Monday, January 8, 2018

ЛЕКЦ №3. УЛС ТӨРИЙН ЗАСАГЛАЛ, ТҮҮНИЙ МӨН ЧАНАР

Улс төрийн засаглалын тухай асуудал нь улс төр судлал буюу улс төрийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудын нэг юм. Учир нь улс төрийн засаглалыг олж авах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа улс төрийн үндсэн агуулгыг тодорхойлж байдаг. Өөрөөр хэлбэл улс төрийн шинжлэх ухааны үндсэн судлагдахуун нь улс төрийн засаглал юм.
Засаглалын мөн чанар, түүнд агуулагдах шинж нь хүний төрөлх чанартай шууд холбогддог. Эртний Грегийн гүн ухаантан Аристотельхүн уг мөн чанараараа улс төрийн амьтан мөн” гэж хэлжээ. Аливаа хүн эхээс заяахдаа бусадтай харилцах, үүн дээрээ тулгуурлан нийгэмд амьдрах дадал чадвараа олж авах мөн түүнийгээ бусдад дамжуулж байхаар төрсөн байдаг. Өөрөөр хэлбэл бусадтай харилцахгүйгээр хүн оршин байх боломжгүй юм. Гэтэл хүн болгон адилгүй. Зарим нэг хэсэг нь бусдыг удирдан манлайлахаар, үлдсэн хэсэг нь бусдад удирдуулахаар заяагдсан байдаг.
Ингэхлээр улс төрийн засаглал, тэр дундаа засаглал нь хүний үйл ажиллагаанаас ангид байх учиргүй юм. Чухам үүнтэй холбоотойгоор Германы эрдэмтэн М. Вебер (M. Weber., 1924)  үр хүүхдээ захирах эцгийн засаглал, мөнгө хүүлэгчдийн засаглал, хууль эрх зүйн, оюун санааны, эдийн засгийн засаглалын тухай өгүүлсэн байна.
Нэг хүн нөгөөдөө захирагдах засаглалын үндсэн эх сурвалж нь тэгш бус байдал юм. Тэгш бус байдал нь нийгмийн болон жам ёсны хүчин зүйлсээр нөхцөлдсөн байдаг.
Хүн төрөлхтөний түүхэнд засаглалын янз бүрийн хэлбэрүүд оршин байв. Үүнтэй холбоотойгоор Францын улс төр судлаач М. Дюверже засаглалын түүхэн гурван хэлбэрийг гаргасан байна. Үүнд:
·         Эрт үеийн нийгмийн гүнд боловсрогдох аноним засаглал:
·         Хөдөлмөр хуваарилалтын үйл явц нарийсч, шинэ хэлбэрийн үйл ажиллагаа бий болсноор үүссэн индивидуаль засаглал:
·         Тодорхой үүргүүд хүлээх тусгай институтийн үйл ажиллагаан дээр суурилсан институжсан засаглал орно.
Засаглал хэмээх ойлголт нь эртний Грегийн cratos гэсэн үгнээс гаралтай бөгөөд хот-улсыг удирдах үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн байна.
Улс төрийн шинжлэх ухаанд засаглалыг тодорхойлох, авч үзэх хэд хэдэн хандлага байдаг. Дашрамд өгүүлэхэд Оросын судлаач А. А. Дегтярев засаглалын мөн чанарыг тодорхойлох хандлагуудыг атрибут-субстанциональ болон реляционист гэсэн хоёр чиглэлд хуваан үзэх саналыг дэвшүүлсэн байна (см.: Дегтярев. А. А. “Политическая власть как регулятивный механизм социального общения” \\ Полис., 1996г., №3., С. 103).
Орчин үеийн улс төрийн шинжлэх ухаанд засаглалын дараах тодорхойлолтууд түгээмэл хэрэглэгдэж байна. Тухайлбал телеологи (Грег хэлний telos-зорилго гэсэн үгнээс гаралтай) хандлагаар засаглалыг тавьсан зорилгодоо хүрч тодорхой үр дүн олж авах чадвар гэж үздэг. Английн гүн ухаантан, судлаач Б. Расселзасаглалыг тавьсан зорилгын хэрэгжилт гэж тодорхойлж болно” гэжээ. Гэтэл Германы нийгэм судлаач М. Вебер засаглал бол “... эсэргүүцлийг ялан дийлж тухайн нийгмийн харилцаанд өөрийн хүсэл зоригийг хэрэгжүүлэх чадвар мөн” гэж тодорхойлжээ.
Телеологи хандлага нь засаглалыг хэт өргөн хүрээгээр тодорхойлох оролдлого гаргадаг онцлогтой.
Бихеворист (Англи хэлний behavior-үйл байдал хэмээх үгнээс гаралтай) хандлага нь засаглалыг хүмүүсийн нэг хэсэг нь захирч, нөгөө хэсэг нь захирагдаж байх үйл байдлын өвөрмөц хэв маяг хэмээн үздэг. Энэ чиглэлийн гол төлөөлөгч, Америкийн улс төр судлаач Г. Лассуэлл засаглал бол “баялаг, нэр хүнд, эрх чөлөө зэргийг олж авах, улмаар амьдралаа сайжруулах арга хэрэгсэл мөн” хэмээн тодорхойлжээ.
Сэтгэл зүйн хандлага нь засаглалыг хүний ухамсартай болон ухамсаргүй үйл байдалтай холбон тайлбарлахыг оролддог. Энэ чиглэлийн гол төлөөлөгч нь З. Фройд, А. Адлер, К. Г. Юнг нарын хүмүүс юм. Засаглал гэдэг нь хүний сэтгэл санааны сул дорой байдалтай холбоотой бөгөөд сул дорой байдлаа нуух, далдлах зорилгоор бусдыг эрхшээн дагуулах, захирч, удирдах хэрэгцээ үүсдэг гэж үзэхэд энэ хандлагын онцлог оршино.
Системийн хандлага нь засаглалыг улс төрийн системийн шинж чанартай холбон үзэхийг чухалчилдаг. Энэ чиглэлийн гол төлөөлөгчид нь Америкийн судлаач Т. Парсонс, Г. Алмонд, Д. Истон, Н. Луманн, К. Дойч нарын хүмүүс болно. Системийн хандлагын томоохон төлөөлөгч Т. Парсонс засаглалыг “системийн нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн системийн өөрийнх нь чадвар юм” хэмээн тодорхойлжээ.
Реляционист (relation-харилцаа хэмээх Франц үгнээс гаралтай) хандлагаар засаглалыг хоёр оролцогчийн тэгш хэмтэй бус харилцаа гэж үздэг. Энэ чиглэлийн хүрээнд нөөцийн солилцооны, эсэргүүцлийн, нөлөөллийн бүс хуваах гэсэн гурван онол бий болсон байна (энэхүү бичвэрийг “Улс төрийн шинжлэх ухаан” УБ., ред: Ц. Ганболд., Экимто хэвлэх үйлдвэр., 2001 он., 78-83-р талаас хураангуйлан ишлэв).
Засаглалын үндсэн хэлбэр нь улс төрийн засаглал, тэр дундаа төрийн засаглал юм. Төрийн засаглал бүхэн улс төрийн засаглал байдаг бол улс төрийн засаглал бүхэн төрийн засаглал болдоггүй.
Төрийн засаглалд
·         Хуулиар зөвшөөрөгдсөн, шийдвэр нь дээд хүчин чадалтай:
·         Засаглалын нөөц нь олон төрөлтэй, нийтлэг шинжтэй:
·         Хууль цааз, цэрэг, цагдаа, шүүх, шорон зэрэг албадлагын хэрэгсэлийг хуулийн дагуу ашиглах эрхтэй:
·         Шийдвэр гаргах нэгдсэн төвтэй гэсэн шинжүүд байх аж.
Засаглалын бүтцэд засаглалын субъект, объект, засаглалын нөөц багтана. Эрх мэдлийг идэвхтэй эхийг агуулах хувь хүн, нийгмийн бүлэг, улс төрийн нам, улс төрийн институт, улс төрийн элит, манлайлагчид цаашлаад төр, тодорхой ард түмэн улс төрийн засаглалын субъект болдог. Засаглалын субъект, объект гэсэн ойлголтууд нь хүрээ хязгаарыг тодорхойлох боломж хомс харьцангуй ойлголтууд юм. Нэг харилцаанд засаглалын субъект болж байхад өөр харилцаанд засаглалын объект болж байдаг.
Засаглалын асуудлыг авч үзэхэд засаглалын нөөц гэсэн ойлголт онцгой ач холбогдолтой. Засаглалын нөөц гэдэгт засаглалыг хэрэгжүүлэхэд ашиглагдаж буй бүхий л зүйлсийг хамруулан авч үздэг.
Засаглалын нөөцийг оюун санааны, мэдээллийн, эдийн засгийн, улс төрийн гэх мэт олон төрөлд ангилан авч үздэг байна.
Улс төрийн засаглалын легитим шинжийн асуудал улс орнуудад хүчтэй яригдах болсон. Легитим гэдэг үг нь Франц хэлний хууль ёсны, хуульчлагдсан гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд засаглалын легитим шинжийн онолыг хөгжүүлэхэд Германы эрдэмтэн М. Вебер онцгой нөлөө үзүүлсэн байдаг. Тэрээр засаглалын легитим шинжийг уламжлалт легитим, харизматик легитим, рациональ легитим гэж гурав ангилсан байна.
Захиран засаглах уламжлалт хэв ёсонд тулгуурлаж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх засаглалын шинжийг уламжлалт легитимд хамруулан үзэж болох юм. Легитимийн энэ хэв маяг ихэвчлэн хаант засаглалтай орнуудад түгээмэл байдаг.
Хувь хүн, улс төрийн элит, лидерийн онцгой чадвар, авъяаст итгэх олон нийтийн итгэл, сэтгэл хөдлөл, хувийн харилцаанд тулгуурлан нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх засаглалын шинжийг харизматик легитим гэж нэрлэдэг. И. В. Сталины үеийн ЗХУ, Х. Чойбалсангийн үеийн БНМАУ, Мао Зэдуний үеийн БНХАУ-бүгд үүний томоохон жишээ юм.
Хууль ёсны дагуу тодорхой нийгэм, улс орны иргэдийн итгэл үнэмшил, үнэт зүйлс, үнэлэмжээр хүлээн зөвшөөрөгдсөн засаглалын шинжийг рациональ легитим гэж үздэг. Өөрөөр хэлбэл засаглалын үр ашгийг дээд зэргээр хангах ардчилсан шинж бүхий засаглал нь рациональ легитимийг өөртөө агуулдаг.

Ашиглах ном зохиол:
Монгол хэл дээр:
Ø  “Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг.,  УБ:.,  2011 он.
Ø  “Улс төрийн шинжлэх ухаан” УБ:.,  ред: Ц. Ганболд., 2001 он.
Ø  Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд” УБ:., 2005 он.
Ø  Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн сэтгэлгээний дээж бичиг-I” УБ:., 2013 он.
Орос хэл дээр:

Ø  Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.
Ø  “Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:., 1997г.

Ø  Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис 1997г., №6. 

No comments:

Post a Comment