Thursday, September 12, 2019

САМУЭЛ Ф. ХАНТИНГТОН ЗЭВСЭГТ ХҮЧИН БА АРДЧИЛАЛ: ЦЭРЭГ-ИРГЭНИЙ ХАРИЛЦААГ ШИНЭТГЭН ТОГТООХУЙ


(ARMED FORCES AND DEMOCRACY; REFORMING CIVIL-MILITARY RELATIONS)
Сүүлийн хорин жилийн хугацаанд дэлхий дахинаа авторитари дэглэмтэй дөч орчим улс ардчилсан дэглэмд шилжсэн асар том хувьсгалт өөрчлөлт өрнөж буйг бид бүхэн мэдэх билээ. Үнэндээ “авторитари дэглэм” гэдэгт Латин Америк болон бусад бүс нутаг дахь цэргийн хунт, Тайвань юм уу коммунист орнууд дахь нэг намын удирдлага, Испани, Филиппин, Румын дахь нэг хүний дарангуйлал, Өмнөд Африк дахь арьс өнгөний дэглэм гээд харилцан адилгүй олон янзын засаглалын хэлбэрийг ойлгож байна. Үүнтэй зэрэгцээд ардчилалд шилжих үйл явц ч харилцан адилгүй байна. Зарим тохиолдолд авторитари дэглэмийн хүрээнд засаг төрийн эрхэнд гарсан улс төрийн хүчин ардчилсан өөрчлөлтийг эхлүүлж байх жишээтэй. Гэтэл засаг баригч болон сөрөг хүчний хоорондын яриа хэлцлийн дүнд ардчилсан өөрчлөлт хийж буй орон ч байна. Зарим нэг улсад авторитари дэглэмийг түлхэн унагах юм уу өөрөө унаж буй тохиолдол үүсэж байна. АНУ-ын шууд оролцоотойгоор дарангуйллыг түлхэн унагаж, сонгуульт засаг тогтож буй тохиолдол ч гарсан (As we all know, the last two decades have seen a remarkable political revolution in which transitions from authoritarianism to democracy have occurred in roughly 40 countries. The previous authoritarian regimes varied considerably. They included military governments in Latin America and elsewhere; one-party regimes in the communist states but also in Taiwan; personal dictatorships in Spain, the Philippines, Romania, and elsewhere; and a racial oligarchy in South Africa. The transitions to democracy also differed greatly. In some cases, including many military regimes, reformers came to power within the authoritarian regime and took the initiative in bringing about the transition. In other cases, the transition came as a result of negotiations between the government and opposition groups. In still others, the authoritarian regime was overthrown or collapsed. In a few instances, intervention by the United States brought the fall of the dictatorship and its replacement by a regime based on elections).
Хэв шинжээсээ үл хамаараад дээрх авторитари дэглэмүүдэд цэрэг, иргэний харилцааг сайжруулах гэсэн нэгэн нийтлэг зүйл ажиглагдаж байна. Өндөр хөгжилтэй ардчилсан орнуудаас бусад газар төлөвшиж чадаагүй цэрэг-иргэний харилцааг миний бие нэгэн бүтээлдээ “обьектив иргэний хяналт(Objective Civilian Control; Объективный гражданский контроль) гэж тодорхойлсон санагдана[1]. Энэ хэв шинжийн харилцаа 1) Өндөр түвшний армийн мэргэшсэн байдал, өөрийн бүрэн эрхийн хязгаарлагдмал шинжийг армийн зүгээс ухамсарласан байх; 2) Цэрэг, армийн удирдлага иргэний улс төрийн удирдлагадаа захирагдаж, иргэний улс төрийн удирдлагын зүгээс цэрэг, армийн бодлогын салбар дахь үндсэн шийдвэр гардаг байх; 3) Улс төрийн удирдлагын зүгээс цэрэг, армийн мэргэшсэн, хараат бус байдлыг хүлээн зөвшөөрсөн байх; 4) Үр дүнд нь улс төрийн салбарт армийнхан, цэрэг, армийн салбарт улс төрчид бага оролцог байх гэсэн шинжийг өөртөө агуулна (Virtually all of these authoritarian regimes, whatever their type, had one thing in common. Their civil-military relations left much to be desired. Almost all notably lacked the kind of civil-military relations characteristic of the world’s industrial democracies, which I once termed “objective civilian control.”  This involves: 1) a high level of military professionalism and recognition by military officers of the limits of their professional competence; 2) the effective subordination of the military to the civilian political leaders who make the basic decisions on foreign and military policy; 3) the recognition and acceptance by that leadership of an area of professional competence and autonomy for the military; and 4) as a result, the minimization of military intervention in politics and of political intervention in the military).
Авторитари улс дахь цэрэг-иргэний харилцаа дээрх загвараас эрс ялгардаг. Цэргийнхэн засаг төрийн эрхэнд гарсан улсад иргэний хяналт бүрэн устаж, армийнхан, цэргийн удирдлага, армийн байгууллага өөрийн бүрэн эрхэд үл хамаарах чиг үүргийг хэрэгжүүлэх нь олонтоо. Улс оронд нэг хүний дарангуйлал тогтсон үед зэвсэгт хүчнийг хагалан бутаргах, засаг төрийн эрхийг тогтоон барих зорилгод ашиглах, бүрэн хяналт тогтоохын тулд армийн гол албан тушаалуудад өөрийн хүмүүсийг байршуулахыг эрмэлздэг байна. Нэг намын тогтолцоотой улс орнуудад байдал арай дээр байгаа ч армийг намын зорилгод хүрэх хэрэгсэл хэмээн үзэж, офицерүүд намын гишүүн байх, үзэл сурталч, суртал ухуулагчийн үүрэг гүйцэтгэх, намын үүр цэргийн зохион байгуулалтад орох, намын зохион байгуулалтыг бэхжүүлэх хандлага ажиглагдаж байна.
Ийнхүү шинэ тулгар ардчилсан орнуудын өмнө цэрэг-иргэний харилцааг улс үндсээр нь шинэтгэн тогтоох томоохон зорилт тулгарч байна.  Мэдээж хэрэг, энэ бол олон зорилтын ердөө нэг нь юм. Нийгмийн дунд нэр хүнд олох, шинэ үндсэн хууль боловсруулж, олон намын тогтолцоо гэх мэт ардчилсан үнэт зүйлийг төлөвшүүлэх, төрийн хүчтэй хяналттай юм уу захиргаадлын тогтолцоо ноёрхож байсан эдийн засгийн салбарт либеральчлал, өмч хувьчлалыг эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангаж, инфляц, ажилгүйдэлтэй тэмцэх, төсвийн алдагдлыг бууруулах, авлига, гэм хэрэгтэй тэмцэх, үндэсний болон шашны бүлэглэлүүдийн дунд өрнөх зөрчил, хүчирхийллыг намжаах зэрэг олон зорилт байна.
Шинэ тулгар ардчилсан орнууд эдгээр асуудлыг шийдвэрлэж чадах уу? Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Ю гэх мэтийн ардчиллыг эсэргүүцэгчид засаглалын ардчилсан хэлбэр нь сахилга батгүй, замбараагүй байдлыг үүсгэдэг хэмээн баталж байна. Олон улсад эдийн засгийн үзүүлэлт дордсон. Эдийн засгийн шинэтгэл мухардалд орж, олон нийтийн дэмжлэг хүлээхээ болихын зэрэгцээ хуучны авторитари элитүүд үүнийг өөрийн зорилгод ашиглах болсон. Гэмт хэрэг, авлига цэцэглэн хөгжиж байна. Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний суурь эрх чөлөөг зөрчих явдал ердийн үзэгдэл болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хатуу хяналтад орох юм уу сарнин бутарч байна. Нам-улс төрийн тогтолцооны уналт, удирдлагын субъектив-хувь шинж үр дүнтэй засгийн газар, хариуцлагатай сөрөг хүчин бүрдэх нөхцөлийг хааж байна. Хатуу хяналт суларсан нь олон нийтийг тэгштгэх үзэл санаанд уриалсан үйлдэл ихсэх, хүчирхийлэл нэмэгдэхэд хүргэж байна. Зарим нэг салбарт багахан тохиолдлыг эс тооцвол шинэ тутам байгуулагдсан ардчилсан засгийн газрууд улс орноо үр дүнтэй удирдаж чадахгүй байна.
Ардчиллын дутагдал нь өөрөө авторитари дэглэмээ санагалзах байдал руу түлхэж байна. Эдгээр орны хүмүүс хүний суурь хэрэгцээ хангагдаж, бүгдээрээ ядуу амьдарч байсан хуучин нийгмээ, дарангуй засгаа санагалзах болжээ.  Авторитаризмд эргэн орох хүсэл 1993 оны Орост зохион байгуулсан асуулгад хурцаар ажиглагдсан юм. Москва, Санкт-Петербург хотын оршин суугчдын 39 хувь нь коммунист засаглалын үед сайхан амьдарч байсан гэсэн бол ердөө 27 хувь нь ардчиллын үед сайхан амьдарч байна гэж хариулах жишээтэй[2]. Гэтэл энэ хоёр хот Оросын хамгийн баян хотууд шүү дээ. Оросын бусад хэсэг дэх нийгмийн санаа бодол үүнээс төдийлөн дээрдэхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Энэ ерөнхий нөхцөлийн хүрээнд шинэ тулгар ардчилсан орнууд цэрэг-иргэний харилцааны салбарт амжилт гаргана гэсэн итгэл төрөхгүй байна. Мэдээж хэрэг, улс орон болгонд асуудал харилцан адилгүй, олонх нь шийдвэрлэгдээгүй байна. Гэвч үүнтэй зэрэгцээд амжилтын тухай ч ярьж болох байна. Тухайлбал, ганц, нэг тохиолдлыг эс тооцвол шинэ тулгар ардчилсан орнуудад цэрэг-иргэний харилцаа, арми дахь иргэний хяналт авторитари дэглэмийн үетэй харьцуулахад дордсон гэх үндэслэл харагдахгүй байна.  Цэрэг-иргэний хоорондын харилцаа ардчилсан улсуудын бусад салбар дахь амжилттай харьцуулахад сайн байна. Улс төрийн салбар дахь армийн, зэвсэг хүчний салбар дахь улс төрчдийн нөлөө хумигдаж байна. Аажим боловч өндөр хөгжилтэй ардчилсан орнууд дахь цэрэг-иргэний харилцааг төлөвшүүлэх тал дээр амжилт олж байна. Эндээс миний бие дараах таамаглал дэвшүүлж байна. Үүнд;
·         Нэгдүгээрт, шинэ тулгар ардчилсан улс орнууд бусад асуудлаасаа илүүтэйгээр цэрэг-иргэний харилцааг чухалчлан үздэг;
·         Хоёрдугаарт, багахан тохиолдлыг эс тооцвол ардчилсан засаглалын үед дээрх төрлийн харилцаа өмнөх авторитари дэглэмийн үеэс илүү зохистойгоор шийдвэрлэгддэг.
Дорнод Европоор жишээлэн авч үзвэл дээрх таамаглал илүү тодорхой болох нь ойлгомжтой. Үүнтэй холбоотойгоор миний бие Дорнод Европ дахь цэрэг-иргэний харилцааны салбар дахь томоохон мэргэжилтэн, Словены нэр цолгорсон судлаач Антона Бэблэрээс ишлэхийг хүсэж байна. 1989 оноос эхлэн энэ төрлийн харилцаан дахь өөрчлөлт “түүхэн шинж чанартай” болсныг тэрээр 1994 онд онцолжээ. Улмаар уг өөрчлөлт дараах арваннэгэн шинжийг өөртөө агуулдаг болохыг дурдсан. Үүнд;
·         Батлан хамгаалах бодлогын ил тод, тунгалаг байдал дээшилж, ихэнхдээ олон нийт болон парламентын зүгээс хянах болсон;
·         Батлан хамгаалах яаманд иргэний албан хаагчдын тоо нэмэгдсэн;
·         Зэвсэгт хүчний дээд удирдлагыг эрс шинэчлэх болсон;
·         Улс орнууд Москвагийн нөлөөллөөс гарч, үр дүнд нь үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлал боловсруулагдсан;
·         Зэвсэгт хүчинд хэсэгчлэн байдлаар өөрчлөлт оруулж, бүтэц, шинж чанар өөрчлөгдсөн;
·         Зэвсэгт хүчинд хамтын удирдлагын үүрэг өсөн нэмэгдсэн;
·         Зэвсэгт хүчний улс төрийн төвч байдал төлөвшсөн;
·         Үзэл санааны олон ургальч хандлага бий болсон;
·         Итгэл, үнэмшлээр ялгаварлан гадуурхах байдал арилсан;
·         Ёс суртахуун, шашны итгэл үнэмшлээр армид алба хаахаас татгалзах байдалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсныг болиулсан зэрэг болно[3].
Энэ бүх өөрчлөлт Өмнөд Европ, Латин Америк, Зүүн-Өмнөд Ази болон бусад бүс нутгийн шинэ тулгар ардчилсан орнуудад үүссэн байна. Шинэ тулгар ардчилсан засгийн газрууд урьдын цэргийн хунтийг орлох болсон ч улсын хил хязгаараас хөөх арга хэмжээ авсангүй. Зөвхөн улс төр дэх цэргийнхний оролцоог хумьсан байна. Үр дүнд нь батлан хамгаалах салбар шинээр зохион байгуулагдаж, армид хяналт тавих үүрэг бүхий төв штабын үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт оржээ. Батлан хамгаалах яамны сайдаар иргэний хүн томилогдох болсноос (Орос тэргүүтэй цөөн хэдэн орныг эс тооцвол) энэ чиглэл дэх үйл явцыг зураглаж болох байна. Португалийн Хувьсгалт Зөвлөл гэх мэт улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх цэрэг, армийн тусгай байгууллага устсан байна. Улс төрийн дээд удирдлагад армийнхан огцорч, иргэний хүн томилогдох үйл явц Турк, Португалид бий болов. Посткоммунист орнуудад зэвсэг хүчнээ коммунист намын зүгээс хатуу хянах тогтолцоо нурахтай зэрэгцээд армийг улс төрөөс ангид байлгах үйл явц өрнөх болжээ.
Эдгээр өөрчлөлтэй зэрэгцээд шинэ тулгар ардчилсан ихэнх улс оронд армийг үндсээр нь өөрчлөх, цэвэр цэрэг-армийн шинэ чанартайгаар хөгжүүлэх бодлого эрчээ авч байна. Өмнө нь армийнхан өөр үйл ажиллагаа эрхэлж, Алфрэд Степан хорин жилийн өмнө Латин Америкт цэргийн шинэ мэргэшил бий боллоо гэж бичиж байв. Улс орны хөгжилд зэвсэгт хүчний зүгээс үзүүлэх нөлөө, дотоод аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай яриа л даа[4]. Латин Америк болон бусад бүс нутагт үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаатай огтын хамааралгүй бүхэл бүтэн эдийн засгийн салбарууд байдаг. Энэ бол хэзээ ч устгаж үл болох зэвсэгт хүчний бус салбар бөгөөд засгийн газрууд үүгээр далимлан зэвсэгт хүчний бие, бүрэлдэхүүнийг цомхотгох, цэргийн салбарын үйлдвэр, аж ахуйн салбарыг хувьчлах арга хэмжээ авч байна. Ялангуяа Аргентины засгийн газар энэ чиглэлд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн билээ.
Шинэ тулгар ардчилсан бараг бүх оронд зэвсэгт хүчин тооны хувьд хорогдсон байна. Мэдээж хэрэг, иргэний хяналт сайжирч байгааг дээрх арга хэмжээ харуулах ч ямагт зөв шийдвэр байдаг гэж үзэх нь өрөөсгөл, учир дутагдалтай болно. Ингэснээр цэргийн номлол, цэргийн академи, сургуулийн хөтөлбөр өөрчлөгдөж, мэргэшсэн байдал дээшлэх хандлага ажиглагдаж байна. Шинэ тутам байгуулагдаж буй улсууд зэвсэгт хүчин дэх цэрэг, зэвсгийн техникээ шинэчилж, дэлхийн хэмжээнд хүрч мэргэжилтэн бэлтгэхийг оролдох болжээ. Энэ мэт арга хэмжээ нь зэвсэгт хүчний мэргэшсэн байдлыг дээшлүүлэхийн зэрэгцээ зэвсэгт хүчний зүгээс нийгэмд урьд хэрэгжүүлж байсан үйл ажиллагаа хумигдахад хүргэдэг байна.
Амжилтын шалтгаан
Шинэ тулгар ардчилсан улс орнууд цэрэг-иргэний харилцааны салбарт энэ мэт амжилт олохын чанадын шалтгаан юунд оршино вэ? Дүгнэн үзвэл хэд хэдэн хүчин зүйлийн тухай ярьж болох юм. Нэгдүгээрт, дэлхий дахинаа зэвсэгт хүчний мэргэшсэн байдлыг чухалчилж, иргэний хяналтыг дээдлэх болсон. Өмнө нь Латин Америкийн орнууд дахь цэргийн эргэлт хийж, бослого зохион байгуулах гэсэн армийн оролдлогыг либерал итгэл үнэмшил бүхий бизнесмэн, сэтгүүлчид АНУ-ын цэргийн академид сургасны гор гэж үздэг байлаа. Гэвч АНУ-ын офицерууд Латин Америк дахь өөрийн нөхөддөө цэргийн эргэлт зохион байгуулах дүрэм заадаг байсан гэх бараг л итгэл үнэмшилгүй сонсогдож байна. Үнэн хэрэгтээ АНУ-ын зэвсэг хүчин, цэргийн академиудтай тогтоосон холбоо нь бусад улс оронд цэргийн мэргэшсэн байдал, иргэний хяналтын либерал-ардчилсан хэм хэмжээ түгэн дэлгэрэхэд түлхэцийг үзүүлж байв. Өнөөдөр Бавар дахь Жорж К. Маршаллын нэрэмжит төв уг ажлыг үргэлжлүүлж байна.
Хоёрдугаарт, цэргийн болон иргэний удирдлагын зүгээс обьектив иргэний хяналт тогтоох чиглэлд үлэмжхэн амжилт олсон. Офицерууд улс орны өмнө тулгарсан нийгэм, эдийн засаг, улс төрийн нарийн төвөгтэй асуудлыг цэргийнхэн шийдвэрлэх нь үндэсний эв нэгдэл, армийн сахилга бат, үр ашигтай байдалд сөргөөр нөлөөлдөг болохыг аажмаар ухаарч эхэлсэн байна. Степаны үзсэнээр зэвсэгт хүчний төрийн хэрэг дэх байнгын оролцоо нь армийн удирдлагын чиг үүргийг хэт нэмэгдүүлж, улмаар Латин Америкийн орнууд дахь армийнхан сайн дураараа төрийн хэрэгт оролцохоос татгалзахын шалтгаан болдог байна[5]. Нөгөө талаас, сонгуульт улс төрчдийг армийнхан улс төрийн сонирхол тээх нь бүхнийг хатуу гараар шийдвэрлэхэд хүргэдэг бөгөөд ийм байдлаас илүүтэйгээр армийг улс төрийн хувьд төвийг сахисан, илүү мэргэшсэн болгох хэрэгтэй гэсэн итгэл үнэмшилтэй болоход нөлөөлжээ. Тийм ч учраас шинэ тулгар ардчилсан орнууд дахь цэрэг-иргэний харилцааг өөрчлөхийг эсэргүүцэгчид нь их төлөв хэт үндэсхэрхэг үзэлтэй иргэний улс төрчид эсвэл дунд түвшний офицеруудын бүлэг байдаг аж.
Гуравдугаарт, эдийн засгийн шинэтгэлээс ялгаатай нь армид алба хаах хугацааг багасгах, армийн зардлыг танах, хүний суурь эрх, эрх чөлөөг зөрчсөн тохиолдлын тоог цөөрүүлэх, зэвсэгт хүчний мэдлийн үйлдвэр, аж ахуйн нэгжийг хувьд шилжүүлэх гэх мэт цэрэг-иргэний харилцааны шинэчлэл нь нийгэмд сайнаар нөлөөлж, эерэг үр дүн бий болгох нь олонтоо. Энэ бүх арга хэмжээ нь нийгмийн зүгээс төдийлөн эсэргүүцэлтэй тулгараад байдаггүй.
Шинэ тулгар ардчилсан улс орнууд цэрэг-иргэний харилцааг шинэчлэхэд томоохон амжилт гаргасан нь энэ салбарт төвөгтэй асуудал үлдсэнгүй гэсэн үг хараахан биш юм. Зарим улсад уг асуудал бидний санаснаас ч хүнд, хэцүү байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Асуудал хүндэрч буй хоёр улсыг нэр цохон дурдмаар байна. Өмнөд Африкт Африкийн Үндэсний Конгрессын армийн дайчид Өмнөд Африкийн зэвсэгт хүчинтэй нэгдэн арьс өнгөөр ялгаварлах бодлогыг дэмжих болжээ. Ерөнхийлөгч Нэльсон Мандэлагийн засгийн газар армийн зардлыг түр хугацаанд нэмэх хэлбэрээр ийм нэгдлийг бий болгох чармайлт гаргасан. Ерөнхийлөгч Мандэлагийн эсрэг жагсаал, цуглаан зохион байгуулж, олон нийтийг самуунд уриалж байсан Үндэсний Конгрессын офицерууд нэгдсэн гээд төсөөл дөө. Үр дүнд нь Мандэлаг эсэргүүцэгчдийн бүлэглэл устаж, армийн журмыг эсэргүүцэх хүчнийг чөлөөнд гаргаж чадсан байна.
Өмнөд Африкийн гол асуудал нь армийг нэгтгэх явдал юм. Харин Орос улсын хувьд эсрэгээрээ, армийг цомхотгох, бүтэц, бүрэлдэхүүнийг багасгах асуудал болно. Бусад улсын өнөөгийн зэвсэгт хүчнээс ялгаатай нь Оросын арми бүтэц, бүрэлдэхүүн, санхүүжилт, зорилгоо алдаад зогсохгүй дайнд ялалт байгуулах, бусад улстай холбоолох боломжоо ч алдсан юм гэж Бэнжамин Ламбэт онцолжээ[6]. Үр дүнд нь зохион байгуулалтгүй, ёс суртахууны доголдолтой болсон арми дайтах, ялалт байгуулалт, ядахдаа төрийн эргэлт хийх чадвараа ч алддаг байна. Оросын зэвсэг хүчин хэт улс төржиж, олон бүлэглэлд хуваагдсан. Санхүүгийн эх үүсвэр дутагдалтай нөхцөлд цэргүүд арилжааны үйл ажиллагаа эрхэлж, зэвсэг, техникээс аваад бүх зүйлээ худалдаалах болсон. Арми, зэвсэгт хүчний сахилга бат, нэр хүндийг дордуулсан тул ерөнхийлөгч Ельцин, батлан хамгаалахын сайд Грачев нарт туйлын хүндэтгэлгүй хандах болсон. Сайдын албан тушаалд иргэний хүн эсвэл генерал Александр Лебедь шиг цэргийн хүн ч томилогдож болох байсан. Арми, зэвсэг хүчний хэт улс төржсөн байдал нь ил тод, тунгалаг байдал дээшлэх, Думын зүгээс тавих хяналт сайжрах, зэвсэгт хүчний салбар дахь төрийн бодлогоор маргаан дэгдэх, Төв штабын үйл ажиллагааг цэргийн мэргэжилтнүүдэд даатгах зэрэг эерэг үр дүнг авчирсан байна. Өнөөгийн Орос улсад иргэний хяналтын механизм ЗХУ-ын үеэс дээрдсэн гэж үзэж болох юм.
Шинэ тулгар ардчилсан орнуудын цэрэг-иргэний харилцааны салбарт бий болсон дөрвөн үндсэн асуудлыг товч боловч дурдахыг хүсч байна. Армийн улс төрийн салбар дахь оролцоо, армийн хуучин дээд удирдлага, үүрэг, зорилтыг тодорхойлох, цэргийн шинэ техник нэвтрүүлж хөгжүүлэх зэрэг болно.
Юуны түрүүнд, шинэ тулгар ардчилсан гучаас дөч орчим улсад төрийн эргэлт гаргах оролдлого зохион байгуулагдсан гэдгийг дурдах байна. Аргентин, Филиппин, Испани, Грек зэрэг оронд цэргийн эргэлт хийх оролдлого нэг бус удаа гарчээ. Зарим нэг тохиолыг эс тооцвол Нигер, Судан, Гаити гэх мэт орнуудад төрийн эргэлт амжилтгүй дууссан байна. Ямар шалтгааны улмаас бүтэлгүйтэв гэдэг нь их сонирхолтой. Урьд бий болсон, харьцангуй тогтвортой, хүчирхэг армийн давхарга юуны улмаас ялагдал хүлээвээ? Бүх зүйл улсын эдийн засгийн хөгжлийн түвшин, модернизацийн үйл явцаас хамаарсан байна.
50-аад оноос 70-аад оны эхэн хүртэл үргэлжилсэн эдийн засгийн хөгжлийн үйл явц нь 70-аад оны дунд үеэс бий болсон ардчиллын бат нот үндсийг бүрдүүлжээ. Чухам эдийн засгийн хөгжлийн энэхүү үйл явц нь дээр дурдсан төрийн эргэлтүүд амжилгүй олоогүйн шалтгаан болжээ. Эдийн засгийн детерминизмийн үзэл санааг ул суурьтай сурталчлахгүй ч эдийн засгийн ашигтай зарим нэг үзүүлэлтийг дурдах байна. Цэргийн эргэлт бүтэлгүйтэх юм уу амжилт олохгүй байхад нөлөөлөх эдийн засгийн суурь үзүүлэлт гэж байна. Үүнд бид нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэр цохох байна. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1000 юм уу түүнээс дээш ам долларт хүрсэн оронд төрийн эргэлт хийх оролдлого амжилтгүй болдогт зүй тогтолтой. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 3000 болон түүнээс дээш ам долларт хүрсэн улсад төрийн эргэлт зохион байгуулах оролдлого огтоос гардаггүй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн 500 ам доллар болон түүнээс бага зарим улсад (Нигер, Судан Гаити) төрийн эргэлт амжилтад хүрсэн байна. Венесуэль дахь 1992 оны хоёр удаагийн төрийн эргэлт гэх мэт ардчилсан засгийн газрыг түлхэн унагах оролдлого нь эдийн засгийн хоцрогдмол байдлыг шууд үр дагавар болж байв. Энэ бол арга ядсан үйлдэл байлаа. Энэ бүх оролдлогын тэргүүнд дэд хурандаагаас дээш түвшний офицерууд зогсож байв. Филиппин, Аргентин, Венесуэль зэрэг орнуудад дэд хурандаа нар нэг бус удаа төрийн эргэлт хийх оролдлого гаргаж байв. Венесуэлийн дэд хурандаа нар 1992 оны хоёрдугаар сарын эргэлтийн дараагаар шоронгоос тунхаг гаргаж, засгийн газрын эсрэг хүчний үйл ажиллагааг өдөөж арваннэгдүгээр сард эргэлт хийжээ. Гэвч бүтэлтэй болж чадаагүй билээ. Хурандаа нарын эхлүүлсэн төрийн эргэлт гол төлөв ялагдлаар дуусч байлаа. Арми, штабын ямар удирдлага ерөнхийлөгчийн сэнтий зайдалсан хурандаад захирагдах юм бэ? Шинэ тулгар ардчилсан орнууд дахь цэргийн эргэлтийн аюул нь өөрсдийн хүчийг хэтэрхий өсгөлөн үнэлсэн байдагт оршино.
Хоёрдугаарт, цэргийн дэглэм сайн дурын үндсэн дээр нурж, иргэний засаглал тогтсон улсад цэргийнхэн улс төрийн эрхээ алдсан ч нийгмийн амьдралд хүчтэй хэвээр байдаг. Үүний тодорхой жишээ нь Турк, Өмнөд Солонгос, Никарагуа, Бразил, Чили улс юм. Нөгөө талаас, урьд байгаагүйгээр нэр нөлөө нь унах генерал Пиночет, Умбэрто Ортэго болон Бразилийн армийнханы эсрэг жишээ байна. Латин Америк тэргүүтэй бүс нутгийн орнуудад ардчилсан засгийн газар аажим боловч төсөв санхүү, боловсон хүчин, армийн салбарт эрх мэдлээ бататгаж байна. Зэвсэгт хүчний эрх ямбыг халж, цэргийн албан хаагчдыг ердийн хуулинд захируулах болсон.  Зэвсэгт хүчнээ цомхотгох шаардлага хүчтэй болж байгаагаас гадна армийнхан засаг төрийн эрхэнд гарах нөхцөл, боломжийг хааж байна. Гэвч генерал Мануэл Контрэрас, Пэдро Эспиноза нарын оролцсон Чили дахь хэрэг явдлаас үзэхэд шинэ тулгар ардчилсан засгийн газар “шүүх, яллах” юм уу “уучлал үзүүлэх, мартах”-ын тухайд шүүхгүй, яллахгүй, уучлал үзүүлэхгүй, хамгийн гол нь, мартахгүй байх зарчим баримтлаасай гэж хүсэх байна[7].
Шинэ зорилтын тухай асуудал
Цэргийн оролцооны аюул улс төрийн хувьд бүрэн төлөвшиж чадаагүй зэвсэгт хүчинд үүсдэг. Армийн эрх ямба улс төрийн хувьд бүрэн төлөвшлөө олсон зэвсэгт хүчинд ч үүсэх тохиолдол байна. Чиг үүрэг, зорилттой холбоотойгоор үүсэх гурав дахь асуудал нь хүйтэн дайны дараагаас дэлхий дахин бүхэлдээ цэрэгжих болсонтой холбоотой. Бүс нутгийн зорилтыг шийдвэрлэхэд тэргүүн зэрэгтэй оролцох ёстой гэж өөрсдийгөө үзэж буй Орос, АНУ, Хятад гэх мэт их гүрнүүдийн хувьд энэ нь хүндхэн асуудал болж байна. Цэргийн эргэлт гарсаар буй бага буурай орнуудын хувьд чиг үүрэг, зорилтын асуудал чухалчлагдсан хэвээр байна. Хэрэв ардчилах үйл явц дэлхий дахинаа өргөжин тэлбэл ардчилсан орнуудын дунд дайн гарах магадлал буурна. Аргентинд засаг төрийн эрхэнд цэргийнхэн гарсан учир ардчилсан Их Британи, юм уу Чили улстай хилийн асуудлаас үүдэн дайтаж байлаа. Өнөөдөр эдгээр орнуудад ардчилал тогтож, нөхөрсөг харилцаа үүсчээ. Энэ нөхцөлд Аргентин улсын зэвсэг хүчин ямар чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой вэ? Дэлхий дахинаа энх тайвныг бататган бэхжүүлэхэд үйлсэд ашиглах байдлаар уг асуудлыг шийдвэрлэж болно. Аргентин улсын арми Персийн булан, Хорват, Камбож, Ангол, Марокко, Синайн хойгт энэ үүргээ амжилттай хэрэгжүүлсэн. Бусад улс ч энэ чиглэлд армиа шинэчилж байна. Мэдээж хэрэг, энх тайвныг бататган бэхжүүлэх нь дайн явуулахаас ялгаатай. Гэхдээ дайн үүссэн тохиолдолд тухайн бүс нутаг, оронд зэвсэгт хүчнээ байршуулах нөхцөлийг үүсгэнэ. Цэргийн хамтын ажиллагааны хүрээнд шинэ эвсэлд армиа оролцуулах нь зэвсэгт хүчний илүү мэргэшсэн, бүтээлч байдалд шилжүүлэх болно. Үүнээс гадна, армийн уламжлалт зорилтоос ялгаатай өөр нэг үйл ажиллагааны хүрээ байна. Энэ бол зэвсэгт хүчнээ хар тамхи, гэмт хэрэг, дотоодын үймээн самуунтай хийх тэмцэлд ашиглах явдал юм. Зэвсэгт хүчнээ мэргэшсэн болгох замаар дээрх зорилтыг шийдвэрлэсэн тохиолдол байна (Орос, Иран зэрэгт).
Дөрөвдүгээрт, бүх нийтийн дайчилгаа шаардсан дэлхий нийтийг хамарсан дайн үүсэх магадлал буурч, зэвсэгт хүчний шинэ техник өргөжин хөгжих болсон нь шинэ тулгар болон хуучны ардчилсан тэрчлэн дарангуй дэглэмтэй улсуудын нийгэм, зэвсэг хүчний харьцаанд өөрчлөлт оруулж байна. Бүх нийтийн цэргийн татлагын журам аажим боловч халагдаж байна. Испани, Герман, Орос зэрэг улсад зэвсэгт хүчний тэн хагас нь армид алба хаахаа больжээ. Төв болон Дорнод Европын бараг бүх улсад армид алба хаах хугацаа хорогдсон байна. Бельгид цэрэг татлагыг халсан бол Венесуэль, Аргентин, Өмнөд Африкт халж байна. Оросын армийн удирдлага хүртэл мэргэшсэн алба бий болгох арга замыг сүвэгчилж байна. Францын хувьсгалаас үүдэлтэй бүх нийтийн цэргийн дайчилгааны үе улиран одож байна. Цэрэг, иргэн, арми, ард түмэн хамтран ажиллах эрин үе айсуй гэж үзэж болох юм. Ардчиллын зарим онолчид хамтын ажиллагаа дээд цэгтээ хүрлээ хэмээн тунхаглаж байна. Жефферсоны үгээр “иргэн бүр цэрэг, цэрэг бүр иргэн” болж байна. Энэ байдал нь өөрөө ардчилсан нийгэм дэх цэрэг-иргэний харилцааг шинэтгэн тогтоох байдалд хүргэж байна.
Шинэ тулгар ардчилсан орнуудад цэрэг-иргэний салбарт ирээдүйд үүсэж болох асуудал армитай гэхээсээ илүүтэйгээр иргэний хяналттай холбоотойгоор өрнөх болно. Энэ нь эдийн засгийн хөгжлийг бий болгож, хууль ёс, дэг журмыг хангаж чадахгүй байх ардчилсан засгийн газрын чадваргүй байдалтай холбогдоно. Улс төрийн институтын сул байдал, Перу дахь Албэрто Фухимори тэрчлэн Борис Ельцин, Лех Валенса нарын холын бодлоготой улс төрчдийн өөрийн зорилгоо хэрэгжүүлэхэд цэргийнхнийг татан оролцуулах гэсэн оролдлого энэ бүхний үндэс болно. Шинэ тулгар ардчилсан орнууд бусад асуудлаасаа илүүтэйгээр цэрэг-иргэний харилцааг шинэтгэн сайжруулахад амжилт олж байгаа нь үнэн билээ. Энэ амжилтаа хэр зэрэг бататгаж чадахаас арми төдийгүй нийгмийн өмнө тулгарч буй олон хүндрэлийг даван туулах боломж шалтгаалах болно (Huntington, October 1995, pp. 9-17).

Орчуулгын эх сурвалж

Huntington, S. P. (October 1995). Armed Forces and Democracy: Reforming Civil-Military Relations. Journal of Democracy, Volume 6(Number 4).

МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn



[1] Samuel P.Huntington, The Soldier and the State: The Theory and Politics of Civil-Military Relations /Cambridge: Harvard University Press, 1957/, 83-85.
[2] Robert Arnett, "Russia After the Crisis: Can Civilians Control the Military?" Orbis 38 (Winter 1994): 50.

[3] Anton Bebler, "On the Evolution of Civil-Military Relations in Eastern and Central Europe," Inter-University Seminar Newsletter 23 (Fall 1994): 9
[4] Alfred Stepan, "The New Military Professionalism of Internal Warfare and Military Role Expansion," в кн. под редакцией Stepan Authoritarian Brazil: Origins, Policies and Future (New Haven: Yale University Press, 1973), 47-65.
[5] Alfred Stepan, The Military in Politics: Changing Patterns in Brazil (Princeton: Princeton University Press, 1971), 253-66; Stepan, Rethinking Military Politics: Brazil and the Southern Cone (Princeton: Princeton University Press, 1988), 30ff.

[6] Benjamin S.Lambeth, "Russia's Wounded Military," Foreign Affairs 74 (March-April 1995): 86ff.
[7] Samuel P.Huntington, The Third Wave: Democratization in the Late Twentieth

Wednesday, August 14, 2019

УЛС ТӨРИЙН ГҮН УХААНТАН ЛЕО ШТРАУС

Лео Штраус

Герман хэлнээ
 Leo Strauss

Мэндэлсэн он
1899 оны есдүгээр сарын 20
Мэндэлсэн газар
Герман улс, Кирххайн
Бие барсан он
1973 оны аравдугаар сарын 18, (74 нас)
Бие барсан газар
АНУ, Аннаполис
Харьяалал
АНУ
Эрдмийн зэрэг
Докторын зэрэг
Альма-матер
·         Хамбургийн Их Сургууль
·         Фрайбургийн Их Сургууль
·         Марбургийн Их Сургууль
·         Колумбын Их Сургууль
Дэг сургууль
Консерватизм, платонизм
Чиглэл
Өрнө Дахины философи
Цаг үе
XX зууны философи
Үндсэн сонирхол
Метафикик, нигилизм, Еврейн гүн ухаан
Нөлөө үзүүлсэн хүмүүс
Платон, Хайдэггэр,Мартин, Бэнедикт Спиноза
Лео Штраус (Герман хэлнээ:  Leo Strauss; 1899 оны есдүгээр сарын 20  — 1973 оны аравдугаар сарын 18) — Герман-Америкийн улс төрийн философич, улс төрийн философийн түүхч, соёл судлаач нэгэн. Чикаго Их Сургуульд ажиллаж, улстөрийн сэтгэлгээний түүхээр лекц уншиж байсан.
Цадаг намтар
Балчир нас
Лео Штраус Марбург хотноо Еврей гэр бүлд мэндэлсэн. Марбургийн Их Сургуулийн дэргэдэх гимназид суралцсан. Дэлхийн нэгдүгээр дайны үед эзлэгдсэн Бельгид Германы армийн орчуулагчаар ажиллаж байсан.
Дайны дараагаас Марбург, Франкфурт-на-Майн, Берлин, Хамбург хотуудад суралцсан. Гүн ухаан, математик, байгалийн ухаан судалсан. Эдмунд Гуссерль, Мартин Хайдэггэр нарын лекцийг сонсож байсан. Хамбургийн их сургуульд 1921 онд магистр, 1925 онд докторын зэрэг горилсон.
1925-1932 онуудад Берлин хотноо Еврей Судалгааны Академид ажилласан. Өгүүлэн буй үед түүний үзэл санаанд Карл Шмитт онцгой нөлөө үзүүлсэн байх бөгөөд Шмиттийн туслалцаатайгаар 1932 онд Лео Штраус Рокфеллерын нэрэмжит тэтгэлэг хүртсэн байна.
Франц улс
1932 онд Герман улсыг орхиж, Париж хотноо хүрэлцэн ирж, Мириам Бэрнзон авхайтай урагласан байна.
Их Британ улс
1934 онд Их Британи улсыг зорьсон байна. Зарим үе Кэмбрижийн Их Сургуульд ажиллаж байжээ.
АНУ
1937 онд АНУ-д хүрэлцэн ирсэн. 1938-1948 онуудад Нью-Йорк хот дахь Нийгмийн Судалгааны Шинэ Сургуульд улстөр судлалын багшаар ажилласан байна. Германид үлдсэн түүний бүх төрөл төрөгсөд 1942 онд бөөнөөр хорих лагерьт үхсэн юм. 1949-1967 онуудад Чикаго Их Сургуулийн улс төрийн философийн тэнхимийг толгойлсон байна. 1968-1969 онуудад Калифорни дахь Клермонтоны Эрэгтэйчүүдийн Коллеж, 1969-1973 онуудад Аннаполис дахь Ариун Жоны нэрэмжит Коллежид тус тус багшилсан байна.
Улстөрийн философи
Үзэл санаа, онол
Хуго Хроций, Жон Локк нарын хөгжүүлсэн жам ёсны эрхийн сургаалыг шинэ агуулгаар баяжуулсан байна. Хүний эрх, эрх чөлөө түүний төрмөл шинж чанараар баталгаажина. Хүн төрөлхийн эрх чөлөөт амьтан мөн.
Неоконсерватизм
Лео Штраусыг неоконсерватизмын гүн ухааныг үндэслэгч гэж үздэг байна. Эртний Грек-Ромын их сэтгэгч болох Сократ, Платон, Аристотель нарын үзэл санаан дээр тулгуурлан неоконсерватизмын философийн үндсийг томьёолсон байна. Мөн тэрээр Макиавэлли, Хайдэггэр нарын үзлийг шүүмжлэхийн зэрэгцээ Бэлла, Глэзера (Nathan Glazer), Хоува (Irving Hove), Ирвинг Кристол нарын сургаалыг хөгжүүлсэн юм. Йелийн Их Сургуулийн профессор Стивэн Смит «Лео Штраус нь неоконсерватист үзэлтэн байгаагүй вм. Тэрээр либерал ардчиллын онолыг хөгжүүлэгч нэгэн байв. Улстөрийг баруун, зүүний алинаар нь ч бус, гагцхүү дээрээс хардаг байлаа» хэмээн бичжээ.
Шавь нар
·         Алан Блум
·         Пол Эйдельберг
·         en:Harry V. Jaffa
·         Пол Вулфовиц
·         Абрам Шульски

МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn