхдээ илүү сайн сайхан амьдралын талаар зовних бодол юм. Өөрөөр хэлбэл төр улсыг цогцлоохдоо хүмүүс тэднээр байгалийн цааз хуулийг биелүүлж, хэлцлийг хэрэгжүүлэхэд албадах ял зэм оноох чадвар бүхий нэгдсэн засаг үгүй дайны гуйланч байдлаас ангижран салах гэсэн хүсэлдээ хөтлөгддөг байна {….} ” (“Хрестоматия политология” М:., Под ред: М. А. Василик., Изд “Гардарика”., 1999г., С135, 136) гэж Английн нэрт улс төрийн онолч Т. Хоббс өгүүлсэн байдаг.
Төрийн үүсэл, хөгжил, мөн чанарын тухай марксист үзэл санаа: XIX зууны дунд үеэс энэ үзэл санаа хөгжиж эхэлсэн бөгөөд гол төлөөлөгчид нь К. Маркс, Ф. Энгельс, В. И. Ленин нарын хүмүүс болно.
Хүн төрөлхтөний бүхий л түүх бол ангийн тэмцлийн түүх юм. Нэг анги нөгөө ангиа захирах, нухчин дарах хүчирхийллийн байгууллага болж төр үүссэн бөгөөд хөгжлийн явцдаа энэ шинжээ хадгалсаар иржээ. Улмаар нийгмийн хөгжлийн явцад коммунист нийгэм цогцлоож, төрийг үгүй хийнэ гэж энэ чиглэлийн төлөөлөгчид үздэг. Тухайлбал Оросын суут эрдэмтэн В. И. Ленинхүн төрөлхтөн төрийг хэзээ нэгэн цагт алмас сүхтэй зэрэгцүүлж түүхийн музейд тавина” (“Хрестоматия политология” М:., Под ред: М. А. Василик., Изд “Гардарика”., 1999г., С 236) гэж сургажээ.
Төрийн үүсэл, хөгжил, мөн чанарын тухай хүчирхийллийн буюу булаан эзлэлтийн онол: XIX зууны сүүл үед Өрнө Дахинд хүчтэй хөгжсөн бөгөөд гол төлөөлөгчид нь Л. Гумплович, К. Каутский, Ф. Оппенгеймер нарын хүмүүс юм. Анхны төр улсууд нийгмийн гэрээ юм уу бурхны хүсэл зоригийн нөлөөгөөр бус, гадаад хүчин зүйл, тухайлбал дайнч нүүдэлчин аймагуудын байлдан дагуулал, булаан эзлэлт эсвэл хүчтэй нэг нь сул дорой бусдыгаа дарлан зүдээсний үр дүнд бий болсон. Хүчирхийлэл, байлдан дагуулал болбоос “аливаа төрийн эцэг, эх баригч эмгэн нь болно” гэж Л. Гумплович үзжээ.
Нэг талаас засаглагч, нөгөө талаас засаглуулагч, удирдагч, удирдуулагч байх нь төрийн мөнхийн, хувирашгүй шинж мөн. Энэхүү эсрэгцэл шинж үл байх аваас нэг ч төр үл оршино. Хамгийн эрх чөлөөт бүгд найрамдах засаглалын хэлбэрээс аваад өнгөрсөн, одоо үеийн бүхий л эзэн хаант эсвэл ардчилсан, эзэн хаант эсвэл бүгд найрамдах төрийн засаглалуудад дээрх хувирашгүй шинж ямагт байсаар ирсэн, байсаар байна.
Төр ямар ч болсон бай, мөн ямар ч зорилгыг өмнөө тавьсан бай, түүний бүхий л үйл ажиллагаа захирах, захирагдах ёсон дээр суурилах бөгөөд үүнийгээ зохион байгуулалтын бүх түвшинд хэрэгжүүлсээр байх болно.  Хэрэв захирах, захирагдах ёсны энэхүү харилцаа нь аливаа төрийн байнгын, хувирашгүй шинж юм бол, хэрэв тэр нь төрийн үйл ажиллагаа амжилттай явагдахын conditio sine qua, зайлшгүй нөхцөл юм бол бид, мэдээж хэрэг, төөрөгдөлд үл автаж, төрийг тодорхой нэг дэг журмыг хадгалах зорилгоор үүссэн засаглалын байгууллага хэмээн тодорхойлж болох  байна” (Гумплович Л. “Общее учение о государстве” СПб., 1910. С. 35, 36) гэж Л. Гумплович бичжээ.
Улс төрийн шинжлэх ухаанд төрийг явцуу болон өргөн утгаар тодорхойлдог.
Явцуу утгаар авч үзвэл төр нь ноёрхлын институт, төрийн засаглалыг агуулагч болно. Харин өргөн утгаар үзвэл тодорхой газар нутаг, ард түмэн, хууль цааз, хэв заншил бүхий нийтлэгийг хэлнэ. Төр нь хууль ёсны хүч хэрэглэх цорын ганц эрхийг эдлэхийн сац нийгмийг тусгай хэрэгсэлүүдийн туслалцаатайгаар удирдах, суверен агуулсан нийгэм дэх улс төрийн засаглалын зохион байгуулалтын онцгой хэлбэр мөн.
Аливаа төр нь газар нутаг, хүн ард, суверен эрх гэсэн гурван хүчин зүйлийн нэгдэл байж нийгэмд олон тооны үүргийг хэрэгжүүлдэг. Эдгээрт эдийн засгийн, нийгмийн, зохион байгуулалтын, эрх зүйн, улс төрийн, соёл-хүмүүжлийн, боловсролын гэх мэт үүргүүд ордог. Үүний зэрэгцээ зарим улс төр судлаачдын зүгээс төрийн үүргийг ерөнхийд нь гадаад, дотоод гэж хоёр хэсэгт ангилан үзэх хандлага байдаг.
Төрийн хэв шинжийг тодорхой болгох зорилгоор судлаачид хэд хэдэн ангилал хийсэн байдаг (“Улс төр судлал” УБ., ШУТИС-ийн сурах бичиг., “ADMON” хэвлэх үйлдвэр., 2011 он., 47-р талыг үз). Төрийг улс төр судлаачид байгууламж, засаглалын хэлбэр, дэглэм-ээр нь ангилан авч үздэг.
Төрийг засаглалын хэлбэрээр нь эзэн хаант болон бүгд найрамдах гэж хоёр хувааж үздэг. Төрийн дээд эрх мэдэл эзэн хааны гарт төвлөрч байдаг засаглалын хэлбэрийг эзэн хаант засаглал гэдэг. Эзэн хаант засаглалыг хэмжээгүй эрхт болон хэмжээт эрхт эзэн хааны засаглал гэж ангилдаг. Төрийн бүх эрх эзэн хааны гарт гагцаар төвлөрсөн засаглал орчин үед бараг үгүй болжээ. Харин зарим судлаачдын зүгээс Оман, Катар, Саудын Арав зэрэг орнуудыг энэ төрөлд багтаан үзэх болсон байна. Эзэн хааны эрх мэдэл үндсэн хуулиар хязгаарлагдаж, төрийн тэргүүн зөвхөн тухайн улсын тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болж байдаг төрийн хэлбэрийг хэмжээт эрхт эзэн хааны засаглал гэнэ.
Тодорхой хугацаанд ард түмнээс сонгогдсон сонгуулийн байгууллагад засаг төрийн эрх төвлөрч байдаг засаглалын хэлбэрийг бүгд найрамдах засаглал гэнэ. Бүгд найрамдах засаглалыг төрийн гүйцэтгэх эрх мэдлийг ямар институт хадгалж байгаагаас нь хамааруулан парламентийн болон ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглал гэсэн хоёр үндсэн хэв маягт хуваадаг. Үүний зэрэгцээ улс төр судлаачид холимог засаглалын тухай авч үздэг байна.
Төрийн эрх мэдлийг парламентаас баталсан засгийн газар хадгалах хэлбэрийг парлементийн бүгд найрамдах засаглал гэдэг. Засаглалын энэ төрөл нь дараах онцлог шинжүүдтэй:
·         Засаг төрийн бүх эрх мэдэл засгийн газарт оршино:
·         Улс төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх хариуцлагыг тооцох боломж өндөр:
·         Олонх цөөнхийн хатуу зарчим засаг төрийн хүрээнд үйлчилдэг. Цөөнх олонхийн шийдвэрт хориг тавих, цуцлах боломж хомс байдаг:
·         Олон намууд зөвшилцлийн хэлбэрээр засаг төрийг эмхлэх учир засаглалын хямралд өртөмтгий байдаг:
·         Засаглалын хүрээнд нэг намын эрх мэдэл давамгайлах хандлага бий болдог байна.
Засаг төрийн эрх мэдэл нийт ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчийн гарт төвлөрөх хэлбэрийг ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглал гэнэ. Засаглалын энэ хэлбэр нь дараах онцлог шинжүүдтэй байдаг. Үүнд:
·         Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлүүд нэг нэгнээсээ хараат бусаар оршдог:
·         Засгийн газрын түвшинд намаар бус, лидер хүрээлсэн томилгоо их хийгддэг:
·         Нэг хүний хатуу ноёрхол бий болох нөхцөл үүсдэг:
·         Засаг төрийн хэмжээнд хариуцлага тооцоход хүндрэл учирдаг зэрэг шинжүүд багтана.
Гэхдээ төрийн засаглалын дээрх хэлбэрүүдийг туйлын утгаар авч үзэх боломжгүй юм.
Үүнээс гадна төрийг байгууламжийн хэлбэрээр ангилан авч үздэг.
Төрийн байгууламж нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалт, төр засгийн дээд, төв, орон нутгийн байгууллагуудын харьцаа зэргээр тодорхойлогдох ойлголт юм. Байгууламжаар нь төрийг нэгдмэл, холбооны, улсуудын холбооны гэсэн гурван төрөлд ангилдаг.
Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн нэгдсэн тогтолцоотой, санхүү, албан татвар, мөнгөний нэг системтэй, зэвсэгт хүчин, төрийн бэлгэ тэмдэг болох сүлд, туг, далбаа, дуулал нэгтэй, орон нутгийн байгууллагууд нь засаг захиргааны нэгжид хуваагдах төрийн байгууламжийн хэлбэрийг нэгдмэл улс гэнэ.
Харьцангуй бие даасан хэлбэрээр орших хоёр болон түүнээс дээш улсууд нэгдэж холбооны улсыг үүсгэдэг. Зэвсэгт хүчин, гадаад бодлогын хувьд нэгдсэн хэрнээ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хоёрдмол тогтолцоо үйлчлэх нь ийм улсын онцлог шинж юм.
Бүрэн тусгаар тогтносон улсууд тодорхой ашиг сонирхлоор нэгдсэн улсыг улсуудын холбооны улс гэж нэрлэдэг. Түүний бүрэлдэхүүнд бүх улсыг төлөөлсөн гишүүд багтаж ордог бөгөөд тэдгээрээс гаргасан шийдвэрийг нэгдмэл нэг саналаар буюу мэргэшсэн олонхиор баталдаг ба гишүүн улсууд батламжилсны дараа хүчин төгөлдөр болдог. Улсуудын холбооны мөнгө, санхүү түүнд багтан орсон гишүүн улсуудын татвараас бүрдэнэ.
Төр, улсыг улс төрийн дэглэмээр нь ардчилсан болон ардчилсан бус дэглэмтэй орнууд гэж ангилдаг. Ардчилсан бус орнуудыг дотор нь тоталитари, авторитари гэж хуваах явдал ч байдаг. Улс төрийн дэглэм нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэрэглсэлийн нийлбэр цогц юм.
Дээрхиэс гадна орчин үед улс төр судлаачид төрийг эрх зүйт, социал, экологит гэж ангилах болсон.
Аливаа төрийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд байх ёстой гэх үзэл анх эртний Грег-Ромын үед үүссэн ба хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн явцад улам бүр боловсронгуй болсоор эрх зүйт төрийн цогц үзэл баримлал болж төлөвшсөн. “Хууль цааз нь хүчгүй, хэн нэгний дур зоргод захирагдах төрийн мөхөл ойрхон байгааг би харж байна. Хууль цааз эзэн захирагчдаас ямагт дээгүүр байх ёстой бөгөөд гагц бурхан үүнээс ангид байж болох юм” хэмээн эртний сэтгэгч Платон өгүүлжээ. “Хаана хуулийн засаглал үл оршино, тэнд төрийн байгууллын ямар ч хэлбэр үл оршино. Бүхнийг хууль засаглах учиртай.....,” гэж гүн ухаантан Аристотель өгүүлсэн байна.
Эрх зүйт төр гэсэн ойлголтыг Германы төр эрхийн онолч фон Молл шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байдаг. Төрийн үйл ажиллагаа хуулинд захирагдаж, иргэд хууль, шүүхийн өмнө эрх тэгш эрх эдлэх нь эрх зүйт төрийн үндсэн нөхцөл юм.
Иргэдийнхээ нийгмийн хамгаалал, халамжийн асуудалд онцгойлон анхаарч, энэ чиглэлд цогц бодлого боловсруулан ажиллах төрийн хэлбэрийг социал төр гэнэ. Социал төрийн үзэл санаа анх эртний Грег-Ромын их сэтгэгч Платон, Аристотель, Цицерон нарын бүтээлүүдэд боловсорч XIX, XX зууны үед нийгмийн практикт нэвтэрсэн байна. Дашрамд өгүүлэхэд социал төр гэсэн ойлголтыг Германы төрийн онолч Лорэнц фон Штэйн гаргасан байдаг.
Хүн төрөлхтөний хөгжлийн өнөө цагийн нөхцлөөс үүдэн экологит төр гэсэн ойлголт гарч иржээ. Учир нь өнөө үед байгаль орчноо цогц байдлаар хамгаалах, энэ чиглэлд тусгай бодлого боловсруулж хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага байгааг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.
Хиппократ, Платон, Аристотель, Ж. Бодэн, Л. Монтэскье нарын сэтгэгчид улс төрд байгаль, газар зүйн орчны зүгээс үзүүлэх нөлөөллийн тухай үзэл санааг дэвшүүлсэн байдаг.
Хүн амынхаа экологийн цэвэр, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, бодлого боловсруулах төрийн хэлбэрийг экологит төр гэнэ.
Орчин үед иргэдийн зүгээс төрийн үйл ажиллагаанд хандах гурван үндсэн хандлага оршин байна. Үүнд:
·         Деэтатист хандлага: Иргэдийн улс төрийн ухамсар өсөн нэмэгдэхийн хэрээр төрийг ердийн улс төрийн институт гэж үзэх, түүний үйл ажиллагааг хууль эрх зүйн хүрээнд авч үзэх хандлагыг деэтатист гэж нэрлэдэг.
·         Этатист хандлага: Төр нийгмийн амьдралын бүхий л хүрээнд нэвтэрч, иргэдийн үйл ажиллагааг нэг бүрчлэн зохицуулах хэрэгтэй гэж үзэх хандлага болно. Өөрөөр хэлбэл нийгэм дэх төрийн үүргийг хэтийдэн үнэлэх хандлага юм.
·         Антиэтатист хандлага: Төрийн нийгмийн амьдралд үзүүлэх үүрэг, нөлөөг үгүйсгэх, улмаар төр оршин буйг буруутгах үзэл санаа юм. Орчин үед ийм хандлагын томоохон жишээ нь либертари, коммунитари үзэл санаа болно.
Гэхдээ бид хүн төрөлхтөний өмнө олон асуудлууд хурцаар тавигдаж буй өнөө үед төрийн үүрэг, үйл ажиллагааг бүрэн үгүйсгэх боломжгүй гэдгийг хэлэх байна. Төр хүн төрөлхтөний түүхэнд байсан, байна, байсаар байх болно. Энэ бол маргашгүй үнэн юм.

Ашиглах ном зохиол:
Монгол хэл дээр:
Ø  “Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг.,  УБ:.,  2011 он.
Ø  “Улс төрийн шинжлэх ухаан” УБ:.,  ред: Ц. Ганболд., 2001 он.
Ø  Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд” УБ:., 2005 он.
Ø  Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг-I” УБ:., 2013 он.
Орос хэл дээр:

Ø  Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.
Ø  “Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:., 1997г.

Ø  Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис 1997г., №6. 

No comments:

Post a Comment