Wednesday, February 27, 2019

АМЕРИКИЙН УЛС ТӨР СУДЛААЧ ГАБРИЭЛ АБРАХАМ АЛМОНД

Gabriel Almond


Мэндэлсэн
           Gabriel Abraham Almond

1911 оны нэгдүгээр сарын 12 АНУ-ын Иллинойс муж улс, Рок Айланд
Бие барсан
2002 оны арванхоёрдугаар сарын 25 (91 насандаа) АНУ-ын Калифорни муж улс, Пасибик Гровэ
Шагнал
Карл Дойчийн нэрэмжит шагнал (1997 он)
Эрдэм судлал
Чикаго их сургууль
Нью-Йорк хот дахь баячуудын засаг ба улс төр
Эрдэм шинжилгээний ажил
Салбар
Мэргэшсэн чиглэл
Байгууллага
·         Бруклин Коллеж
Нэр цолгорсон бүтээл

Габриэл Абрахам Алмонд (1911–2002 он) нь харьцуулсан улс төр судлал, улс төрийн хөгжил, улс төрийн соёлын салбарт нэр цолгорсон Америкийн улс төр судлаач нэгэн болно.
Цадаг намтар
Алмонд 1911 оны нэгдүгээр сарын 12 нд Иллинойс муж улсын Рок Айландэд Орос, Украйн гаралтай еврей хүний гэр бүлд мэндэлсэн. Чикаго их сургуульд суралцаад Харолд Лассуэллын хамт ажилласан байна. 1938 онд докторын зэрэг горилсон боловч 1998 он хүртэл түүний “Нью-Йорк хот дахь баячуудын засаг ба улс төр” гэх докторын зэрэг горилсон бүтээл нь нийтлэгдээгүй байна.
Алмонд 1939-1942 онуудад Бруклин коллежид (Одоогийн Нью-Йоркийн их сургууль) багшилсан байна. Дэлхийн II дайн эхэлсэнтэй зэрэгцээд Алмонд АНУ-ын Цэргийн Мэдээллийн Хэлтэст орж, үзэл суртал, дайсны мэдээлэл судалгааны албыг толгойлсон байна. Дайны дараагаар баруун Герман дахь Стратеги Бөмбөгдөлт Судалгааны Төвд ажиллажээ.
1947 оноос эрдэм шинжилгээ, судалгааны ажилд шилжиж, 1951 он хүртэл Йелийн их сургуулийн Олон Улс Судлалын Хүрээлэнд ажилласан байна. Дараагаар нь Принстоны их сургууль руу шилжиж, Олон Улс Судлалын Төвийг үүсгэн байгуулжээ. 1959 онд Йелийн их сургуульд эргэн ирж, 1963 онд Стэнфордын их сургуульд шилжсэн бөгөөд 1993 онд гавьяаны амралтад гарах хүртлээ багшилжээ. Тэрээр Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр 1961 онд сонгогдсон. 1964-1969 онуудад Стэнфордын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгчээр ажиллахын сацуу Токиогийн их сургууль, Бело Хорицонтэ их сургууль, Тарас Шевченкогийн нэрэмжит Киевийн улсын их сургууль зэрэгт зочин профессороор ажиллаж байв. 1976 онд эргэн ирсэнээр амьдралынхаа сүүлийн мөч хүртлээ Стэнфордын их сургуульд эмирит профессороор томилогдон ажилласан байна.
Алмонд харьцуулсан улс төр судлалын нийгмийн шинжлэх ухааны судалгааны хороог толгойлохын зэрэгцээ 1965-1966 онуудад Америкийн улс төрийн шинжлэх ухааны холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. 1981 онд Америкийн улс төрийн шинжлэх ухааны холбооны Жамес Мэдисоны нэрэмжит шагнал хүртсэн байна. 1997 онд Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны Карл Дойчийн нэрэмжит шагналын анхны эзэн болжээ. Америкийн улс төр судлаач Габриэл Абрахам Алмонд 2002 оны арванхоёрдугаар сарын 25 нд Калифорни муж улсын Пасифик Гровэ хотноо 91 насандаа бие баржээ. Өөрийн бүтээлүүдэд социологи, сэтгэл судлал, антропологи зэрэг нийгмийн ухааны ололтуудыг ашиглах замаар 1950-аад оны үед улс төрийн шинжлэх ухааны мэдлэгийг үлэмж хэмжээгээр тэлсэн байна. Улс төрийн хөгжил, соёлыг харьцуулан судлах замаар цоо шинэ судалгааны чиглэл бий болгосон ч гэж судлаачид үздэг. Энэ утгаар нь Сиднэй Вербатай хамтран 1963 онд бичсэн “Иргэний соёл” бүтээлийг улс төрийн шинжлэх ухааны шидээвэр зохиолын нэгд тооцдог байна. Алмондын бүтээлд хөгжиж буй орнуудын улс төрийн бодлого, коммунизм, шашны фундаментализм зэрэг олон тулгам асуудлыг хөндсөн байдаг.
Алмонд нийтдээ 18 орчим бүтээл нийтлүүлснээс гадна олон арван сэтгүүлд хэдэн зуун өгүүлэл, илтгэл хамтарч болон дангаар гаргажээ. Эдгээрээс дээр дурдсанчлан 1963 онд нийтлүүлсэн «Иргэний соёл» бүтээл нь томоохон байр суурь эзэлдэг.  Аливаа нийгмийн тулгуур үнэт зүйл болохын сац үндэсний шинж чанарыг тусгах зүйл нь улс төрийн соёл мөн гэх мөхлөг санааг хөгжүүлжээ. Улс төрд хүмүүсийн хандах байдал, оролцооны түвшингөөс нь хамааруулан улс төрийн соёлыг ангилж болох санааг Алмонд, Вэрба нар гаргасан байдаг. Иргэний соёл нь улс төр судлалын хүрээнд олон улс хамруулж зохион явуулсан өргөн хүрээтэй судалгааны нэг бөгөөд ардчиллын харьцуулсан судалгааны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан байна. Дээрхийн зэрэгцээ Алмонд улс төрийн хөгжлийн онолын судалгааны ажилд оролцсон байна. 1966 онд улс төр судлаач Ж. Бигхам Пауэллтэй хамтран «Харьцуулсан улс төр судлал; Хөгжлийн хандлагууд» ном хэвлүүлсэн бөгөөд үүндээ нийгмийн хөгжлийг хэмжих соёлын болон чиг үүргийн олон аргыг санал болгосон байна. 1960, 1970-аад оны үед Алмондын хандлага харьцуулсан улс төр судлалыг бүхэлд нь тодорхойлох болсон. 1991 онд «Капитализм ба ардчилал» нэрийн дор гарсан баримт бичигт Алмонд АНУ-ын их, дээд сургуулиудад засаглал судлалын үндсэн хөтөлбөр ямар байх ёстойг тусгаж өгсөн байна. Түүний үзсэнээр капитализм, ардчилал хоёр нь дэлхий дахинаа зонхилогч засаглал болж орших бөгөөд харилцан нэг нэгнээсээ тусгаарын байхын сац цаг хугацааны уртад харилцан нэгнээ хурцалж байх болно гэдгийг онцолжээ.
Америкийн улс төрийн тоймч Уолтэр Липпманы 1922 онд хэвлүүлсэн «Олон нийтийн санаа бодол» номд тусгагдсан санааг Алмонд дахин баталгаажуулсан тул улс төрийн шинжлэх ухаанд Алмонд-Липпманы томьёолол гэх шинэ ухагдахуун бий болжээ. Олон нийтийн санаа бодол замбараагүй, зорилго чиглэлгүй, цаг үеийнхээ шаардлагад нийцүүлж хувьсч өөрчлөгдөх зүй тогтолтэй гэсэн санааг уг үзэл санаа цохжээ. Хожим уг зүй тогтол Вьетнамын дайны үед улам ч тодорхой болсон юм.
Габриэл Алмондын үзэл санааг өгүүлэхийн явцад түүний улс төрийн тогтолцооны онолд оруулсан хувь нэмрийг дурдахгүй бол болохгүй юм. Юуны түрүүнд улс төрийн тогтолцоо гэдгийг Алмонд засаглалын шийдвэр гарч байдаг хүрээ гэж ойлгож байв. Энэ талаар «Улс төрийн тогтолцоо гэдэг нь нийгэм юм уу түүний дотоодод орших бүлгүүдийн хамтын зорилгыг боловсруулж, хэрэгжүүлэх институтын нийлбэр цогц мөн» гэжээ. Улс төрийн тогтолцоонд хамгийн чухал нь оролт, гаралт юм. Улс төрийн тогтолцоо буюу улс төрийн амьдралд улс төрийн тогтолцоог бүрдүүлэгч хэсэг бүрийн зүгээс оруулж буй хувь нэмэр, үйл ажиллагаа нь оролт юм. Хувь хүн, нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхлыг нэгтгэн илэрхийлэх, улс төрийн нийгэмшилт, улс төрийн харилцаа холбоо зэрэг нь оролтын үүрэгт хамаарна. Гаралтын чиг үүрэгт хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг хамруулан авч үзсэн байна.
БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

No comments:

Post a Comment