Улс төрийн систем гэж юуг хэлэх талаар өнөөдрийг хүртэл
улс төрийн шинжлэх ухаанд нэгдсэн ойлголт бүрэлдэж чадаагүй байна. Гэхдээ улс
төрийн системд дараах тодорхойлолтийг өгч болох юм. Улс төрийн систем нь нэгдмэл үнэт
зүйлс дээр тулгуурлахын зэрэгцээ нийгэм дэх улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх,
нийгмийг удирдах зорилгоор өөр хоорондоо харилцаанд орж буй төрийн болон олон
нийтийн байгуулага, субъектуудыг нийтэд нь илэрхийлсэн ойлголт юм. Улс
төрийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудын нэг нь улс төрийн систем юм. Улс
төрийн системийн тухай өгүүлэхийн өмнө ерөөсөө систем гэж юуг хэлэх, системийн
ерөнхий онол хэзээ үүссэн гэх мэт асуудлыг хөндөх хэрэгтэй болов уу.
Систем хэмээх үгийг анх Австрийн эрдэмтэн, биологич, Венийн их
сургуулийн профессор Людовиг фон Берталанфо (Ludwig von Bertalanffy., 1901-1972)
шинжлэх ухаанд нэвтрүүлсэн аж. Тэрээр “аливаа
үзэгдэл, үйл явцыг шинжлэн судлах, улмаар шинжлэх ухааны үндэслэлтэй баримт
гаргах хамгийн үр дүнтэй арга бол системийн арга мөн” гэж үзжээ. Ямар ч
систем өөртөө
·
Олон тооны бүрдэл хэсгүүдээс тогтоно:
·
Эдгээр бүрдэл хэсгүүд нь нарийн шүтэлцээнд оршино:
·
Тодорхой системийг илэрхийлэх шинжүүд уг системийг
бүрдүүлэгч хэсэг бүрт байх албагүй:
·
Аливаа систем хүрээлэн буй орчинтойгоо байнгын харилцаанд
оршдог гэсэн дөрвөн шинжийг агуулдаг.
Аливаа байгууллагыг судлах хамгийн үр дүнтэй арга нь
түүнийг систем гэж үзэх явдал юм (Ludwig von Bertalanffy “Modern
Theories of Development: An Introduction to Theoretical Biology” Oxford
University Press., New-York: Harper., 1928., pp 7-120) гэсэн санааг
Берталанфо дэвшүүлжээ.
Берталанфо эрхмийн гаргасан санааг Өрнө Дахинд General
System Theory буюу системийн ерөнхий онол гэж нэрлэдэг.
Берталанфогийн гаргасан шинжүүд дээр тулгуурлан аливаа
системийг
·
Нээлттэй болон хаалттай:
·
Энгийн болон нарийн:
·
Тогтонги болон хөгжиж буй:
·
Хатуу болон уян:
·
Механик болон органик хэмээн ангилан үзэж болох юм.
Улс төрийн системийн тухай анхны бүрэн дүүрэн онолыг
Америкийн улс төр судлаач, социологич, Харвардын их сургуулийн профессор Толкотт Парсонс (Tolkott Parsons., 1950) 1951 онд нийтлүүлсэн “Нийгмийн
тогтолцоо” бүтээлдээ хөгжүүлсэн байдаг.
Парсонс нийгэм нь “үнэт
зүйлс, хэм хэмжээгээрээ нэгдсэн хүмүүсийн харилцааны систем мөн” гэж үзжээ.
Аливаа нийгэм нь бүхэл бүтэн систем бөгөөд дотроо үндсэн дөрвөн дэд системийг
багтаадаг. Эдгээрт улс төрийн дэд систем, эдийн засгийн дэд систем, фидуциар буюу нийгмийн
бүлгүүдийн дэд систем, социенталь буюу мэдээлэл харилцааны дэд систем
гэсэн нийгмийн үйл ажиллагааны дөрвөн хүрээ багтана.
Түүний үзсэнээр аливаа нийгэм дасан зохицох (эдийн
засгийн дэд систем), зорилгодоо хүрэх (улс төрийн дэд систем), лантентийн (нийгмийн
бүлгүүдийн дэд систем), нэгтгэх (мэдээлэл харилцааны дэд систем) гэсэн дөрвөн
чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Парсонсын дараагаар улс төрийн системийн онолыг Д.
Истон, Г. Алмонд, С. Верба, Л. Пай, К. Дойч, Н. Луманн, В. Митчел, Г. Пауэлл,
Д. Трумэн, Ч. Эндрейн, У. Розенау, Н. Пуланзас, М. Манн, П. Бурдье, Р. Мертон,
Клод Лев-Стросс, Ф. А. Бурлацкий, А. А. Галкин нарын хүмүүс хөгжүүлжээ.
Эдгээрээс Истон, Алмонд, Дойч, Луманн, Бурдье нарын улс төрийн системийн
загварыг улс төр судлаачид нэлээд өндрөөр үнэлсэн байдаг.
Америкийн алдарт улс төр судлаач, Колумбын их сургуулийн
профессор Дэвид Истон (Easton. D., 1953) 1953 онд “Улс
төрийн систем”, 1965 онд “Улс төрийн шинжилгээний концептуаль бүтэц”,
1965 онд “Улс төрийн амьдралын системийн шинжилгээ” нэртэй бүтээлүүд гаргаж,
тэдгээртээ улс төрийн системийн үндсэн санаагаа тусгасан байна.
Улс төрийн систем
нь “нийгэм дэх үнэт зүйлсийг албадлага
хэрэглэх замаар байршуулан хуваарилах үйл ажиллагаа мөн”. Өөрөө өөрийгөө
хадгалах, тогтвортой байдлыг хангах нь улс төрийн системийн үндсэн зорилго юм.
Өмнөх Парсонсийн нэгэн адил нийгэм бол бүхэл нэгэн систем
бөгөөд улс төрийн систем нь түүнийг бүрдүүлэгч хэсэг болно гэсэн санааг
дэмжсэн.
Систем нь тодорхой харилцаагаар дамжин хүрээлэн буй
орчинтойгоо байнгын эргэх холбоонд оршино. Энэхүү эргэх холбоо нь оролт
болон гаралтын орчил юм. Улс төрийн системийн хүрээлэн буй орчин
өөртөө нэг талаас интрасоциенталь, нөгөө талаас экстрасоциенталь бүрдлийг
багтааж байдаг.
Интрасоциенталь
орчин бие хүний, нийгмийн, экологийн, биологийн дэд системээс бүрдэнэ. Харин экстрасоциенталь орчин гадаад улс
төрийн системүүд, гадаад нийгмийн системүүдийг өөртөө багтаадаг байна.
Улс төрийн систем хүрээлэн буй орчинтойгоо тодорхой
долгионоор дамжуулан харилцах ба энэхүү долгионыг үүсгэгчид нь нийгмийн
бүлэг, хувь хүмүүс байдаг учир уг
долгионууд ямагт нийгмийн шинж чанартай байдаг.
Улс төрийн систем рүү хандсан долгион нь шаардлага,
дэмжлэг
гэсэн хоёр хэв шинжтэй.
Шаардлага нь дараах хэлбэрээр илрэн гардаг. Үүнд:
·
Нийгмийн баялаг,
үйлчилгээг (эрүүл мэнд, ажлын хөлс,
хөдөлмөрийн нөхцөл, боловсрол гэх мэт) хуваарилахтай холбогдсон шаардлага:
·
Үйл байдлыг (аюулгүй байдал, урьдчилан хамгаалах арга
хэмжээ гэх мэт) зохицуулахтай холбогдсон шаардлага:
·
Харилцаа холбоо,
мэдээлэлтэй (мэдээллийг олж авах эрх тэгш
боломж гэх мэт) хамаарал бүхий шаардлага гэсэн гурван хэлбэр ордог байна.
Харин дэмжлэг нь нийгэмд, улс төрийн системд дараах
хэлбэрээр илэрдэг. Үүнд:
·
Иргэдийн хуулийг
сахин биелүүлж буй байдал:
·
Улс төрийн амьдрал
дахь идэвхтэй оролцоо:
·
Албан ёсны
мэдээлэл, засаглалын түвшинд төвийг сахисан байдлаар хандах:
·
Улс төрийн
системийн үйл ажиллагаанд иргэд сайн дураар татагдан орох (цэргийн үүргээ биелүүлэх, татвараа төлөх гэх мэт) зэргийг хамруулан
ойлгодог байна.
Оролтоор дамжих шаардлага, дэмжлэгийг улс төрийн систем
гаралт болгон хувиргах учиртай. Улс төрийн системийн гаралт нь дараах хэлбэрээр
биелэлээ олдог. Үүнд:
·
Хууль дүрмийг бий
болгох:
·
Үнэт зүйлс,
үйлчилгээг хуваарилах:
·
Нийгэм дэх хүчний
харьцаа, үйл байдлыг зохицуулах:
Улс төрийн системийн гаралт болсон эдгээр үйлдэл,
шийдвэрүүд нь хүрээлэн буй орчныг төлөөлөх
·
Улс орны иргэд:
·
Хөрш орнууд:
·
Дэлхийн хамтын
нийгэмлэг гэсэн гурван субъектэд шууд болон шууд бусаар нөлөөөлдөг.
Чухам ийм байдлаар
хүрээлэн буй орчноос ирж буй үйлдэлд хариу үзүүлэхийн зэрэгцээ тогтвортой
байдлыг хангах зорилго бүхий улс төрийн системийн эргэх холбоо ажилладаг байна.
Д. Истоны дараагаар улс төрийн системийн онолыг
хөгжүүлсэн хүн бол Америкийн улс төр судлаач, Чикаго их сургуулиудын профессор
Г. Алмонд (Gabriel A. Almond., 1966,
1968, 1988) юм.
Тэрээр 1966 онд “Хөгжиж буй бүс нутгуудын улс төрийн бодлого”,
1968 онд “Харьцуулсан улс төр: Хөгжлийн үзэл баримтлал”, 1988 онд “Харьцуулсан
улс төр өнөө үед” нэртэй бүтээлүүд гаргаж, эдгээртээ улс төрийн
системийн онолоо хөгжүүлэхийг оролдсон байна.
Алмонд улс төрийн системийг “нийгэм оршин тогтнож, зорилгодоо хүрэхэд шаардлагатай тогтолцооны нэг
хэсэг” (“Улс төрийн шинжлэх ухаан” УБ., ред: Ё. Довчин., Экимто хэвлэх
үйлдвэр., 2012 он, 237-р талыг үз) хэмээн тодорхойлсон байдаг. Аливаа
улс төрийн систем дараах бүрдэл хэсгүүдийг өөртөө агуулдаг. Үүнд:
·
Хууль тогтоох эрх мэдэл:
·
Гүйцэтгэх эрх
мэдэл:
·
Шүүх эрх мэдэл:
·
Бюрократ ёс:
·
Улс төрийн нам:
·
Шахалтын бусад
бүлгүүд орно.
Системийг бүрдүүлэгч эдгээр хэсэг бүр нь нийт системийн
ашиг сонирхолд нийцсэн тодорхой үүргүүдийг хэрэгжүүлэх бөгөөд улс төрийн
системийн тогтвортой байдлаа хангах, дасан зохицох үйл ажиллагаанд эерэгээр
нөлөөлөх учиртай.
Алмонд улс төрийн системийн үүргүүдийг гурван хэсэгт
ангилжээ.
Эхний хэсэгт оролтын буюу процессийн үүргүүд багтах
бөгөөд эдгээрийг улс төрийн нам, хууль тогтоох байгуулагууд тэрчлэн гүйцэтгэх
засаглалын болон шүүх эрх мэдлийн байгуулагууд хэрэгжүүлдэг.
·
Ашиг сонирхлын
артикуляци хийх өөрөөр хэлбэл иргэдийн ашиг сонирхлыг илэрхийлэх:
·
Ашиг сонирхлын
агергаци хийх өөрөөр хэлбэл иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэх:
·
Улс төрийн бодлого
тодорхойлох:
·
Улс төрийн бодлогыг
хэрэгжүүлэх:
·
Шүүхийн шийдвэрийг
хэрэгжүүлэх зэрэг нь оролтын буюу процессийн үүрэгт багтдаг.
Хоёрдугаар хэсэгт тухайн системийн өөрийнх нь үүргүүд
ордог. Өөрөөр хэлбэл системийн тогтвортой байдлыг хангах, өөрчлөгдөж буй
хүрээлэн буй орчинд дасан зохицоход чиглэсэн үүргүүд багтдаг.
·
Улс төрийн
нийгэмшилт:
·
Улс төрийн элитийг
сонгон шалгаруулах үйл ажиллагаа:
·
Улс төрийн харилцаа
холбоо гэсэн үүргүүд ордог байна.
Гурав дах хэсэгт гаралтын буюу улс төрийн үйл явцыг
хэрэгжүүлэхэд чиглэсэн үүргүүд багтана. Үүнд:
·
Улс төрийн бодлогын
үүрэг:
·
Нийгэм дэх үйл
байдлыг зохицуулах үүрэг:
·
Нөөцийг дайчлах
үүрэг:
·
Баялаг, үйлчилгээг
хуваарилах үүрэг гаралтын буюу улс төрийн үйл явцыг хэрэгжүүлэхэд чиглэсэн
үүрэгт орно.
Оросын улс төр судлаач Ф. А. Бурлацкий, А. А. Галкин
нар Алмондын улс төрийн системийн загварт
·
Нийгмийн зорилго,
зорилтыг тодорхойлох:
·
Нөөцийг дайчлах:
·
Засаглалын легитим
шинжийг хангах гэсэн гурван үүргийг нэмж оруулсан байдаг.
Улс төрийн системийн онол кибернитик буюу залуур зүйн
ухааны нөлөөгөөр үүссэн гэж өнөөгийн судлаачид үздэг. Герман-Америкийн улс төр
судлаач, Харвардын их сургуулийн профессор К. В. Дойч (Karl Wolfgang Deutsch., 1963)
улс төрийн системийн кибернитик загварыг боловсруулсан юм.
Нөгөө талаар түүний загварыг харилцаа, холбооны загвар
гэж нэрлэх нь бий.
1963 онд Дойч “Удирдлагын эд эсүүд: улс төрийн харилцаа,
холбоо хяналтын загварууд” (“The
Nerves of Government: Models of Political Communication and Control”., “Нервы
управления: модели политической коммуникации и контроля”) нэртэй бүтээл
гаргаж, улс төрийн системийн загвараа томъёолжээ.
Юуны түрүүнд Дойч улс төрийн систем нь “нийгмийг удирдах нэгдсэн харилцаа холбоо,
мэдээллийн үйл явц мөн” гэж тодорхойлжээ.
Улс төрийн систем бол мэдээллийн урсгал, харилцаа
холбооны сүлжээ мөн. Төрийн удирдлагын гол субъект болох засгийн газар нь
систем болон хүрээлэн буй орчны хооронд явагдах харилцаа холбоо, мэдээллийг
зохицуулах замаар улс төрийн системийг хянадаг. Харилцаа холбоо, мэдээлэл нь
·
Засаглалын бүтэц,
улс төрийн субъектуудын өвөрмөц нөөц мөн:
·
Улс төрийн
субъектуудын ашиг сонирхлыг хэрэгжүүлэх зэвсэг буюу хэрэгсэл мөн.
Улс төрийн системд мэдээлэл урсан орж ирэх гурван үндсэн
суваг байдаг. Үүнд:
·
Хувь хүний албан
бус харилцаа холбооны суваг:
·
Шахалтын бүлэг,
байгууллагуудаар дамжих харилцаа холбооны суваг:
·
Олон түмний
мэдээллийн хэрэгсэлээр дамжих харилцаа холбооны суваг гэсэн гурван зүйл орно.
Улс төрийн системийн хамгийн гол зорилго нь нийгмийн
нэгдлийг хангахад оршино. Нийгмийн нэгдлийг хангахад мэдээлэл онцгой чухал
үүрэгтэй. Мэдээлэл чөлөөтэй солилцох явдал нь нийгмийн нэгдлийг хангаад
зогсохгүй улс төрийн системийн оршин тогтнох баталгаа мөн. Улс төрийн систем
бол оролт, гаралтын зарчмаар дамжин ажиллах “хар хайрцаг” юм.
·
Системд гаднаас өгч
буй мэдээллийн чанар:
·
Мэдээллийг
боловсруулах тухайн системийн механизмийн чанар:
·
Гаднаас ирж буй
мэдээлэлд хариу үзүүлэх системийн чадвар гэсэн гурван зүйл нь улс төрийн
системийн үр ашгийг тодорхойлж байдаг (“Политология” М:., под ред: М. А. Василика., “Гардарика”., 1999., стр 202-230).
Улс төр судлаач К. Дойчийн загвар улс төрийн системийн
өнөөгийн ойлголтод онцгой ихээр нөлөөлсөн байдаг.
XX зууны 80-аад оны сүүл үеэс улс төрийн системийн онол
шинэ эрчээр хөгжсөн байдаг. Үүнд Н. Луманн, П. Бурдье нар томоохон хувь нэмэр
оруулжээ.
Германы улс төр судлаач, социологич, Билефельдийн их
сургуулийн профессор Н. Луманн (Niklas Luhmann., 1984) “Нийгмийн
тогтолцоо” хэмээх бүтээлдээ үзэл санаагаа хөгжүүлсэн байна.
Аливаа нийгэм нь хүрээлэн буй орчноос өөрийгөө
тусгаарлахын зэрэгцээ хөгжиж, хувьсан өөрчлөгдөх үүсвэрээ дотроо бий болгох
чадвар бүхий хаалттай систем юм. Нийгэм бүхэл бүтэн систем болохын хувьд дотроо
олон тооны дэд системүүдийг агуулж байдаг. Хүрээлэн буй орчинтойгоо харилцах
мөн дотроо нэгдлээ хангах нийгмийн системийн үндсэн хэрэгсэл нь мэдээлэл болно.
Нийгмийн системийн өөрийгөө хөгжүүлэх, өөрчлөх, оршин
тогтнох шинж нь аутопойезис болно.
Дашрамд өгүүлэхэд Луманн Чилийн эрдэмтэн У.
Матурано, Ф. Варела нарын биологийн ухаанд нэвтрүүлсэн аутопойезисийн үзэл
санааг нийгмийн ухаанд оруулсан хүн юм.
Нийгмийн гадаад орчноос үл хамаарч өөртөө хөгжлийг бий
болгох, хувьсан өөрчлөгдөх, шинэчлэгдэх шинжийг аутопойезис хэмээн Луманн үзсэн байна. Үүнээс гадна тэрээр
системийн онол гурван үндсэн үе шатыг туулж өнөө үе хүрсэн гэжээ. Үүнд:
·
“Хэсэг, бүхлийн” парадигмын үе. Гол
төлөөлөгч нь Э. Дюркгейм болно.
Бүхэл хэмээгч нь олон тооны хэсгүүдийн нийлбэр ба нэгдэн нийлсний дүнд шинэ
шинжийг бий болгоно гэж энэ парадигм үздэг.
·
“Систем ба хүрээлэн буй орчны” парадигмын
үе. Гол төлөөлөгч нь Т. Парсонс, Д.
Истон, Г. Алмонд нар болно. Систем нь хүрээлэн буй орчноос өөрийгөө
тусгаарлах замаар үүсдэг хэмээн энэ парадигмын төлөөлөгчид үздэг.
·
Аутопойезис парадигмын
үе. Энэ парадигм нь системийн оршин тогтнох, хөгжих, шинэчлэгдэх шинж чанарт
голлон анхаардаг гэж үзсэн.
Системийн онолыг нэлээд өвөрмөц байдлаар хөгжүүлсэн хүн
бол Францын социологич П. Бурдье болно.
Бурдье улс төрийн систем гэх үгийг улс төрийн талбар гэж нэрлэсэн байдаг. Улс төрийн талбар нь улс төрийн асуудал, үйл явдал, үзэл баримтлал,
онол гэх мэт улс төрийн бүтээгдэхүүн
–үүд бий болж байдаг улс төрийн хүчнүүдийн ширүүн тэмцлийн орон зай мөн.
Мэргэжлийн улс төрчид, сэтгүүлчид, улс төр судлаачид бол улс
төрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид мөн.
Харин улс төрийн үйл явцад идэвхтэй оролцох боломжгүй
энгийн иргэд бол улс төрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид юм.
Улс төрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдэд габитус
байх учиртай. Габитус нь улс төрийн талбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэх хүмүүст
зайлшгүй байх тэр бүх зүйлсийг хэлдэг. Харин нийгмийн бүх гишүүдэд энэ зүйлс
тэр болгон байдаггүй.
Мөнгө, хөрөнгө, мэдээлэл, нөлөөлөл, боловсрол, чадвар
бүгд габитус
болно.
Улс төрийн системийг ангилах асуудалд олон судлаачид
анхаарал хандуулсан байдаг. Улс төрийн системийн анхны бүрэн ангилалыг
Америкийн судлаач Г. Алмонд хийсэн байна. Тэрээр улс төрийн дараах системүүдийг
гаргасан. Үүнд:
·
Англо-Америкийн
хэв маяг. АНУ, Их Британи,
Канад, Австри улсуудад байгаа хэлбэр бөгөөд өрсөлдөөнт үзэл бодлыг хүлээн
зөвшөөрдөг, улс төрийн нам, шахалтын бүлгүүдийн үүргийг нарийн зааглаж үздэг,
олон ургальч улс төрийн соёлтой, улс төрийн тэмцлийг ил хэлбэрийг хүлээн
зөвшөөрдөг зэрэг шинжийг өөртөө агуулдаг байна:
·
Эх
газар-Европын хэв маяг. Герман,
Франц, Итали орнуудад байх хэлбэр бөгөөд олон ургальч улс төрийн соёлтой,
голчлон эвслийн засгийн газрууд төр барьдаг, нийгэм нь ялгаварт шинж чанартай,
улс төрийн тогтвортой байдлыг яриа хэлцлийн замаар бий болгодог гэсэн онцлог
шинжүүдтэй аж:
·
Аж
үйлдвэржилтээс өмнөх буюу хагас аж үйлдвэржсэн хэв маяг. Мексик, Бразил зэрэг орнуудад байх хэлбэр бөгөөд
эрээвэр хураавар улс төрийн соёлтой, хүний эрх, эрх чөлөөг үлэмж хэмжээгээр
хязгаарладаг, удирдагчийг шүтсэн хандлагатай, гүйцэтгэх эрх мэдэл нь давамгай
шинж бүхий, засаглалын зохион байгуулалтын авторитари арга барил зонхилдог
зэрэг онцлогтой:
·
Тоталитари хэв
маяг. Хүний эрх чөлөөг бүрэн
хаадаг, нэг хүний юм уу нэг намын хатуу ноёрхол бүхий, иргэдийн улс төрийн
оролцоо бэлгэдлийн шинжтэй, хатуу аргаар нийгмийг удирддаг, үзэл суртлын
ноёрхол түгсэн зэрэг онцлогуудтай.
Энэ ангилалаас гадна улс төрийн системийн олон тооны
ангилалууд байдаг аж.
Ашиглах ном, зохиол:
Монгол хэл дээр:
Ø
“Улс төр судлал” ШУТИС-ийн сурах бичиг.,
УБ:., 2011 он.
Ø
“Улс төрийн шинжлэх ухаан” УБ:.,
ред: Ц. Ганболд., 2001 он.
Ø Н. Отгонбаяр, Л. Очирсүрэн “Орчин үеийн үзэл суртлууд”
УБ:., 2005 он.
Ø Отгонбаяр Нямаев “Дэлхийн улс төр, эрх зүйн
сэтгэлгээний дээж бичиг-I” УБ:., 2013 он.
Орос хэл дээр:
Ø
Мухаев Р. Т. “Политология” Учебник для вузов, М., 1997г.
Ø
“Общая и прикладная политология”\ Под ред: В. П. Пугачева., М:., 1997г.
Ø
Алмонд. Г “Политическая наука: история дисциплины”\\ Полис 1997г., №6.
No comments:
Post a Comment