Friday, May 19, 2017

УЛС ТӨР СУДЛААЧ АДАМ ПШЕВОРСКИ

Адам Пшеворски
Adam Przeworski
Мэндэлсэн он:
1940 оны тавдугаар сарын 5 (77 настай)
Мэндэлсэн газар:
Польш улс, Варшав хот
Харьяалал:
 Польш улс
 АНУ
Үйл ажиллагааны төрөл:
Улс төрийн шинжлэх ухаан
Ажлын газар:
Чикаго Их Сургууль,
Нью-Йоркийн Их Сургууль
Альма-матер:
Варшавын Их Сургууль,
Баруун-Хойдын Их Сургууль
Гавьяа, шагнал:
Улс төрийн шинжлэх ухааны салбар дахь Юхан Шюттагийн нэрэмжит шагнал (2010 он)
Адам Пшеворски (Польш хэлнээ: Adam Przeworski1940 оны тавдугаар сарын 5, Польш улс, Варшав хот) — нь Нью-Йоркийн Их Сургуулийн Европ судлалын профессор, Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүн (1991 он), польш гаралтай Америкийн улс төр судлаач нэгэн.
Намтар
Пшеворски 1940 оны тавдугаар сарын 5 нд Польшийн нийслэл Варшав хотноо мэндэлсэн. 1961 онд Варшавын Их Сургуулийн дүүргэж, удалгүй АНУ руу цагаачилсан. 1966 онд Баруун-Хойдын Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. Дараагаар нь, Чикаго Их Сургуульд багшлах болсон. Жон Хопкинс Их Сургуулиас санаачлан хэрэгжүүлсэн «Авторитаризмаас ардчилалд шилжихүй» нэрт  олон улсын хэмжээний төсөлт үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Төслийн үр дүн болж Өмнөд Европ (Испани, Португали, Грек), Латин Америкийн орнуудын авторитари дэглэмээс ардчилалд шилжих үйл явцыг шинжилсэн дөрвөн дэвтэр судалгааны бүтээл гарсан.
Пшеворски Энэтхэг, Чили, Их Британи, Франц, ХБНГУ, Испани, Швейцарьт зочин профессороор ажиллаж байсан. 1991 онд Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон бол 2001 онд “Ардчилал ба хөгжил” ном бичсний учир Вудро Вильсон нэрэмжит шагнал, 2010 онд улс төрийн шинжлэх ухааны салбар дахь Йохан Шюттагийн нэрэмжит шагнал тус тус хүртсэн. 
1985 онд бичсэн «Капитализм ба нийгмийн ардчилал», 1991 онд нийтлүүлсэн «Ардчилал ба зах зээл: Зүүн Европ, Латин Америк дахь улс төр, эдийн засгийн шинэтгэлүүд» нэрт хоёр бүтээлдээ өөрийн онолыг хөгжүүлсэн. Нийтдээ 13 орчим бүтээл нийтлүүлсэн.
Улс төрийн үзэл санаа
Пшеворски ардчилал, улс төрийн эдийн засгийн ухаан, шилжилт судлал, судалгааны арга зүйн чиглэлээр дагнан судалгаа хийдэг. Түүний анхны томоохон хэмжээний бүтээл болох  «Капитализм ба нийгмийн ардчилал» нь улс төрийн эдийн засгийн ухааны хүрээнд хийгдсэн судалгаа байсан. Зарим судлаачдын зүгээс Пшеворскиг харьцуулсан улс төр судлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг онцолсон байдаг. Өмнөд болон Зүүн Европ, Төв, Латин Америкийн орнуудын ардчилалд шилжих үйл явц, ардчилах үйл явцын онцлог, болон нийтлэг талуудыг судлахад ихээхэн анхаарал хандуулсан.
Ардчилал бол засаг барьж буй нам нь сонгуулийн үр дүнгээр солигддог тогтолцоо мөн. Энд тодорхой үзэл бодол, үнэлэмж, эрх ашиг бүхий хүмүүсийн бүлэг – намууд байна. Тэдний дунд дүрэм журамд захирагдсан тэмцэл явагддаг. Үр дүнд нь түр зуурын ялагч, ялагдагч бий болно (Пшеворский, 2000, хууд. 28).
“(…) Ардчилал гэдэг хэн ч бүхнийг хянадаггүй хэрнээ хувь заяа нь шийдвэр гаргагчдаас бүгдээс нь хамаарч байдаг зөрчлийг шийдвэрлэх тогтолцоо юм. Тодорхой зөрчлийг шийдвэрлэх явц өөр хоорондоо өрсөлдөж буй улс төрийн хүчнүүдээс ex ante хамаарахгүй. Учир нь тэдний үйлдэл нэг нэгнээсээ шалтгаалж байх бөгөөд урьдчилан тааварлах боломжгүй байдагт оршино. Ингэхлээр, өрсөлдөөнд оролцож буй хэнийх нь ч хувьд үр дүн тодорхой бус байна. Ардчилал гэдэг сонгуульд оролцогчид хамгийн сайн гэсэн үйлдлээ хийчихээд үр дүнг нь сонгуулийн хайрцагнаас хардаг тогтолцоо юм(Пшеворский, 2000, хууд. 30) хэмээн Пшеворски бичжээ.
Ардчиллын хамгийн чухал үнэт зүйл нь хүчирхийлэл, дураар зоргоор авирлах явдлаас хамгаалагдсан байхад оршино. Ингэхэд ардчилал хэзээ бэхждэг юм бэ? “Тодорхой улс төр, эдийн засгийн нөхцөлд хэм хэмжээний нэг тогтолцоо цорын ганц тоглоомын дүрэм болж, ялсан, ялагдсан хүчнүүд уг тогтолцооноос ангид хэм хэмжээг эрэлхийлэхгүй болсон тэр цагт ардчилсан төр бэхжинэ(Пшеворский, 2000, хууд. 47). Үүнээс гадна, үр ашигтай чөлөөт эдийн засгийн тогтолцоо бий болоход олон улсын харилцааны хүчин зүйл нөлөөлж болохыг Пшеворски онцолсон байдаг. Харин хэрхэн бий болох вэ гэдэг нь иргэдийн хариуцлагатай шууд холбогдоно. Ардчиллын бэхжилтийг хангахад улс төрийн хүчнүүдийг эрх ашгийг бүрэн илэрхийлсэн байхаас гадна эдийн засгийн өсөлт сууь нөлөөтэйг онцолсон байдаг. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган $-ийг давсан улс оронд ардчиллын замааас ухрах ойлголт байдаггүй талаар Пшеворски дурдсан.
Улс төрийн шилжилтийн цорын ганц гарц нь ардчилал биш юм. Авторитари юм уу тоталитари дэглэм унаснаар хөгжлийн янз бүрийн стратеги бий болж болно. Пшеворски дараах хувилбар үүсч болохыг дурдсан байна. Үүнд:
1. Ардчилсан хэм хэмжээг бататгаж чадалгүйгээр улс төрийн хүчнүүд шинэ дарангуйлал тогтоохын төлөө өөр хоорондоо тэмцэлдэж болно.
2. Нэг ч улс төрийн хүчин эрх ашгаа хангаж чадалгүй ардчиллыг түр зуурын шийдвэр хэмээн зөвшилцөж болно.
3. Ардчилсан хэм хэмжээг хэсэгчилсэн байдлаар бий болгосон хэрнээ улс төрийн хүчнүүд нь шинэ дарангуйлал тогтоохын төлөө хоорондоо тэмцэлдэж болно.
4. Ардчилсан хэм хэмжээг нийгэмд тогтоосон хэрнээ засаглалын үр дүн муутай зохион байгуулалтын хэлбэрийг улс төрийн хүчнүүд бий болгож болно.
5. Ардчилсан хэм хэмжээг нийгэмд төлөвшүүлж, тогтвортой хөгжих нөхцөлийг үүсгэж болно .
Ямартаа ч ардчилал бол шилжилтийн цорын ганц гарц биш гэдгийг Пшеворски онцолсон байдаг (Пшеворский, 2000, хуудсд. 92-95).
Шилжилтийн үеийн гол асуудал нь зэвсэг барьж буй хэн нэгэн бусдыгаа устгачихалгүйгээр юм уу үйлдвэрлэлийн нөөцийг хянаж буй хэн нэгэн бусдыгаа өлсгөж алчихалгүйгээр ардчилалд шилжих явдал юм(Пшеворский, 2000, хууд. 91). Ардчилсан дэглэм тогтсны дараагаар улс төрийн хүчнүүдийн дунд дараах хоёр төлийн тэмцэл бий болох боломжтой. Үүнд:
·   Тогтвортой ардчиллыг бий болгож, олсон үр дүнгээ бататгахын төлөө хуучин дэглэмийн төлөөлөгчид болон ардчилсан хүчний хооронд:
·         Ардчилсан хүчнүүдийн дунд тэмцэл үүсч болно (Пшеворский, 2000, хууд. 108).
Ардчиллыг тогтооход нийгмийн хэм хэмжээ, түүний тодорхой бус байдал чухал ач холбогдолтой бөгөөд улс төрийн хүчнүүд засаг төрийн эрх мэдлийг өөрсдийн гарт удаан хугацаанд хадгалах хүсэл эрмэлзлэлтэй байдаг ба үүнээс зайлсхийх орчинг бий болгох нь чухал хэмээн зөвлөсөн. “Нэг нам нь сонгогчдын 60-аас дээш хувийн санал авч хоёр удаа дараалан сонгогдсон нэг ч орныг ардчилсан гэж үзэж болохгүй(Пшеворский, 2000, хуудсд. 138, 139) хэмээн Пшеворски бичжээ.
Эх сурвалжийн жагсаалт

Пшеворский, А. (2000). Демократия и Рынок: Политические и экономические реформы в Восточной Европе и Латинской Америке. (В. А. Бажанова, Trans.) Москва: РОССПЭН.
МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 

No comments:

Post a Comment