АНУ-д улс төрийн шинжлэх ухаан
бүрэлдэх үйл явц – нарийн төвөгтэй, урт хугацааны туршид үргэлжилсэн, зөрчилт
шинж чанартай байсан билээ. Улс төрийг шинжлэх ухааны мэдлэг, мэдлэгийн хүрээ болохын
хувьд харилцан адилгүй ухан ойлгож байсан боловч Америкийн нийгмийн амьдралын
бүхий л хүрээнд үүрэг, ач холбогдлыг нь хүлээн зөвшөөрч байсан тэр хүмүүс улс
төрийн шинжлэх ухааны хөгжилд үлэмжхэн нөлөө үзүүлсэн нь эргэлзээгүй. Нийгмийн
шинжлэх ухааны тухайн салбарт гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн Америкийн улс төр
судлаачид дотроос Чарльз Мэрриам, Харолд Лассуэлл, Ханс Моргэнтау нарыг
онцгойлон дурдах байна. Чухам эдгээр хүмүүс Чикаго их сургууль түшиглэн Америк
дахь улс төрийн шинжлэх ухаанд прагматизм, улс төрийн реализмын дэг сургуулийн
бий болгож нэвтрүүлсэн юм. Үүгээр ч зогсохгүй АНУ-ын дотоод, гадаад улс төрийн
бодлогыг судлахад цоо шинэ судалгааны аргууд нэвтрүүлсэн байдаг. Тэдний
төсөөллөөр дамжуулан Америкийн олон нийт АНУ-ын төр, нийгмийн байгууллыг
төсөөлөх болсон байна. Нэр цолгорсон дээрх эрдэмтэд дотроос энэ тэргүүн Америк
дахь улс төрийн шинжлэх ухааныг цүглэгч төдийгүй бихевиорист урсгалыг
хөгжүүлэгч гэж тооцогддог Чарльз Мэрриам (1874-1953 он)-ыг нэр дурдах хэрэгтэй
болно.
Америк дахь улс төрийн шинжлэх ухааны
мэдлэгийг практиктай, тэр дундаа нийгмийн бодит амьдралтай бат нотоор холбож
өгсөнд түүний тэргүүн гавьяа оршино. Улс төрийн практик үйл ажиллагааны чанарын
цоо шинэ шинж чанарыг илэрхийлэхийн тулд өөрийн ажил, үйлдээ чигч шударга,
хариуцлагтай хандахын зэрэгцээ Америкийн олон нийтийг улс төрийн удирдлагад
өргөн хүрээгээр татан оролцуулах улс төрчдийн хандлагыг «улс төрийн сайн
жишиг» гэх тусгай нэр томьёогоор илэрхийлсэн байх юм.
Хоёрдугаарт, улс төрийн
судалгаанд шинжилгээний шинэ, тэр дундаа тоон аргуудыг эрчимтэйгээр
нэвтрүүлсэнд оршино. Түүний зүтгэлийг үр дүнгүй байсан гэж үзэж болохгүй билээ.
30-аад оны эхэн гэхэд нэр цолгорсон ихэнх улс төр судлаачид судалгааны тоон
аргыг чухалчилах болсон байдаг. Судалгаанд тоон аргууд нэвтрүүлэхийн чухлыг
сануулахын ялдар урьд өмнө хэрэглэгдэж байсан уламжлалт арга, ялангуяа,
түүхэн-харьцуулалтын болон хууль цаазын аргыг үгүйсгээгүй байдаг. Нарийн
хэмжиж, баталгаажуулах бололцоогүй улс төрийн асуудлыг танин мэдэхэд уламжлалт
арга чухал болохыг онцолсон байна. Үүнээс үүдэн Мэрриам нэг аргын ач холбогдлыг
нөгөө аргаар орлуулах замаар судалгаа явуулах бус, харин практик зорилтоо
хамгийн өргөн боломжтойгоор шийдвэрлэх, тайлбарлах бололцоо бий болгосон улс
төрийн судалгааны арга сонгох нь бидний гол зорилт юм гэжээ.
Эцэст нь буюу гуравдугаарт,
Мэрриам Америк дахь ардчиллыг хүний төрөлх мүс чанарт бүрэн дүүрэн нийцэх улс
төрийн засаглалын хэлбэр гэдэгт бүрнээ итгэж байв. Түүний үзсэнээр, Америк дахь
ардчилал нь хүний бүтээлч боломжийг бүрэн дүүрэн нээн илрүүлэхийн зэрэгцээ
эцсийн эцэст улс төрийн цоо шинэ харилцаа бий болгоход чиглэгдэх ёстой болж байна.
Ч. Мэрриамыг залгамжлагч бөгөөд
шавь нь бусад улс төр судлаачидтай харьцуулахад улс төрийн шинжлэх ухааны
хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан томоохон мэргэжилтэн Харолд Лассуэлл (1902-1979 он) билээ.
Америк дахь улс төрийн шинжлэх ухаанд оруулсан
Лассуэллын бүтээлийн хувь нэмэр нь улс төрийн судалгааны арга зүйн асуудалд
үлэмжхэн анхаарал хандуулсан байдаг.
Дээрх асуудлыг авч үзэхдээ Фрейдын
хандлагыг ашиглаж, улс төрийн сэтгэцийн задлан шинжилгээний онолын үндсийг
томьёолсон байдаг. «Улс төрийн судалгаанд сэтгэцийн задлан
шинжилгээний онолыг ашиглах нь хачин жигтэй үзэл санаа байж болох юм. Сэтгэцийн
задлан шинжилгээний онол нь сэтгэцийн эмгэгтэй хүнийг нээн илрүүлэхэд
чиглэгдсэн сэтгэцийн эмгэг судлалын салбар болж анх үүссэн байдаг. Улс төрийн
шинжлэх ухаанаар мэргэшигчид улс төрийн хошуучлагчдын сэтгэцийн эмгэгийг
сонирхох явдал цөөнгүй байдаг. Тэд засаг баригч этгээдүүдэд сэтгэцийн эмгэг
байсан, үгүй талаар түүхчидтэй байнга санал зөрөлддөг». Гэвч
сэтгэцийн задлан шинжилгээний онол өргөжин хөгжихийн хэрээр «уг шинэ хандлагаар
түүхэн бие хүмүүсийн үйл ажиллагааг судлах болно» хэмээн
тэрээр бичжээ.
Улс төрийн сэтгэцийн задлан
шинжилгээний онолын мөн чанар нь улс төрд хандах хувь хүний харилцааг
нөхцөлдүүлж байдаг чухал хүчин зүйл бие хүний сэтгэл зүйн мөн чанарт суурилна
гэж үздэгт оршино. Бие хүний ямар сэтгэл
зүйн шинж чанар бий болсон, түүний хамт улс төрийн үзэгдэл, үйл явцтай хэрхэн
сүлэлдсэн зэргээр төлөөлүүлж удирдагч, удирдуулагч хоёрт үзүүлэх улс төрийн
нөлөө харилцан адилгүй байна гэх нь улс төрийн сэтгэцийн задлан шинжилгээний
онолын мөн чанар болно. Гэхдээ уг онолд улс төрийн бие хүний хэв шинжийг
боловсруулах асуудал чухалд тооцогддог. Тухайлбал, улс төрийн үйл явц,
сонгуульд хэрхэн хандаж байгаагаас нь хамааруулж Лассуэлл захиргаадагч, ухуулагч,
онолч гэх улс төрчийн гурван үндсэн хэв шинжийг гаргасан. Улс төрчийн
дээрх хэв шинжүүд, тэдгээрт агуулагдах сөрөг, эерэг шинж чанарыг харьцуулан
үзсэний эцэст улс төрийн бие хүний онцлог буюу сайн шинж чанаруудыг
хослуулсан «холимог хэв шинж» чухал
болохыг Лассуэлл онцолсон.
Лассуэлл улс төрийн бие хүний ангилалд
онцгой ач холбогдол өгсөн нь улс төрийн сэтгэл зүйн шинж чанар өөрөөр хэлбэл,
тодорхой хэв шинжийн бие хүн, түүнд нийцтэй улс төрийн үүргийн хамаарлын
асуудалд ихээхэн ач холбогдол өгч байсныг нотолно. Тодорхой хэв шинжид хамаарах
хүн нь улс төрийн захиргаадагчийн үүргийг түлхүү хэрэгжүүлээд улс төрийн
онолчийн шинж чанарыг эзэмшээгүй байж болно. Нөгөө талаас, сайн онолч юм уу
гайхамшигтай ухуулагч хэрнээ захиргааны чадваргүй байх тохиолдол байна.
Польшийн улс төр судлаач Ежи Вятр «улс төрийн бодит
амьдралд амжилт олохын үндэс нь гишүүн нэг бүр бие хүний тодорхой нэг шинж
чанарт нийцсэн үүрэг гүйцэтгэх улс төрийн удирдлагын бүлэг сонгох явдал байдаг» хэмээн
бичжээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн хошуучлагчийн сэтгэл зүйн онцлогийг дээрх
ангилал харуулдаг байна. Тухайлбал, Лассуэллын үзсэнээр, «удирдагч-ухуулагч» хэв
шинжийг гэм буруутай мэдрэмж хөдөлгөдөг байна. Тэд «бусдыг уудлан
илрүүлэх механизмын тусламжтайгаар үүнийгээ хэрэгжүүлдэг байна». Үзэл
суртлын хошуучлагчид нь - «бага наснаас эхлэн олон итгэл найдвар
өвөртөлсөн хүмүүс байдаг» аж. Хошуучлах шуналаар
халхлагдсан сэтгэцийн эмгэгтэй бие хүн улс төрийн талбарт гарах нь олонтоо. «Бусдад адлагдсан
хүмүүс засаглалыг бишныг захирах, үйл хэргээ хөгжөөх зохион байгуулалттай гэмт
хэрэг, үйлдвэрчний эвлэл, бизнесийн талбар болгох нь их байдаг» хэмээн
Лассуэлл бичжээ. Тэд ямар ч ялгаагүй засаг төрийн эрх мэдлийг шунаглан тачаадах
цорын ганц хүсэлд захирагдана.
Лассуэллын бүтээлд улс төрийн
засаглал, нийгэм дэх түүний хуваарилалтын асуудал томоохон байр суурь эзэлдэг.
Дээрхээс авч үзвэл Лассуэлл засаглалыг улс төрийн шинжлэх ухааны үндсэн ойлголт
болохыг онцолж байсан нь харагдана. Засаглах үйл явцад үнэт зүйл, түүнийг
нийгэмд хэрхэн хуваарилах асуудал ихээхэн чухал байдаг. «Улс төрийн үйл явц,
улс төрийн үйлдлийг шинжлэхэд хэн, юуг, хэзээ, хэрхэн олж авч байна вэ гэдэг
туйлын чухал юм» хэмээн тэрээр онцложээ. Эндээс Лассуэлл улс
төрийн шинжлэх ухаан гэдгийг улс төрийн засаглалыг хэрхэн ашиглаж, хуваарилж
байгаагаас хамааруулан үнэт зүйлсийн хуваарилалтыг судлах судалгаанаас өөр юу ч
биш юм хэмээн тодорхойлжээ. Улс төрийн
үйл явцыг танин мэдэхийн тулд улс төрийн шинжлэх ухаан дараах зорилтыг
шийдвэрлэх ёстой. Үүнд;
·
Зорилго, обьектоо тодорхойлох;
·
Үнэт зүйл хуваарилах үндсэн хандлагаа
гаргах;
·
Эдгээр хандлагыг тайлбарлах нөхцөлөө
судлах;
·
Ирээдүйд үүсч болох боломжит бүх
өөрчлөлтийг тооцоолох;
·
Үнэт зүйлсийн хуваарилалтыг үр дүнтэй
хэрэгжүүлэх үйлдлийн аргаа сонгох зэрэг болно.
Түрүү үеийн бүтээлүүддээ нийгэм дэх үнэт
зүйлсийн хуваарилалтаас хамааран улс төрийн засаглалын үндсэн субьект нь
элитүүд байна гэж Лассуэлл үзжээ. 1936 онд бичсэн «Улс төр: Хэн, юуг,
хэзээ, хэрхэн олж авч байна вэ» бүтээлдээ элитийг «олон түмэнтэй
харьцуулахад нөлөө бүхий» бүлэг мөн гэж тодорхойлсон байх
бөгөөд улс төрийн шинжилгээний гол зорилгыг «нөлөөлөх болон
нөлөөлөлд орох үйл явцыг» судлахад оршино гэжээ. Элитийн
бүлэг бүхий л нийгэмд, тэр дундаа ардчилсан нийгэмд хүртэл байх түгээмэл
үзэгдэл мөн. Лассуэллын үзсэнээр, ардчилал нь олигарх засаглалаас хаалттай
болон нээлттэй, төлөөллийн болон төлөөллийн бус элит байдагт оршино гэжээ. Сүүл
үеийн бүтээлүүддээ, ялангуяа 1941 онд анх нийтлэгдсэн «Олон нийтийн санаа
бодлоор дамжсан ардчилал» зохиолдоо үнэт зүйлс хуваарилах
үйл явцад элитийн бүлэг чухал гэх улс төрийн засаглал, улс төрийн үйл явцын
талаарх элитари тайлбараас ангижирч, элитийн бүлэг төдийгүй нийгэм дэх
ардчилсан удирдлага, түүний хууль ёсны байдлын чухал шалгуур болох олон нийтийн
санаа бодол ихээхэн ач холбогдолтойг онцолсон.
Улс төрийн засаглал, нийгэм дэх
үнэт зүйлс хуваарилах үйл явцыг талаарх Лассуэллын үзэл санаанд дайны дараах
жилүүдэд мэдэгдэхүйц өөрчлөлт орсон байна. Уг өөрчлөлтийн мөн чанар нь улс
төрийн үйл явцад бие хүн өөрөө чухал ач холбогдолтой бөгөөд улс төрийн
засаглал, нөлөөлөл нь ямар үнэт зүйлс эзэмшсэнээс ихээхэн хамаарна гэж үзсэнд
оршино. Эдийн засаг, үзэл суртал, дипломат болон бусад боломжийг өөртөө
шингээсэн улс төрийн зүтгэлтэн гэх бие хүн бүр оршин буй үнэт зүйлсийн
тогтолцоо, нийгэм дэх түүний хуваарилалтын шинж чанарт өөрийн гэсэн нөлөөллийг
үзүүлж байдаг гэдгийг Лассуэлл онцолсон байна. Улсын доторх улс төрийн бие хүн
хоорондын харилцаа нь үнэт зүйлсийн өөрчлөлт, хуваарилалт, засаглал, нөлөөллийн
дахин хуваарилалтын шинж чанарт тусгалаа олж байдаг. Иймийн учир Лассуэллын
үзсэнээр, улс төрийн засаглалын асуудлыг судлаж буй улс төр судлаачдын үндсэн
анхаарал бие хүний механик нэгдэл болох «хийсвэр институт, байгууллага» бус, «бие хүн хоорондын
харилцаанд» төвлөрөх ёстой юм.
Лассуэллын боловсруулсан
засаглалын үзэл баримтлалыг Өрнөдийн янз бүрийн дэг сургуулийн олон улс төр
судлаачид дэмжсэн байдаг. Улс төрийн модернизацийн асуудлыг судлаж, шатлан
захирах, хэсэгчлэгдсэн болон суваргалах хэлбэрийн эрх мэдэл хуваарилалтын
гурван тогтолцооны үзэл санааг хөгжүүлсэн Америкийн улс төр судлаач Д. Эптерийн
бүтээлд Лассуэлын онол өргөнөөр ашиглагдсан байдаг. Улс төрийн тогтолцоо гэгч
нь нийгмийн дотоодод үнэт зүйлсийг засаглан хуваарилах тогтолцоо мөн болох тухай
үзэл санааг Д. Истон улс төрийн амьдралын системийн шинжилгээний бүтээлдээ
дурдсан байна. Улс төрийн тогтолцооны үндсэн зорилго нь нийгмийн дотоодод үнэт
зүйлсийг хуваарилах, энэхүү шийдвэрээ урт хугацааны туршид нийгмийн гишүүдийн
олонхд албадан хэрэгжүүлэх гэх хоёр үүргийг хэрэгжүүлэхэд оршино. Чухам энэхүү
хоёр үүрэг нь улс төрийн амьдралын чухал шинжийг бүрдүүлж, улс төрийн
тогтолцоог нийгмийн бусад дэд тогтолцооноос зааглаж өгдөг байна. Хэрэв улс
төрийн тогтолцоо дээрх чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж чадахгүй бол хямрал бий
болж, эцсийн эцэст тогтолцоо унахад хүрнэ.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд АНУ
дахь олон түмний мэдээллийн хэрэгслийн онолын хөгжилд үлэмжхэн нөлөө үзүүлсэн
Лассуэллын үзэл суртлын талаарх санааг анхаарахгүй өнгөрч болохгүй юм. Юуны
түрүүнд, үзэл суртал гэдэг нь «олон түмний үйл байдалд нөлөөлөл үзүүлэх»
зорилгоор бий болгосон «бэлгэ тэмдэгүүдийн сайтар төсөөлөгдсөн
сонголт» мөн. Үзэл суртлын бэлгэ тэмдэгийг бүрдүүлэх үйл
явцад түүнийг тэмдэгтүүдээс зааглах нь чухал болно. Лассуэллын үзсэнээр,
тэмдэгт нь үг, дүрээр хүмүүн ухамсарын түвшинд илэрхийлэгдэх тэр зүйлийг хэлдэг
бол бэлгэ тэмдэг нь үг, дүрээр дамжин илэрхийлэгдэх утга санааг хэлдэг байна.
Уг онолын үндсэн зорилго нь – улс
төрийн шууд үзэл суртлаас ч илүүтэйгээр хүмүүст хүчтэй нөлөөлөл үзүүлэх үзэл
санааны тогтолцоог бий болгоход оршино. Ийм тогтолцооны загварт Лассуэлл
боловсролын тогтолцоог нэрлэсэн байна. Боловсрол, гэгээрэл, сурган хүмүүжлээр
дамжин бие хүн Америкийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх улс төрийн зан үйлийг
илэрхийлсэн дадал чадвар, шинжийг цогцоор олж авч болно. Лассуэллын боловсруулсан
«education»
тогтолцоо, бэлгэ тэмдэгийн сэтгэлгээ гэж нэрлэгдсэн улс төрийн семантик онол нь
улс төрийн хошуучлагчдад улс төрийн зан үйлийн үлгэр бүтээх замаар олон түмний
улс төрийн үйл байдлыг өөрийн эрх ашигт захируулах боломж олгодог байна.
Америк дахь улс төрийн шинжлэх ухааны
томоохон төлөөлөгч нь АНУ-ын гадаад улс төрийн бодлогын нэр нэндсэн онолч, улс
төрийн реализм, прагматизмын дэг сургуулийг үндэслэгч Ханс Моргэнтау (1904-1980
он) билээ.
Гадаад бодлогод үндэсний эрх ашиг
тэргүүлэх ач холбогдолтойг онцлохын зэрэгцээ түүнд ангилал хийсэн байна. Нэг
талаас газар нутаг, хүн ам, төрийн байгууллаа гадны аюулаас хамгаалах, гадаад
худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хилийн чанад дахь өөрийн улсын үйлдвэр
эрхлэгчдийн эрх ашгийг хангах, холбоотноо сонгох, гадаад бодлогын тэргүүлэх
чиглэлээ томьёолох гээд суурь үндсэн эрх ашиг гэж байна. Нөгөө талаас, өсч
хөгжих, амин эрх ашгаа хангах, захын буюу жижиг эрх ашгаа хамгаалах гэх мэт
завсрын зүйлс бас байна. Аливаа томоохон гүрний үндэсний эрх ашгийн дээд хэмжүүр
нь бүс нутгийн юм уу дэлхийн түвшинд ноёрхлоо тогтоох эрмэлзэл болно гэж
Моргэнтау үзжээ.
Аливаа улсын гадаад бодлогын дээд цэг нь
үндэсний эрх ашиг мөн гэж үзээд Моргэнтау Америкийн үндэсний эрх ашигт суурь ач
холбогдол өгсөн байдаг. Түүний үзсэнээр чухам үндэсний эрх ашиг л АНУ-ыг Европ
тивд улс төрийн нөлөөллөө тогтоох, Европ, Азийн дунд хүчний тэнцвэржилт бий
болгохыг шаардаж байна. «Ердийн илэрхийллийн
түвшинд авч үзвэл АНУ-ын үндэсний эрх ашиг дэлхийн баруун хагаст улс төрийн
эзэрхийлэл тогтоохыг шаардаж байна. Хэрэв Европ юм уу Азид Өрнөдийн орнуудын
дэмжлэгтэй юм уу бие даасан хүчирхэг гүрний хяналт тогтож АНУ-ыг шахан гаргавал
дээрх эзэгнэл аюулд өртөх болно. Ингэхлээр, Европ, Азид хүчний тэнцвэржилт бий
болгох, хоёр юм уу түүнээс дээш тооны их гүрнүүд бие биенээ анаж, цэрэг
зэвсгийн болон улс төрийн эзэрхийллээ Баруун хэсэгт бий болгохгүй байх нь чухал
юм» хэмээн тэрээр бичжээ.
Моргэнтау үндэсний эрх ашгийн
талаарх санаагаа хөгжүүлэхдээ хүч гэх ойлголтод тэргүүн зэргийн ач холбогдол
өгсөн байна. Түүний үзсэнээр, үндэсний эрх ашиг хүчинд тулгуурлаагүй бол
амжилтад хүрэх боломжгүй юм. Моргэнтаугийн тайлбарт хүч гэдэг нь улс дотоод хүчин
чадлаар нөхцөлдөхийн зэрэгцээ гол шинж чанарыг илэрхийлнэ. Уг ойлголт дотоод
бодлогын тодорхой тал тэрчлэн гадаад бодлогын шинжилгээний үүднээс авч үзвэл
түүний суурь, эцсийн үр дүн болно. Моргэнтаугийн бүтээл дэх хүчний тайлбар нь
хүйтэн дайны үеийн олон улсын харилцааны шинж чанараар нөхцөлдсөн байдаг.
Хамгийн өргөн утгаар авч үзвэл
хүч гэдэгт улсын газар зүйн байрлал, байгалийн нөөц, аж үйлдвэрийн потенциал,
цэрэг, зэвсгийн бэлтгэл, хүн амын тоо, үндэсний шинж чанар, үндэсний ёс
суртахуун, дипломат үйл ажиллагааны чанар зэрэг «улсын хүчин чадлыг
тодорхойлох хамгийн чухал хүчин зүйлс» ордог байна. Дипломат гэдэг нь «гадаад бодлогын
зорилгод хүрэхийн тулд үндэсний хүчин чадлыг нэгтгэн зангидаж хэрэглэх урлаг»,
засгийн газрын шинж өөрөөр хэлбэл, олон нийтийн санаа бодлоор гадаад бодлогоо
дэмжүүлэх чадвар мөн гэж Моргэнтау үзжээ. Дипломат үйл ажиллагааны чанарыг
үндэсний хүчин чадлын чухал хэмжүүр мөн гэж үзэхдээ түүнийг цэрэг, армийн хүчин
чадлаас салгаж ойлгоогүй юм. Учир нь улс төр-дипломатын боломж нь тодорхой
улсын цэргийн хүчин чадлаас шууд хамаарч байдаг аж. Олон улсын түвшинд «чухамдаа цэргийн
хүчин чадал л улсын улс төрийн хүчин чадлыг илэрхийлэх материаллаг хүчин зүйл
болдог байна». Моргэнтау олон улсын харилцаан дахь хүчний
онолыг анхлан хөгжүүлсэн гэж хэлэхэд буруудах зүйл байхгүй болов уу. Улсын
доторх болон олон улсын харилцаа цөмийн зууны нөлөөгөөр эрс өөрчлөгдөхөд хүрвэл
хүмүүсийн сэтгэхүй, тэдний нийгэм, улс төр, үзэл суртлын хандлага цөмийн зууны
өмнөх үедээ үлдэх болно. Улс орнуудын дунд цөмийн дайн үүсэх боломж болон хүч
шүтсэн уламжлалт хандлага хоёрын зөрчилт шинж чанараас үүдэн өнөөгийн улсуудын
цөмийн стратегид дараах дөрвөн парадокс үүсэж байна. Эдгээрт;
·
Нэг талаас олон улсын харилцаанд цөмийн
зэвсгээр түрүү барьж жанжлах бодлого тэрлэх, нөгөө талаас, бүх нийтийг хамарсан
цөмийн дайны сүйрлээс сүрдэх өвчин бий болох;
·
Цөмийн дайны боломжит бүх үр дагавраас зайлсхийж
болохуйц цөмийн зэвсгийн стратеги боловсруулахыг эрмэлзэх;
·
Зэвсэглэлээр хөөцөлдөх явдал газар
авахын зэрэгцээ түүнийг таслан зогсоох, бууруулах оролдлогууд бий болно;
·
Холбоотон улсын зарчимд суурилан цөмийн
зэвсгээс ангижрах оролдлого хийгдэнэ.
Моргэнтаугийн үзсэнээр, эхний парадоксын
үр дагавар нь цөмийн зууны эрин үед цэрэг-армийн хүчний ач холбогдол эрс
буурахад хүргэнэ. 50, 60-аад оны үед үүссэн хямралын нөхцөлд их гүрнүүдийн нэг
нь ч цөмийн хүчин чадлаа ашиглаагүй байдаг. Эндээс Моргэнтау «Хэдий
чинээ улс орны хүчин чадал ихсэнэ, төдий хэрээр түүнээ ашиглах боломж хомс
болно» гэсэн дүгнэлтэд хүрчээ7.
Дүгнэн хэлэхэд хэдийгээр АНУ-д
улс төрийн шинжлэх ухаан бүрэлдэн хөгжихөд олон эрдэмтэд нөлөө үзүүлсэн ч дээр
дурдсан нэр бүхий цөөн судлаачид нэр цолгорч, онцгой хувь нэмэр оруулсан байна.
Ингэхлээр, чухам тэднийг Америк дахь улс төрийн шинжлэх ухааныг цүглэгчид гэж
үзэх үндэстэй билээ.
МОНГОЛЧИЛГО
ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА,
УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР