Sunday, January 15, 2017

ПТАХХОТЕПЫН СУРГААЛ

ПТАХХОТЕПЫН СУРГААЛ БҮТЭЭЛИЙН ӨМНӨТГӨЛ
Дэлхийн улс төрийн сэтгэлгээний түүхэнд Птаххотеп түшмэл хүндтэй байр суурь эзэлдэг. Эртний Египетийн оюут мэргэдийн оройн чимэг Птаххотеп эртний хаанчлалын V династийн үед Жэдгара фараоны жати буюу тэргүүн зөвлөхийн алдар хүлээж асан түүхэн бие хүн билээ. Птаххотепыг хот, балгадын тэргүүн, фараоны барханг сахигч, дээд заргач, улсын багш, ариун номыг сийрүүлэгч, өндөр дээдсийн үйл хэргийг хөтлөгч, үр тариа нөөцлөгч, фараоны шарир хадгалагч зэргээр цоллодог байжээ. Тэрээр улсын заргач Ахетхотепын хүү бөгөөд Птаххотепын ач хүү сүүлээр мөн л өвөг эцгийн нэгэн адил фараоны (Унас фараон) дэргэд жати буюу тэргүүн түшмэлийн алба үүрэглэж байсан түүхтэй.
Жати түшмэл гэдэг нь цэргийн хэргээс бусад төрийн бүх хэргийг хамааран хөтлөх их хүн, тэргүүн сайд болно. Жати түшмэлийн алба МТӨ XXVIII-IV зууны үед байсан бөгөөд зарим үед дээд, доод Египетийг төлөөлсөн хоёр хэргэмтэн хашиж байсан талаар эртний сурвалжид дурдсан байдаг. Ташрамд өгүүлэхэд, энэ албаны эрх, үүргийг нарийн тодорхойлсон бичвэр Египетэд байсан нь нотлогдсон бөгөөд МТӨ XV зуунд бичигдсэн “Жати түшмэлийн албан үүргийн тухай бичвэр” олдсон явдал болно.
Птаххотеп улс төрийн хувьд дараах санааг хөгжүүлжээ.
Нийгмийн орчинд тэгш бус харилцаа байх нь зайлшгүй. Доод давхаргын хүн дорд гаралтай тул муу, харин өндөр, дээд давхаргын хүмүүс сайн төрөлтөн учир эрхэм дээд гэсэн санааг тэрээр гаргажээ. Үүний зэрэгцээ доодос дээдэст хүндэтгэлтэй хандах нь зүй бөгөөд дээдэс нь доодостой хэрцгий хандаж үл болно. Доодсыг санааны дураар гутаан доромжлох, үл тоох, хор хүргэх тэргүүтэн нь муу үйл юм. Фараон болон дээд бурхдаас өөр хэн ч байсан бусдад айдас төрүүлж болохгүй.
Улс төрийн хувьд бурхдын залгамж фараон дээд эрх эдэлнэ. Түүнтэй үтээрхэх, тэмцэлдэх, дээд засгийг тэрслэх нь нүгэлт үйл мөн. Үүний зэрэгцээ Птаххотеп нийгмийн харилцааг өөрчлөн шинэтгэх боломжгүй гэж үзсэн. Айл гэрийн хүрээнд ч энэ харилцааг чандлан сахих ёстой. Үр хүүхэд нь эцгийг, багачууд нь өвөг дээдсийн сургаалыг бат нотоор дага. Тэр цагт улс гэр, нийгэм амар амгалан болно гэж үзжээ. Жати түшмэл Птаххотепын туурвисан сургаал бүтээл хойч үеээ сургамжилсан хэлбэрээр бичигдсэн  бөгөөд өнөөдөр ч бүрэн судлагдаж чадаагүй байгаа билээ. 
ПТАХХОТЕПЫН СУРГААЛ
1
Өчүүхэн эрдэмд бүү сагсуур!
Өөдтэй эрдэмтэн болж үл чадахыг мэдтүгэй!
Ухаантан мэргэдэд төдийгүй
Ухаан мунхагт ч зөвлөгөө тустай.
Урлаг гэгчийг үл таниваас
Уран зураач үйлс бүтээлийн оргилд хэрхэн хүрэх. (…)
2
Эрхэм сайн андтай учирваас
Орон гэртээ
Ахан дүүс мэт сайнаар зочил.
Урин тачаангуй эмд хөл алдваас
Ухаан мунхрахыг мэдтүгэй! (…)
Эмэгтэй хүний бие гэгч
Эрхгүй бусдын сэтгэл татах эмзэг нарийн шаазан буюу.
Эзэмдэж түүнийг эдэлнэ гэдэг — ахархан шөнийн зүүд манах адил.
Олж түүнийг хайрлана гэдэг — өнөө биеэ бүрлэх адил! (…)
ДОТООД СЭТГЭЛИЙН ТУУЛИЛАГ
АНХНЫ ГОМОРХОЛ
Үдийн наран халхлах
Үхээрийн шувууны сангас адил
Цөвүүн цагийн байдлыг үзэн ядахаа мэдтүгэй!
Жин үдийн наранд загасчилсны сүүлээр
Жингийн туухайд дэнслэгдэн хаягдах жараахай адил
Цөвүүн цагийн байдлыг үзэн ядахаа мэдтүгэй!
Үнэр ихт намагт ургасан хулсан дээр
Үүрээ зассан нугас адил
Цөвүүн цагийн байдлыг үзэх ядахаа мэдтүгэй!
Загасчны торонд орооцолдсон
Замаг, ногоолжин адил
Цөвүүн цагийн байдлыг үзэх ядахаа мэдтүгэй!
Матрын муухай амьсгалыг
Матрын дэргэдэх хүн сурвалжлан мэдээд жигшихийн адил
Цөвүүн цагийн байдлыг үзэн ядахаа мэдтүгэй!
Авааль нөхрийнх нь өмнө
Авсан эмийг нь гутаах гүтгэлэг адил
Цөвүүн цагийн байдлыг үзэн ядахаа мэдтүгэй! (…)
Улс гэрийг бүрлэх
Урагшгүй муу адил
Цөвүүн цагийн байдлыг үзэн ядахаа мэдтүгэй!
ХОЁР ДАХЬ ГОМОРХОЛ
Амраг садан үйлс гажиж
Анд нөхөд буруу санах тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Оорцог хүний сэтгэл хомхойрч
Олон хүний эдэд шунах тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Сэтгэл сайтныг заншлаж
Саар хүнд соёрхол хайрлах тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Сайхан бүхэн адлагдаж
Саар бүхэн дээдлэгдэх тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Наадам зугаа хэтэрч
Нандин шүтээн доромжлогдох тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Итгэлт саднаас илүүтэй
Ирмүүн дайсныг дотночлох тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй? (…)
Ахан дүүс биесээ өшлөж
Амраг сэтгэл гудайх тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Хомхой сэтгэл олныг идэж
Хуудгай үнэнийг орлох тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Чигч шударгууг бусцарлаж
Цэрвүү сэтгэлтэнд эзлэгдэх тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Итгэлт андын сэтгэл үгүйлэгдэж
Энгүй орчлон хоосрох тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Дарлал, зовлон шушнахын цагт
Далай сэтгэлтэн үл олдох тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
Бусцар бүхэн ёсчилж
Бусгаарлах арга эс олдох тул
Хэн хүн надад энэ цагийг таниулах буй?
ГУРАВ ДАХЬ ГОМОРХОЛ
Үхэл гэгч хомс надад
Өвчнөөс салгах агшин
Өнөдийн зовлонгоос гэтэлгэх мөч мэт санагдана.
Үхэл гэгч хомс надад
Сайхан үнэрт цэцэгс
Салхинаас халхлах суудал мэт санагдана.
Үхэл гэгч хомс надад
Сайхан үнэрт бадамлянхуа
Сархдад хөлчүүрхэх мөч мэт санагдана.
Үхэл гэгч хомс надад
Аянаас буцах орон гэр
Алсаас бараалах дардан зам мэт санагдана.
Эх сурвалж: Поучение Птаххотепа (текст pPrisse) / перевод М. И. Соколовой (Москва, 2002–2007) // Интернет-сайт «Египтологический изборник». Режим доступа: http://www.egyptology.ru/reader/ptahhotep/ Ptahhotep_1-9_(15-05-08).pdf.  Дата доступа: 07.10.2010.
ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

ЧАНАКЬЯ БЯРМАНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Чанакья
Мэндэлсэн он:
МТӨ 350 он
Мэндэлсэн газар:
Энэтхэг
Бие барсан он:
МТӨ 275 он
Бие барсан газар:
Энэтхэг улс, Бихар, Батна
Харьяалал:
Энэтхэг
Үйл ажиллагааны төрөл:
Зохиолч, гүн ухаантан, эдийн засагч
Чанакья (Самгард хэлнээ: चाणक्य Cāṇakya; МТӨ 370 – 283 оны орчим) болбоос түүхэнд Каутилья, Вишнагубта, Ватсяяна гэх зэргээр нэрлэгдэж, Нандын гүрнийг мөхөөн (МТӨ 317 он), Магадха улсыг (МТӨ 321 он) цүглэгч нэр нэндсэн бярман бөгөөд богд хаан Чандрагубтагийн тэргүүн зөвлөх билээ. Улс төрийн бодлогын хувьд ухаан хэтийдсэн нэгэн байсан тул түүхчид дундад эртний сэтгэгч Н. Макиавэлли авгайтай зүйрлэн бичих нь олонтоо. Артхашастир, Чанакья шастир, Чанакья – ражанитишастир тэргүүтэн улс төрийн бодлого, ёс суртахууны тухай өгүүлсэн олон бүтээл туурвиснаас бидний үед Артхашастир буюу ашиг тусын тухай сургаал нэрт зохиол нь ихэд дэлгэрч, олон мэргэдэд гүн хүртээл болжээ. Судлаачдын тэмдэглэснээр, уг зохиол МТӨ IV зууны үед бичигдсэн бололтой. Бярман Чанакья улс төрийн үзэгдэл, үйл явцыг ашиг тус буюу артхагийн үүднээс тайлбарлаж, ёс суртахуунаас ангид авч үзсэн эртний Дорно Дахины цолгорсон сэтгэгч, мэргэдийн оройн чимэг, гэгээн оюут гуру (багш) билээ. Тухайн үедээ соёл, шинжлэх ухааны төв болж асан Тагсила балгадад эрдэм ухаан хичээн зүтгэж, хожим богд хааны хамт их улсыг цүглэж түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Цухас дурдсан Артхашастир зохиол Губта гүрний сүүлээр алдагдаж, хожмоо Шамастра авгайн зүтгэлийн үрээр дахин олдож, 1909 онд хэвлэгдэн, олны хүртээл болжээ.
Гэвч Бярман Чанакьян цэдиг намтрын талаар тоймтой мэдээлэл өнөө хэр хомс байна. Грекийн түүхч Мегасфэн, Юстин, Помпэй Трог нарын хүмүүс богд хаан Чандрагубтагийн талаар өдий төдий зүйл бичиж үлдээсэн хэрнээ Чанакья бярманы талаар нэг ч үг дурсаагүй нь тун хачирхалтай. Үүнтэй холбоотойгоор бидний үед олон таамаг яригдах болсон. Тухайлбал, богд хаан Чандрагубтагийн үед бярман амьдарч байгаагүй бөгөөд хожим ардын дунд бий болсон үлгэр, домогт биежсэн түүхэн бус хүн гэх таамаг хөгжиж байна. Гэтэл зарим судлаачид, тухайлбал, Ачарэ Хэмачандра авгай түүхэн бие хүн мөн төдийгүй богд хааны үед амьдарч байсан гэх олон үндэслэл байгааг тогтоожээ.
Чанакья бярманы мэндэлсэн газрыг нарийн тодорхойлох боломжгүй бөгөөд хэд хэдэн хувилбар яригддаг. «Махавамса-Тиги»-д Чанакья Тагсила балгадад мэндэлсэн гэжээ. Харин жайнист урсгалын бүтээлүүдэд өмнөд Энэтхэгээс гаралтай гэсэн байдаг. Дээр нэр дурдсан Ачарэ Хэмачандра авгай Чанакья Голла нутгийн Чанака сууринд бярман Чанин, авааль эм Чанэсвари нарын гэрт эснэв хэмээн бичжээ. Бас нэгэн хувилбарт эцгийн алдрыг Чанак хэмээдэг байснаас Чанакья нэр үүссэн гэжээ. Бярман төрөхдөө бүрэн шүдтэй байсан бөгөөд энэ нь их заяат хүний шинж хэмээн үздэг байжээ.
Бярман баруун хойд Энэтхэгт орших Тагшашил балгадад мэргэдэд сүслэж, эрдэм ухаан суралцаад эл газраа ачарэ болжээ. Бярманы амьдрал Тагшашил болон Баталибутра гэсэн хоёр хоттой нягт холбогдоно.
Чанакья богд хаан Чандрагубтатай нийлж, Нандын гүрнийг мөхөөн, Магадха улсыг байгуулжээ. Тулгар улсыг байгуулсны сүүлээр богд хаан Чанакьяд тэргүүн зөвлөхийн алдар хайрласан гэдэг. Түүхэн энэ үед Магадха улсын хоёр дахь хаан мэндэлжээ. Эх нь төрөхийн хүндрэлээр насан хутгийг олж, ханхүү Биндасура (Дусал цус гэх үг) амьд үлдсэн нь хожмын олон олон таагүй зүйлийн эхлэл болсон талаар түүхчид тэмдэглэсэн байдаг.
Биндасура эрийн цээнд хүрч, богд эцгийн их орыг залгасан бөгөөд Чандрагубта хаан жайнист уламжлалаар аглаг буйдад мацаг барьж, хэдэн жил амьдарсны эцэст биеэ ариутгаж эцлэв. Харин тэргүүн зөвлөх Биндасура хааны дэргэд албаа үргэлжлүүлсэн байна.
Бярманы хэрхэн бие хураасан тухайд өнөө хэр нэгдсэн ойлголт бүрдэж чадаагүй байна. Нэгэн хууч ярианд аглаг буйдад гарч, биеэ ариутган эцлэв гэжээ. Гэтэл Ачарэ Хэмачандран өгүүлсэн өөр нэг хуучид Биндасура хааны түшмэл Субандху нэрт эртнээс бярманд өшлөн явах аж. Нэгэн удаа Субандху их хаанд эхийнх нь үхэлд бярманыг буруутган хов хүргэжээ. Их хаан хилэгнэн уурсаж, бярманыг рашаан хүртэж,  өөрийн биеэ нөгчөөх зарлиг буулгасан гэнэ. Хаан хэргийн учрыг ойлгож, өршөөн хэлтлэх гэсэн боловч нас дээр гарсан бярман урьдын зарлиг ёсоор рашаан хүртэж, биеэ егүүтгэжээ.
Улс төрийн сургаал
Бярманы улс төрийн сургаал 15 дэвтэр, 150 бүлэг, 180 хэсэг, 6000 мөрөөс бүрдэх Артхашастир буюу Ашиг тусын тухай сургаал нэрт бүтээлд тусгагдсан байдаг.
Улс гэр гэгч сүр хүчит хаан, цэцэн билигт түшмэл, газар нутаг, төв нийслэл, төрийн сан, цэрэг эрс, холбоотон улс гэх долоон зүйлээс бүрдэнэ. Энэ долоон зүйл цогцлон бүрдвээс улс гэр тогтож, удаан хугацаанд орших нигуур буй. Долоон зүйлийг хэрхэн цогцлоох хийгээд ашиглах нь улс төрийн үзэгдэл, үйл явцын мөн чанар болно. Хувь хүний үйл ажиллагаа, улс гэрийн гадаад, дотоод бодлого бүгд энэ долоон зүйлийн зохист нийцлийг хангахад чиглэгдэнэ. Улс төрийн шижлэх ухаанд үүнийг Чанакья бярманы "Саптанг" онол хэмээн нэрлэдэг.
Энэ онол ёсоор улс төрд хувь хүний болон улс гүрний эрх ашиг туйлаас чухалд тооцно. Хууль дүрэм, ёс суртахууны хэм хэмжээг алс хэтийдэн хэрэглэх нь хөнөөлтэй. Хэрэв хууль дүрэм, ёс суртахуун, улсын эрх ашигтай зөрчилдвөөс улсын эрх ашгийг чухалчлах хэрэгтэй. Шашин бол ард түмнийг засаглах улс төрийн арга хэрэгсэл төдий юм. Тиймээс улсын эзэн шашинд хэт сүсэгтэй хандвал улс орон доройтох талтай. Хөрөнгө мөнгө гачигдсан үед хаан хүн сүм хийдээс татварлах замаар улсын санг зузаатгаж болно. Хэрэв улс гэрт ёсыг сахиулах хангалттай хүч үгүй бол хаан хүн олон ардын сүсэг бишрэлийг ашиглан өөрийгөө шүтүүлэх замаар нийгмийн дэг журмыг хангах бололцоотой.
Төрийн гадаад бодлого дайтах, найрамдах, аргацаах, хамгаалах арга зам хайх, хоёр үзүүртэй бодлого явуулах, шахалт үзүүлэх гэсэн зургаан үндсэн арга дээр тулгуурлана. Гэвч бодлогын үр өгөөжийг сайжруулахын тулд элчин солилцох, нууц гэрээ байгуулах, заншлаач илгээх, хөрш орнуудаа хагалан бутаргах, хүчтэй хөршөө өшлөн сул дорой хөршөө тэтгэх зэрэг нэмэлт арга хэмжээ хэрэгжүүлж болно хэмээн зөвлөсөн байна. Булаан эзлэх бодлого явуулахын өмнө дайтах улсынхаа эдийн засгийн хүчин чадлыг сайтар судлах хэрэгтэйг Чанакья сануулсан байдаг. Хэрэв сайтар судлахгүйгээр санааны дураар хөдөлбөл улсаа бүрлэх нигуур буй.
Үүнээс гадна, Артхашастир бүтээлд хаадад зориулсан засаг захиргаа, ялгах түшмэлийн алба, хууль цааз, гадаад, дотоод бодлогын асуудлаар олон зөвлөгөөг бичсэн байдаг. Хэдийгээр шашин улс төрийн зэвсэг мөн боловч олон ардын дунд шашны нөлөө буурваас улс гэр самуурч, бүрлэх цөвтэй. Өөрөөр хэлбэл, улс оронд хааны засаг сулрахын чухам шалтгаан нь хүмүүсийн ёс суртахууны үнэлэмж буурах явдал болно гэжээ. Зөвхөн хууль цаазаар шашлах газар ямар ч засаг удаан оршин тогтнож үл чадна. Засаггүй улс гэгч тэргүүнгүй хүн лугаа адил буюу. Тэргүүнгүй хүн үл оршихын адил засаггүй нийгэм үл оршино. Иймийн учир улс гэрт ямар ч тохиолдолд засаг байх нь зайлшгүй. Гэвч засаг сул дорой, эсвэл хүчтэй байх нь өөр асуудал юм.
Хэдийгээр олон зуун жилийн өмнө бичигдсэн ч Артхашастир бүтээлийн ач холбогдол өнөө хэр арилаагүй байна. Улс төрийн мэдлэгийн хүрээнд нийгмийн үзэгдэл, үйл явцыг үнэлэмжийн шинжтэй бус, гагцхүү бодитойгоор, шалтгаан, үр дагаварын эргэх холбоонд авч үзэхийг оролдсонд Чанакья бярманы бичсэн Артхашастир бүтээлийн үнэ цэнэ оршино.

БИЧВЭРИЙГ БЭЛТГЭСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

ВИЛФРЭДО ПАРЭТОГИЙН ЭЛИТИЙН ОНОЛ

Вилфрэдо Парэто 1848 оны долдугаар сарын 15 нд Париж хотноо үзэл бодлын эрхээр цагаачилсан Генуя хотын маркизийн гэр бүлд мэндэлсэн. Харин эх нь Франц эмэгтэй байсан бөгөөд Парэто багаасаа итали болон франц хэлийг гаргууд сайн сурчээ. Хэдийгээр хоёр улсын хэл, соёлыг гадарлах болсон ч бүхий л амьдралынхаа туршид Парэто өөрийгөө итали хүн гэж үзсээр ирсэн байдаг. 1858 онд гэр бүлээрээ Итали улсад эргэн иржээ. Энд тэрээр техникийн болон хүмүүнлэгийн боловсрол эзэмшсэн байна. Ялангуяа математикийн ухааныг судлахад ихээхэн анхаарч байжээ. Турин хотноо политехникийн их сургуулийг дүүргээд “Хатуу биет дэх тэнцвэржилтийн суурь зарчмууд” сэдвээр докторын зэрэг горилсон байна. Хэдийгээр ямар сэдвээр хамгаалсан нь бичвэрт төдийлөн чухал биш ч тэнцвэржилтийн асуудал түүний нийгэм-эдийн засгийн онолд томоохон байр суурь эзэлдэгийг харуулж байна. Олон жилийн туршид төмөр замын болон металлургийн үйлдвэрт ажилласан.
90-ээд оноос улс төрд хөл тавьсан ч төдийлөн амжилт гаргаж чадаагүй билээ. Энэ үед тэрээр эх хэлнээ нийгэм, улс төрийн сонгодог бүтээлүүдийг утгачлахын ялдар олон нийтийн ажил эрхлэх болжээ. 90-ээд оны тэргүүн хагаст эдийн засгийн онолын чиглэлээр олон тооны судалгаа нийтлүүлжээ. 1893 онд Леон Вальрасыг орлож, Лозаннын их сургуулийн улс төр эдийн засгийн ухааны профессор болсон бөгөөд амьдралынхаа эцэс хүртэл тус сургуульд багшилжээ. Парэтогийн сүүлийн жилүүдэд Италид фашист дэглэм тогтсон юм. Энэ дэглэмийн зарим зүтгэлтнүүд, тэр дундаа дуче Б. Муссолини Парэтог багшаа гэж хүндлэх болжээ. Үүнтэй холбоотойгоор Парэтод 1923 онд насан туршийн сенатор цол хүртсэн байна. Хэдийгээр Парэто шинэ дэглэмийн дэмжлэгт болгоомжтой хандаж байсан боловч түүний амьдралд шинэ дэглэмийн зүгээс аюул учруулж байгаагүй юм. Парэто 1923 оны наймдугаар сарын 19 нд Швейцарьт бие баржээ.
Парэто юуны түрүүнд, эдийн засагч байсан юм. Тиймдээ ч түүний судалгаа ихэвчлэн эдийн засгийн асуудалд төвлөрч байв. Орлогын хуваарилалт, төгс бус өрсөлдөөнт зах зээл, эдийн засгийн загварчлалын асуудлыг хөндсөн байдаг. Гэвч аажмаар түүний судалгаанд хүний тухай ойлголт бий болсон юм. Хүний тухай рационал төсөөлөл нийгмийн бодит байдалтай олон талаар зөрчилдөж байсан тул илүү нарийн онол, үзэл баримтлал боловсруулахыг чармайж байв. «Улс төрийн эдийн засгийн лекцүүд» (1896-1897), «Социалист систем» (1902), «Улс төрийн эдийн засгийн сурах бичиг» (1906) зэрэг олон арван зохиол туурвисан байна. 1897 оноос Лозаннын их сургуульд социологийн ухаанаар лекц унших болсон ч эрүүл мэндийн байдлын улмаас энэ ажлаа орхисон түүхтэй.
В. Парэтогийн гол бүтээл нь - «Ерөнхий социологийн ойллого бичиг» бүтээл юм. Уг бүтээлийг 1907-1912 оны хооронд бичжээ. Итали хэлнээ анх 1916 онд  «Шашдир» нэртэйгээр хэвлэгдсэн бөгөөд франц хэлнээ 1917-1919 онуудад хөрвүүлэгджээ. Нийт 13 бүлэг, 2612 зүйл, 2000 орчим хуудас бүхий томоохон бүтээл болно.

Засаглагч болон засаглагч бус элит
Парэтогийн үзсэнээр, хүмүүс бие махбод, оюун санаа, ёс суртахууны хувьд харилцан адилгүй байдаг. Тиймээс нийгмийн тэгш бус байдал зүй ёсны бөгөөд бодитой зүй тогтол юм. Өөрийн үйл ажиллагааны хүрээнд хамгийн өндөр үзүүлэлт бүхий тэр хүмүүс элитийг бүрдүүлнэ. Үйл ажиллагааны тодорхой хүрээ бүрт элит байна. Парэто элитийг улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд шууд оролцох засаглагч элит, засаглагч бус элит гэсэн хоёр төрөлд ангилсан. Нийгмийн давхараажилт элит болон элит бус давхарга гэсэн хоёр хэсгээс бүрдэх пирамид хэлбэртэй. Дэглэм, засаглалын хэлбэрээс үл хамааран нийгэмд элит ямагт оршин байсан, байна, байсаар ч байх болно.
Парэто элит гэх ойлголтын зэрэгцээ засаглагч анги, ноёрхогч анги, язгууртан, дээд анги гэх мэт нэр томьёог ашигласан байдаг. Гэхдээ эдгээр үгийн ерөнхий утга нэгдмэл шинжтэй байв. “Гэгээн язгууртан, дээрэмчин язгууртан, эрдэмтэн язгууртан, гэмт хэрэгтэн язгууртан гэх мэтчилэн” язгууртны олон төрөл байж болох талаар бүтээлдээ дурджээ. Хамгийн чухал нь, язгууртан буюу элитийг хэрхэн тодорхойлох вэ, мэдлэг чадвар нь ямар байх ёстой вэ гэдэгт асуудлын гол оршино. Парэто элитэд түгээмэл шинж байхыг үгүйсгэж, тодорхой орчин, тухайлбал оршин буй нийгмийн тогтолцоотой холбоотойгоор төлөвшиж болох талаар дурдсан байна.
Парэто элит хэмээх ойлголтыг бодит нийгмийн талаас авч үзэхийг хичээсэн. Элит бол нэг талаар байгалийн шалгарлын үр дүн учир өөрийн салбартаа дээд зэргээр мэргэшсэн тийм хүмүүсийг багтаана. Гэвч нийгмийн орчинд элитийн шинж байхгүй хэрнээ элит давхаргад багтсан хүмүүс байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, эхний тайлбартайгаа хоёр дахь үзэгдэл зөрчилдөх болсон. Ангийн нээлттэй бүтэц, тогтвортой дайчилгааны механизм бүхий нийгэмд элит байгалийн шалгарлын үр дүнд бүрддэг болохыг тэрээр онцолсон. Харин ангиудын хаалттай бүтэц, дайчилгааны механизм үгүй нийгэмд элит бүрдэх үйл явц доголдох хандлагатай байдгийг гаргасан. Биеэ барих чадвартай байх, зорилгодоо хүрэхийн тулд бусдыг өрвдөх зүйлгүй золиглох хаттай байх, шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэх, бусдыг дагуулах, итгэн үнэмшүүлэх чадвартай байх зэрэг нь засаглагч элитийн үндсэн шинж юм. Засаглал итгэл үнэмшил, хүчирхийлэл дээр суурилна. Хэрэв бусдыг итгэн үнэмшүүлэх чадваргүй бол эргэлзээгүй хүч хэрэглэх чадвартай байх хэрэгтэй. Хэрэв хүч хэрэглэх чадваргүй бол бусдын талдаа татах, ятган сэнхрүүлэх чадвар эзэмшсэн байвал зохино. Чадварыг бүгдийг эзэмшвэл түүнээс илүү сайн зүйл гэж үгүй. Чадвартай байна гэдэг эрх мэдлээ тогтоох барихын үндэс юм. Энэ утгаараа Парэто түүхийг “язгууртны булш мөн” хэмээсэн байдаг.
Нийгмийн харилцааны нэг онцлог нь элит болон элит бус давхаргын хооронд мөнхийн сэлгээ хийгдэж байдагт оршино. Дээд анги буюу элит шинэчлэгдэх үйл явцыг элитийн цус сэлбэлт хэмээн нэрлэсэн байна. Элитийн цус сэлбэлтийн үр дүнд нийгмийн хөгжил тасралтгүй урагшилж байдаг зүй тогтолтой.

Элитийн цус сэлбэлт
Элитийн цус сэлбэлт нийгмийн тэнцвэржилтийг хангахад онцгой чухал үүрэгтэй. Цус сэлбэлт нь элитэд удирдлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцөөр хангаж байдаг. Хэрэв элит хаалттай бүлэг болон хувирч, нийгмийн доод давхаргын чадвартнаар өөрийгөө шинэчилж чадахгүйд хүрвэл элитээ дагаад нийгэм бүхэлдээ уналтад ордог. Нөгөө талаас, нийгмийг удирдах чадвар бүхий хүмүүс доод ангийн бүтцэд хуримтлагддаг байна. Ингэснээр улс төрийн тэмцэл буюу хувьсгал үүснэ. Элитийн цус сэлбэлт удаашрах, нийгмийн доод давхаргад элитийн шинжтэй хүмүүс хэт олшрох нь нийгмийн тэнцвэржилтийг эвдэж, хувьсгал гаргахад хүргэдэг байна. Шууд утгаар хэлэхэд, нийгмийн элит давхаргын бүтцийг эрс шинэчлэх үйл явц бол хувьсгал юм.
Элитийн хэв шинж
Хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн үйл явц гэгч элитийн өсөлт, бууралт, уналтын үйл явц юм. Ингэхлээр, энэ нь хүний нийгэм оршин байх ерөнхий зүй тогтол болж байна. Элит солигдох буурч, доройтох, эсвээс өсч хөгжихийн чухам шалтгаан юунд оршино вэ? Парэто үүнийг элитийн хэв шинжтэй холбон тайлбарласан байна. Үнэг болон арслан хэв шинжит хоёр төрлийн элит байна. Үнэг хэв шинжит элит давамгайлах үед нийгэмд хөгжлийн алс ирээдүйг харах бус, эрх мэдлээ хэрхэн, ямар аргаар тогтоон барих вэ гэсэн хувиа аргацаасан хандлага ноёлох болдог. Алс ирээдүйг бус, ойр үеэ бараалах, улс үндэстний гэхээсээ илүү амин ашиг тусаа хичээх, оюун санааны гэхээсээ илүү эд материалд шунан тачаадах тэргүүтэн нь үнэг хэв шинжит нийгмийн үндсэн шинж юм. Эрх мэдлээ тогтоон барих арга нь олон түмнийг хууран мэхлэх, ятган сэнхрүүлэх, худалдан авах тэргүүтэн арга болно. Харин арслан хэв шинжит элитийн үед хүч хэрэглэсэн, хүчин суурилсан аргаар эрх мэдлээ тогтоон барихыг чармайх бөгөөд үнэг хэв шинжит элитээс илүү алс холыг цараалдаг байна. Гэхдээ нийгмийн хөгжил ерөнхийдөө зогсонг байдалд орох хандлагатай байдаг.

БЭЛТГЭСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 

Friday, August 5, 2016

НИЙГМИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ


Манай улсад сүүлийн жилүүдэд иргэний хөдөлгөөний тухай ойлголт бий болж, судлах бодит хэрэгцээ үүсч байгаа бөгөөд үүнтэй уялдаад уг үзэгдэл, үйл явцыг хэрхэн нэрлэх, ойлгох, хөгжлийн ямар зүй тогтолтой болох, нам, төрийн байгууллагатай хэрхэн холбогддог зэргийг тодорхойлох шаардлага тулгарч байна. Ахисан түвшинд тухайлсан чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэд ч олшрох хандлагатай байна.
Дэлхий дахинаа нийгмийн хөдөлгөөний түүхийг 19-р зуунаас эхлэлтэй гэж үзэх бөгөөд Английн улс төрийн зүтгэлтэн Жон Уилксийн үйл ажиллагаатай холбон ойлгодог.
XX зууны эхэн үеэс улс төрийн шинжлэх ухааны хүрээнд нийгмийн хөдөлгөөн гэж юу болох, улс төрийн тогтолцоонд ямар нөлөөтэй байдаг, нийгмийн хөдөлгөөний хөгжил, өөрчлөлтийн тухайд судалгааны ажил эрчимжих болжээ. Ялангуяа, 1950-аад оны эхэн үеэс улс төрийн социологийн судалгааны томоохон чиглэл болж өргөжсөн байна. Нийгмийн хөдөлгөөн гэх үзэгдэл, үйл явцаа дагаар онол, үзэл баримтлал, хандлагууд ч хувьсан өөрчлөгдөж байна.

Үг зүйн хувьд social movement буюу нийгмийн хөдөлгөөн гэх ухагдахууныг Германы хайв эрдэмтэн, Венийн Их Сургуулийн профессор Лорэнц фон Штэйн «1789 оноос хойших Франц дахь нийгмийн хөдөлгөөний түүх» нэрт зохиолдоо анхлан хэрэглэжээ. Хэдийгээр эрдэмтэн, судлаачдын дунд нийгмийн хөдөлгөөн гэх ухагдахуун өргөн дэлгэр хэрэглэгддэг боловч иргэний эрхийн төлөөх хөдөлгөөн гэсэн ойлголт хамтатгал байдлаар ашиглагдах болсон. Ташрамд дурдахад, монгол хэлнээ өнөө цагт түгээмэл хэрэглэгдэх “иргэний хөдөлгөөн” хэмээх ойлголтын тухайд гадны судлаачдын өгүүлэл, бүтээлд бичсэн зүйл одоогоор алга. Иймээс ухагдахууны хувьд энэ чиглэлээр мэргэшиж буй судлаачид нийгмийн хөдөлгөөн (Social Movement), эсвэл иргэний эрхийн төлөөх хөдөлгөөн (Civil Rights Movement) гэх нэршлийг түлхүү хэрэглэвэл нийцтэй мэт санагдана.
Колумбын Их Сургуулийн профессор Чарльз Тилли нийгмийн хөдөлгөөнийг бусдад хамтын шаардлагаа тулган хүлээлгэх үүднээс энгийн иргэдийн ашиглах олон тооны жагсаал, цуглаан, кампанит ажлын нийлбэр цогц хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, Тилли төр засгийг удирдах хэрэгт энгийн иргэдийг татан оролцуулах үндсэн арга хэрэгсэл нь иргэний хөдөлгөөн мөн гэж үзсэн байна (Tilly C. , 2004, p. 3). Гэтэл Корнелл Их Сургуулийн профессор Сидней Жорж Тэрроу нийтлэг зорилго бүхий хүмүүсийн хамтын үйлдэл мөн (Tarrow S. , 1994) гэжээ. Харин Энтони Гиддэнс нийгмийн хөдөлгөөн нь “нийтийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын үйлдэл буюу тогтоосон хэм хэмжээнээс гадуур хамтын хүчээр зорилгодоо хүрэх үйл ажиллагаа мөн” (Giddens, 1991) гэжээ.
Илүү тодорхой болгох үүднээс Монгол хэлний тайлбар тольд хэрхэн авч үзснийг дурдья. Цолгорсон хэл шинжлэлч Я. Цэвэлийн 1966 онд Улаанбаатар хотноо эрхлэн гаргаж, олны хүртээл болгосон «Монгол хэлний товч тайлбар толь»-д нийгмийн гэдгийг “хувийн биш, нийт олны”, хөдөлгөөн гэдгийг “нийгмийн тодорхой санаа, зорилго бүхий үйл байдал: аливаа хэсэг хүмүүс, юмны хөдлөх явдал” (Цэвэл, 1966, хуудсд. 374, 706) гэж тайлбарласан байх юм. Гэтэл Б. Баярсайхан нарын 2011 онд эрхлэн хэвлүүлсэн «Монгол хэлний тайлбар толь» -д ерөнхийдөө Я. Цэвэл авгайтай төстэй боловч хөдөлгөөн гэдгийг “ямар нэгэн үзэл бодол, үйл хэргийн төлөө нийгмийн тодорхой санал, зорилго бүхий хүмүүс хамтран зүтгэх” (Б. Баярсайхан (Эрхлэн гарг.,), 2011, хуудсд. 1498, 768) хэмээн дэлгэрэнгүй тайлбар хийжээ.
Орчин үед нийгмийн хөдөлгөөнийг дараах найман хандлагын хүрээнд судлах болсон. Үүнд:
·         Хамтын үйл байдал буюу хамтын үйлдлийн хандлага:
·         Депривацийн хандлага:
·         Марксист хандлага:
·         Нөөцийн дайчилгааны хандлага:
·         Улс төрийн үйл явцын хандлага:
·         Үнэлэмжийн хандлага:
·         Хүрээллийн хандлага:
·         Шинэ нийгмийн хөдөлгөөний хандлага орно.


Эх сурвалжийн жагсаалт

Giddens, A. (1991). Modernity and Self-Identity; Self and Society in the Late Modern Age . Cambridge: Cambridge University Press.
McAdam, D. (1982). Political Process and the Development of Black Insurgency, 1930-1970. Chicago: Chicago University Press.
Smelser, N. (1962). Theory of Collective Behavior. New York.
Tarrow, S. (1989). Struggle, Politics, and Reform; Collective Action, Social Movements and Cycles of Protest. 2 nd edition, New York: Cambridge University Press.
Tarrow, S. (1994). Power in Movement: Collective Action, Social Movements, and Politics. Cambridge : Cambridge University Press.
Tilly, C. (1978). From Mobilization to Revolution. Reading: Addison-Wesley.
Tilly, C. (2004). Social Movements, 1768-2004. New York: Boulder, CO, Paradigm Publishers.
Б. Баярсайхан (Эрхлэн гарг.,). (2011). Монгол хэлний тайлбар толь. Ред: А. Янжиндолгор, Улаанбаатар хот: МОНСУДАР Хэвлэлийн газар.

Цэвэл, Я. (1966). Монгол хэлний товч тайлбар толь. БНМАУ-ын ШУА, Хэл Зохиолын Хүрээлэн, Ред: Х. Лувсанбалдан, Улаанбаатар хот: Улсын Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Хороо.