Monday, January 22, 2018

БҮХ ЦАГ ҮЕД НИЙЦТЭЙ АРДЧИЛАЛ БАЙХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Ардчилал сэтгүүлийн эрхлэгч, Гувер хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Лэрри Даймонд
Ардчиллын мөн чанар
Салливан: Өглөөний мэнд. Намайг Жон Салливан гэдэг. Би Олон Улсын Үйлдвэр, Худалдаа Эрхлэгчдийн Төвийн ажилтан байна. Манай өнөөдрийн ярилцлагын зочин бол «Ардчиллын мөн чанар» номын зохиогч, Стэнфордийн Их Сургуулийн дэргэдэх Гувер хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан ноён Лэрри Даймонд байх болно. Ардчиллын төлөөх дэлхийн хөдөлгөөний тав дахь удаагийн чуулганд Киев хотноо хамтран оролцож байгаагийн хувьд ноён Лэрри Даймонд  «Ардчилал сэтгүүл»-ийн ерөнхий эрхлэгч гэдгийг нэмж дурдах байна.
Ярианы явцад «Ардчиллын мөн чанар» номын үндсэн санаа, судалгаанд голчлон төвлөрөх байх гэдэгт найдна. Ноён Лэрри таны номын эхэнд дурдсан санаа миний анхаарлыг ихэд татаж байгааг хэлэх байна. Юуны түрүүнд, ардчилал бүх дэлхийд тогтох боломж байна уу, бүх улсыг ардчилсан болгох ирээдүй байна уу, ямар дүгнэлтэд хүрэв гэсэн асуултад танаас хариулт авахыг хүсч байна.
Бүх дэлхийд ардчилал тогтох боломжтой юу?
Лэрри Даймонд: Миний дүгнэлт бол тийм, бүх дэлхийд ардчилал тогтох боломжтой. Яагаад тэр вэ? Миний бие номондоо бичсэн байгаа. Гучин жилийн өмнө улс орнуудын дөрөвний нэг нь л ардчилсан (Чөлөөт, ардчилсан сонгууль явуулж чадах л орныг ардчилсан гэж үзсэн) гэж тооцогдож байлаа. Гэтэл өнөөдөр тэдгээрийн тоо далан хувь болтлоо өссөн. Эдгээр орны дотор хүн амын олонх нь исламын шүтлэг бүхий Индонези, Сенегал гэх мэт улс ч байна. Пакистан улс л гэхэд ардчиллыг сэргээн тогтоосон байх жишээтэй. Ардчилсан орнуудын дотор нэн ядуу улс байгааг дурдах хэрэгтэй. Дэлхийн нэн ядуу улсын дөч орчим хувьд засаглалын ардчилсан хэлбэрийг тогтоосон. Урьд өмнө хэзээ ч ийм байдал үүсч байсангүй. Эдгээр орнуудад маш сайхан хэтийн төлөв ажиглагдаж байна.
Исламын шашин, ардчилал хамт байх бололцоотой юу?
Салливан: Исламын шүтлэг ардчилалтай нийцэхгүй гэх үзэл бодлыг та хүлээн зөвшөөрч чадах уу?
Лэрри Даймонд: Үгүй шүү. Ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрч чадахгүй. Ямар учраас тэр вэ? Өнөөдрийн байдлаар хүн амын олонх нь исламын шашин шүтдэг дөчин гурван орон арабын ертөнцөд оршин байна. Тэдгээрийн хорин хоёр нь Арабын улсуудын холбоонд багтдаг бол үлдсэн хорин нэгэн орон ордоггүй. Энэ хорин нэгэн улсад ардчиллын арвин туршлага байна. Тэр байтугай «Эрх чөлөөний ордон» байгууллагын үнэлгээгээр эдгээр орнууд дахь эрх чөлөөний төвшин харьцангуй өндөр байгаа нь тогтоогдсон.
Хүн амын олонх нь исламын шашин шүтэх Сенегал, Индонези, Мали гэх мэт орнуудад ардчилсан засаглал тогтоод 10 гаруй жил болжээ. Исламын шашин шүтэх Пакистан, Бангладеш мэтийн орнуудад ардчиллын туршлага хуримтлагдаж, ардчилсан төрийн тогтолцоонд эргэн орох хандлага ажиглагдаж байна.
Үүний зэрэгцээ арабын ерөнцөд шашин шүтлэгээс илүүтэйгээр санаа зовоосон асуудал мундахгүй их байгааг дурдах хэрэгтэй. Энэ хэсэгт изриайль-палестины зөрчлийн зэрэгцээ нефтийн олборлолттой холбоо бүхий асуудал ч үүсч байна. Дэлхий дахинаа нефт, хийн экспортоос орлого олох хорин гурван улс байх бөгөөд тэдгээрийн алинд нь ч өнөөдрийн байдлаар ардчилал тогтож чадаагүй байна.
Хятадын загвар: Ардчиллын эсрэг сонголт мөн үү?
Салливан: Ардчилах үйл явц огт үүсвэрлээгүй юм уу бий болоогүй гэж олон хүмүүсийн үзэх өөр бүс нутагт анхаарлаа хандуулья. Энэ бол Зүүн-Өмнөд Ази, тэр дундаа Хятадын тухай яриа юм л даа. Зарим нэг оронд ардчиллын эсрэг загвар нь авторитари капитализм мөн гэх яриа байх юм. Энэ талаарх таны бодол санааг сонирхвол?
Лэрри Даймонд: Таны зөв л дөө, эдийн засгийн хурдацтай хөгжлөөрөө дэлхий дахиныг гайхшаруулж буй манай гарагийн хамгийн том улсад энэ загвар оршин байна. Өнөөдрийн өнцгөөс харахад үнэхээр ардчиллын эсрэг загвар гэж тооцож болохуйц байна. Гэхдээ уг загвар хэр урт хугацаанд оршин тогтнох вэ гэдэг туйлын хэцүү асуулт юм. Миний бие номондоо бичсэн байгаа. Гучин жилийн дараа Энэтхэг улс өнөөдрийнх шиг үндсэн хуулиндаа тунхагласан ардчилсан тогтолцоог ямар нэгэн хэмжээгээр хадгалж үлдэх нь ойлгомжтой. Магадгүй, сайжруулах, төгөлдөржүүлэх зорилготой ямар нэгэн алхам хийж болно. Гэхдээ л Энэтхэг улс хууль ёсонд суурилсан холбооны ардчилсан улс хэвээр үлдэх нь эргэлзээгүй.
Тэгвэл Хятадын хувьд ямар байх болоо? Төрийн байгууллагууд нь улсаа удирдах, үзэл бодлоо чөлөөтэй, шударгаар илэрхийлэх боломж иргэддээ олгодоггүй өнөөгийн тогтолцооноос арай л өөр улс төрийн систем байх болов уу. Өөрөөр хэлбэл, боловсролын төвшин дээшилж, өөрийгөө зохион байгуулах бололцоо нээгдэхийн хэрээр Хятадын ард түмэн засаг төрийн өнөөгийн таагүй байдалд сэтгэл ханамж дундуур байх болно. Ингэхлээр, өөрчлөлт үүсэх нь гарцаагүй. Хятадын хувьд хоёр зам байна. Нэгт, Хятад улс эрх чөлөө, үндсэн хуульт ёс, нийгэм дэх хууль ёсны эрх мэдлийг бататгах чиглэлээр хувьсан өөрчлөгдөж болно. Хоёрт, коммунист дэглэмийг унагахад хүргэсэн нийгмийн тэсрэлт бий болох нь зайлшгүй.
Хятадад үүсч буй өөрчлөлтүүд
Салливан: Манай төвийн шууд оролцоотойгоор Хятадад бие даасан үйлдвэр эрхлэгчид болон иргэний нийгмийн бусад байгууллага үүсэхэд хүргэж буй өөрчлөлтийг та хэрхэн үзэж байна вэ?
Магадгүй, таны хэлээд байгаа өөрчлөлтийг эдгээр байгууллага хэрэгжүүлэх бололцоотой юм биш биз?
Лэрри Даймонд: Эдгээр байгууллагыг өөрчлөлтийн ирмэгт тулж ирсэн гэж үзэж болох юм. Зэн Зэминь даргын залгамжлагчид болох капиталист ангийн төлөөлөгчид эв хамт намд элсэн орж, дэглэмдээ захирагдан, дуулгавартай зарц байхыг эрхэмлэх болсон. Гэхдээ миний хувьд Хятадад ажиллаж байх хугацаандаа огт өөр дүр зургийг харсан. Хятадад маш олон үйлдвэр худалдаа эрхлэгчид байдгийг бид мэднэ. Гэхдээ тэдний хуруу дарам цөөхөн хэд нь томоохон үйлдвэр эрхлэгчид байна. Ихэнхдээ улс орны нийгэм-эдийн засгийн амьдралыг нээлттэй, чөлөөтэй болгохын зэрэгцээ төрийн хүчирхийлэл, дарамтаас ангид байхыг эрмэлзсэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид байдаг. Хэрэв эдгээр хүмүүс нөөц, боломжоо ашиглаж чадвал тэдэнд асар их бололцоо байна.
Үүний зэрэгцээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, их сургууль, тэр байтугай Бээжин хотын намын сургууль гэх мэт намын дээд сургууль зэрэг оюун санааны амьдрал дахь олон ургальч санаа бодол иргэний нийгмийн бүрдүүлбэр бий болгоход хүргэж байна. Хүний эрхийн болон шашны байгууллагын эс тооцлоо гэхэд хүрээлэн буй орчноо хамгаалахад чиглэсэн маш олон байгууллага, хөдөлгөөн байна. Энэ бүгд нийлээд хэзээ нэгэн цагт, бидний төсөөлж ч чадахгүй нөхцөл бүрдсэн үед ардчилсан өөрчлөлтийг үүсгэгч чухал хүчин зүйл байж Хятад улсыг ардчилсан орон болгоно гэдэгт би хувьдаа итгэдэг.
Ардчилал өнөө үед уналтад орсон уу?
Салливан: Лэрри бидний яриа өндөрлөх тийшээ хандаж байгаа ч отголсон бас нэг асуулт байх юм. Та бол ардчиллын гурав дахь давалгаа дуусч байгаа гэж үздэг эрдэмтдийн нэг. Өнөөдөр арчиллын урхалтын давалгаа үүссэн гэж үзэх үндэслэл байна уу? Хэрэв байгаа бол “Ардчиллын мөн чанар” номд тодорхойлсон ардчилсан ертөнц яах болоо?
Лэрри Даймонд: Энэ зүйл ганц цагийн дотор бий болохгүй л дээ. Би оюутнууддаа хэлдэг. Ийм өдөр удахгүй ирнэ гэж. Гэхдээ энэ өдөр бүх улс ардчилсан болсон тэр цагт ирнэ. Өнөөдөр ийм хандлага ажиглагдаж байна. Ардчилсан орнуудын тоо өсч байгаа төдийгүй ардчиллыг сэргээн тогтоосон хөгжиж буй орнуудад уг үнэт зүйл бэхжих хандлагатай байгаа нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байна. Тухайлбал, Бразил, Мексик, Чили, Аргентин мэтийн Латин Америкийн орнуудыг өнөөдрийг төвшинд хүрнэ гэж хэн бодож чадахаар байсан юм бэ! Латин Америк бүхэлдээ цэргийн дарангуйлагчдын атганд орчихсон дүр зураг л харагдаж байсан биз дээ. Солонгосыг дурдая. Энэ улс бүхий л цаг үедээ байгаагүй хамгийн тогтвортой ардчиллын үедээ байна. Ардчилал маш сайн хөгжсөн гэх нөлөө бүхий исламын шүтлэгт орон Индонезийг бас дурдмаар байна.
Тогтвортой эдийн засгийн өсөлт, эдийн засгийн бүтэц, төрийн байгууллагын шинэтгэл, үзэл бодлын өөрчлөлт, даяарчлал зэрэг үйл явц үргэлжилсэн сүүлийн хэдэн арван жилд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжин ардчилсан үзэл санаа, үнэт зүйл бүх дэлхийд түгэх болсон.
Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд олон улсын хэм хэмжээ, харти, гэрээнүүдэд энэ хандлага хүчтэй ажиглагдах болсон. Саяхан батлагдсан «Ардчиллын хамтын ажиллагаа» баримтыг энд дурдмаар байна. Гэхдээ илүү анхааралтай ажиглавал Америкийн улсуудын байгууллага, Африкийн холбооноос гаргасан баримтад ардчиллын хэм хэмжээг түлхүү тусгаж байгааг харж болно. Орос дахь ерөнхийлөгч Путины засгийн газар мэтийн хамгийн хатуу авторитари засгийн газрууд хүртэл Өрнөдийн оролдлогыг сайшаан дэмжиж, өөрийн дарангуйллыг ардчилал нэрэн дор халхалж байх жишээтэй. Энд бүгдээс үзэхэд ардчилал дэлхий дахины жинэхэнэ ардач шинжэй, цорын ганц нийцтэй засаглал болох нь илэрхий байна.
Энэ бол бидний итгэл найдварын шинж юм. Хэрвээ бид эрүүл саруул сэтгэлгээгээ алдахгүй бол, хэрвээ манай олон улсын хамтын нийгэмлэг урьдын адил энх тайвныг эрхэмлэж, дэлхийн улс орнуудад ардчиллын тогтоохын төлөө тууштай байж, удирдлагын ардчилсан хэм хэмжээг үйл ажиллагааны янз бүрийн хүрээнд дэлгэрүүлэхийг эрмэлзсээр байх юм бол, хэрвээ бид бүхэн хамтдаа хөгжлийн ардчилсан замыг сонгож буй орнуудыг дэмжиж, шинэтгэлийн явцад нь эрч хүч нэмж чадвал, хэрвээ бид дээрх бүгдийг тууштай хийж чадвал ирээдүйг маш сайхнаар харах үндэслэл надад хангалттай байна.
Салливан: Баярлалаа, Лэрри.
Лэрри Даймонд: Танд баярлалаа, Жон (Салливан, 2008).

Эх сурвалж

Салливан, Д. (2008, April 6). Демократия для всех: Возможно ли это? Ларри Даймонд. Старший научный сотрудник Гуверовского института, учредитель и соредактор «Журнала демократии». Retrieved January 23, 2018, from http://www.developmentinstitute.org/wp-content/uploads/2015/05/diamond_democracy_script_ru.pdf


МОНГОЛ ХЭЛНЭЭ УТГАЧИЛСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

Monday, January 8, 2018

ЛЕКЦ № 8. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА

Олон улсын харилцаа нь улс орон, ард түмнүүдийн хоорондын улс төр, эдийн засаг, соёл, цэрэг дайны, гадаад харилцаа гэх мэт үйл ажиллагааны олон хүрээн дэх харилцаа, холбоог нийтэд нь хэлнэ.
Дэлхийн улс төрийн үйл явц нь олон улсын харилцааны хөгжилд нөлөөлөх чухал хүчин зүйл юм. Өөрөөр хэлбэл олон улсын харилцаа хэмээгч нь дэлхийн улс төрийн үйл явц өрнөх орон зай мөн.
Улс төрийн шинжлэх ухаан буюу улс төр судлалын хүрээнд олон улсын харилцааны асуудлыг судлахад улс төрийн газар зүй, геополитик гэсэн үзэл санааны урсгал чиглэлийг  авч үзэх хэрэгтэй болдог.
Геополитикийн ухаан цаг хугацааны хувьд улс төрийн газар зүйгээс салбарлан хөгжсөн байдаг.
Улс төрийн газар зүй нь төрийг тооны үзүүлэлтүүдээр тодорхойлон, түүний хөгжлийн явцад урд нь гарсан өөрчлөлтүүдийг судалдаг. Харин геополитик нь төрийн оршин тогтнож буй бодот нөхцөл байдлыг үнэлэн цэгнэдэг. Улс төрийн газарзүй нь ерөнхийдөө газар зүйн тал нь давамгайлж, газар зүйн үзэгдлүүдэд ач холбогдол өгч түүнд улс төрийн тайлбар хийдэг. Гэтэл геополитик улс төрийн бодлогод голлон анхаарч улс төрийн үзэгдэлд газар зүйн үүднээс тайлбар хийхийг зорьдог байна (см.: Поздняков. Э. А. Геополитика М., 1995г. С. 37-42).
Геополитикийн ухаан гэж чухам ямар зүйлийг судлах ухаан бэ гэдэгт өнөөдрийг хүртэл эрдэмтэн судлаачид маргалдсаар байна. Нэг хэсэг нь төрийг амьд организм гэж үзэх, түүнд энэ үүднээс хандаж судлах шинжлэх ухааныг геополитик гэж тодорхойлох органик хандлагыг баримталдаг. Гэтэл өөр нэг хэсэг эрдэмтэд аливаа төр улс гадаад улс төрийн бодлогыг боловсруулахад газар зүйн, хүн ам зүйн, экологийн болон бусад хүчин зүйлсийг тухайн үйл явцад хэрхэн нөлөөлж байгааг судлах шинжлэх ухаан мөн гэсэн инструменталь хандлагыг баримталдаг байна.
Юутай ч геополитикийн ухааны үүсэл хөгжлийн үйл явцад үзэл санааны анхдагч хэлбэр болж газар зүйн детерминизмийн үзэл санаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл геополитикийн ухааныг сурвалжлан судлахад газар зүйн детерминизм онцгой нөлөөтэй гэсэн санаа юм.
Газар зүйн детерминизм нь нийгмийн амьдралын үзэгдэл, улс төрийн хөгжлийг тухайн улс орон буюу бүс нутгийн газар зүйн төлөв байдал, байгалийн өвөрмөц онцлогтой нь нарийн шүтэлцээнд авч үзэх, судлах үзэл баримтлал юм. Энэ үзэл баримтлал түүхийн нэн эрт үед бий болсон байна. Байгаль, нийгмийн харилцан нөлөөллийн тухай янз бүрийн үзэл санаа энэ сургаал номлол, урсгал чиглэлийн хүрээнд судлагддаг болно.
Газар зүйн детерминизмийн ухааныг үндэслэгч нь Милет газрын Гекати (МЭӨ 546-480 онууд) болно. Тэрээр “Дэлхий дахиныг шинжлэн судлахуй” нэртэй бүтээл гаргасан бөгөөд өнөөгийн байдлаар уг бүтээлийн ердөө 300 орчим тасархай хуудас бидний үе хүртэл хадгалагдан үлджээ. Гекати эрхмийн зэрэгцээ түүхийн ухааны эцэг хэмээгдсэн суут Хэродит (МЭӨ 484-425 онууд), анагаах ухааны эцэг Хиппократ (МЭӨ 460-377 онууд) нар газар зүйн детерминизмийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулжээ. Хиппократ “.....хүмүүсийн зан суртахуун, хэлбэрийн нэлээдгүй хэсэг нь тухайн орны байгаль, цаг уурын тусгал байдаг” гэж бичжээ.
Газар зүйн детерминизмийн асуудалд эртний Грегийн суут сэтгэгч Аристотель онцгой ихээр анхаарсан байдаг. Түүний үзснээр улс төрийн бүтэц, улс төрийн байгууллын уг үндэс нь байгаль, цаг уурын орчинд суурилсан байдаг ба энэ ч утгаараа нэг ард түмний хувьд деспоти засаглал нийцтэй байхад бусад ард түмэн, үндэстний хувьд эзэн хааны эсвэл полити төрийн хэлбэр нийцтэй байдаг аж.
Төр улсын анхны геополитик тодорхойлолтыг Страбон (МЭӨ 64-МЭ 24 онууд) “Газар зүй” бүтээлдээ тусгасан байна.
Эртний Грег-Ромын газар зүйн детерминизмийн үзэл санаа Сэргэн мандалт болон Шинэ үеийн сургаал, номлолуудад түүчээлэн тусгагдсан байдаг. Газар зүйн их нээлтүүд нь газар зүйн детерминизмийн хөгжилд хүчирхэг нөлөө үзүүлсэн байна. Өгүүлэн буй үед дэлхийн хэмжээний газар нутгийн зураг анх удаа зохиогдсон байдаг. Мөн 1494 онд Испани, Португали улсуудын хооронд колонийн эзэмшил нутгаа хуваах Тордесилийн гэрээ байгуулагджээ. Энэхүү гэрээнд хоёр туйлийг оролцуулан нийт Атлантын далайн эрэг дагуух 370 лиг буюу 2000 км үргэлжилсэн зурвасыг тогтоосон бөгөөд зурвасын зүүн тал нь Португалийн, харин баруун тал нь Испанийн эзэмшил гэдгийг зааж өгчээ. Энэ гэрээ 300 жилийн дараа 1777 онд цуцлагдсан байна.
Энэ үеийн газар зүйн детерминизмийн нэлээд томоохон төлөөлөгч нь Францын эрдэмтэн Ж. Бодэн (1530-1596 онууд) болно. Төр улсууд, тэдгээрийн өөрчлөлтийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийн нэг нь байгаль орчин мөн гэж Бодэн үзжээ. Ийнхүү тэрээр эртний Грег-Ромын эрдэмтдийн үзэл санааг сэргээн хөгжүүлсэн Европын анхны эрдэмтэн судлаачдын тоонд зүй ёсоор ордог.
Францын өөр нэг эрдэмтэн Ш. Л. Монтэскье Аристотель, Бодэн нарын төсөөллүүд дээр тулгуурлан антропо-газар зүйн үзэл баримтлалыг хөгжүүлжээ.  Хэнри Бокль (1821-1862 онууд) XIX зууны дунд үеийн газар зүйн детерминизмийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан байна. Тэрээр аливаа ард түмэн үндэстний түүх тухайн ард түмэн, үндэстний газар нутгийн онцлогоор бүтээгдэнэ гэх үзлийн хөгжүүлжээ. Үүнийхээ нотолгоо болгож БокльАнглийн соёл иргэншлийн түүх” нэртэй алдарт бүтээлээ туурвижээ.
Газар зүйн детерминизмийн төлөөлөгчид хожим геополитикийн ухааны суурь үндэс болсон онолын нэгэн чухал санааг гаргасан байдаг. Энэ нь нийгэм улс төрийн хөгжил, улс төрийн бодлогод байгалийн орчин, газар зүйн хүчин зүйл нөлөөлөх тухай, улс орны хүчин чадалд байгалийн баялаг, газар зүйн орчин нөлөөлөх тухай үзэл санаа юм.
Газар зүйн детерминизмийн үзэл санаа чанарын шинэ шатан хувьсан өөрчлөгдөх эхлэлийг тавьсан хүн бол Германы угсаатан зүйч, газар зүйч Фридрих Ратцэл (1844-1904 онууд) юм. Хэдийгээр геополитик гэсэн үгийг хэрэглээгүй боловч түүний энэ ухааны эцэг гэж нэрлэх тохиолдол байдаг. Ф. Ратцэлийн гол бүтээл нь “Улс төрийн газар зүй” (1897 он) хэмээх зохиол юм.
Ратцэл төр улс хэмээгч нь хөрсөнд суурилсан амьд организм юм гэжээ. Түүхийн хөгжил нь хөрс, газар нутгаар тодорхойлогдсон байдаг. Орон зай гэдэг нь ард түмнүүдийн өсөлт, тэлэлт явагдах байгалийн тодорхой хил хязгаар юм. Тийм ч учраас аливаа ард түмний хувь заяанд газар нутгийн хэмжээ онцгой нөлөөтэй байдаг. Төр улс агуу хүчирхэг гүрэн болохын тулд 5 сая км2 –аас багагүй газар нутагтай байх ёстой. Улс орны хэвийн хөгжилд оршин суугчдынх нь газар зүй, хүн ам зүй, угсаатан соёлын шинжүүд нийцтэй байх явдал туйлын чухал болно.
Германы онолч Ратцэл төрийн хөгжлийн долоон хуулийг өөрөөр хэлбэл төр улсын орон зайн өсөлтийн хуулийг нээн илрүүлсэн байдаг. Төр улсын хүчин чадал тухайн улсын соёлын хөгжилтэй холбоотой бөгөөд газар нутгийн механик өсөлт бага нөлөөтэй гэсэн санааг гаргасан.
Ард түмний хүчин чадлын эх үндэс далай тэнгис болох нь” (1901 он) бүтээлдээ Ратцэл хүн төрөлхтөний түүхийн хөгжилд далай тэнгис хэрхэн нөлөөлөхийг авч үзсэн байна.
Геополитик” хэмээх нэр томъёог шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан хүн бол Шведийн эрдэмтэн, Хетеоборгийн болон Упсалийн их сургуулийн профессор Р. Чэллэн (1864-1920 онууд) болно. Үүнээс гадна тэрээр улс төрийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож, Риксдагийн депутат байхын зэрэгцээ Германфил (Германы соёлыг бишрэн шүтэх үзэл санаа., зохиогчийн тайлбар) үзэл санааг хөгжүүлж байв. “Төр улс амьдралын хэлбэр болох нь” (1916 он) бүтээл гаргаж, түүндээ төрийг амьд организм гэж үзсэн байна. Төр улсын амьдрах, оршин тогтнох мөчлөгийг судлах явцдаа газар зүйн хүчин зүйлсийг хүн ам зүйн потенциал, нийгмийн бүтэц, улс төрийн байгуулал, аж ахуйн хэлбэртэй холбон авч үзжээ. Түүний энэ бүтээлийг геополитикийн сонгодог бүтээл гэж үздэг байна.
Ф. Ратцэл, Р. Чэллэн нарыг Германы геополитик сургуулийг үндэслэгчид гэж үздэг. Энэ чиг сургуулийн цаашдын хөгжил Карл Хаусхофер (1869-1945 онууд)-ийн нэртэй холбогдоно.
Хаусхофер их сургуульд өөрийнх нь хайртай шавь байсан Рудольф Гесс-тэй үзэл санааны хувьд нэлээд ойр нэгэн байв. Чухам Гессээр дамжуулан тэрээр 1922 онд Адольф Хитлэртэй танилцсан байна. Чухам Хаусхоферийн үзэл санааны үр шимээр Германы нацистууд үзэл санааны бүхэл бүтэн “цайз” босгосон гэж өнөөгийн судлаачид үздэг байна. "Шинэ дэг журам", “Герман үндэстний амьдралын орон зай” гэх мэт олон нэр томъёог нацистууд түүнээс авсан байдаг. Хаусхоферийн үзэл санааг олон жилийн туршид хүнийг үзэн ядсан харгис онол гэж үзсээр ирсэн нь дээрх зүйлтэй холбогдоно.
Онолын хувьд Хаусхофер өөр өөр дэлхийн хэмжээний сонирхол бүхий далай тэнгисийн болон хуурай газрын гүрнүүд гэсэн ойлголтыг бий болгожээ. Тэрээр Ф. Ратцэлийн бага улсаа их гүрнүүд нь залгих үзэл санааг хөгжүүлж, улс орны түрэмгийллийн үндсэн хэв шинжүүдийг томъёолсон байна.
Геополитикийн цаашдын хөгжилд Англо-Америкийн дэг сургууль онцгой нөлөө үзүүлсэн байдаг. Энэ дэг сургуулийн томоохон төлөөлөгч нь Английн олон улсын харилцааны онолч Хэлфрод Маккиндэр (1861-1947 онууд) болно. Х. Маккиндэрийн үзэл санааны ноён оргил нь 1904 онд Хатан Хааны газар зүйн нийгэмлэгт уншсан “Түүхийн газар зүйн тэнхлэг” нэртэй бүтээл бөгөөд харамсалтай нь Монгол хэлнээ орчуулагдан гараагүй юм.
Х. Маккиндэр гурван бүсэд хуваагдсан дэлхийн геополитик хуваагдлыг зурагласан байна. Эхнийх нь тэнхлэгийн бүс нутаг, үүнд Орос болон түүнтэй хил залгаа газар нутаг орно. Үүнийг Ж. Фэргив 1915 онд “Хартленд” гэж нэрлэсэн байдаг. Хоёр дах бүсэд Герман, Австри, Турк, Энэтхэг, Хятад улсуудыг өөрөөр хэлбэл өмнө, өрнө, дорно зүгт байрлах ЕвроАзийн эргийн улсуудыг багтаажээ. Энэ бүс нутгаа дотоод буюу хязгаар хавирган сар гэж нэрлэсэн байдаг. Эцэст нь гурав дах бүсэд Англи, Өмнөд Африк, Австрали, Канад, Япон, АНУ зэрэг орнууд өөрөөр хэлбэл далай тэнгисийн хүчирхэг гүрнүүдийг оруулж, гадаад хавирган сар гэж нэрлэжээ.
Х. Маккиндэр Дэлхийн арал гэсэн ойлголтыг бий болгож, түүндээ хартленд буюу тэнхлэгийн бүс нутаг тэрчлэн дотоод хавирган сар буюу Евроази, өмнөд хэсгээс бусад Африкийн эрэг дагуух нутгийг багтаасан байна. Эндээс тэрээр “Хэн дорнод Европыг хянана, тэр Хартлендийг ноёрхоно: Хэн Хартлендийг ноёрхоно, тэр Дэлхийн арлын ноёрхоно: Хэн Дэлхийн арлын ноёрхоно, тэр бүх дэлхийг захирна” гэсэн геополитик томъёолол хийжээ (см.: Маккиндер. Ж. Х. Географическая ось истории \\ Полис. 1995г. №4. С. 169 ).
Х. Маккиндэрийн геополитик үзэл санааг үлэмжхэн шинэчилсэн хүн бол Голланд гаралтай Америкийн эрдэмтэн Николас Спайкмэн (1893-1943 онууд) болно.
Дэлхийн тогтолцооны төвийг тэрээр дотоод хавирган сард шилжүүлж, тэнхлэгийн бүс буюу хартлендийг Rimland гэж нэрлэсэн байна. Түүний үзлээр чухам энд л дэлхийн хувь заяаг өөрчлөх түлхүүр оршдог байна. Дэлхийн тэнхлэгийн бүсийг Спайкмэн дэлхийн 2-р дайны гол тулаанууд болсон газар мөн гэж үзээд дайны дараа Өрнө, Дорнын харилцаа байх болно гэдгийг сануулсан байдаг.
Далай тэнгисийн хүчирхэг гүрнүүдэд үүссэн Англо-Америкийн дэг сургуулийн анхаарлын төвд ямагт далай, тэнгисийн геополитик асуудал оршиж байв. Энэ дэг сургуулийн уг уламжлалыг Америкийн адмирал Алфрэд Мэхэн (1840-1917 онууд), Британы адмирал Филипп Коломб (1831-1899 онууд) тавьсан байна. Ф. Коломб далай тэнгисийг эзэмших онолыг буй болгож хөгжүүлсэн байдаг. Түүний гол бүтээл нь “Далай, тэнгисийн дайнууд: тэдгээрийн үндсэн зарчмууд ба туршлага” (1890 он) болно.
А. Мэхэний хамгийн алдартай бүтээлүүд нь “Түүхэнд далай, тэнгисийн хүчний үзүүлсэн нөлөө (1660-1783 он)”, “Францын хувьсгал, эзэнт гүрэнд далай, тэнгисийн хүчний үзүүлсэн нөлөө (1793-1812 он)” юм. Мэхэн далай, тэнгисийг эзэгнэх, түүний төлөөх дайнд ялалт байгуулах нь дэлхийд ноёрхох үндэс мөн гэж үзсэн. Гэхдээ цэргийн үйл ажиллагаа хангалтгүй бөгөөд дэлхий дахинаа хүч нөлөөгөө ихэсгэх хамгийн үр дүнтэй арга нь худалдаа гэж сургасан байна.
Геополитик үзэл санаа манай хойд хөрш Орос улсад хүчтэй хөгжсөн байдаг. Геополитикийг хөгжүүлэгч хүмүүст С. М. Соловьев, В. О. Ключевский, Ф. И. Тютчев, Л. И. Мечников, В. П. Семенов-Тянь Шанский, П. А. Савицкий нарын судлаачид багтдаг байна.
Дэлхийн 2-р дайны дараах үеийг олон улсын харилцааны онолд “Хүйтэн дайны үе” гэж нэрлэдэг байна. Өгүүлэн буй үед олон улсын харилцааны талбарт төр улсуудын гурван томоохон бүрдэл үүссэн юм.
Эхний хэсэгт Өрнөд Европ, Хойд Америк, Япони, Австрали зэрэг орнууд багтдаг. Эдгээр орнууд нь зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан тогтолцоотой орнууд юм. Далай, тэнгисийн геостратегийн орон зайд байрладаг өндөр хөгжилтэй орнууд бөгөөд Номхон далайн эрэг, Атлантын далайн эрэг, бөмбөрцөгийн хойд хагасыг эзлэн оршдог. Далай, тэнгисийн харилцаа холбоог хянах бөгөөд дэлхийн худалдаа, арилжааны ихэнх хэсгийг явуулдаг.
Хоёр дах хэсэгт ЗХУ, Хятад, Дорнод Европын орнууд, Зүүн-Өмнөд Азийн зарим нэг орнууд, Куба улс багтдаг. Коммунист дэглэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай орнууд болно. Энэ бүлгийн гол төв нь эх газрын буюу тивийн орнууд багтдаг. Олон улсын харилцааны нэг болон хоёр дах хэсгүүдийн хооронд их төлөв үзэл суртлын зөрчилдөөн байсан бөгөөд хүйтэн дайны харилцааг тодорхойлж байв.
Гурав дах хэсэгт Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй улсууд багтаж байв. Дэлхийн хөдөлмөрийн хуваарьт төдийлөн жинтэй нөлөө үзүүлдэггүй. Голчлон түүхий эд, ажиллах хүчний зах зээлийн үүргийг гүйцэтгэж байсан.
Энэ үеийн геополитик тогтолцоог АНУ, ЗХУ тэргүүлсэн хоёр туйлт харилцаа гэж үздэг байна. 80-иад оны сүүл-90-иэд оны эхээр хоёр дах ертөнц, түүний хошуучлагч ЗХУ мөхсөнөөр энэ бүлэгт байсан ихэнх орнууд нэг дэх ертөнц рүү шилжин орсон. Гурав дах ертөнцийн орнуудад үлэмжхэн өөрчлөлт гарсан. Эндээс шинээр аж үйлдвэржсэн Солонгос, Тайвань, Сингапур зэрэг орнууд гарч ирсэн. Төв Африк, Азийн зарим нэг орнууд дөрөв дэх ертөнцийг бүрдүүлэх болсон.
Ийнхүү XXI зууны босгон дээр олон улсын харилцааны талбар дах геополитик бүтцэд томоохон хувирал, өөрчлөлт бий болсон. Олон судлаачдын үзснээр энэ зуунд олон туйлт буюу дэлхийн улс төрийн бодлого олон төвөөс хамааралтай ертөнц үүсэх аж. Ийм төвүүдэд АНУ, нэгдсэн Европ, Хятад, Япон зэрэг орнууд багтах аж. Мөн Орос, Энэтхэг гэсэн орнууд орох магадлал өндөр байна.
Европ тивийн хувьд геополитикийн ач холбогдол бүхий орон зай хэвээр байна. Ирээдүйд нэгдсэн Европ хэрхэн хөгжих талаар олон улсын харилцааны түвшинд хэд хэдэн үзэл баримтлал өнөөг хүртэл оршсоор байна.
Европ их Карлын үе шиг эзэнт гүрэн болох ёстой гэх үзэл санаа байна. Өнөөгийн судлаачид Европын холбоо үүний бодит биелэл гэж үздэг.
Хоёр дах үзэл нь Польшоос Португали хүртлэх Европын үзэл санаа юм. Баруун Европ дах хэт барууны үзэлтнүүд тэрчлэн дайныг эсэргүүцэх үзэлтэнгүүд энэ үзэл санааг баримталдаг.
Гурав дах үзэл санаа нь Антлантикаас Урал хүртлэх Европын үзэл сана юм. Францын ерөнхийлөгч Шарль де Голлийн гаргасан сургаал бөгөөд Европын холбоонд ЗХУ-ыг багтаах санаа агуулдаг.
Эцэст нь дүгнэн хэлэхэд олон улсын харилцааны өнөөгийн байдал нь олон туйлт дэлхий нэгэнт бий болсныг нотлон харуулж байна.
Ашиглах ном зохиол:
Монгол хэл дээр:
Ø  “Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг.,  УБ:.,  2011 он.
Ø  “Улс төрийн шинжлэх ухаан” УБ:.,  ред: Ц. Ганболд., 2001 он.
Ø  Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд” УБ:., 2005 он.
Ø  Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг-I” УБ:., 2013 он.
Орос хэл дээр:

Ø  Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.
Ø  “Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:., 1997г.

Ø  Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис 1997г., №6. 

ЛЕКЦ № 7. СОНГУУЛЬ, СОНГУУЛИЙН СИСТЕМ

Ардчиллыг сонгуулийн үйл явцаас салган үзэж болохгүй юм. Учир нь 20 мянган иргэдээс бүрдэж асан Афины шууд ардчиллыг бодвол өнөөгийн ардчилал зарчмын томоохон ялгаатай, нарийн, төвөгтэй үйл явц болно. Өөрөөр хэлбэл ард түмэн сонгуулиар дамжуулан засаг төрийн эрх барих төлөөний хүмүүсээ сонгож нийгмийг удирдан чиглүүлэх үйл явцад оролцдог гэсэн үг юм. Тийм ч учраас өнөө цагийн ардчиллыг төлөөллийн гэж нэрлэдэг байна.
Сонгууль нь ардчиллын чухал шинж төдийгүй түүний зайлшгүй нөхцөл юм. “Ардчиллыг чөлөөт, шударга сонгуулийн үндсэн дээр засаг төрийн эрх барих хүмүүсээ томилдог дэглэм гэж тодорхойлж болно” гэж Францын улс төр судлаач П. Лалюмьер, А. Демишель нар бичжээ. 1942 оны 12-р сарын 10 нд НҮБ-ийн Ерөнхий Чуулганаас батлан гаргасан хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хүн бүр шууд эсвэл чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан өөрийн улсыг удирдах үйл явцад оролцох эрхтэй. Ард түмний хүсэл зориг аливаа засаглалын үндэс мөн.” (21-р зүйл ) гэж заасан.
Сонгуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх асуудал нь шинэ тулгар хөгжиж буй ардчилсан улс орнуудын улс төрийн хөгжлийн чухал зорилтуудын нэг болно.
Сонгуулийн тогтолцоо нь улс орны тэргүүнээ сонгох буюу төлөөлөн удирдах байгууллагаа бүрдүүлэх зорилгоор хууль, эрх зүйн хүрээнд сонгуулийг эрхлэн явуулах, зохион байгуулах хэм хэмжээний нийлбэр цогцийг хэлнэ.
Сонгуулийн тогтолцоо нь улс төрийн системийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд аливаа системийн нэгэн адил тодорхой зүйлсээс бүрэлддэг байна. Үүнд:
·         Сонгуулийн эрх:
·         Сонгуулийн үйл явц орно.
Сонгуулийн эрх нь сонгуулийг зохион байгуулах, эрхлэн явуулах үйл явцад иргэд оролцох тэрчлэн сонгогчид болон сонгуулийн байгууллага буюу эрх бүхий албан тушаалтны хоорондын харилцааг зохицуулах, сонгогчид сонгогдсон төлөөллийн хүндээ итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хамарсан эрх зүйн хэм хэмжээний цогц юм.
Сонгуулийн эрх гэсэн ойлголтыг явцуу утгаар тодорхойлох тал байдаг. Энэ үүднээс авч үзвэл сонгуулийн эрх нь сонгуульд оролцох иргэний эрх, сонгогдох, сонгох эрхийг хэлдэг байна.
Өргөн утгаар нь сонгуулийн эрхийг авч үзвэл сонгуулийг тодорхой түвшинд ангилах, тэдгээрийн төрлийг гаргах боломж олгодог.
Ерөнхийлөгчийн, хууль тогтоох байгууллагын, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын, мужийн, хотын, шүүхийн болон бусад албан тушаалтныг сонгох сонгуулийг энд нэрлэж болох юм. Үүнээс гадна сонгууль ээлжит, ээлжит бус, нөхөн сонгуулийн хэлбэртэй байж болдог. Мөн сонгуулийг
·         Бүх нийтийн болон хэсэгчилсэн:
·         Тэгш болон тэгш бус:
·         Шууд болон шууд бус:
·         Нууц болон нээлттэй санал хураах сонгууль гэх зэргээр ангилдаг.
Дэлхийн ихэнх улс орнуудын хувьд үндсэн хуулиндаа эсвэл сонгуулийн тухай хуулиндаа бүх нийтийн, тэгш, нууц санал хураалтын зарчим дээр сонгууль эрхлэн явуулах, зохион байгуулахыг зааж өгсөн байдаг. Улс орон бүр уг үйл явцад иргэн хүн хамрагдах хэмжүүр, шалгуурыг янз бүрээр зааж өгсөн байна. Тухайлбал Канадад Сенатад үл хөдлөх хөрөнгө бүхий хүнийг оруулдаг, Англи улсад сонгогдох эрх олж авахын тулд асар их хэмжээний дэнчингийн мөнгө өгөхийг шаарддаг. Хоёр танхимт парламент бүхий орнуудад дээд танхмийн депутатад насны хязгаар тогтоосон байдаг. АНУ, Японид 30 нас, Францад 35, Бельги, Испанид 40 нас гэж үздэг. Эндээс үзэхэд ардчиллах үйл явцад хамрагдсан орон бүр сонгуулийн хязгаарлалтгүй болох ёстой гэж үзэж болохгүй бөгөөд аажим замаар сонгуулийн эрхийг өрөгжүүлж, хязгаарлалтыг үгүй хийж байна гэсэн дүгнэлтийг гаргаж болох юм.
Хэрэв 1830 онд Англид сонгууль өгөх эрхтэй хүн нийт хүн амын 4%, Франц 2%-ийг эзлэж байсан бол 1848 он гэхэд Франц хүн төрөлхтөний түүхэнд анх удаа бүх нийтийн сонгуулийн эрхийг хүлээн зөвшөөрсөн байна. Европын бусад орнууд 1914 оноос эхлэн бүх нийтийн сонгуулийн эрхийн зарчмийг нийгмийн практикт нэвтрүүлжээ. Эмэгтэйчүүд 1893 онд Шинэ Зеландид сонгуулийн эрхтэй болсон бол Европт Финлянд улс 1906 онд эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгосон байна.
Дэлхийн 1-р дайны дараагаас суфражист (эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн., зохиогчийн тайлбар) хөдөлгөөн  эрчимжихийн хэрээр эмэгтэйчүүдэд хамаарал бүхий сонгуулийн хязгаарлалт үгүй болж эхэлсэн байдаг. Гэхдээ Швейцар улс 1971 он хүртэл, Лихтенштейн улс 1986 он хүртэл эмэгтэйчүүдэд тавьсан сонгуулийн хязгаарлалтаа арилгаагүй юм. 70-аад он гэхэд өндөр хөгжилтэй ихэнхи орнууд сонгуульд оролцох насны доод хязгаарыг 18 нас хүртэл доошлуулсан байдаг. гэтэл өнөөгийн ардчилал өндөр хөгжсөн дэлхий дахинаа Эстони, Латви улсууд хүн амынхаа 40%-ийг бүрдүүлэгч Орос хэлт цөөнхидөө сонгуулийн эрхийн хязгаарлалт тавьсаар байна.
Дэлхийн улс орнуудад хүн амын, итгэл үнэмшилийн цөөнх дээрээ сонгуулийн хязгаарлалт тавих үзэгдэл өргөн дэлгэрч байгааг хэлэх хэрэгтэй. Тухайлбал Фижи улсын төлөөлөгчдийн танхимд 22 фижи, 22 энэтхэг, 8 үндэсний цөөнхийн төлөөлөгчийг оруулахаар зааж өгсөн байна. Нийт хүн ам дах харьцааг илэрхийлбэл хүн амын 45% фижи, 50% энэтхэг, 5% үндэсний цөөнхийг эзлэж байна. Зимбабве улсын парламентын доод танхимд 20 суудлыг цагаан арьстнуудад, 80 суудлын африкчуудад өгдөг. Гэтэл нийт хүн амын дунд цагаан арьстнууд африк иргэдээсээ 80 дахин бага байдаг. АНУ, Англи зэрэг орнуудад 60, 70-аад оны үед сонгуулийн тойрогуудад суудал шударгаар хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн байна.
Улс орны сонгуулийн идэвхитэй байдлыг илэрхийлэх нэгэн өвөрмөц хэлбэр нь референдум буюу бүх ард түмний санал хураалт (латин хэлний referendum-мэдээллэж байх ёстой зүйл гэсэн үгнээс гаралтай бөгөөд 1439 онд түүхэндээ анх удаа Швейцар улсад бүх ард түмний санал хураалтыг зохион явуулсан байна., зохиогчийн тайлбар) юм.
Референдум буюу бүх ард түмний санал хураалт нь тодорхой нэг нэр дэвшигчийн талаар бус, улс орны нийт хүн амын санал хураах зайлшгүй шаардлага бүхий улсын асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг хэлнэ.
Хэрэв үндсэн хуулийг батлах эсвэл нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор санал хураалт явуулж байвал түүнийг үндсэн хуулийн санал хуралт гэж нэрлэдэг. Харин хууль тогтоох байгууллагын ямар нэг шийдвэрийн талаар бол түүнийг хууль тогтоох байгууллагын санал хураалт гэж нэрлэдэг байна. Заримдаа энэ үйл явцыг плебисцит (латин хэлний plebs. Энгийн ард түмэн, scitum шийдвэр, тогтоол гэсэн үгнээс гаралтай., зохиогчийн тайлбар) гэх явдал байдаг.
Сонгуулийн үр дүн ард түмний хүсэл зоригоос төдийгүй дүрэм журмаас хамаардаг” гэж Америкийн улс төр судлаач Р. Таагепер, М. С. Шугарт нар бичжээ.
Сонгуулийн үйл явц нь сонгуулийг зохион байгуулах, эрхлэн явуулах, сонгуулийн хуулийг мөрдүүлэхэд чиглэсэн төрийн үйл ажиллагааг хэлдэг байна. Иргэд аливаа улс төрийн шинжтэй үйл ажиллагаа, тэр дундаа сонгуулийн үйл явцаас өөрийгөө хөндийрүүлэх, оролцохгүй байх явдал сүүлийн жилүүдэд өсч байна. Үүнийг улс төрийн шинжлэх ухаанд абсентиезм (латин хэлний absentia үгүй гэсэн үгнээс гаралтай., зохиогчийн тайлбар) гэж нэрлэдэг. “Тахал, холер хоёрыг сонгох шаардлагаггүй” гэх Францын улс төр судлаач Ж. Гэд-ийн зарчмаар явагддаг.
Сонгуулийн тогтолцооны хоёр үндсэн хэв маяг байдаг гэж өнөөгийн улс төр судлаачид үздэг. Үүнд:
·         Хувь тэнцүүлсэн:
·         Үнэмлэхүй олонхийн сонгуулийн тогтолцоо орно.
Хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцооны онцлог нь сонгогчдын саналыг улс төрийн үйл явцад оролцогч нам, бүлэг бүрт хувь тэнцүүлсэн байдлаар хуваарилж өгдөгт оршино. Өөрөөр хэлбэл ард түмний төлөөллийг хууль тогтоох байгууллагад дээд зэргээр бүрдүүлж өгдөгт энэ системийн давуу тал оршино.
Сонгогчдын саналыг хэт жижиглэн хуваах, үүнээс үүдсэн улс төрийн тогтворгүй байдал, шийдвэр гаргахдаа удаан чадвар муутай засгийн газар зэрэг нь энэ тогтолцооны эмгэгтэй бөгөөд сул талууд юм.
Харин хүчтэй засгийн газар, улс төрийн намын хүчирхэг бүтэц, улс төрийг тогвортой байдал бол үнэмлэхүй олонхиор ялалт байгуулах тогтолцооны давуу тал юм.
Хувь тэнцүүлсэн буюу пропорционал тогтолцоо, үнэмлэхүй олонхи ялах буюу мажоритари тогтолцоонуудыг энгийн үгээр тодорхойлбол сонгогчдын үнэмлэхүй олонхийн санал авсан нэр дэвшигч буюу улс төрийн нам дангаараа засаг төрийн эрх барих тогтолцоог мажоритари буюу үнэмлэхүй олонх ялах тогтолцоо гэж нэрлэнэ.
Харин сонгогчдын саналыг нам тус бүрт хуваарилж, улс төрийн ялалт байгуулсан буюу харьцангуй олонхийн саналаар гарч ирсэн улс төрийн намууд засаг төрийн эрхээ хамтран барих тогтолцоог пропорционал буюу хувь тэнцүүлсэн тогтолцоо гэж нэрлэдэг байна.
Ямар ч сонгуулийн тогтолцоо байсан сонгуулийн дараах нийтлэг зарчмыг сонгууль зохион байгуулах, эрхлэн явуулахдаа баримтлах хэрэгтэй гэж өнөөгийн улс төр судлаачид үздэг. Үүнд:
·         Тэгш эрхийн зарчим:
·         Шууд байх зарчим:
·         Нууц санал хураах зарчим гэсэн гурван зарчим багтдаг.

Ашиглах ном зохиол:
Монгол хэл дээр:
Ø  “Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг.,  УБ:.,  2011 он.
Ø  “Улс төрийн шинжлэх ухаан” УБ:.,  ред: Ц. Ганболд., 2001 он.
Ø  Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд” УБ:., 2005 он.
Ø  Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг-I” УБ:., 2013 он.
Орос хэл дээр:

Ø  Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.
Ø  “Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:., 1997г.
Ø  Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис 1997г., №6.


ЛЕКЦ № 6. УЛС ТӨРИЙН ДЭГЛЭМ, ТҮҮНИЙ ТӨРЛҮҮД

Улс төрийн системийн шинж чанар, нийгмийн улс төрийн харилцааны хөгжлийн чиглэл, түвшинг тодорхойлоход улс төрийн дэглэм хэмээх ойлголт чухал ач холбогдолтой. Учир нь улс төрийн дэглэм нь орчин үед засаглалын хэлбэр, түүний шинж чанарыг тодорхойлоход чиглэсэн хамгийн өргөн дэлгэрсэн ойлголт юм. Улс төрийн дэглэм гэх ойлголт XX зууны эхээр улс төрийн шинжлэх ухаанд нэвтэрсэн байна.
Өнөөгийн улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн дэглэмийг нийгэм дэх улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх арга, хэрэгсэлийн нийлбэр цогц гэж үздэг байна.
Францын улс төр судлаач М. Дюверже улс төрийн дэглэмийг “намуудын тогтолцоо, сонгуулийн арга хэлбэр, шийдвэр гаргаж буй төлөв байдал, шахалтын бүлгүүдийн бүтцийн тодорхой зохицол” гэж тодорхойлсон бол улс төр судлаач Ж. Л. Кермонн дээрхи тодорхойлолтод тайлбар хийхийн зэрэгцээ дараах элементүүдийг багтаасан байна. Үүнд:
·         Легитим зарчим:
·         Улс төрийн институцийн бүтэц:
·         Намын тогтолцоо орно.
Легитим гэх үгийг анх улс төрийн шинжлэх ухаанд Германы эрдэмтэн М.Вебер оруулсан байх бөгөөд хууль ёсны, хуульчлагдсан гэсэн утга санааг илэрхийлсэн латин гаралтай үг юм.
Аливаа улс төрийн дэглэм үйл ажиллагаагаа нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх, дэмжүүлэх шаардлага хэрэгцээтэй байдаг бөгөөд энэ үүднээс олон түмний дэмжлэгийг эрэлхийлдэг. Өөрөөр хэлбэл улс төрийн дэглэмийн легитим шинж нь нийгэм дэх улс төрийн тогтвортой байдлын үндсэн урьдач нөхцөл болохын зэрэгцээ хүн амын сэтгэл зүйн төлөв байдал дээр суурилдаг.
Ардчилсан улс төрийн дэглэмд легитим шинж байнга хувьсан өөрчлөгдөж байх бөгөөд түүнийг олж авахын тулд засаглалын зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Гэтэл авторитари болон тоталитари улс төрийн дэглэмд ингэх шаардлага бага, легитим шинжээ үзэл суртал юм уу албадлагын механизм дээр суурилж хангахыг чухалчилдаг.
Улс төрийн дэглэмийн хувьд улс төрийн институтийн бүтцийн асуудал ихээхэн чухал байдаг. Улс төрийн нам, сонирхлын бүлэг, төрийн бус байгууллагуудын зэрэгцээ улс төрийн дэглэмийн хамгийн чухал элемент нь төр юм. Төрийн үйл ажиллагаа хэрхэн үр ашигтай байх, ямар зарчмаар зохион байгуулагдсан зэрэг нь улс төрийн дэглэмийн хувьд чухал юм.
Улс төрийн дэглэмийн талаарх хамгийн анхны бүрэн дүүрэн ангилалыг эртний Грегийн гүн ухаантан Аристотель хийсэн байдаг. Тэрээр төрийн дээд эрх мэдлийг хичнээн субъект агуулж байгаагаас нь хамааруулан улс төрийн дэглэмийг зохистой болон зохист бус улс төрийн дэглэм гэсэн хоёр төрөлд ангилсан. Үүний зэрэгцээ эдгээр хоёр хэв шинж нь дотроо гурав, гурван хэлбэртэй аж. Зохистой улс төрийн дэглэмд полити, язгууртны, эзэн хаант засаглалыг багтаасан бол зохист бус дэглэмд ардчилсан, олиграхи, тирани засаглалыг оруулжээ.
Түүний үзснээр улс төрийн дэглэмийн хамгийн гол шалгуур нь төрийн эрх мэдлийг хуулийн хүрээнд захиран засаглах явдал юм. Нөгөө талаас олон түмний зүгээс легитим шинжээ баталгаажуулж байх нь улс төрийн дэглэмийн гол шинж аж.
Аристотель тухайн үеийнхээ 158 хот улсын төрийн байгууллыг харьцуулан шинжлээд дээрхи улс төрийн дэглэмийн загвар, ангилалаа гаргасан байдаг.
Улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн дэглэмийг ангилах олон тооны ангилалууд байдаг. Гэхдээ тэдгээр нэг зүйл нийтлэг байдаг нь улс төр судлаачид ангилал хийхдээ тухайн дэглэм иргэдийнхээ эрх, эрх чөлөөнд хэрхэн ханддаг, нийгэмд хичнээн намын ноёрхолоо тогтоосон, засаглал хуваарилах зарчим бүрэн утгаараа хэрэгжсэн эсэх гэсэн шалгуурыг гол болгодог.
Эдгээр шалгуурыг үндэс болгож улс төрийн дэглэмийг ардчилсан болон ардчилсан бус улс төрийн дэглэм гэж хуваан үздэг.
Улс төрийн дэглэмийн асуудлыг судлахад М. Вебер, Х. Арендт, Р. Арон, К. Поппер, С. Липсет, С. Роккан, А. Пшеворски, Зб. Бжизенсзи, Ф. Фукуяама, С. Хантингтон, Л. Даймонд, Г. О’Доннелл, Х. Линц нарын улс төр судлаачид томоохон хувь нэмэр оруулжээ.
Ардчилсан бус улс төрийн дэглэмийн нэг төрөл нь диктатур юм. Энэ үг нь латин хэлний хязгааргүй засаглал гэх утгыг илэрхийлэх бөгөөд эртний Ромд онцгой аюул, заналхийлэл тулгарсан үед ихээхэн эрх мэдэл бүхий албан тушаалд томилогдсон хүнийг диктатор гэж нэрлэдэг байв. Энэ албыг хаших хугацаа нь 6 сараас хэтэрдэггүй байжээ. Хамгийн анхны диктатор бол Т. Ларций, М. Рутий нар байв.
Нийгэм дэх нэг хүний эсвэл нийгмийн нэг бүлгийн хязгааргүй засаглалыг диктатур гэж нэрлэдэг. Диктатурын хамгийн эртний хэлбэрүүдэд тирани, олиграхи, деспоти засаглалыг хамруулан ойлгодог байна.
Цэргийн хүчинд дулдуйдсан алдарт жанжнуудын нийгэм дэх засаглалыг тирани гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Энэ утгаар авч үзвэл Г. Цезарь, Салот Сар, Саддам Хуссен, Сухарто нарын засаглал нь тирани юм.
Нийгэм дэх хэсэг бүлэг хөрөнгөтэй хүмүүсийн засаглалыг олиграхи гэсэн ойлголтоор илэрхийлэх бөгөөд үг зүйн хувьд баячуудын засаглал гэсэн утгатай. Харин деспоти нь эртний хэв хууль дээр суурилсан нийгэм дэх нэг хүний хязгааргүй засаглал болно. Өнөөгийн ихэнх улс төр судлаачид диктатурын төрөлд авторитари болон тоталитари дэглэмийг хамруулан ойлгох болсон.
Улс төрийн дэглэмийн хамгийн эртний хэлбэрийн нэг нь ардчилсан улс төрийн дэглэм юм. Ардчилал гэсэн үг нь Demos-ард түмэн, cratos-засаглал гэх хоёр үгний бүтээвэр бөгөөд анх эртний Грегийн Афин хот улсад бий болсон байдаг. Афины алдарт удирдагч Периклийн үед оргилдоо хүрчээ. Төрийн эрх мэдлийг ард түмэн эсвэл ард түмний нэг хэсэг төлөөлөн удирдах засаглалын хэлбэрийг ардчилал гэнэ. Платон хот улсын засаглалыг хэрэгжүүлэхэд хүн амын тоо онцгой нөлөөтэй бөгөөд улс орны хүн амын тоо 10 мянган хүнээс хэтэрч болохгүй гэж үзсэн нь үүнтэй холбоотой болов уу.
Орчин үеийн ардчилсан дэглэм эрт үеийн ардчилсан дэглэмээс чанарын томоохон ялгаатай гэдгийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.
Орчин үеийн ардчилсан дэглэмд дараах шинжүүд байх ёстой гэж улс төр судлаачид үзсэн байна. Үүнд:
·         Сонгуулийн үндсэн дээр суурилж байгуулагдах засаглалын төлөөллийн байгууллагатай байх:
·         Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хууль эрхийн хүрээнд хүлээн зөвшөөрдөг байх:
·         Төрийн эрх мэдлийг засаглал хуваарилах зарчимд нийцүүлэх, хууль тогтоох эрхийг гагц парламентад хадгалах:
·         Улс төрийн олон ургальч үзэл санааг хүлээн зөвшөөрдөг байх:
·         Засаглалын ил тод байдал зэргийг багтаасан байна.
Улс төрийн дэглэмийн маш олон ангилал байдгаас Р. Даль, Ж. Блондель нарын ангилал ихээхэн сонирхол татдаг.
Америкийн алдарт улс төр судлаач Р. Даль
·         Иргэдийн улс төрийн оролцоо:
·         Улс төрийн намуудын өрсөлдөөн гэсэн хоёр хэмжүүр дээр тулгуурлан улс төрийн дэглэмийг ангилсан байна.
Дээрх хэмжүүр дээр үндэслэн улс төрийн дэглэмийг өрсөлдөөнт олиграхи, хаалттай хегемони, хамруулагч хегемони, полиархи гэсэн дөрвөн төрөлд ангилжээ. Эдгээрээс хамгийн төгс хэлбэр нь полиархи болно.
Францын улс төр судлаач Ж. Блондель
·         Улс төрийн өрсөлдөөн:
·         Элитийн бүтэц:
·         Хүн амын улс төрийн оролцоо гэсэн хэмжүүр дээр тулгуурлан улс төрийн дэглэмийг нээлттэй болон хаалттай, монолит элиттэй болон ялгаварт элиттэй, хамруулагч болон орхигдуулагч улс төрийн дэглэмийг гаргасан байна.
Орчин үед хамгийн өргөн дэлгэрсэн улс төрийн дэглэмүүд нь авторитари болон тоталитари дэглэмүүд болно.
Тоталитари хэмээх үг нь бүхэл, бүтэн гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд анх Италийн улс төрийн зүтгэлтэн Б. Муссолини өөрийн дэглэмийг нэрлэхдээ ашигласан байна. Харин Италийн улс төр судлаач Амендало, Габбета нар 1929 онд ЗХУ-д тогтсон дэглэмийг нэрлэхэд ашигласан байдаг. Улмаар улс төрийн шинжлэх ухаанд ЗХУ, Хитлэрийн Германид тогтсон дэглэмийг энэ ойлголтоор илэрхийлэх болсон.
1956 онд Америкийн улс төр судлаач К. Фридрих, Зб. Бжезински нар тоталитари улс төрийн дэглэмийг дараах зургаан шинжээр тодорхойлсон байна. Үүнд:
·         Албан ёсны цорын ганц үзэл сурталтай:
·         Намжсан төрийн үүрэг нийгэмд их өндөр байдаг:
·         Аллага, хядлагын нэгдсэн тогтолцоотой:
·         Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хатуу хяналт тавьдаг:
·         Зэвсэгт хүчинд нэгдсэн хяналт тавьдаг:
·         Эдийн засгийн төвлөрсөн арга барилыг баримталдаг гэсэн зургаан шинжийг багтаажээ.
Тоталитаризм нь XX зууны үзэгдэл мөн. Энэ үзэгдлийг судлахад олон улс төр судлаачид томоохон хувь нэмэр оруулсан байдаг. Улс төрийн шинжлэх ухаанд тоталитари дэглэмийг зүүний болон барууны гэсэн хоёр төрөлд ангилдаг байна.
Зүүний дэглэмд ЗХУ, БНХАУ, БНАСАУ зэрэг орнуудыг багтаан үздэг бол баруун тоталитари дэглэмд нацист Герман, фашист Итали зэрэг орнууд ордог.
Дэлхийн хамгийн эртний засаглалын хэлбэр бол авторитари дэглэм юм. Нийгмийн практикт энэ хэлбэр нь маш олон янз хэлбэрээр биелэлээ олсон байдаг.
Авторитаризмийн гол шинж нь
·         Нэг нам, эвслийн монопол засаглал нийгэмд үүсч засаглалын хариуцлага гэсэн ойлголт үгүй болдог:
·         Сөрөг хүчинд хагас эсвэл бүрэн хориг тавьсан байдаг:
·         Засаглал нь хатуу төвлөрсөн бүтэцтэй байдаг:
·         Олон ургальч үзэл санаа нийгмийн хүрээнд хязгаарлагдмал байдаг:
·         Эрх баригч элитийг өв залгамжлуулах тэрчлэн кооптацийн аргаар бүрдүүлдэг:
·         Засгийн эрхийг халах хүчирхийллийн арга хүчтэй байдаг:
·         Засаглал нь хүчний бүтцэд суурилдаг гэсэн нийтлэг шинжүүдтэй.
Авторитаризм нь хөгжлийн авторитари дэглэм, бюрократи авторитари дэглэм, диктократи, демократура гэх мэт маш олон төрлүүдтэй байдаг.
Ашиглах ном зохиол:
Монгол хэл дээр:
Ø  “Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг.,  УБ:.,  2011 он.
Ø  “Улс төрийн шинжлэх ухаан” УБ:.,  ред: Ц. Ганболд., 2001 он.
Ø  Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд” УБ:., 2005 он.
Ø  Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг-I” УБ:., 2013 он.
Орос хэл дээр:

Ø  Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.
Ø  “Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:., 1997г.

Ø  Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис 1997г., №6.