Saturday, February 4, 2017

ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ ОНОЛЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ, УЛС ТӨР СУДЛААЧ ЖОЗЭФ САМУЭЛ НАЙ

Дэлхийн Олон Улсын Харилцааны Залуу Судлаачдын Холбоо 2011 онд 20 орны 1700 гаруй эрдэмтдийн дунд санал асуулга явуулсан бөгөөд уг асуулгаар Жозэф Найг сүүлийн хорин жилд гарсан хамгийн нөлөө бүхий судлаач болохыг тогтоожээ (Daniel Maliniak, Susan Peterson and Michael J. Terney, May 2012). Мөн 2011 болон 2014 онуудад Foreign Policy сэтгүүлийн явуулсан судалгаагаар Жозэф Найг хорьдугаар зууны нэр нэндсэн 100 эрдэмтний зургаад оруулсан байх юм. Ингэхэд Жозэф Самуэл Най гэж хэн бэ, улс төрийн шинжлэх ухаанд ямар хувь нэмэр оруулав аа?
Олон улсын харилцаа, дэлхийн улс төрийн бодлого, улс орнуудын гадаад бодлогын үйл явцыг тайлбарлах “зөөлөн хүчний” үзэл баримтлалыг анхлан хөгжүүлэгч, эрдэмтэн, өдгөө 80 настай бага Жозэф Самуэл Най 1937 оны нэгдүгээр сарын 19 нд Америкийн Нью-Жерси муж улсын Нью-Оранжид мэндэлжээ. Моррис тауны бага сургуулийг дүүргээд 1954 онд Принстоны Их Сургуульд элсэн суралцаж, улмаар 1958 онд олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсчээ. 1964 онд Харвардын Их Сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар PhD-ын зэрэг хүртэж, мөн ондоо Харвардын Их Сургуульд багшлах болсон байна. 1985-1990 онуудад Жон Хэннэдийн нэрэмжит Төрийн Удирдлагын Сургуулийн Шинжлэх Ухаан, Олон Улсын Харилцааны Төвийн захиралаар ажилласан. 1989-1992 онуудад Харвардын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Факультетын орлогч декан, 1989-1993 онуудад мөн сургуулийн Олон Улсын Харилцаа Судлалын Төвийн захирал, 1995-2004 онуудад Жон Хэннэдийн нэрэмжит Төрийн Удирдлагын Сургуулийн захиралаар тус тус ажиллаж байв. 2012 оны арванхоёрдугаар сараас Харвардын Их Сургуулийн тэргүүлэх профессороор томилогдон өнөөг хүртэл багшилж байна.
Жозэф Най зөвхөн эрдэмтэн судлаач байсангүй ээ. Тэрээр төрийн бодлого боловсруулагч улс төрийн зүтгэлтэн байв. Тухайлбал, 1977-1979 онуудад төрийн нарийн бичгийн даргын аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн зөвлөх, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх үндэсний хорооны бүлгийн дарга, 1993-1994 онуудад Үндэсний Тагнуулын Хорооны дарга, 1994-1995 онуудад АНУ-ын Батлан Хамгаалах Яамны сайдын олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн орлогч зэрэг албыг хавсран гүйцэтгэж байжээ. 2004 онд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Жон Кэрригийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллах боломжтой хүмүүсийн тэргүүн эгнээнд дурдагдаж байснаас үзэхэд Жозэф Най улс төрийн тулхтай зүтгэлтэн болох нь харагдана.
Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны болон Дипломат Академийн гишүүн Жозэф С. Най Аспен Хүрээлэнгийн анхны гишүүн, Аспены стратеги бүлэглэлийн захирал, Гурван Талт Комиссийн Гүйцэтгэх Хорооны гишүүн зэрэг сонгуульт алба үүрэглэж байна. Үүнээс гадна,  Өрнө, Дорнын Аюулгүй Байдлын Судалгааны болон Олон Улсын Стратеги Судалгааны Хүрээлэнгийн захирал, Дэлхийн Эдийн Засгийн Хүрээлэнгийн Зөвлөх Хорооны гишүүн, НҮБ-ын дэргэдэх Зэвсэг Үл Дэлгэрүүлэх Зөвлөх Хорооны Америкийн талын төлөөлөгч нэгэн болно.
Олон улсын түвшинд нэр хүнд бүхий импакт фактор сэтгүүлүүдийн редакцийн зөвлөлд багтах Най нэг сэдэвт олон арван бүтээл туурвихын зэрэгцээ мэргэжлийн сэтгүүлд 150 гаруй өгүүлэл нийтлүүлжээ. Томоохон хэмжээний  “For the People: Can We Fix Public Service? (2003 он), Soft Power: The Means to Success in World Politics” (2004 он) зэрэг бүтээлүүдийн зэрэгцээ Нью-Йорк Таймс, Вашингтон Пост, Интернэшнл Гэральд Трибун, «Уолл-стрит Жоурнал», «Файнэншл Таймс» сэтгүүлд улс төрийн сэдвээр нийтлэлүүд бичиж байсан. «Найтлайн АВС», «Өглөөний мэнд, Америк орон», «Жим Лэхрэрийн мэдээний цаг» зэргээс гадна австрали, британи, франц, швейцари, япон, солонгосын телевизүүдэд ярилцлага өгч байв.
Харвардын Их Сургуулиас гадна Жозэф С. Най Женев, Оттава, Лондонд багшилж байжээ. Тэрээр Европ, Зүүн Африк, Төв Америкт амьдарч, дэлхийн 90 гаруй орноор тойрон аялсан байна.
Улс төр судлаач Робэрт Кеохэйнтэй хамтран 1972 онд “Үндэстэн хоорондын харилцаа ба дэлхийн бодлого” нэрт бүтээл нийтлүүлж үүндээ үндэсний улс олон улсын харилцааны цорын ганц субьект биш гэсэн санааг гаргажээ. 1977 онд бичсэн “Эрх мэдэл ба бие даасан байдал: Дэлхийн улс төрийн бодлогын хөгжил” зохиолдоо олон улсын харилцааны шинэ либерал дэг сургуулийн үндсийг боловсруулсан байна. Тэрээр 1980-аад оны үеэс эхлэн зөөлөн хүч буюу soft power онолыг хөгжүүлсэн юм. Ялангуяа, зөөлөн хүчний онол АНУ Ирак руу цэргээ оруулсны дараа төрийн бодлогод хүч түрэн орж ирсэн түүхтэй. Найгийн судалгааны гол чиглэл нь даяаршил, дэлхий нийтийн харилцан хамаарал, зэвсэглэл, цөмийн зэвсэгтэй холбоотойгоор үүсэх гадаад бодлого, АНУ-ын Азийн бодлого (Хятад, Япон), улс орны доторх эрх мэдэл, удирдлагын асуудалд төвлөрч байна.
Найгийн үзсэнээр, өнөөгийн олон улсын харилцааны гол онцлог нь нийгэм-улс төрийн шалтгаанаас үүдэн үндэсний төр улсад итгэх итгэл эрс буурах болсонд оршино. Олон улсын харилцаан дахь төр улсын жин нөлөө буурахын хэрээр хүч түрсэн, айлган сүрдүүлсэн хатуу бодлого суларч, соёл, үнэлэмжийн шинжтэй зөөлөн хүчний бодлого улс хоорондын харилцаанд хөгжих таатай орчин бүрдэж байна гэжээ.  

Эх сурвалж

Daniel Maliniak, Susan Peterson and Michael J. Terney. (May 2012). TRIP Around the World: Teaching, Research and Policy Views of International Relations Faculty in 20 Countries . Williamsburg, Virginia : The College of William and Mary.


No comments:

Post a Comment