Thursday, June 8, 2017

ЕЖИ ЙОЗЕФ ВЯТР: УЛС ТӨРИЙН ХАРИЛЦААНЫ СОЦИОЛОГИЙН СУДЛАХ ЗҮЙЛ, СУДАЛГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ

Польш дахь улс төрийн шинжлэх ухааны, өөрийнх нь тодорхойлсноор “улс төрийн харилцааны социологийн”  томоохон төлөөлөгч нь Варшавын Их Сургуулийн профессор Ежи Йозеф Вятр билээ.
 “Европын ихэнх орнуудын нэгэн адил дайнаас өмнөх болон дайны дараах жилүүдэд Польшид улс төрийн шинжлэх ухаан юм уу улс төр судлалын уламжлал гэхээр зүйл байсангүй. Харин Францын тухайд арай өөр, улс төрийн шинжлэх ухааны нэн эртний уламжлал байсан юм. Бидний хэсэг нөхөд 1960 онд Польшийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Нийгэмлэгийг анх үүсгэн байгуулж байлаа. Миний бие энэ үйлсэд анхнаас нь хүчин зүтгэсэн гэдгийг хэлмээр байна. Харамсалтай нь, тэр үед хамтран ажиллаж байсан нөхдийн маань ихэнх нь одоо нэгэнт байхгүй болжээ. Энэ үед улс төрийн социологи буюу Ю. Хохфельд (1911-1966)-ийн нэрлэсэнчлэн «улс төрийн харилцааны социологи» л байсан. Улс төр судлал гэж байгаагүй. В. Хохфельд «Studia Socjologiczno-Polityczne» (Нийгэм-улс төрийн судалгаа) сэтгүүлд нийтлүүлсэн «Марксизм ба улс төрийн харилцааны социологи» нэрт анхны өгүүлэлдээ улс төрийн харилцааны марксист социологи нь улс төрийн бодлогын талаарх нэгдмэл шинжлэх ухааны үндэс болох ёстой гэсэн санааг дэвшүүлсэн юм.
Миний бие энэ онол, энэ үзэл баримтлалыг л хөгжүүлсэн. Яагаад тэр вэ? Учир нь марксизм улс төр ба эдийн засаг, улс төр ба соёл гэхчилэн нийгмийн амьдралын янз бүрийн хэсгийг нэгтгэн судлах боломж олгож байсан хэрэг. Ингэхлээр, хэрэв 1950-аад оны сүүл – 1960-аад оны эхээр Польшид улс төрийн бодлогын тусгаар шинжлэх ухаан, улс төрийн шинжлэх ухааны үзэл баримтлал байсан гэж үзвэл тэр нь юуны түрүүнд, социологийн үзэл баримтлал байх боломжтой байсан юм. Гэхдээ дараа нь энэ үйл явц өөр чиглэлд хөгжсөн. 1960-аад оны үед Польшид Намын Төв Хорооны шийдвэрээр улс төрийн шинжлэх ухааны төвүүд, дараа нь хүрээлэнгүүд олноор байгуулагдсан. Гэхдээ эдгээр төвүүд улс төрийн бодлогын социологид бус, хууль цааз, түүх дээр тулгуурлаж байсан. Ерөнхийдөө их, дээд сургуулиудын онцлогоос хамаарч байсан гэх үү дээ. Тухайлбал, Краковын Их Сургуульд Улс Төрийн Шинжлэх Ухааны Хүрээлэн эрх зүй, хууль цаазын шинжлэх ухааны факультетийн хүрээнд эрх зүйн профессоруудад түшиглэн үүсгэн байгуулагдсан. Варшавын Их Сургуульд энэ үйл явц түүхчдэд түшиглэсэн байх жишээтэй. Энэ үед улс төрийн бодлогын социологи хямралд орчихсон байсан тул социологи төдийлөн нөлөөтэй байж чадаагүй. 1960-аад оны сүүл – 1970-аад оны эхээр миний улс төрийн байр суурь төдийлөн ахицтай байгаагүй. Миний бие хүрээлэнгийн захирал, деканаар томилогдсон 1970-аад оны дунд үеэс энэ байдал өөрчлөгдсөн. Улс төрийн шинжлэх ухааны төвүүд байсан ч хоорондын хамтын ажиллагаа төдийлөн сайн хөгжиж чадаагүй. Гэхдээ шинэ шинжлэх ухаан үүсвэрлэх хандлага ажиглагдаж байсан. Тэр үед «улс төр судлал» гэх ойлголтыг бус, илүү өргөн «улс төрийн бодлогын тухай шинжлэх ухаан» гэх ойлголтыг ашиглах болсон. Дараагаар нь «улс төрийн шинжлэх ухаан» буюу«улс төр судлал» мөн «улс төрийн шинжлэх ухаанууд» гэх ойлголтуудыг хэрэглэх болсон.  Улс төр судлал, социологийн дунд нарийн харилцан хамаарал байдаг(Кучинов, 2014, хуудсд. 88, 89).
Юуны түрүүнд, Вятр нийгэм дэх улс төрийн үзэгдэл, үйл явцыг судлах шинжлэх ухааны мэдлэгийг “улс төр судлал” хэмээсэнгүй, “улс төрийн харилцааны социологи(1977 оноос), “улс төрийн бодлогын социологи(2009 оноос) гэх мэтээр тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн үзэгдэл, үйл явцыг харьцангуй бие даасан улс төрийн шинжлэх ухааны хүрээнд бус, социологийн мэдлэгийн бүрэлдэхүүнд багтах улс төрийн харилцааны социологи гэх салбар ухааны хүрээнд судлах боломжтой гэсэн санааг дэвшүүлсэн байна. Гэхдээ улс төрийн харилцааны социологи улс төрийн шинжлэх ухаанаас ялгаатай нь, улс төрийн бүхий л үзэгдэл үйл явцыг бус, гагцхүү нийгэм дэх улс төрийн эрх мэдэл, түүний нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөллийг судалдагт оршино.
Хэдийгээр улс төрийн харилцааны социологийн талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц тодорхойлолт өнөө хэр байхгүй боловч дараах байдлаар оночлох боломжтой гэсэн санааг хөгжүүлсэн. Хамгийн өргөн утгаар нь “(…) улс төрийн харилцааны социологийг улс төрийн бодлогын мөн чанарыг илэрхийлэгч эрх мэдлийн төлөөх тэмцэл, эрх мэдлийн хэрэгжилтийг судлаж, тайлбарлах социологийн онолын хэсэг мөн (…)(Вятр, 1979, хууд. 21) гэж тодорхойлж болох байна. Өөрөөр хэлбэл, “нийгмийн амьдралын тогтсон хэлбэр дэх эрх мэдлийн төлөөх тэмцэл, эрх мэдлийн хэрэгжилт, тэдгээрийн обьектив урьдач нөхцөл, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөллийг судлах, тайлбарлах социологийн хэсэг(Вятр, 1979, хууд. 22) юм. Улс төрийн харилцааны социологи нь социологийн зэрэгцээ улс төрийн шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсэг болдог. “(…) Улс төрийн харилцааны социологи нь чухамдаа бол улс төрийн талаар эмпирик шинжлэх ухааны үндэс болох улс төрийн шинжлэх ухаануудын нэг билээ. Үүний зэрэгцээ улс төрийн харилцааны социологийн судалгааны үр дүн нь социологийн онолын эмпирик үндсийг бүрдүүлдэг. Мөн улс төрийн социологи нь улс төрийн онолын цорын ганц тайлбар биш бөгөөд олон тайлбаруудын нэг байхын сац бусад салбар ухаануудын хамт улс төрийн онол, улс төрийн тухай шинжлэх ухааныг бүрдүүлдэг болно(Вятр, 1979, хууд. 26).
Энд өөр нэг анхаарал татсан сэдвийг хөндсөн нь улс төрийн харилцааны социологи болон улс төрийн социологийн талаарх Вятрын санаа юм. Улс төрийн харилцааны социологи нь нийгэм дэх эрх мэдлийн төлөөх тэмцэл, эрх мэдлийн хэрэгжилтийг эмпирик түвшинд судалдаг бол улс төрийн харилцааны социологийн онолын үндэс нь улс төрийн социологи мөн гэжээ.
Улс төрийн харилцааны социологи нь дараах бүрдэл хэсгийг өөртөө багтаана. Эдгээрт:
·         Ажилчны хөдөлгөөн, улс төрийн намуудын социологи:
·         Төр, түүний байгууллагуудын социологи:
·         Нийгмийн бодол санаа, улс төрийн үзэл суртлын оролцуулан улс төрийн ухамсарын социологи:
·         Улс төрийн үйл байдлын социологи:
·         Олон улсын улс төрийн харилцааны социологи зэрэг болно (Вятр, 1979, хууд. 31).
Хүснэгтлэн харуулбал дараах байдалтай байна.
Улс төрийн харилцааны социологи
Ерөнхий онолын хэсэг
Улс төрийн социологи
Бүрэлдэхүүн ухаанууд
Улс төрийн хөдөлгөөн, намуудын социологи
Төрийн социологи
Улс төрийн ухамсарын социологи
Улс төрийн үйл байдлын социологи
Олон улсын улс төрийн харилцааны социологи
Эх сурвалж: (Вятр, 1979, хууд. 32)

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

Вятр, Е. (1979). Социология политических отношений. (профессор Ф. М. Бурлацкого, Ed.) Москва: Издательство "Прогресс".
Кучинов, А. М. (2014). Интервью с профессором Ежи Йозефом Вятром. Политический вектор - М, № 1.

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР




No comments:

Post a Comment