Wednesday, February 27, 2019

ФРАНЦЫН УЛС ТӨР СУДЛААЧ ЖАН БЛОНДЭЛ


Жан Блондэл (1929 оны аравдугаар сарын 26 нд Тулон хотноо мэндэлсэн)нь харьцуулсан улс төр судлалаар мэргэшиж нэр цолгорсон Францын улс төр судлаач билээ. Тэрээр Флорэнц дахь Европын их сургуулийн хүндэт, Сиэна их сургуулийн зочин профессор болно. Өдгөө Лондон хотноо энх тунх амьдарч байна.
1953 онд Парижийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Дээд Сургуулийг дүүргэсэн. 1953-1955 онуудад Оксфордын их сургуулийн Гэгээн Антоны Коллежид үргэлжлүүлэн суралцсан. Францад эргэн очиж, цэргийн алба хаасныхаа дараа Их Британид ирж, Манчестерийн их сургуульд төв болон орон нутгийн захиргааны чиглэлээр мэргэшин суралцжээ. Улмаар 1958-1963 онуудад Хойд Стаффордширын Их Сургуулийн Коллежид, 1963-1964 онуудад Йелийн Их Сургуульд тус тус багшилсан бөгөөд 1964 онд Эссэксийн Их Сургууль руу шилжиж, төр судлалын тэнхимийг үүсгэн байгуулсан байна. Блондэл 1969 онд Европын Улс Төрийн Судалгааны Консирциумыг цүглэж, 1970 онд үүсгэн байгуулагдсан хурал зохион байгуулснаас хойш нийтдээ 10 орчим жил тус байгууллагыг толгойлжээ. 1984 онд  Эссэксийн Их Сургуулийг орхиж, 1984 онд Нью-Йорк дахь Рассэл Сэйжийн Санг толгойлсон байна. Дараагаар нь 1985-1994 онуудад Флорэнц дахь Европын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн профессор болжээ. Дашрамд дурдахад Жан Блондэл Солфорд, Эссэкс, Лувэна ла-Нэва, Турку болон Сиэна их сургуулиудын хүндэт доктор байсан юм.
Шинжлэх Ухааны Шведийн Вангийн Академи болон Европын Академийн хүндэт гишүүн болно. 2004 онд харьцуулсан улс төрийн судалгааны салбарт ихээхэн дэвшил гаргаж, судалгаа нь олон нийтэд нэр түгсэн учир улс төрийн шинжлэх ухааны салбар дахь Иоханн Скайттын нэрэмжит шагнал хүртсэн байна. Блондэл нам, төрийн хоорондын харилцаа, засгийн газрын харьцуулсан судалгаа, намын тогтолцооны онолын чиглэлд мэргэшин ажилласан юм.
Түүний улс төрийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн Европын Улс Төрийн Судалгааны Консорциум 2003 оны аравдугаар сараас жил бүр улс төрийн судалгааны салбарт хамгийн сайн бичигдсэн диссертацид доктор Блондэлийн нэрэмжит шагнал олгож эхэлжээ. Хамгийн сүүлд бичигдсэн «Латин Америк дахь ерөнхийлөгч нар ба ардчилал» нэртэй түүний зохиолыг судлаачдын зүгээс ерөнхийлөгчийн засаглалыг судлахад ихээхэн хувь нэмэр оруулсныг онцолсон байна.
БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn


No comments:

Post a Comment