Sunday, June 11, 2017

ЛЕКЦИ №1. УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Монгол улсад улс төрийн шинжлэх ухаан үүсч хөгжөөд нэгэнтээ хорь гаруй жил болжээ. Энэ хугацаанд дээд боловсролын шаталсан сургалт явуулах бүх их, дээд сургуульд улс төрийн шинжлэх ухаан буюу улс төр судлалын үндэс хичээлийг оюутан сурагчдын сургалтын хөтөлбөрийн заавал судлах судлагдахуун болгож, үзэх болсон билээ.
Бидний анхны лекци улс төрийн шинжлэх ухааны үүсэл, хөгжил сэдвийн хүрээнд өрнөх болно.
Орчин үеийн нийгмийн мэдлэгт улс төрийн шинжлэх ухаан чухал байр суурь эзэлдэг (Монгол Улсын Их Сургууль, 2001 он, хууд. 6). Эрт дээр үеэс эхлэн улс төрийг аливаа ард түмэн, үндэстэн, тэр бүү хэл хувь хүний амьдрал, хувь заяанд хүртэл нөлөөлж чадахуйц үйл ажиллагааны төрөл хэмээн ойлгож үзсээр иржээ. Үүнтэй холбоотойгоор хүн төрөлхтний мэдлэгийн салбарт улс төрийг судлах шинжлэх ухааны судалгааны онцгой салбар үүсч бүрэлдсэн юм.
Улс төрийн амьдралыг танин мэдэх оролдлогууд анхны төрт улсууд бүрэлдэж эхэлсэн нэн эрт үед хийгдэж байсан түүхтэй. Улс төрийг танин мэдэх анхны түүхэн хэлбэр нь шашин - домог зүйн тайлбар билээ. Өнөө бидний үед хадгалагдаж үлдсэн түүхэн эх сурвалжаас үзэхэд эртний бүхий л ард түмнүүдэд эрх мэдэл, нийгэм - улс төрийн дэг журмын бурханлаг үүслийн талаарх төсөөлөл түгээмэл ноёрхож байжээ.
Ойролцоогоор МТӨ I дэх мянган жилийн дунд үеэс улс төрийн төсөөлөл, үзэл санааг рационал шинжтэй болгох үйл явц эрчимжиж, философи - ёс зүйн хэлбэр агуулсан анхны улс төрийн үзэл баримтлалууд бий болжээ. Улс төрийн талаарх онолын судалгаа Күнз, Платон Аристотель зэрэг сэтгэгчдийн нэртэй салшгүй холбоотой. Тэд улс төрийн зорилгыг улс, хүн ардад сайн сайхан байдлыг бий болгох явдал мөн гэж үзэж байжээ. Улс төрийн сэтгэлгээний цаашдын хөгжилд XVI зууны Италийн төрийн зүтгэлтэн Н. Макиавэлли томоохон хувь нэмэр оруулсан байдаг. Тэрээр улс төрийн үйл явцыг жам ёсны, байгалийн үзэгдэл хэмээн тайлбарлахын зэрэгцээ улс төрийн судалгааг шашин - ёс зүйн хэлбэрээс тусдаа авч үзэхийг онцолжээ. Шинэ үед Т. Хоббс, Ж. Локк, Ш. Монтескье, Ж. Ж. Руссо, И. Хант, К. Маркс нарын улс төрийн үзэл баримтлалууд боловсруулагдсан байна.
Тэгвэл шинжлэх ухааны судалгааны онцгой салбар болох улс төр судлал буюу улс төрийн шинжлэх ухаан хэдий үед, хэрхэн үүсч бий болсон бэ?
Улс төрийн шинжлэх ухаан хэдий үед анх үүссэн тухайд судлаачдын дунд нэгдсэн байр суурь өнөө хэр бүрэлдэж чадаагүй байна. Улс төрийн шинжлэх ухааны үүсэл хөгжлийн талаар хэд хэдэн хандлага байна.
Улс төрийн шинжлэх ухаан гэх ойлголт нь грек хэлний πολιτικός буюу төр, нийгмийн, πολίτης буюу иргэн, πόλις буюу хот улс, λόγος буюу сургаал, айлдвар гэх үгнүүдийн бүтээвэр болно. Зарим эрдэмтэд улс төрийн шинжлэх ухаан гэх ойлголтыг Грекийн гүн ухаантан Аристотель анх хэрэглэсэн гэдэг бол өөр нэг хэсэг эрдэмтэд Хэраклиттай нэр холбон үздэг. Үүнтэй холбоотойгоор Хэраклит болон Аристотель нарыг улс төрийн шинжлэх ухааныг үндэслэгчид гэж үзэх эрдэмтэд байдаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн шинжлэх ухаан эртний Грек-Римийн үед үүссэн гэсэн санааг тэд хөгжүүлдэг байна. Гэхдээ хүн төрөлхтний түүхийн үе бүхэнд улс төрийн мэдлэгийг харилцан адилгүй ойлголтоор илэрхийлж байсныг дурдах хэрэгтэй. Тухайлбал, Германы бичгийн хүн Их Альбэрт улс төрийн мэдлэгийг “ars politica” буюу “улс төрийн урлаг”, Домниканы санваартан Аквино газрын Фома “scientia politicaбуюу “улс төрийн ухаан”, Германы энэрэнгүй үзэлтэн Сэбастьян Брант “sanctissima civilis scientia” буюу “шашны иргэний ухаан”, Н. Макиавэлли, Ж. Бодэн, Х. Хроции, Ю. Липси, С. Пуфэндорф нар “улс төрийн мэдлэг” гэхчилэнгээр тус тус нэрлэсэн байдаг.
Хоёр дахь хандлага нь дээр нэр дурдсан Италийн цолгорсон төрийн бодлоготон Н. Макиавэллитэй улс төрийн шинжлэх ухааны үүслийг холбон тайлбарладаг. Макиавэлли улс төрийг хүний үйл ажиллагааны бие даасан хүрээ хэмээн ойлгож байсан нь эрдэмтдийг ийм дүгнэлтэд хөтөлжээ.
Гурав дахь хандлагад улс төрийн шинжлэх ухааны үүслийг XIV-XV зууны Европын их сургуулиудын үйл ажиллагаатай холбон тайлбарладаг. Тухайлбал, Фрайбургийн Их Сургуулийн профессор Вилхэлм Хэннис, Хумболдтын Их Сургуулийн профессор Вилхэлм Блэк, Хэлсинк Их Сургуулийн профессор Эркки Бэрндтсон нар улс төрийн шинжлэх ухаан энэ үед бүрэлдсэнийг судалгааны явцдаа тогтоосон байна. Эдгээр судлаачдын үзсэнээр, 1389 онд Венийн Их Сургуульд, 1390 онд Прагын Их Сургуульд сургалтын хөтөлбөрт улс төрийн шинжлэх ухаан гэсэн хичээл зааж байжээ. Үүгээр ч үл барам, Европын бусад их сургуулиудад дэлгэрч, 1410 он гэхэд Лейпцигийн Их Сургуульд, 1449 онд Эрфуртын Их Сургуульд улс төрийн шинжлэх ухаан хичээлийг заах болсон байна. 1613 онд Нидерландын эрдэмтэн Даниэл Хэйнсуис Лэйдэн Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны анхны профессороор томилогдож байжээ. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд, Европт XIV зуунаас эхлэн улс төрийг бие даасан шинжлэх ухааны мэдлэгийн түвшинд авч үзэж байсан нь харагдаж байна гэжээ (Hennis, 1963; Bleek, 2001; Berndtson, 2009).
Дөрөв дэх хандлагад улс төрийн шинжлэх ухааны үүсэл, хөгжлийг XIX зууны дунд болон сүүл үе тэрчлэн XX зууны эхэн үеийн Америкийн эрдэмтдийн үйл ажиллагаатай холбон тайлбарладаг. Энэ хандлагын гол төлөөлөгчид нь Йелийн Их Сургуулийн профессор Робэрт А. Даль, Чикаго Их Сургуулийн профессор Дэвид Истон (Easton, Dec., 1969, pp. 1051-1061), Стэнфордын Их Сургуулийн профессор Габриэл А. Алмонд (Almond, 1995, хуудсд. 50-69) нар болно. Тэд ихэвчлэн америк төвт байр сууринаас улс төрийн шинжлэх ухааны үүсэл, хөгжлийн асуудалд анхаарал хандуулсан байх бөгөөд Америк дахь улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн үйл явцыг ерөөсөө улс төрийн шинжлэх ухаан анх үүсч хөгжсөн үйл явц мэтээр тайлбарлах, ойлгох буруу хандлагыг бий болгожээ.
Хэдийгээр Харвард (1636 он), Колумба (1745 он), Миннесота (1851 он) их сургуулиуд эрт байгуулагдсан боловч 1862 онд Морриллын баримт бичиг нийтлэгдэх хүртэл Америкт дээд боловсролын тогтолцоо жинхэнэ утгаараа хөгжиж чадаагүй юм. Барууны хөрөнгийн биржийн магнат Эзра Корнелл 1865 онд Корнеллийн Их Сургуулийг, 1876 онд Балтиморын бизнесмэн Жон Хопкинс Жон Хопкинс Их Сургуулийг, 1885 онд Калифорни муж улсын амбан захирагч Амаса Лэланд Стэнфорд эхнэр Жэни Латфорд Стэнфордын хамт хүүгийнхээ дурсгалд зориулж Стэндфордын Их Сургуулийг, 1890 онд газрын тосны магнат Жон Рокфеллер Чикаго Их Сургуулийг үүсгэн байгуулснаар орчин үеийн Америкийн дээд боловсролын тогтолцооны үндэс суурь тавигдсан түүхтэй. Үүнтэй зэрэгцээд Америкт улс төрийн шинжлэх ухаан хөгжих эхний алхамууд бий болсон юм. Тухайлбал, Колумбын Их Сургуульд 1880 онд, Мичиганы Их Сургуульд 1881 онд, Йелийн Их Сургуульд 1886 онд, Корнелл Их Сургуульд 1887 онд улс төрийн шинжлэх ухааны сургууль байгуулагдсан байна. 1857 онд Америкийн анхны улс төр судлаач Фрэнсис Либэрийн санаачлагаар Колумбын Их Сургуульд “Түүх, улс төрийн шинжлэх ухааны тэнхим” үүсч байсан бол эрчимтэй хөгжлийн үр дүнд 1914 он гэхэд 38 улс төрийн шинжлэх ухааны тэнхим бий болжээ (Haines, Feb., 1914, p. 252). Бас нэг томоохон үйл явдал байсан нь 1903 онд Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо байгуулагдсан болно. Үүнээс гадна, 1882 онд “Түүх, Улс Төрийн Шинжлэх Ухааны Салбар дахь Жон Хопкинсийн Судалгаа” нэрт анхны улс төрийн шинжлэх ухааны сэтгүүл гарч байсан бол 1886 онд “Улс Төрийн Шинжлэх Ухааны Улирал Тутмын Сэтгүүл”, 1890 онд “Америкийн Улс Төр, Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн он тооллын бичиг” тэргүүтэн олон эрдэм шинжилгээний бичгүүд гарах болжээ.  Фрэнсис Либэрээс гадна Жон У. Бэржесс, Жон Адамс, Томас В. Вильсон, Фрэнк Ж. Гуднау, Уильям Ф. Виллобай нарын судлаачид Америк дахь улс төрийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан байдаг.
Тав дахь хандлага нь улс төрийн шинжлэх ухааны үүсэл хөжлийн үйл явцыг XX зуун, тэр дундаа “ЮНЕСКО-гийн ивээл дор Парис хотноо 1948 онд болсон олон улсын улс төр судлаачдын чуулга уулзалт (…)”-ад улс төрийн шинжлэх ухааныг бие даасан шинжлэх ухаан хэмээн хүлээн зөвшөөрч, улмаар “1949 онд Олон улсын улс төрийн шинжлэх ухаан холбоо (IPSA) (…)” байгуулагдсан үйл явдалтай холбон тайлбарладаг (Монгол Улсын Их Сургууль, 2001 он, хууд. 14; Монгол Улсын Их Сургууль, 2012 он, хуудсд. 18, 19).
Энэ бүгдээс дүгнэн үзэхэд улс төрийн шинжлэх ухааны үүсэл, хөгжлийг дараах дөрвөн үед ангилан авч үзэж болох байна. Үүнд:
·         Улс төрийн мэдлэгийн танин мэдэхүйн үе: Эртний Египет, хоёр мөрний улсуудаас дундад эртний үе хүртэл.
·         Улс төрийн мэдлэг бие даасан шинжлэх ухаан болж төлөвшиж эхэлсэн үе: Хожуу дундад зууны үеэс XVIII зууны сүүл үе хүртэл.
·         Улс төрийн шинжлэх ухаан институтжсэн үе: XIX зууны эхэн, дунд үеэс XX зууны дунд үе хүртэл.
·         Улс төрийн шинжлэх ухааны эмпирик хөгжлийн үе: XX зууны дунд үеэс өнөөг хүртэл үргэлжилж байна.

Эх сурвалжийн жагсаалт

Almond, G. A. ( 1995). Political Science: The History of the Discipline. In Robert E. Goodin and Hans-Dieter Klingemann (Ed.), A New Handbook of Political Science. Oxford: Oxford University Press.
Berndtson, E. (2009). ‘Schools of Political Science’ and the Formation of a Discipline. Paper prepared for presentation at the XXIst World Congress of the International Political Science Association, July 12-16, Santiago de Chile, Chile.
Bleek, W. (2001). Geschichte der Politikwissenschaft in Deutschland. München: Beck .
Easton, D. (Dec., 1969). The New Revolution in Political Science. The American Political Science Review, Vol. 63(No 4).
Haines, C. G. (Feb., 1914). Report on Instruction in Political Science in Colleges and Universities. The American Political Science Review, Vol. 8(No 1).
Hennis, W. (1963). Politik und praktische Philosphie. Eine Studie zur Rekonstruktion der politischen Wissenschaft . Neuwied/Berlin: Luchterhand.
Монгол Улсын Их Сургууль. (2001 он). Улс төрийн шинжлэх ухаан: Сурах бичиг. (Ц. Ганболд, Ed.) Улаанбаатар хот: "ЭКИМТО" Хэвлэх Үйлдвэр.
Монгол Улсын Их Сургууль. (2012 он). Улс төрийн шинжлэх ухаан: Сурах бичиг (Нэмж засварласан, гурав дахь хэвлэл ed.). (Ё. Довчин, Ed.) Улаанбаатар хот: ЭКИМТО ХХК.



 
МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment