Хүн төрөлхтний улс төрийн болон нийгмийн
сэтгэлгээний түүхэнд томоохон нөлөө үзүүлэхийн зэрэгцээ амьдарч асан цаг
үеийнхээ улс төрийн үзэгдэл, үйл явцад шийдвэр гаргах эрхтэйгээр биечлэн
оролцож байсан мундахгүй олон суутнууд байдаг. Ийм хүмүүсийн нэг нь XX - XXI зууны
зааг үеийн Америкийн цольд улс төр судлаач, социологич, Харвардын Их Сургуулийн
Итон профессор агсан, соёл иргэншил хоорондын мөргөлдөөний онолыг хөгжүүлэгч
Самуэл Филлипс Хантингтон (Samuel Phillips Huntington) билээ.
Хантингтон 1927 оны дөрөвдүгээр сарын 18 нд Нью-Йорк
хотноо нийтлэлч Ричард Томас Хантингтон (Richard Thomas Huntington),
зохиолч, нийтлэлч Дороти Сэнборн (Dorothy Sanborn) нарын гэрт мэндэлжээ.
Түүний өвөг эцэг Америкийн хэвлэлийн нэртэй магнат Жон Сэнборн Филлипс (John
Sanborn Phillips) гэгч байв.
Хантингтон 18 насандаа Йелийн Их Сургуульд суралцаж,
улмаар цэргийн алба хаасны эцэст 1948 онд Чикаго Их Сургуульд улс төрийн
шинжлэх ухаанаар магистрын зэрэг, 1951 онд Харвардын Их Сургуульд докторын
зэрэг хамгаалсан байна. 23 наснаасаа Харвардын Их Сургуульд багшлах болсон. 2007
онд гавьяаны амралтад гарах хүртлээ Харвардын Их Сургуулийн Төрийн Удирдлагын
Сургуульд тасралтгүй багшилсан байх юм. 1959-1962 онуудад Колумбын Их
Сургуулийн дэргэдэх Дайн, Энх Тайван Судлалын Хүрээлэнгийн орлогч захирал, мөн
сургуулийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимд дэд профессороор ажилласан байна. Харвардад
тэрээр 1967-1969, 1970-1971 онуудад хоёр ч удаа төрийн удирдлагын тэнхимийн
эрхлэгчээр томилогдож байжээ.
1970 онд Уэррэн Дэмиан Мэншел (Warren Demian
Manshel)-тэй хамтран Гадаад Бодлого (Foreign Policy) сэтгүүлийг
үүсгэн байгуулсан. 1977-1978 онуудад еерөнхийлөгч Картерын засаг захиргаанд
Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн Төлөвлөлтийн Хэлтэст ерөнхий зохицуулагч, 1978-1989
онуудад Харвардын Олон Улсын Харилцааны Төвийн захирал, 1989-1999 онуудад Жон
М. Олины нэрэмжит Стратеги Судалгааны Хүрээлэнгийн захирал албыг хашсан байна. Нэр
нэндсэн улс төр судлаач Самуэл Филлипс Хантингтон 2008 оны арванхоёрдугаар
сарын 24 нд Америкийн Массачусэтс муж улсын Мартас-Виньярдад 81 насандаа
ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Самуэл Хантингтон 1984-1985 онуудад Америкийн Улс
Төрийн Шинжлэх Ухааны Холбооны дэд ерөнхийлөгч, 1986-1987 онуудад
ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан нь Америкийн улс төр судлаачдын дунд
ихээхэн нэр хүндтэй нэгэн болохыг илтгэнэ. Хантингтоны анхны бүтээл 1957 онд «Төр ба арми: Цэрэг-иргэний
харилцааны бодлого, онол» нэртэйгээр хэвлэгдэн гарчээ. Энэ удаад та бүхэнд
түүний 1993 онд «Foreign Affairs» сэтгүүлд нийтлүүлсэн «The Clash of Civilizations?» өгүүллийн
монгол орчуулгыг хүргэж байна. Тус өгүүллийг Хантингтон Жон М. Олины нэрэмжит
Стратеги Судалгааны Хүрээлэнгийн “The Changing Security Environment and
American National Interest” төслийн хүрээнд бичжээ.
Хантингтоны
үзсэнээр, хүйтэн дайны дараах олон улсын харилцаа, дэлхий дахины улс төрийн
бодлогыг долоо, найман томоохон соёл иргэншлүүд тодорхойлох болсон. Соёл
иргэншил хоорондын зааг шугам бол “ирээдүйн фронтын шугам мөн”. Хамгийн хүчтэй
зөрчилдөөн Өрнөд болон Күнз-Исламын соёл иргэншлүүдийн дунд өрнөх болно.
Хэдийгээр түүний бүтээл нийтлэгдээд нэгэнтээ 24 жил болсон ч олон улсын
харилцаа, геополитикийн чиглэлд дэвшүүлсэн санаа нь өнөөдрийг хүртэл шинжлэх
ухааны ач холбогдол, үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Тиймдээ ч түүний өгүүлэл,
ном зохиолыг орчуулах, түгээн дэлгэрүүлэх ажил өнөөг хүртэл бусад орнуудад тасралтгүй
хийгдсээр байгаа билээ (Тайлбар
чимж, утгачилсан: Улс төр судлаач, Удирдлагын Академийн докторант Нямаагийн
Отгонбаяр).
Соёл иргэншил хоорондын зөрчилдөөн
үү?
Самуэл Ф. Хантингтон
Зөрчил мөргөлдөөний дараагийн
хэв маяг
Дэлхийн улс төрийн бодлого шинэ шатанд дэвшин орж,
түүх төгсөх, үндэсний төр улсуудын уламжлалт сөргөлдөөнд эргэн орох,
трайбализмаас даяарчлал хүртэлх олон хандлагын нөлөөгөөр үндэсний төр улс мөхөх
гэх мэт түүний ирээдүйн дүр төрхийн боломжит хувилбаруудад эрдэмтэд бид бүхний
анхаарлыг хандуулах болсон. Эдгээр үзэл бодлууд өнөөгийн бодит байдлыг тал
бүрээс нь судлаж авч үзэхийг оролдсон байна. Гэвч асуудлын хамгийн гол, чухал
талыг орхигдуулжээ.
Өнөөгийн дэлхий дахины зөрчил мөргөлдөөний үндсэн эх
сурвалж нь үзэл суртал ч тэр, эдийн засаг ч тэр биш гэж миний бие бодож байна.
Хүн төрөлхтнийг зааглан хуваахын зэрэгцээ зөрчил мөргөлдөөний эх сурвалж
болсоор байх гол хил хязгаарыг соёл тодорхойлох болно. Үндэсний төр улс олон
улсын харилцааны гол хөдөлгөгч хүч хэвээр үлдэх ч дэлхийн улс төрийн бодлогод
нөлөөлөх томоохон зөрчил мөргөлдөөн олон янзын соёл иргэншилд багтах бүлэг,
үндэстнүүдийн дунд өрнөх болно. Соёл иргэншлийн мөргөлдөөн дэлхийн улс төрийн
бодлогын давамгайлагч хүчин зүйл болно. Соёл иргэншил дундын хуваагдлын шугам –
ирээдүйн фронтын шугам мөн.
Айсуй цагийн соёл иргэншил хоорондын зөрчил
мөргөлдөөн – нь өнөөгийн дэлхий дахины зөрчил мөргөлдөөний эцсийн шат байх
болно. Орчин үеийн олон улсын харилцааны тогтолцоог бий болгосон Вестфалийн энх
тайвны дараах хагас зуун жилийн хугацаанд Өрнөдөд зөрчил мөргөлдөөн их төлөв
эдийн засгийн хүчин чадлаа зузаатгаж, зэвсэгт хүчнээ хүчирхэгжүүлэхийн зэрэгцээ
төрийн албаа сайжруулах гэсэн, хамгийн гол нь, өөртөө шинэ эзэмшил нэгтгэхийг
эрмэлзсэн эзэн хаад – ван, улсын эзэн, хэмжээт цаазат болон хэмжээгүй эрхт
захирагчдын хооронд өрнөж байв. Уг үйл явц нь үндэсний төр улс үүсэхэд хүргэсэн
бөгөөд Францын агуу их хувьсгалаас эхлэн зөрчил мөргөлдөөний үндсэн шугам
захирагчдын дунд төдийгүй үндэстнүүдийн хооронд шатлан өргөжсөн. 1793 онд Р. Р.
Палмер (R. R.
Palmer)-ын
үгээр «эзэн хаадын дундах дайн эцэслэж,
ард түмнүүдийн дундах дайн эхэлсэн байна» (The wars of kings were over; the
wars of peoples had begun).
Энэ үйл
явц бүхий л XIX зууны туршид хадгалагдсан
бөгөөд төгсгөл нь дэлхийн нэгдүгээр дайн байв. Оросын хувьсгал, түүнд үзүүлсэн
хариу үйлдлийн үр дүнд үндэсний зөрчил мөргөлдөөн үзэл суртлын сөргөлдөөн болж
хувирсан байдаг. Уг зөрчлийн талууд нь эхлээд коммунизм, нацизм, либерал
ардчилал байсан бол сүүлээр коммунизм, либерал ардчиллын тэмцэл болж өрнөсөн
юм. Хүйтэн дайны жилүүдэд нэг нь ч сонгодог Европ утгаар үндэсний төр улс
байгаагүй хоёр хэт их гүрний тэмцлээр биелэлээ олсон байдаг. Тэдний адилтгал
үзэл суртлын категориор хэмжигдэж байв.
Захирагчид, үндэсний улсууд,
үзэл суртлын зөрчилдөөн их төлөв Өрнөдийн соёл иргэншлийн зөрчилдөөн байв. Уильям
Линд (William Lind) эдгээрийг «Өрнөдийн
иргэний дайнууд» (Western civil wars) гэж нэрлэсэн байдаг. Эдгээр нь XVII-XIX зууны дайнууд, дэлхийн дайн, хүйтэн
дайны үед хамаарч байжээ. Хүйтэн дайн дуусгавар болсноор олон улсын харилцааны
Өрнөдийн үе шат өндөрлөсөн. Үйл явцын төвд Өрнөд болон Өрнөдийн бус соёл
иргэншлүүдийн харилцаа чухалчлагдах болсон. Энэ үе шатанд Өрнөдийн бус соёл
иргэншлийн ард түмэн, засгийн газрууд түүхийн обьект – Өрнөдийн колонийн
бодлогын бай бус, харин Өрнөдтэй зэрэгцэн түүхийг бүтээж, хөдөлгөх хүч гэдэг
утгаар үнэлэгдэх болно.
Соёл иргэншлийн мөн чанар
Хүйтэн дайны жилүүдэд дэлхий
дахиныг «нэг дэх», «хоёр дахь»,
«гурав дахь» хэмээн ангилдаг байлаа. Харин одоо ингэж хуваах нь утга
учраа нэгэнт алджээ. Өнөөдөр улс орнуудыг улс төрийн юм уу эдийн засгийн
тогтолцоо, эдийн засгийн хөгжлийн төвшингөөр нь бус, соёл, соёл иргэншлийн
хэмжүүр дээр тулгуурлан ангилах болсон.
Ингэхэд соёл
иргэншил гэдэгт бид юуг хамааруулж ойлгох вэ? Соёл иргэншил бол соёлын нийтлэг
мөн. Тосгон, бүс нутаг, угсаатны бүлэг, ард түмэн, шашны хүй элгэн – бүгд
харилцан адилгүй, дахин давтагдашгүй өөрийн гэсэн өвөрмөц онцгой соёлыг бий
болгодог. Өмнөд Итали дахь тосгон соёлын хувьд хойд Итали дахь тосгоноос
ялгаатай байж болох ч нэгдэн нийлж Германчуудаас ялгагдах Итали суурингийн өнгө
төрхийг бүрдүүлдэг. Үүний нэгэн адил Европын улс орнууд ч гэсэн өөрсдийгөө
Хятад юм уу Арабын ертөнцөөс ялгах соёлын нийтлэг шинжийг агуулдаг байна.
Одоо бид
асуудлын мөн чанарт тулж ирлээ. Учир нь, Өрнөдийн ертөнц, Арабын бүс нутаг,
Хятад нь нэгдмэл соёлын нэгдлийг төлөөлж чаддаггүй. Тус тусдаа соёл иргэншлийг
төлөөлдөг. Соёл иргэншлийг бид хамгийн дээд төвшний соёлын нийтлэг, хүмүүсийн
соёлын таниуцын хамгийн өргөн хүрээний төвшин хэмээн тодорхойлж болох юм. Соёл иргэншил хэл яриа, түүх, шашин шүтлэг, зан
заншил, хэм хэмжээ гэх мэт обьектив шинжийн зэрэгцээ хүмүүсийн субьектив
таниуцаар тодорхойлогдож байдаг. Тухайлбал, Ромын оршин суугч өөрийгөө Ромын
иргэн, Итали хүн, католиг шүтлэгтэн, христос шашинтан, Европ хүн, Өрнөдийн
ертөнцийн хүн гэхчилэн янз бүрээр тодорхойлж болох билээ. Нэг үгээр хэлэхэд
соёл иргэншил нь өөрийгөө хамаатуулан үзэж болох хамгийн өргөн төвшний нийтлэг
юм. Хүмүүсийн соёлын таниуц өөрчлөгдөж болох бөгөөд үр дүнд нь тодорхой соёл
иргэншлүүдийн бүтэц, хил хязгаар ч өөрчлөгдөж байдаг.
Соёл иргэншил Хятадын нэгэн
адил олон тооны хүмүүсийг хамруулах тохиолдол байна. Люсин Пай (Lucian Pye) үүнийг
«Нэгдмэл улсын хэлбэрээр хөгжих
соёл иргэншил» (a civilization pretending to be a state) гэж тодорхойлжээ.
Үүний
зэрэгцээ Карибын тэнгисийн арлуудад оршин суух англи хэлт оршин суугчдын соёл
иргэншил шиг бага тооны хүмүүсийг хамрах тохиолдол ч байна. Соёл иргэншил Латин
Америк, Арабын соёл иргэншил шиг хэд хэдэн үндэсний төр улсыг багтаах, эсвэл
Япон шиг цорын ганц улсаас бүрдэх явдал ч байна. Соёл иргэншлүүд харилцан
уусах, нэг нэгэндээ нэгдэх, дэд соёл иргэншлийг бий болгох явдал ч байна. Өрнөдийн
соёл иргэншил гэхэд Европ, Хойд Америкийн гэх хоёр хэсэгтэй бол Исламын соёл
иргэншил Арабын, Туркийн, Малайзын гэх дэд хэсгүүдэд хуваагдаж байх жишээтэй. Хэдийгээр энэ мэт зүйл байх ч соёл иргэншил
харьцангуй бүхэллэг шинжийг төлөөлдөг. Хил хязгаар нь хатуу биш ч гэлээ бодитой
оршин байдаг. Соёл иргэншил динамик шинжтэй: өсөлт, уналт, уруудалт, доройтол
гэж байна. Олон тооны соёл иргэншил устаж, түүхийн тавцнаас арчигдаж байсныг
түүхийн чиглэлээр суралцагч оюутан бүр мэддэг шүү дээ.
Өрнөдөд
олон улсын харилцааны талбар дахь гол хөдөлгөгч хүчийг үндэсний төр улс гэж
үздэг. Гэхдээ түүний энэ байр суурь хэдхэн зуун жилийн настай. Хүн төрөлхтний
түүхийн ихэнх хэсэг – соёл иргэншлийн түүх байсан. А. Тойнбийн тооцоолсноор,
хүн төрөлхтний түүхэнд 21 соёл иргэншил байжээ. Тэдгээрээс ердөө зургаа нь
өнөөгийн ертөнцөд байна.
Соёл иргэншлийн зөрчилдөөн ямар шалтгааны улмаас зайлшгүй
вэ?
Соёл
иргэншлийн төвшинд талцах явдал онцгой ач холбогдолтой болж, өнөөгийн дэлхий
дахины дүр төрх долоо, найман томоохон соёл иргэншлийн харилцаагаар
тодорхойлогдож байна. Эдгээрт
·
Өрнөдийн
соёл иргэншил:
·
Күнзийн
соёл иргэншил:
·
Японы
соёл иргэншил:
·
Исламын
соёл иргэншил:
·
Индуист соёл иргэншил:
·
Үнэн
Алдарт – Славяны соёл иргэншил:
·
Латин
Америкийн соёл иргэншил:
·
мөн
Африкийн соёл иргэншлийг багтааж болох юм. Ирээдүйд хамгийн хүчтэй зөрчилдөөн
соёл иргэншил хоорондын шугамаар өрнөх болно. Ямар учраас тэр вэ?
Нэгдүгээрт, соёл иргэншил хоорондын зааг шугам
зүгээр нэг бодитой зүйл бишээ. Маш чухал болсон. Соёл иргэншлүүд өөрийн түүх,
хэл, соёл, уламжлал, хамгийн гол нь, шашны хувьд харилцан адилгүй байна. Харилцан
адилгүй соёл иргэншилд багтах хүмүүс хүн ба бурхан, хувь хүн ба бүлэг, төр ба
иргэн, эцэг эх, үр хүүхэд, эхнэр, нөхрийн харилцааг янз бүрээр ойлгож, эрх,
үүрэг, эрх чөлөө, албадлага, тэгш байдал, шатлан захирах ёсны талаар харилцан
адилгүй ойлголттой болсон. Энэ ялгаа зуун зууны туршид бүрэлдэн төлөвшижээ.
Ойрын үед устаж үгүй болохгүй нь ойлгомжтой. Улс төрийн дэглэм, улс төрийн үзэл
суртлын ялгаанаас ч илүү ач холбогдолтой болсон. Мэдээж хэрэг, ялгаа заавал
зөрчилдөөнд, зөрчилдөөн хүчирхийлэлд хүргэх албагүй. Гэвч олон зууны туршид
хамгийн харгис, цус асгаруулсан мөргөлдөөн чухамдаа соёл иргэншил хоорондын
зааг ялгаанаас улбаалан үүсч байсан түүхтэй.
Хоёрдугаарт, дэлхий дахин улам бүр ойртон
нягтарч байна. Ингэснээр харилцан адилгүй соёл иргэншилд багтах ард түмнүүдийн
харилцаа эрчимжих болсон. Энэ нь соёл иргэншлийн өөриймсөх хандлага, ялгаварт
байдлыг гүн гүнзгий танин мэдэхэд нөлөөлж байна. Тухайлбал, Францчууд хойд
Африкийн цагаачдад дайсагнан хандах хэрнээ бусад орны цагаачидтай - «католиг
шүтлэгт “сайн санаат” Европын Польшоос ирсэн цагаачид» хэмээн харилцаж байх
жишээтэй. Америкчуудын хувьд Канад юм уу Европын орнуудын хөрөнгө оруулалтаас илүүтэйгээр
Японы хөрөнгө оруулалтад эмзэг хандах болсон. Энэ бүх үйл явц «Нигерийн зүүн
хэсэгт ибо хүн ибо-оуэрри юм уу ибо-онича байж болох. Гэтэл Лагост бол ердөө л
ибо хүн. Лондонд нигери иргэн. Нью-Йоркид африк хүн» (An Ibo may be … an
Owerri Ibo or an Onitsha Ibo in what was the Eastern region of Nigeria. In Lagos,
he is simply an Ibo. In London, he is a Nigerian. In New York, he is an
African.) хэмээн
тодорхойлсон Дональд Хорвиц (Donald
Horowitz)-ийн
зураглалаар өрнөж байна. Олон янзын соёл иргэншлийн төлөөлөгчид өөр хоорондоо
харилцаж эхэлснээр нэн эртнээс улбаатай иргэншлийн өөриймсөх ухамсарыг сэдрээж,
тэр хэрээрээ дайсагнал, санал зөрөлдөөнийг бий болгож байна.
Гуравдугаарт, дэлхий дахиныг хамарсан эдийн
засгийн модернизаци, нийгмийн өөрчлөлт нь оршин суугаа газраараа талцах
уламжлалт үзэл санааг өөрчлөхийн зэрэгцээ таниуцын эх сурвалж болох үндэсний
төр улсын жин нөлөөг сулруулж байна. Шашин шүтлэг хоосон орон зайгаа
фундаменталист хөдөлгөөний хэлбэрээр нөхөх болсон. Иймэрхүү хөдөлгөөн ганц
ислам төдийгүй барууны христос шашин, иудаизм, буддизм, индуизмд хүртэл үүсч
байна. Ихэнх улс оронд фундаменталист хөдөлгөөнийг их төлөв дунд ангийн
боловсролтой залуус, өндөр мэргэшсэн мэргэжилтэн, бизнесмэнүүд дэмжиж байна. «Дэлхий
дахин шашинжиж байгаа нь XX зууны эцэс дэх нийгмийн илэрхий зонхилогч үзэгдлийн нэг мөн»
гэж Жорж Вайгел (George
Weigel) онцолжээ. Шашны сэргэн мандалт буюу
Жиллес Кепел (Gilles Kepel)-ийн хэлсэнчлэн «la revanche de Dieu»
нь үндэсний хил хязгаараас даван гарсан соёл иргэншлийн нэгдлийн үндэс болж
байна.
Дөрөвдүгээрт, соёл иргэншлийн өөриймсөх ухамсар
өсөн нэмэгдсэнээр Өрнөдийн үүрэг хоёрдмол шинжтэй болсон. Нэг талаас Өрнөд
хүчин чадлынхаа оргил үед байгаа ч нөгөө талаас Өрнөдийн бус соёл иргэншлүүдийн
дунд уламжлалт үнэт зүйлсээ эргэн тахих хандлага газар авсан. Япон улс Ази руу
эргэж буй тухай, Неругийн үзэл санаа уналтад орж Энэтхэг индуист шинжтэй болж
байгаа тухай, Өрнөдийн үзэл санаа национализм, социализм мөхөж, Ойрх Дорнод
дахин исламын шашинд автаж буй тухай ихээр сонсогдох болсон бөгөөд сүүлийн
жилүүдэд Борис Ельцины Орос оросжих эсвэл өрнөжих тухайд томоохон маргаан
дэгдэж байна. Өрнөд хүчин чадлынхаа оргил үед дэлхий дахиныг өрнөдийн бус
төрхтэй болгож чадахуйц хангалттай хүсэл, эрмэлзэл, нөөц бүхий Өрнөдийн бус
орнуудтай тулгарчээ.
Өнгөрсөнд
Өрнөдийн бус орны элитүүд Оксфорд, Сорбонн юм уу Сандхерстэд боловсрол олж,
өрнөдийн амьдралын хэв маяг, үнэт зүйлийг гадарлах болсон Өрнөдтэй холбоо бүхий
хүмүүсээс бүрдэж байв. Харин эдгээр орны хүн ам язгуур соёлоо хадгалсан хэвээр
үлдсэн юм. Гэтэл өнөөдөр бүх зүйл өөрчлөгджээ. Өрнөдийн бус ихэнх улс оронд
элит давхарга Өрнөдийг сөрж, язгуур соёлоо шүтэх хандлага эрчимжиж байна.
Үүнтэй зэрэгцээд Өрнөдийн, тэр дундаа Америкийн зан дадгал, амьдралын хэв маяг,
соёл хүн амын өргөн давхаргын дунд хүрээгээ тэлэн тархаж байна.
Тавдугаарт, соёлын онцлог, ялгаа эдийн засаг,
улс төрөөс ч илүү өөрчлөлтийг бий болгож байгаа бөгөөд эдгээрийг яриа
хэлэлцээрийн аргаар шийдвэрлэхэд хүндрэлтэй болжээ. Урьдын Зөвлөлт Холбоот
Улсын коммунистууд ардчилагчид, ядуус нь баячууд болж болно. Гэвч хүсээд хүсээд
Оросууд Эстон, Азербайжанчууд Армян болохгүй.
Анги, үзэл
суртлын зөрчил мөргөлдөөнд «Чи хэний тал вэ?» гэсэн асуулт тавигддаг
байлаа. Хүн хэний тал болохоо сонгож болно. Сонгосон байр сууриа хичнээн ч удаа
өөрчилж болно. Харин соёл иргэншлийн зөрчилдөөнд «Чи хэн бэ?» гэсэн өөр
асуулт тавигддаг. Өөрөөр хэлбэл, хүн хэний тал болохоо өөрчлөх боломжгүй гэсэн
үг юм. Энэ зүйл маргаангүй үнэн гэдгийг бид Босни, Кавказ, Суданы туршлагаас
мэдэж болох билээ. Шашин хүмүүсийг угсаатны хуваагдлаас ч илүү хагалан бутаргаж
байна. Хүн хагас франц, хагас араб, бүр нэгэн зэрэг энэ хоёр улсын иргэн байж
болно. Гэхдээ хагас католиг юм уу хагас ислам шүтлэгтэн байхад хүндрэлтэй.
Эцэст
нь, эдийн
засгийн бүсжих бодлого эрчимжиж байна. 1980-1989 оны хооронд бүс нутгийн таваар
эргэлтийн хувь хэмжээ Европт 51%-иас 59%, Зүүн-Өмнөд Азид 33%-иас 37%, Хойд
Америкт 32%-иас 36%-д хүрчээ. Энэ бүхнээс дүгнэн үзвэл, бүс нутгийн эдийн
засгийн харилцаа холбоо эрчимжиж байна. Нэг талаас, эдийн засгийн бүсжих
бодлогын амжилт нэг соёл иргэншилд хамаарах ухамсарыг нэмэгдүүлдэг. Нөгөө
талаас, соёл иргэншлийн нийтлэг дээр тулгуурлаж байгаа тохиолдолд эдийн засгийн
бүсжих бодлого амжилт олох боломжтой байдаг. Европын Холбоо л гэхэд Европын
соёл, барууны христос суртлын нийтлэг үндэс дээр суурилдаг байна. Хойд
Америкийн Чөлөөт Худалдааны Бүс (НАФТА)-ийн амжилт ч Мексик, Канад, Америкийн Нэгдсэн Улсын соёлын
ойртон ижилсэх үйл явцаас хамаарч байна. Өөрийн төрөлдөө цорын ганц соёл иргэншил,
нийгэм учир Японы тухайд Зүүн-Өмнөд Азид эдийн засгийн энэ мэт нийгэмлэг
үүсгэхэд хүндрэл учирдаг. Япон улс Зүүн-Өмнөд Азийн бусад орнуудтай худалдаа
арилжаа, санхүүгийн хүчирхэг харилцаа холбоо бий болгож чадахгүй байгаа бөгөөд тэдний
хоорон дахь соёлын ялгаатай байдал нь Баруун Европ юм уу Хойд Америк шиг бүс
нутгийн эдийн засгийн нэгдмэл байдал үүсгэхэд саад болж байна.
Харин эсрэгээр, соёлын нийтлэг
байдал нь нэг талаас, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, нөгөө талаас, Хонконг,
Тайвань, Сингапур болон Азийн бусад орнууд дахь далайн чанадын хятад хүй
элгэнүүдийн дунд эдийн засгийн хүчтэй харилцаа холбоо бий болоход нөлөөлж
байна. Хүйтэн дайн дууссанаар соёлын нийтлэг байдал үзэл суртлын ялгааг орлох
болсон. Эх газрын Хятад, Тайвань хоёр улам бүр ойртон нягтарч байна. Хэрэв
соёлын нийтлэг байдал эдийн засгийн хамтын ажиллагааны үндэс мөн гэж үзвэл
ирээдүйн Дорнод Азийн эдийн засгийн эвслийн төв нь Хятад байх болно. Үнэн
чанартаа, энэ эвсэл аль хэдийн бий болчихжээ. Энэ талаар Муррай Вайдэнбаум
(Murray Weidenbaum) «Хэдийгээр
бүс нутагт Япон улс ноёрхож байгаа ч Хятадад суурилсан Ази дахь аж үйлдвэр,
худалдаа арилжаа, санхүүгийн шинэ төв үүсвэрлэж байна. Энэ стратегийн орон зайд
техник, технологи, үйлдвэрлэлийн хүчирхэг боломж (Тайвань), зохион байгуулалт, маркетинг,
үйлчилгээний салбарын чадвар бүхий боловсон хүчин (Хонконг), харилцаа холбооны
томоохон сүлжээ (Сингапур), санхүүгийн хүчирхэг нөөц (гурван орон бүгд),
байгаль, газар нутаг, хүн хүчний яндашгүй их нөөц (эх газрын Хятад) тус тус
оршиж байна... Уламжлалт овгийн харилцаанд суурилсан энэхүү хүчирхэг нийгэмлэг
Гаунжоугаас Сингапур хүртэл, Куала-Лумпураас Манила хүртэл оршин байна. Энэ бол
Дорнод Азийн эдийн засгийн яс мод юм»[1]
хэмээн бичжээ. Мөн соёл-шашны нийтлэг байдал Иран, Пакистан, Турк, Азербайжан,
Казахстан, Кыргызстан, Туркменстан, Тажикстан, Узбекстан, Афганистан гэх арабын
бус 10 исламын шашинт улсыг эгнээндээ нэгтгэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны
байгууллагын үндэс болж байна. Уг байгууллага 1960-аад оны үед Турк, Иран
Пакистан гэх гурван улсын бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулагдаж байлаа. Энэ
байгууллага өргөжин хөгжихөд түүний гишүүн орнуудад Европын нийгэмлэг үүд
хаалгаа хаасан явдал ихээхэн дөхөм үзүүлсэн юм. КАРИКОМ-ын нэгэн адил Төв
Америкийн Нийтийн Зах Зээл, МЕРКОСУР зэрэг нь соёлын нийтлэг байдал дээр
суурилдаг. Гэхдээ Англи, Латин соёлуудын хооронд үр дүнтэй харилцаа үүсч
чадахгүй байгаагийн уршгаар Карибын тэнгисийн арлууд болон Төв Америкийг
холбосон эдийн засгийн өргөн хүрээтэй харилцаа тогтоох оролдлого бүтэлгүйтэж
байна.
Өөрсдийн
таниуцаа угсаатны юм уу шашны ойлголтоор тодорхойлох явцдаа хүмүүс өөр
хоорондоо болон бусад угсаатны нийтлэгийн хүмүүстэй харилцахдаа “бид”, “тэд”
гэсэн харилцааг үүсгэдэг. Дорнод Европ болон урьдын ЗХУ-ын газар нутагт оршин
байсан үзэл сурталжсан төрүүд мөхснөөр угсаатны уламжлалт хэлбэрийн ижилсэлт,
зөрчилдөөн чухалчлагдах болсон. Соёл юм уу шашны олон талт байдал нь хүний эрх,
цагаачлал, худалдаа арилжаа, экологи гэх мэт өргөн хүрээтэй улс төрийн
асуудлаар санал зөрөлдөөн үүсгэж байна. Газар зүйн хувьд ойр байдал нь
Боснигоос Минданао хүртэлх орон зайд газар нутгийн маргаан дэгдэхэд хүргэж
байна. Гэхдээ Өрнөд үнэт зүйлээ дэлгэрүүлэхийг оролдож байгаа нь хамгийн чухал
юм: ардчилал, либерализмыг нийт хүн төрөлхтний үнэт зүйл гэж үзэхийн зэрэгцээ
цэрэг техникийн давуу байдлаа бататгаж, бусад соёл иргэншлийн зүгээс үзүүлэх
эсэргүүцлийг мохоох замаар эдийн засгийн эрх ашгаа хангаж байна. Засгийн газар,
улс төрийн бүлэглэлүүд үзэл суртлын хэмжүүр дээр тулгуурлан хүн амаа өөртөө
татаж, эвсэл байгуулахыг чармайх болсон бөгөөд шашин, соёлын нийтлэг байдалд
дулдуйдан дэмжлэг эрэлхийлэхийг оролдож байна.
Ийнхүү
соёл иргэншлийн зөрчилдөөн хоёр төвшинд өрнөх болсон. Микро төвшинд соёл
иргэншил хоорондын уулзвар заагт амьдрах бүлгүүд нэг нэгнээ засаглах, газар
нутаг олж авахын төлөө цус урсгасан ширүүн тэмцэл явуулах болсон. Макро төвшинд
харилцан адилгүй соёл иргэншилд багтах улс орнууд цэрэг, эдийн засгийн хүрээнд
нөлөөлөл тогтоохын төлөө өрсөлдөж, шашин, улс төрийн үнэт зүйлээ бататгах
замаар гуравдагч орон, олон улсын байгууллагад хяналт тогтоохын тулд өөр хоорондоо
тэмцэлдэх болсон.
Соёл иргэншил хоорондын зааг, шугам
Хүйтэн
дайны жилүүдэд хямрал, цус асгаруулсан сөргөлдөөний үндсэн голомт улс төрийн болон
үзэл суртлын хил хязгаарт төвлөрч байсан бол өнөөдөр тэр нь соёл иргэншил
хоорондын зааг шугамд шилжжээ. «Төмөр хөшиг» (Iron Curtain) Европ тивийг улс төр, үзэл суртлын хувьд зааглах болсон үеэс
«хүйтэн дайн» (The Cold War) эхэлсэн. «Төмөр хөшиг» арилснаар
хүйтэн дайн дууссан. Гэвч Европ тивд үзэл суртлын хуваагдал арилангуут нэг
талаас, Өрнөдийн христос суртал, нөгөө талаас, үнэн алдартны шүтлэг болон ислам
шашин гэсэн соёлын хуваагдал сэргэж байна. Европ тив дэх хамгийн хүчтэй
хуваагдлын шугам 1500 онд үүссэн өрнийн христос суртлын дорнод хил мөн гэж
Уильям Уоллис (William Wallace) үзсэн нь ч учиртай. Энэ зааг шугам
Орос, Финляндын өнөөгийн хилээр дамжин Балтийн орнуудыг Оросоос тусгаарлах
бөгөөд Беларусь, Украиныг дайрч өрнө зүгт Трансильваныг Румыний бусад хэсгээс
зааглахын сац Югославын нутагт Хорват, Словеныг Югославын бусад хэсгээс
салгадаг. Балканы хойгт уг зааг шугам Хабсбург болон Оттманы эзэнт гүрнүүдийн
түүхэн хилтэй давхацдаг. Зааг шугамын баруун болон хойд хэсэгт нь протестант,
католиг шүтлэгтнүүд амьдардаг. Феодализм, Сэргэн Мандалт, Шашны шинэтгэл, Соён
гэгээрүүлэлт, Францын агуу их хувьсгал, Аж үйлдвэржилтийн хувьсгал гэх мэт
Европын түүхийн нийтлэг туршлага тэдэнд бий. Эдийн засгийн хувьд дорно хэсэгт
амьдарч буй хүмүүсээ бодвол илүү сайн. Өнөөдөр улс төрийн ардчилсан тогтолцоог
бэхжүүлж, Европын нэгдсэн эдийн засгийн системийн хүрээнд нягт хамтран ажиллаж
байна. Шугамын зүүн болон өмнөд хэсгээр үнэн алдарт христын шүтлэгтэн, ислам
шашинтангууд оршин амьдарч байна. Түүхийн хувьд Оттман юм уу Оросын эзэнт
гүрний харьяанд байсан. Эдийн засгийн хувьд Өрнөдөөс хоцрогдсон, тогтвортой
ардчилсан улс төрийн тогтолцоо төлөвшүүлэх талаар туршлага нимгэн байна.
Өнөөдөр үзэл суртлын «төмөр хөшиг» соёлын «хилэнт хөшиг» (The Velvet Curtain of culture)-өөр солигдож, Европ тив дэх нутгийн
цавыг тогтоож байна. Югославт дахь хэрэг явдлаас дүгнэн үзвэл энэ шугам зөвхөн
соёлын ялгааны төдийгүй цус асгаруулсан мөргөлдөөний шугам болох нь ойлгогдоно.
1300-аад оны үеэс эхлэн Өрнөд
болон Исламын соёл иргэншлийн хоорон дахь зааг шугамаар зөрчил мөргөлдөөн өрнөх
болсон. Исламын шашин үүссэн цагаас эхлэн Араб, Маврууд өрнө болон хойд зүг рүү
тасралтгүй тэлсээр 732 онд арайхийн зогсчээ. XI-XIII зуун хүртэлх хугацаанд
загалмайтнууд ариун газарт христос шашныг дэлгэрүүлж, христын засаглалыг
тогтоож чадсан ч амжилт нь удаан үргэлжлээгүй. XIV-XVII зууны үед Оттманы Түрэгүүд
Ойрх Дорнод, Балканид ноёрхлоо тогтоож, Константинополь хотыг буулган авч Вена
руу хоёр удаа уулгалж байлаа. Гэвч XIX-XX зууны эхээр Оттманы эзэнт гүрэн
Англи, Франц, Итали улсуудад шахагдан Хойд Африк, Ойрх Дорнодын ихэнх хэсэгт
Өрнөдийн хяналт тогтсон.
Дэлхийн хоёрдугаар дайн
дууссанаар Өрнөд бууралтын байдалд шилжсэн байна. Колонийн эзэнт гүрнүүд
задрав. Эхлээд Арабын үндэсний үзэл, дараагаар нь, исламын фундаментализм
мэндлэв. Өрнөд эрчим хүчний баялаг эх үүсвэр бүхий Персийн булангийн орнуудаас
ихээхэн хамааралтай болов. Харин нефтээр баялаг исламын улсууд мөнгө ихтэй болж
хүссэн хэмжээгээрээ зэвсэглэж эхэлсэн юм. Өрнөдийн санаачлагаар байгуулагдсан
Израиль, Арабчуудын хооронд хэд хэдэн удаа дайн дэгдэв. 1950-аад оны турш Франц
улс Алжирт цус урсгасан дайн тасралтгүй хийлээ. 1956 онд Англи, Францын цэрэг
Египет рүү довтлов. 1958 онд Америкчууд Ливанд цөмөрч оров. Ливид довтолж,
Ирантай олон удаагийн зэвсэгт сөргөлдөөн хийсэн байдаг. Үүний хариуд багадаа л
Ойрх Дорнодын гурван улсаар дэмжүүлсэн Араб, Исламын алан хядагчид сул дорой
иргэдийг зэвсэглэж, өрнөдийн онгоц, байшинг дэлбэлэхийн сац хүмүүсийг барьцаалж
байна. Арабын нэг улсыг нөгөөгөөс нь хамгаалахын тулд Персийн буланд олон
хүнтэй армиа АНУ илгээсэн 1990 онд Өрнөд, Арабын улс орнуудын хоорон дахь дайн
бүхий байдал оргилдоо хүрсэн юм. Уг дайны ажиллагаа дууссанаар НАТО-гийн дайны
төлөвлөгөөнд «өмнөд хил»-ийг
хамгийн аюултай, тогтворгүй хэмээн тооцоолох болжээ.
Өрнөд,
Исламын ертөнцийн дундах зэвсэгт сөргөлдөөн бүхэл бүтэн зуун жил үргэлжилсэн
бөгөөд ойрын үед намдах төлөв ажиглагдахгүй байна. Харин ч эсрэгээр, хурцдах
төлөвтэй. Персийн булангийн дайны үед олонх арабчууд Израиль руу халдаж Өрнөдөд
эсэргүүцэл үзүүлж чадсан Саддам Хусейнаар бахдаж байлаа. Гэтэл хувь заяагаа
тодорхойлох чадваргүй байдал, Персийн булан дахь Өрнөдийн цэргийн оролцоо,
түүний илт давуу тал тэдэнд айдсын мэдрэмжийг төрүүлсэн юм. Зөвхөн нефт
экспортлогч төдийгүй арабын олон улс орон засаглалын автократи хэлбэрт
нийцэмгүй тийм өндөр нийгэм-эдийн засгийн хөгжлийн төвшинд хүрчээ. Энд
ардчиллыг тогтоох оролдлогууд тасралтгүй гарсаар байна. Арабын зарим нэг орны
улс төрийн тогтолцоо нээлттэй болж байна. Гэхдээ энэ бүхэн исламын
фундаменталистуудад ашиг тусаа өгч байна. Товчоор хэлбэл, Арабын ертөнцөд
өрнөдийн ардчилал өрнөдийн эсрэг чиглэсэн улс төрийн хүчнүүдийг идэвхжүүлэх
болсон. Магадгүй, энэ нь түр зуурын үзэгдэл байж болно. Гэхдээ Өрнөд болон
Исламын орнуудын дундах харилцааг хурцатгаж байгаа нь маргаангүй билээ.
Дээрх
харилцааг хүн ам зүйн хүчин зүйл хурцатгаж байна. Арабын улс орнуудын, ялангуяа
Хойд Африкийн хүн амын эрчимтэй өсөлт нь Өрнөд Европын улс орнууд руу хандсан
цагаачлалын урсгалыг нэмэгдүүлж байна. Дотоод хилээ алгуур үгүй хийж буй Өрнөд
Европын орнуудад цагаачлалын урсгал нь улс төрийн таагүй байдлыг үүсгэх болсон.
Итали, Франц, Герман улсуудад арьс өнгөөр ялгаварлах үзэл хүчээ авч 1990 оноос
эхлэн Араб, Турк цагаачдад улс төрийн хувьд таагүй хандаж, хүч хэрэглэх болсон.
Хоёр тал
хоёул Ислам, Өрнөдийн ертөнцийн харилцааг соёл иргэншлийн зөрчилдөөн хэмээн
үзэж байна. «Өрнөд Исламын ертөнцтэй сөргөлдөх нь гарцаагүй. Гэхдээ Магрибаас
Пакистан хүртэл Исламын ертөнцийг тэлж буй нь өөрөө дэлхийн шинэ дэг журмын
төлөөх тэмцэлд хүргэж байна» хэмээн Энэтхэгийн Ислам шашинт зохиолч М. Ж.
Акбар (M. J. Akbar) бичжээ. Бэрнард Лэвис (Bernard Lewis) «Бидний өмнө
өөрсдийн зорилгод ашиглах гэсэн засгийн газрынхаа үйл ажиллагаа, бодлого
шийдвэрт захирагддаггүй огт өөр төвшний үзэл бодол, хөдөлгөөн байна. Энэ бол
манай иудей-христ уламжлалын эсрэг, манай ертөнцийн тэлэлтийн эсрэг чиглэсэн
манай эртний дайсны хариу үйлдэл, соёл иргэншлийн мөргөлдөөн мөн»[2]
хэмээн бичиж, дээрхийн адил дүгнэлтэд хүрсэн байна.
Түүхэнд Араб-Исламын соёл
иргэншил Өмнөдийн хар арьст христ шүтлэгтэй хүн амтай байнга хэл ярианы болон
анимист антагонист харилцаатай байсаар ирсэн. Өнгөрсөнд уг антагонист харилцаа
араб боолын худалдаачин болон хар арьст боолуудын хэлбэрээр биелэлээ олж
байсан. Өнөөдөр энэ нь Судан дахь араб болон хар арьст хүн амын хоорон дахь
иргэний дайн, Чад дахь засгийн газар болон инсургентууд (Ливийг дэмжигч
хүчин)-ын дундах зэвсэгт тэмцэл тэрчлэн Нигери дэх ислам болон христ
шүтлэгтнүүдийн хоорондын цус урсгасан сөргөлдөөн зэргээр илэрч байна. Африк
тивд христийн шашныг өргөжүүлэн шинэтгэх гэсэн үйл явц нь соёл иргэншил
хоорондын зааг шугамаар хүчирхийлэл дэгдэхэд хүргэж байна. Хутагт II Иоанн Павлын
1993 оны хоёрдугаар сард Хартумд хэлсэн үг нь нөхцөл байдлыг хурцатгасан. Тэрээр
Судан дахь христийн шашинт цөөнхийн эсрэг чиглэсэн Суданы исламын засгийн газрын
үйлдлийг буруушаасан юм.
Исламын бүс нутгийн хойд хил
дагуу зөрчил мөргөлдөөн гол төлөв үнэнд алдартны шашинт болон исламын шашинт
хүн амын дунд өрнөж байна. Энд Босни, Сараево дахь аллага, серби, албанчуудын
зогсолтгүй үргэлжлэх тэмцэл, Болгар дахь болгарчууд, түрэг цөөнхийн таагүй
харилцаа, осетин, ингуш, армян, азербайжанчуудын цус урсгасан сөргөлдөөн,
Дундад Ази дахь орос, мусульманчуудын зөрчилдөөн, Оросын ашиг сонирхлыг
хамгаалах зорилгоор Кавказ, Дундад Азид оросын цэрэг орсон зэргийг дурдаж болох
юм. Шашин угсаатны өөриймсөх ухамсарыг нэмэгдүүлж байгаа төдийгүй энэ бүхэн нь
Орос улсыг өмнөд хилийнхээ аюулгүй байдлыг анхаарч үзэхэд хүргэж байна. Уг
зовнилыг Арчие Рузвельт (Archie Roosevelt) туйлын гярхай ажиглажээ. «Орос улсын түүхийн ихэнх хэсгийг
түрэг, славянчуудын дунд өрнөж байсан хил дамнасан зөрчилдөөн эзэлдэг. Энэ
зөрчилдөөн мянга гаруй жилийн өмнө Оросын төр улс бий болсон үеэс эхэлсэн. Дорнод
хөрштэйгээ мянга гаруй жилийн туршид хийсэн славянчуудын тэмцэл – оросын
түүхийг төдийгүй орос зан чанарыг ойлгох түлхүүр билээ. Оросын өнөөгийн бодит
байдлыг танин мэдэхийн тулд олон зуун жилийн туршид оросын анхаарлыг татсаар
ирсэн түрэг угсаатны бүлэг байдаг гэдгийг мартахгүй байх шаардлагатай»[3]
хэмээн бичжээ.
Соёл
иргэншлийн мөргөлдөөн Азийн бусад бүс нутагт нэн эрт үеэс эхтэй. Түүхэн эрт
үеэс улбаатай мусульман, индус шашин хоорондын тэмцэл өнөөдөр Пакистан,
Энэтхэгийн сөргөлдөөнөөр илрээд зогсохгүй Энэтхэгийн дотоодод мусульман цөөнх,
индуист олонхийн дайнч бүлэглэл хооронд шашны дайсагналыг дэврээж байна. Исламын
Айодха сүмийг сүйтгэсний дараа 1992 оны арванхоёрдугаар сард Энэтхэг иргэний
ардчилсан улс хэвээр үлдэх үү, эсвэл индуист улс болж хувирах уу гэсэн асуудал
хүртэл сөхөгдсөн юм. Зүүн Азид Хятад улс бараг бүх хөрштэйгээ газар нутгийн
маргаантай байна. Төвөд дахь буддистуудыг хайр найргүй нухчин дарсан тэд
өнөөдөр түрэг исламын шашинт цөөнхөө нухчин дарахад бэлэн байна. «Хүйтэн
дайн» дууссанаар Хятад, АНУ-ын хоорондын зөрчил хүний эрх, худалдаа
арилжаа, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх асуудалд онцгой хүчтэй илэрч
байгаа бөгөөд ойрын жилүүдэд намжихгүй нь ойлгомжтой. 1991 онд Дэн Сяопин «АНУ,
Хятадын хооронд шинэ хүйтэн дайн үргэлжилж байна» гэсэн байдаг.
Дэн
Сяопины хэлсэн үгийг АНУ, Японы харилцаанд ч хамааруулж болох юм. Соёлын
ялгаварт байдал нь эдгээр улсуудын дунд эдийн засгийн зөрчил үүсэхэд хүргэж
байна. Харилцагч талууд нэг нэгнээ арьс өнгөөр ялгаварлах үзэлд буруутгаж
байгаа ч АНУ-ын талын хандлага арьсны бус, соёлын хандлагатай юм. Суурь үнэт
зүйл, хэм хэмжээ, үйл байдлын хэв загварын хувьд харилцан адигүй хоёр өөр
нийгмийг дүрслэхэд туйлын хүндрэлтэй. АНУ Европтой эдийн засгийн хувьд
зөрчилдөх тохиолдол байх ч улс төрийн хувьд онцын ялгавартай байдаггүй. Учир нь
Америк, Европын соёлын зөрчил Америк, Японы соёл иргэншлийн зөрчлийг бодвол
аядуу шинжтэй юм.
Харилцан
адилгүй соёл иргэншлүүдийн харилцаа эрчимжихийн хэрээр хүчирхийлэл гарах
боломжит төвшин нэмэгдэх магадлалтай болсон. Өрнөд, Японы харилцааны нэгэн адил
Америк, Европын дэд соёл иргэншлүүдийн хооронд эдийн засгийн өрсөлдөөн л байна.
Евразид угсаатны зөрчил мөргөлдөөн тийм ч бага биш байна. Ихэвчлэн харилцан
адилгүй соёл иргэншилд хамаарах бүлгүүдийн дунд өрнөх бөгөөд туйлын хэрцгий
хэлбэрээр явагдаж байна. Евроазийн бүс нутагт түүхэн ёсоор бүрэлдсэн соёл
иргэншил хоорондын хилийн цаваар зөрчил мөргөлдөөний гал дахин дүрэлзэж байна.
Хойд Африк, Дундад Азийн орон зайд орших хавирган сар, Исламын ертөнцийн хил
хязгаарт онцгой хүчтэй асах болсон. Гэвч хүчирхийлэл нэг талаас,
мусульманчуудын, нөгөө талаас, Балкан дахь үнэн алдарт сербүүд, Израиль дахь
еврейчүүд, Бирм дахь буддистууд, Филиппин дахь католиг шүтлэгтнүүдийн дунд
өрнөж байна. Исламын ертөнцийн хил хязгаарт газар сайгүй цус урсах болжээ.
Соёл иргэншлийн нягтрал: «Улс орнуудын ах дүүсэх» эмгэг
Нэг соёл
иргэншилд хамаарах бүлэг буюу улс орнууд өөр соёл иргэншлийн ард түмнүүдтэй
дайны байдалд татагдан орохдоо өөрийн соёл иргэншлийн төлөөлөгчөөс дэмжлэг
эрэлхийлэх нь зүй билээ. Хүйтэн дайн дууссанаар дэлхийн шинэ дэг журам
бүрэлдсэн бөгөөд батжин бэхжихийн хэрээр нэг соёл иргэншилд хамаарах, буюу Х.
Д. С. Гринвэй (H. D. S. Greenway)-гийн хэлсэнчлэн «улс орнуудын ах дүүсэх
эмгэг» (The Kin-Country Syndrome) улс төрийн үзэл суртал, хүчний
тэнцвэржилтийн уламжлалт аргыг халж хамтын ажиллагаа, эвслийн үндсэн зарчим
болж хувирав. Уг эмгэг аажим бүрэлдэн төрхөө олсныг Персийн булан, Кавказ,
Босни дахь сүүлийн үеийн бүхий л мөргөлдөөнүүд нотлон харуулж байна. Эдгээр
мөргөлдөөний нэг нь ч соёл иргэншил хоорондын дайн байгаагүй боловч тус бүртээ
соёл иргэншлийн дотоод нэгдлийг хангах шинжийг агуулж байв. Зөрчил мөргөлдөөн
шатлан өргөжихийн хэрээр энэ хүчин зүйлийн ач холбогдол өсөн нэмэгдэж байна. Түүний
одоогийн үүрэг нь – айсуй цагийг бошоглох явдал мөн.
Нэгдүгээрх. Персийн булангийн мөргөлдөөнд
арабын нэг орон нөгөө улс руугаа цэрэглэн довтолж, дараа нь, араб, өрнөд болон
бусад улсыг нэгтгэсэн эвсэлтэй дайтсан. Хэдийгээр Саддам Хусейний талд исламын
цөөн улсын засгийн газар зогсож байсан ч албан бус байдлаар арабын ихэнх засгийн
газар дэмжсэн бөгөөд тэрээр арабын хүн амын өргөн хүрээний дэмжлэгийг хүлээж
байв. Исламын фундаменталистууд Өрнөдийн талд зогссон Кувейт, Саудын Арабыг
бус, Иракийг дэмжиж нэгдэн нягтарч байлаа. Арабын үндэсний үзлийг сэдрээсэн
Саддам Хусейн исламийн шашинд ихээхэн нэр олсон юм. Саддам Хусейн болон түүний
талынхан энэ дайныг соёл иргэншил хоорондын дайн хэмээн ойлгож байсан юм. «Энэ
бол Иракийн эсрэг дэлхий дахин дайтаж буй явдал бишээ. Харин Исламийн эсрэг
Өрнөд дайтаж буй явдал мөн» (It is not the World against Iraq. It is the West against Iraq.) гэж Мекка дахь Ум Аль Кура Их
Сургуулийн Ислам Судлалын факультетийн декан Сафар Аль Хавали (Safar Al-Hawali,
dean of Islamic Studies at the Umm Al-Qura University in Mecca) өөрийн яриандаа
дурджээ. Иран, Ирак өөр хоорондоо сөргөлдөж асан үеийг умартан Ираны шашны
тэргүүн, аятолла Али Хомэйни (Ayatollah
Ali Khamenei) Өрнөдийн
эсрэг ариун дайнд уриалсан: «Америкийн түрэмгийлэл, шунхайрал, бодлого,
төлөвлөгөөний эсрэг хийх тэмцлийг ариун дайн гэж үзэж болох бөгөөд энэ дайнд
ялагдсан хүн бүр зовлон эдлэгч болно» (The struggle against American
aggression, greed, plans and policies will be counted as a jihad and anybody
who is killed on that path is a martyr) гэжээ. Иорданы ван Хусейн (King Hussein
of Jordan) «Энэ дайн зөвхөн Иракийн эсрэг төдийгүй бүхий л араб,
мусульманчуудын эсрэг хийж буй дайн болно» (This is a war against all Arabs
and all Muslims and not against Iraq alone) хэмээн мэдэгджээ.
Саддам
Хусейныг дэмжиж арабын хүн ам, элитийн олонх нь нэгдэн нягтарсан явдал Иракийн
эсрэг эвсэлд нэгдсэн арабын засгийн газруудыг үйл ажиллагаагаа хязгаарлаж олон
нийтийн өмнө буулт хийхэд хүргэжээ. Арабын засгийн газрууд Иракт шахалт үзүүлэх
гэсэн Өрнөдийн удаа дараагийн оролдлогод хориг тавих юм уу нэгдэн орохоос
татгалзаж, 1992 оны зун онгоц нисэхийг хориглосон бүс байгуулж, 1993 оны
нэгдүгээр сард Иракийг бөмбөгдөхийн эсрэг зогссон байна. 1990 онд Иракийн эсрэг
эвсэлд Өрнөд, ЗХУ, Турк, Арабын орнууд багтаж байсан бол 1993 он гэхэд ердөө л
Өрнөд, Кувейт хоёр үлджээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтоолыг
хэрэгжүүлээгүйн төлөө Изриальд авах хориг арга хэмжээ, сербүүдээс босничуудыг
хамгаалах ажиллагаа зэрэг нь бүтэлгүйтсэнтэй зэрэгцээд Ирак дахь Өрнөдийн
цэргийн ажиллагааг ислам шашинтнууд эсэргүүцэх болсон юм. Соёл иргэншлүүд
зөрчилдөх ертөнцөд хоёрдмол үйл явц өрнөх болсон. Нэг хэсэг нь ах дүүсэх эмгэгт
автаж байхад нөгөө хэсэг нь өвөр зуураа дайсагналцан тэмцэлдэж байх жишээтэй.
Хоёрдугаарх: Улс орнуудын ах дүүсэх эмгэг
хуучин ЗХУ-ын газар нутаг дахь зөрчил мөргөлдөөнд ч илэрч байна. 1992-1993 оны Армянчуудын
цэрэг-дайны амжилт Турк улсыг шашин шүтлэг, хэл яриа, угсаатны хувьд гарвал
нэгтэй Азербайжанчуудаа дэмжихэд хүргэжээ. «Азербайжанчууд юу мэдэрч байна,
түүнийг Туркийн ард түмэн мэдрэх ёстой. Бид дарамтад байна. Манай сонинуудад
армянчуудын харгислалыг сурталчилсан зургууд дүүрэн байна. Энэ нь Түрэгүүдийг
төвийг сахисан бодлогоо эргэн харах шаардлагатайг анхаарулах биз. Магадгүй,
Армянчуудад бүс нутагт нармай Түрэг байгааг ойлгуулах ч юм бил үү» хэмээн
Туркийн өндөр тушаалын нэгэн түшмэл бичжээ. Үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж
Туркийн ерөнхийлөгч Түргүт Озал (Turgut Ozal) Турк
улс Арменчуудыг бага зэрэг цочроох шаардлагатай (Turkey should at least scare
the Armenians a little bit) хэмээн мэдэгджээ. 1993 онд тэрээр санаагаа дахин
илэрхийлж «Турк улс соёогоо харуулах хэрэгтэй!» (show its fangs) гэж мэдэгдсэн юм. Туркийн агаарын хүчнийхэн Армяны хилийн
зурвас дагуу тагнуулын нислэг хийсэн хэвээр байна. Үүгээр ч зогсохгүй, Турк улс
Армен руу нисэх агаарын шугамыг хаах, хүнсний хангамжийг саатуулах зэрэг арга
хэмжээ авсаар байна. Турк, Иран улсууд Азербайжаныг хэсэглэн салгах аливаа
оролдлоготой эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэв. Зөвлөлт засаг оршин тогтнож асан
сүүлийн жилүүддээ коммунистууд засгийн эрхэнд хэвээр байсан Азербайжаныг дэмжиж
байв. Гэвч Зөвлөлт Холбоот Улс мөхсөнөөр улс төрийн дайсагнал шашны хуваагдал
болж хувирсан юм. Өнөөдөр Оросууд армянчуудын талд зогсож бодлогоо 180 хэм
эргүүлж Азербайжаныг Оросын засгийн газар буруутгаж, христийн шүтлэг Арменыг
дэмжих болжээ.
Гуравдугаарх: Хэрэв хуучин Югославын газар нутаг
дахь өнөөгийн дайныг анхааралтай ажиглавал энд Өрнөдийн олон нийт сербчүүдийн харгислалыг
жигшин зэвүүцэхийн зэрэгцээ Боснийн мусульманчуудыг дэмжин, талархах болсныг
ойлгож болно. Тэгсэн атлаа тэд хорватуудын зүгээс мусульманчуудыг хэрхэн
харгислаж байгаа болон Босни, Герцеговин хуваагдаж байгаад огтоос анхаарал
хандуулахгүй байна. Югославын задралын эхэн үед Герман улс ер бусын дипломат
санаачлага гаргаж, Европын Холбооны гишүүн бусад 11 улсаа араасаа дагуулж
Словен, Хорватын хүлээн зөвшөөрч байсан цаг саяхан. Католиг шүтлэгт энэ хоёр улсын байр суурийг
бэхжүүлэх зорилгоор Европын Холбооноос өмнө Ватикан улс статус квог нь хүлээн
зөвшөөрч байлаа. Европын Холбооны үйлдлийг АНУ дэмжсэн юм. Ийнхүү Европын соёл
иргэншлийн томоохон орнууд өөрсдийн шүтлэг нэгт улсаа дэмжихэд нэгдэж чадсан
билээ. Дараагаар нь, Хорват Төв Европ, Өрнөдийн бусад орнуудаас их хэмжээний
зэвсэг авлаа гэсэн мэдэгдэл дэлхий дахинд цацагдсан юм. Нөгөө талаас, Оросын
засгийн газар үнэн алдартны сербүүдтэй харилцаагаа таслахгүйгээр Өрнөд болон
Оросыг талцуулахгүй байх алтан дундажийн бодлого баримтлах болсон. Гэвч хууль
тогтоох хурлын депутатуудыг оролцуулсан Оросын хуучинсаг, үндэсний үзэлтнүүд
сербчүүдэд хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байна хэмээн засгийн газраа буруутгах
болсон юм. 1993 оны эхэн гэхэд Оросын хэдэн зуун дайчид Сербийн талд тулалдаж,
Сербид зэвсэг нийлүүлж эхэлсэн байна.
Харин
Исламын засгийн газар, улс төрийн бүлэглэлүүд Боснийн мусульманчуудад тусламж
үзүүлэхгүй байна хэмээн Өрнөдийг хараан зүхэх болсон. Ираны удирдлага Боснид
тусламж үзүүлэхийг бүх мусульманы ертөнцөд уриалсан. НҮБ-ын зүгээс тавьсан
эмаргог үл хэрэгсэн Иран улс Боснид цэрэг, зэвсэг нийлүүлэх болсон. Ираныг
дэмжиж Ливаны бүлэглэл Боснийн цэргийн хүчнийг бэлтгэх, зохион байгуулахад
туслалцаа үзүүлж эхэллээ. 1993 он гэхэд Боснид Исламын арав гаруй улсаас 4000
хүртэл дайчид тулалдаж байна гэж мэдээлэх болсон. Саудын Араб болон бусад улсын
засгийн газар Боснид илүү шийдвэртэй дэмжлэг үзүүлэхийг шаардах фундаменталист
бүлэглэлийн хүчтэй шахалтад автаж байна. Албан ёсны мэдээнд дурдсанаар, 1992
оны сүүлээс Саудын Араб Боснийн мусульманчуудыг зэвсэг, хүнсээр хангах болсон.
Энэ бүхэн нь сербчүүдтэй тулалдах тэдний чадварыг үлэмж хэмжээгээр сайжруулж
байна.
1930-аад
оны иргэний дайны жилүүдэд Испаны дотоод хэрэгт фашист, коммунист, ардчилсан
улс орнууд оролцож байлаа. 1990-ээд он буюу өнөөдөр Югослав дахь мөргөлдөөнд
мусульман, үнэн алдарт болон Өрнөдийн христийн шүтлэгт хуваагдсан улс орнууд
оролцож байна. Энэ бол зүгээр нэг зүйл бишээ. «Босни, Герцеговин дахь дайн
Испани дахь иргэний дайны жилүүдийн фашизмын эсрэг тэмцэлтэй адил юм. Хэн энэ
дайнд үрэгдэнэ, тэр мусульман ах дүүсээ аврахын төлөө амьдралаа зориулагч
зовлон эдлэгч болно» хэмээн Саудын Арабын нэгэн тоймч бичжээ.
Нэг соёл
иргэншилд багтах улсуудын дунд юм уу, улс орны дотоодод хүчирхийлэл, мөргөлдөөн
гарах боломжтой. Гэхдээ соёл иргэншил хоорондын зөрчил, мөргөлдөөн шиг тийм
далайцтай, эрчимтэй байж чадахгүй болов уу. Нэг соёл иргэншилд хамаарах явдал
нь улс орнуудын дунд хүчирхийлэл гарах магадлалыг бууруулдаг байна. 1991-1992
онуудад газар нутгийн маргаан – Крым, тэрчлэн Хар далайн флот, цөмийн цэнэгт
хошуу, эдийн засгийн асуудлаас үүдэн Орос, Украины хооронд зэвсэгт сөргөлдөөн
гарч болзошгүй гэдэгт олон хүмүүс сэтгэл тайвангүй байлаа. Гэтэл нэг соёл
иргэншилд харьяалагдсан байдал нь Орос, Украины дундах зэвсэгт сөргөлдөөнийг
намжаасан юм. Эдгээр орнууд бол олон зуун жилийн туршид нягт харилцаатай явж
ирсэн үнэн алдартны славян улсууд билээ. Хэдийгээр 1993 оны эхэн гэхэд
мөргөлдөөн үүсэх хангалттай шалтгаан бүрдсэн байсан ч хоёр улсын удирдагчид
яриа хэлэлцээрийг амжилттай явуулж, санал зөрөлдөөнөө намжааж чадсан юм. Гэвч
үүнтэй зэрэгцээд хуучин ЗХУ-ын газар нутагт мусульман болон христос
шүтлэгтнүүдийн дунд, Балтийн орнуудад католиг болон үнэн алдартнуудын хооронд
хүчтэй сөргөлдөөн үүсч байгаа ч орос, украинчуудын яриа хэлцэл шиг шийдвэрлэж
чадахгүй байна.
Өнөөг
хүртэл соёл иргэншлийн нягтарших үйл явц хязгаарлагдмал хэлбэртэй байгаа ч
хөгжсөөр байна. Ирээдүйд ч энэ чиглэлд ихээхэн найдлага харагдаж байна. Персийн
булан, Кавказ, Босни дахь мөргөлдөөн үргэлжлэхийн хэрээр улс орнуудын байр
суурь, хуваагдмал байдлыг соёл иргэншил тодорхойлох болно. Популист улс төрчид,
шашны зүтгэлтэн, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үүнийг олон түмний дэмжлэг
хүлээх хүчирхэг зэвсэг болгон хувиргаж засгийн газруудад шахалт үзүүлэх болно. Ойрын
ирээдүйд Босни, Кавказ дахь мөргөлдөөний нэгэн адил соёл иргэншил хоорондын
зааг шугамаар өрнөх зөрчлүүд өргөн хүрээтэй дайн болж шатлан өргөжих аюулыг
агуулж байна. Хэрэв дэлхийн дараагийн дайн дэгдэх боломжтой бол тэр нь соёл
иргэншил хоорондын дайн байх болно.
Бусад ертөнцийн эсрэг Өрнөд
Бусад соёл иргэншлийг бодвол
Өрнөд хүчин чадлынхаа оргил үед явна. Түүний урьдын өрсөлдөгч – хоёр дахь хэт
их гүрэн дэлхийн улс төрийн газрын зурагнаас арчигдлаа. Өрнөдийн орнуудын дунд
зэвсэгт мөргөлдөөн гаргах тухай санахын ч хэрэггүй болж Өрнөдтэй тэнцэх цэргийн
хүч гэхээр зүйл өнөөдөр алга. Хэрэв Японыг эс тооцвол Өрнөдөд эдийн засгийн
өрсөлдөгч гэж алга. Өрнөд улс төр, аюулгүй байдлын хүрээнд ганцаар, Японтой
хамтран эдийн засгийн хүрээнд тэргүүлж байна. Дэлхийн улс төр, аюулгүй байдлын
асуудал АНУ, Их Британ, Францын удирдлага дор, дэлхийн эдийн засгийн асуудал
АНУ, Япон, Герман улсын удирдлага дор амжилттай шийдвэрлэгдэж байна. Эдгээр
орнууд өөрийн ээлжинд, Өрнөдийн бус ямар ч орныг хүрээлэлдээ үл багтаах тийм
нягт харилцаатай. Өрнөдийн ашиг сонирхлыг тусгасан Олон Улсын Валютын Сан (ОУВС)
юм уу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл (НҮБАЗ)-ийн шийдвэр
дэлхийн олон нийтэд нийт хүн төрөлхтний ашиг тусад нийцсэн мэтээр хүрч байна. «Дэлхийн хамтын нийгэмлэг»
гэх илэрхийлэл нь өөрөө «чөлөөт ертөнц» гэх илэрхийллийг орлосон
угтуулга шинжтэй болж хувирсан. Энэ нь АНУ болон Өрнөдийн бусад орны эрх ашгийг
тусгасан үйлдлийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх давхар зорилготой юм[4].
ОУВС болон олон улсын эдийн засгийн бусад байгууллагын туслалцаатайгаар Өрнөд
өөрийн эдийн засгийн ашиг сонирхлоо хэрэгжүүлж, бусад улсын эдийн засгийн
бодлогыг өөрийн хүссэнээр чиглүүлж байна. Өрнөдийн бус орнуудад ОУВС-ын талаар хүн
амын олонх таагүй байр суурьтай байдаг ч сангийн яамны сайд нар нь дэмжцгээх
болсон. Георгий Арбатов (Georgy
Arbatov) ОУВС-гийн
түшмэдийг «эдийн засгийн эрх чөлөөг үгүй хийж, улс төр, эдийн засгийн
ардчилсан бус, гажууд дүрмийг тулган хүлээлгэх замаар хүмүүсийн мөнгийг дэмий
зарлагдах шинэ цагийг большевикууд мөн» (neobolsheviks who love expropriating
other peoples’s money, imposing undedemocratic alien rules of economic and
political conduct and stifling economic freedom) гэж тодорхойлжээ.
Хэдийгээр
Хятадын зүгээс бага зэргийн хориг тавьж буй боловч Кувейтаас Иракийн цэргийг
гаргах, түүний зэвсэг техник, зэвсэг үйлдвэрлэх чадварыг үгүй хийхэд НҮБ-ын
нэрийн өмнөөс хүч хэрэглэх хууль ёсны шаардлагаа хэрэгжүүлэх зэргээр Өрнөд
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд ноёрхож байна. АНУ, Их Британи, Францаас санаачлан
Аюулгүйн Зөвлөлийн нэрийн өмнөөс Pan American авиа компаны нисэх онгоцыг дэлбэлсэнд буруутгаж Ливид
шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээн авахаас татгалзсан Ливид эдийн засгийн
хориг арга хэмжээ авах жишээтэй. Арабын хамгийн хүчирхэг армийг буулгаж авсан
Өрнөд арабын ертөнцийг эргэлзээгүй бохируулж байна. Үнэн чанартаа, барууны улс
төр, эдийн засгийн үнэт зүйлийг бататгах, ашиг сонирхлоо хамгаалах, давуу
байдлаа бэхжүүлж дэлхий дахинаа ноёрхоход Өрнөд олон улсын байгууллага, цэргийн
хүч, санхүүгийн нөөц, боломжийг ашиглах болсон.
Өнөөгийн ертөнцөд Өрнөдийн бус
орнууд үйл явцыг ингэж дүгнэж байгаа нь үнэний ортой. Ийнхүү эрх мэдлийн
ялгарал, цэрэг, эдийн засаг, улс төрийн давуу эрхийн төлөөх тэмцэл нь Өрнөд
болон бусад соёл иргэншлийн хоорондын зөрчил, мөргөлдөөний эх сурвалж болж байна.
Мөргөлдөөний нөгөө нэг эх сурвалж нь соёл, суурь үнэт зүйл, итгэл үнэмшлийн
ялгаа юм. В. С. Нейпол (V. S. Naipaul) Өрнөдийн
соёл иргэншил – бүх ард түмэнд нийцтэй, түгээмэл соёл иргэншил мөн (Western
civilization is the universal civilization that fits all men) гэж баталдаг. Өнгөц
харахад Өрнөдийн соёлын олон зүйл Өрнөдийн бус ертөнцөд байгаа мэт санагдана.
Гэвч сайтар судлан үзвэл бусад соёл иргэншлийн үзэл санаа, төсөөлөл Өрнөдийн
үзэл санаа, төсөөллөөс ихээхэн ялгаатай болно. Ислам, Күнз, Япон, Индуист,
Буддын болон Үнэн Алдартны соёл нь төрийг сүм хийдээс тусгаарлах, чөлөөт зах
зээл, ардчилал, хууль дээдлэх ёс, эрх чөлөө, тэгш байдал, хүний
эрх, конституционализм, либерализм, индивидуализм гэх мэт Өрнөдийн үзэл
санаанд төдийлөн тааламжтай ханддаггүй.
Эдгээр үзэл санааг сурталчилахад чиглэсэн Өрнөдийн хүчин чармайлт «хүний эрхийн империализм»-ын эсрэг дайсагнасан үйл ажиллагааг дэгдээж,
язгуур соёлоо дээдлэх хандлагыг бэхжүүлдэг байна. Өрнөдийн бус орны залуучууд шашны фундаменталист хөдөлгөөнийг дэмжиж
байгаа нь үүний томоохон нотолгоо юм. Мэдээж хэрэг, Өрнөдийн үзэл санаа болох
«түгээмэл соёл иргэншил» оршин байх боломжтой. Гэхдээ энэ нь хүмүүсийн нэг
хэсгийг нөгөөгөөс нь тусгаарлаж байдаг ялгаа, уг ялгаанд суурилсан Азийн ихэнх
соёлтой зөрчилдөх болдог. Харилцан адилгүй 100 орчим нийгэм дэх соёлын ялгаа,
хэм хэмжээг судалсан харьцуулсан судалгаандаа нэгэн зохиолч «Өрнөдийн үзэл санаа онцгой ач
холбогдолтой бөгөөд бусад улсын соёл, хэм хэмжээ түүнтэй харьцуулахад төдийлөн
ач холбогдол багатай»[5] гэсэн дүгнэлт хийжээ. Улс төрийн хүрээнд уг ялгаа хүний эрх, ардчиллын
барууны үзэл санааг бусад улсын ард түмнүүдэд дэлгэрүүлэх гэсэн АНУ тэргүүтэй
Өрнөдийн орнуудын оролдлогоор илэрч байна. Засаглалын орчин үеийн ардчилсан
хэлбэр түүхийн хувьд Өрнөдөд бүрэлдэн бий болсон. Хэрэв Өрнөдийн бус ертөнцийн
хаа нэгтээ байгаа бол тэр нь Өрнөдийн колонийн бодлого юм уу, дарамт шахалтын
үр дүн даруй мөн.
Энэ бүхнээс үзэхэд ирээдүйд дэлхийн улс төрийн
бодлогын үндсэн тэнхлэг Кишорэ Махбубанигийн хэлсэнчлэн «Өрнөд болон бусад
ертөнц»-ийн хоорон дахь зөрчил мөргөлдөөнд өөрөөр хэлбэл, Өрнөдийн үнэт зүйл,
хүчин чадлыг сөрөх Өрнөдийн бус соёл иргэншлийн хариу үйлдэлд төвлөрөх болно[6]. Иймэрхүү төрлийн хариу
үйлдэл нь дараах гурван боломжийн аль нэгийг нь юм уу, гурвууланг нь авч
хэрэгжүүлэхийг шаардах болсон.
Нэгдүгээрт, Өрнөдийн бус орнууд
Бирм юм уу Хойд Солонгосын нэгэн адил өөрийн улсыг Өрнөдийн нөлөөлөл өөрөөр
хэлбэл, Өрнөд ноёрхсон дэлхийн нийгэмлэгээс тусгаарлан авч үлдэх арга зам
байна. Гэхдээ уг бодлого нь харьцангуй өндөр төлөөстэй бөгөөд ердөө цөөхөн орон
бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж чадсан.
Хоёрдугаарт, Өрнөдийг даган
баясч түүний үнэт зүйл, хэм хэмжээг хүлээн авах явдал юм. Олон улсын харилцааны
онолын хэлээр үүнийг «хөдөлж буй галт тэргэнд суух» гэж нэрлэдэг.
Гуравдугаарт, Өрнөдийн эсрэг
Өрнөдийн бус орнуудтай хамтран ажиллахын зэрэгцээ эдийн засаг, цэргийн хүчин
чадлаа зузаатган Өрнөдийг эсэргүүцсэн эвсэл байгуулахыг оролдох болно. Нэг
үгээр хэлэхэд үндэсний язгуур үнэт зүйл, хэм хэмжээгээ хадгалж үлдэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, орчин үежиж болох ч өрнөжихгүй гэсэн үг юм.
Салан тусгаарлагч
орнууд
Тодорхой соёл иргэншилд хамааралтай байх нь
хүмүүсийн таниуцын үндсэн хэлбэр болох ирээдүйд ЗХУ, Югослав шиг хүн ам нь хэд
хэдэн соёл иргэншлийг төлөөлөх улс орнууд мөхөх нь гарцаагүй юм. Гэвч ямар соёл
иргэншилд хамаарах тухайд онцын санал зөрөхгүй, соёлын хувьд нэгэн төрлийн гэж
хэлж болохуйц дотоод салан тусгаарлагч улс орнууд гэж байна. Эдгээр улсын
засгийн газрууд «хөдөлж буй галт тэргэнд суун», Өрнөдтэй нэгдэхийг хүсэх авч
соёл, түүх, уламжлалын хувьд Өрнөдтэй нийтлэг зүйл нэг ч байдаггүй.
Ийм салан тусгаарлагч орны тод томруун жишээ нь –
Турк улс юм. XX зууны эцэст Туркийн удирдлага Ататюркийн уламжлалд үнэнчээ
илтгэн улсаа өрнийн хэв шинж бүхий орчин үежсэн шашингүй орон гэж үзэх болсон.
Тэд Туркийг Персийн булангийн дайны үед НАТО-гоор дамжуулан Өрнөдийн холбоотон
болгосон бөгөөд Европын хамтын нийгэмлэгт нэгдэхийг оролдож байна. Үүнтэй
зэрэгцээд Туркийн нийгмийн зарим хэсэг нь исламын уламжлалыг сэргээхийг дэмжиж
Турк бол Ойрх Дорнодын исламын улс гэж үзэж байна.
Туркийн улс төрийн элитүүд улсаа өрнөдийн нийгэм гэж үзэж байхад
Өрнөдийн улс төрийн элитүүд үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Турк Европын
хамтын нийгэмлэгт орж чадаагүй бөгөөд үүний жинхэнэ шалтгааныг ерөнхийлөгч
Озалагийн «ярьдаггүй л болохоос бид ислам, тэд христос
шүтлэгтнүүд» гэсэн үгээр илэрхийлж болох юм. Меккаг үгүйсгэж, Брюсселид
адлагдсан Турк улс хаашаа явна вэ? Мэдээж хэрэг, хариулт нь «Ташкент». ЗХУ-ын
уналт Турк улсын өмнө Грекийн эргээс Хятад хүртэлх орон зайд долоон улсын
хамарсан сэргэн мандаж буй Турк соёл иргэншлийн манлайлагч болох ховорхон
боломжийг нээж өгчээ. Өрнөдөөр дэмжүүлсэн Турк улс энэхүү шинэ таниуцаа
биежүүлэхэд бүх хүчин чармайлтаа төвлөрүүлж эхэлсэн.
Сүүлийн арван жилд Мексик улс мөн л иймэрхүү
байдалтай байна. Хэрэв Турк улс Өрнөдийг сөрөхөөс зайлсхийж, Өрнөдтэй нэгдэхийг
оролдож байсан бол Мексик улс урьд нь АНУ-ыг сөрж байснаа энэ улсыг даган
дуурайж, Хойд Америкийн Чөлөөт Худалдааны Бүс (НАФТА)-т нэгдэн орохыг эрмэлзэх болсон. Мексикийн улс төрчид өөрийн гэсэн
соёлын таниуц бий болгох хэт ахадсан зорилтыг хэрэгжүүлэхийг оролдон улс төрийн
эрс өөрчлөлттэй зэрэгцээд эдийн засгийн шинэтгэл авч хэрэгжүүлсэн. 1991 онд
ерөнхийлөгчийн Карлос Салинас де Гортаригийн зөвлөх Салинасын засгийн газрын
авч хэрэгжүүлж буй өөрчлөлтийн талаар надад танилцуулж билээ. Ярианых нь
төгсгөлд миний бие «Таны үг надад маш хүчтэй сэтгэгдэл төрүүллээ. Зарчмын хувьд
Мексик Латин Америкийн орноос Хойд Америкийн улс болж байгаа юм байна» гэж
хариулсан юмдаг. Тэрээр намайг гайхсан байдлаар хараад «Яг зөв! Хэдийгээр энэ
талаар илээр ярьдаггүй боловч бид чухам үүнийг л хүсч байна!» гэж хэлсэн юм.
Энэ бол Туркийн нэгэн адил Мексик улс ч гэсэн нийгмийн хүчний
эсэргүүцлийг мохоох замаар өөрийн гэсэн үндэсний таниуцтай болохыг эрмэлзэж
байгааг харуулна. Туркт Европын баримжаалсан улс төрийн хүчнүүд исламын шашинд
таагүй хандах болсон. Үүний нэгэн адил Хойд Америкийг баримжаалсан Мексикийн
удирдлагууд Мексик Латин Америкийн улс мөн гэж үзэх хүмүүстэй тэмцэлдэх болсон.
Түүхийн хувьд Турк улс хэт тусгаарлах үйл явцад хамрагдаж байлаа. АНУ-ын
хамгийн ойрын, аюултай салан тусгаарлагч улс нь Мексик юм. Гэсэн хэдий ч
дэлхийн хэмжээний хүчирхэг салан тусгаарлагч улс Орос хэвээр үлдлээ. Энэ улс
Өрнөдийн хэсэг байх уу, аль эсвэл өөрийн гэсэн үнэн алдартны-славян соёл
иргэншлийг толгойлох уу гэдэг асуудал Оросын түүхэнд нэг бус удаа гарч байлаа.
Коммунистууд ялалт байгуулсны дараа асуудал бүрхэг шинжтэй болсон: Өрнөдийн
үзэл суртлаар зэвсэглэсэн коммунистууд түүнийг Оросын нөхцөлд нутагшуулж, уг
үзэл суртлын нэрийн өмнөөс нийт Өрнөдтэй дайсагнах болжээ. Коммунистуудын
ноёрхол бий болсноор Өрнөдийг баримтлагчид болон Оросын онцгой замыг шүтэгчдийн
хооронд үүсч байсан санал зөрөлдөөн нэг хэсэгтээ л намжсан. Гэвч коммунизм
унаснаар Оросын ард түмэн уг асуудалтай дахин тулгарчээ.
Ерөнхийлөгч Борис Ельцин Өрнөдийн үзэл санаа, зорилгыг эх нутагтаа
үрслүүлж, Оросыг Өрнөдийн ертөнцийн «ердийн нэг» улс
болгохыг хичээж байна. Гэвч Оросын эрх баригч элит, олон түмний дунд уг
асуудлаар байр суурийн нэгдмэл байдал хараахан ажиглагдахгүй байна. Оросыг
өрнөдчлөх үзэл санааг ухаалагаар эсэргүүцэгчдийн нэг Сергей Станкевич Орос улс
түүнийг Европын улс, дэлхийн эдийн засгийн тогтолцооны их долоогийн дараах найм
дахь хэсэг болгох атлантизмын бодлогоос татгалзах хэрэгтэй бөгөөд Атлантын
холбооны тэргүүлэх орон – АНУ, Германыг түших ёсгүй гэж үзжээ. Цэвэр Евроазийн
бодлогыг үгүйсгэхийн зэрэгцээ Станкевич Орос улс хилийн чанад дахь нутаг нэгт
иргэдээ хамгаалахад голлон анхаарах хэрэгтэйг онцолсон. Цааш нь тэрээр Оросын
түрэг-исламын харилцааг онцлоод «хэрэв Оросын нөөцийг дахин хуваарилах, ашиг
сонирхол, харилцаа холбоо, тэргүүлэх чиглэлийг нягтлан үзэх шаардлага үүсвэл
Азид» - Дорно Дахинд ашигтайгаар шийдвэрлэх ёстой гэжээ. Ийм үзэл бодол бүхий
хүмүүс Оросын эрх ашгийг Өрнөдөд захируулсан, батлан хамгаалах хүчээ
сарниулсан, уламжлалт холбоотон, тухайлбал Сербийг дэмжих бодлогоосоо татгалзсан,
сонгосон эдийн засаг – улс төрийн шинэтгэл нь хүн амын хувьд хүндээр туссан
зэргээр Ельциныг шүүмжлэх болсон. Энэ хандлагатай зэрэгцээд «Орос улс онцгой
Евроазийн соёл иргэншил мөн»[7] гэж 1920-оод оны үед бичиж
байсан Петр Савицкийн үзэл санаа сэргэж эхэлсэн. Бас илэрхий үндэсхэрхэг, Өрнөд болон Жүүдийн
эсрэг чиглэсэн хатуу үзэл бодлууд ч байна. Тэд Оросын цэргийн чадавхийг дахин
сэргээж, Хятад, Исламын орнуудтай нягт хамтран ажиллахыг сурталчилдаг. Оросын
ард түмэн улс төрийн элитээсээ илүү салан тусгаарлах хандлага багатай. 1992 оны
хавар улсын Европын хэсэгт явуулсан олон нийтийн санал асуулгаар нийт хүн амын
40% Өрнөдөд тааламжтай, 36% тааламжгүй хандаж байгаа нь тогтоогджээ. 1990-ээд
оны эхэнд Орос улс түүхийн бүхий л цаг үеийн туршид байсан шигээ салан тусгаарлагч
орон хэвээр үлдсэн.
Салан тусгаарлагч орнууд өөрийн гэсэн соёлын таниуц
бий болгохын тулд дараах гурван нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Нэгдүгээрт,
улс орны улс төр, эдийн засгийн элитүүд бүхэлдээ эл алхамыг дэмжсэн байх ёстой.
Хоёрдугаарт, улсын хүн ам уг алхамыг дэмжсэн байх ёстой. Гуравдугаарт,
улс орнуудын нэгдэх орохыг эрмэлзэж буй соёл иргэншлийн зонхилогч бүлэг
шийдвэрт нь таатай хариу өгсөн байх ёстой.
Мексикийн хувьд дээрх гурван нөхцөл бүгд хэрэгжсэн.
Харин Туркийн хувьд эхний хоёр нөхцөл нь хэрэгжжээ. Өрнөдөд нэгдэхийг хүсч буй
Оросын тухайд дээрх гурван нөхцөл туйлын бүрхэг байна. Либерал ардчилал болон
марксизм-ленинизмийн хооронд өрнөсөн зөрчил мөргөлдөөн өнгөн дээрээ эрх чөлөө,
тэгш байдал, хөгжил цэцэглэлт гэх мэт нэг бодлогыг дэмжсэн үзэл суртлын зөрчил
мөргөлдөөн байв. Харин уламжлалт, авторитари, үндэсхэрхэг Орос улсын хувьд огт
өөр зорилгыг хүсэх болно. Өрнөдийн ардчилсан үзэлтэн Зөвлөлтийн марксист
нэгэнтэй хичнээн л бол хичнээн маргаан дэгдээж чадна. Гэтэл Оросын уламжлалт
үзэлтнүүдтэй бол санахын ч хэрэггүй. Хэрэв марксист байхаа больсон Оросууд
либерал ардчиллыг хүлээн авахгүй, өөрсдийгөө Өрнөдийн хүмүүс гэж үзэхгүй бол
Орос, Өрнөдийн харилцаа дахин дайсагнасан, тусгаарлагдмал шинжтэй байх болно[8].
Күнз-Исламын эвсэл
Өрнөдөд өрнийн бус орнуудыг нэгтгэх зам дээр учирч
буй саад бэрхшээл хурцадмал, ээдрээтэй болж байна. Латин Америк, Зүүн Европт
тэр нь тийм ч их биш байна. Хуучин ЗХУ-ын үнэн алдартны шүтлэгт орнуудад нэлээд
хурцадах шинжтэй болсон. Гэвч хамгийн том саад тотгор Ислам, Күнз, Индуист,
Буддист ард түмний зүгээс үүсч байна. Япон өөрийн төрөл дотроо цорын ганц учир
Өрнөдийн ертөнцийн үнэнч холбоотны үүрэг гүйцэтгэх болсон: хэдийгээр Өрнөдийн
орнуудын хүрээлэлд багтах ч уг мөн чанараараа Өрнөдөөс ихээхэн ялгаатай гэдгийг
бид мартаж болохгүй. Соёл, эрх мэдлийн хувьд Өрнөдөд нэгдэж чадахгүй буюу
нэгдэхийг хүсэхгүй байгаа орнууд эдийн засаг, цэрэг, улс төрийн хүчин чадлаа
нэмэгдүүлэх замаар Өрнөдтэй сөргөлдөх нь дамжиггүй. Тэд өрнийн бус орнуудтай
хамтран ажиллах юм уу дотоод нөөц боломжоо хөгжүүлэх замаар үүнд хүрэх
бололцоотой. Ийм хамтын ажиллагааны хамгийн тод жишээ нь Өрнөдийн эрх ашиг,
үнэт зүйл, хүчин чадлын хариу хэлбэрээр үүсч буй Күнз-Исламын эвсэл юм.
Бараг бүх Өрнөдийн орнууд цэргийн хүчин чадлаа
хорогдуулах болсон. Борис Ельцины удирдаж буй Орос орон ч мөн адил. Гэтэл
Хятад, Хойд Солонгос, Ойрх Дорнодын зарим нэг улс цэргийн хүчин чадлаа үлэмж хэмжээгээр
нэмэгдүүлэх болсон. Энэ зорилгоор дээрх орнууд Өрнөдийн юм уу өрнийн бус
орнуудаас зэвсэг худалдан авч, өөрийн цэргийн аж үйлдвэрээ хөгжүүлж байна. Үр
дүнд нь, Чарльз Краутхэмморын «зэвсэглэсэн орон» гэж нэрлэсэн үзэгдэл үүссэн
бөгөөд «зэвсэглэсэн орнууд» нь Өрнөдийн бус орнууд юм. Өөр нэг үр дүн нь –
зэвсэглэлийг хянах үзэл баримтлалыг өөрчлөх болсонд оршино. Зэвсэглэлийг хянах
үзлийг анхлан Өрнөд дэвшүүлсэн түүхтэй. «Хүйтэн дайн»-ы жилүүдэд уг хяналтын
гол зорилго нь нэг талаас, АНУ болон түүний холбоотон улсууд, нөгөө талаас, ЗХУ
болон түүний хамсаатнуудын дунд цэрэг, зэвсгийн тэнцвэрт байдлыг тогтвортой
хангахад чиглэгдэж байв. «Хүйтэн дайн»-ы дараах үед зэвсэглэлийг хянах гол
зорилго нь өрнийн бус орнууд Өрнөдийн эрх ашигт аюул учруулж чадахуйц цэргийн хүчин
чадал бүрдүүлэхэд төвлөрөх болсон юм. Уг үйл явцыг хязгаарлахын тулд Өрнөд олон
улсын гэрээ хэлцэл, эдийн засгийн хориг арга хэмжээ, зэвсэг болон цэргийн
технологи дамлан худалдаалах үйл ажиллагаанд хяналт тогтоох гээд зүсэн бүрийн
арга хэрэглэж байна.
Өрнөд болон Күнз-Исламын орнуудын дундах мөргөлдөөн
нь ихэнхдээ цөмийн, химийн болон биологийн зэвсэг мөн балластик пуужин зэрэг
бусад зэвсэг тэрчлэн удирдлагын тогтолцоо, эсрэг этгээддээ ялагдал учруулж
чадахуйц цахим зэвсэглэлд төвлөрч байна. Өрнөд зэвсэг үл дэлгэрүүлэх зарчмыг
бүх нийтэд хамааралтай хэм хэмжээ, зэвсэг үл дэлгэрүүлэх тухай хэлэлцээрийг
дээрх хэм хэмжээг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл гэж үзэх болсон. Хэн зэвсэг
үл дэлгэрүүлэх гэрээг соёрхон батлана, түүнийг дэмжих, хэн үй олноор хөнөөх зэвсгийг
дэлгэрүүлнэ, түүнд хориг арга хэмжээ авах тогтолцоо бүрдүүлнэ гэсэн үг юм. Гэхдээ
гол анхаарлаа Өрнөдөд дайсагнан хандаж буй болон ингэж хандах магадлал ихтэй
орнуудад голчлон төвлөрүүлэх нь зүйн хэрэг билээ. Мэдээж хэрэг, өөрийн аюулгүй
байдлыг хангахад шаардлагатай гэж үзсэн зэвсгээ олж авах, үйлдвэрлэх, олшруулах
эрх өрнийн бус орнуудад нээлттэй. Гэхдээ тэд Персийн булангийн дайнаас ямар
сургамж авав гэсэн асуултад «Та нарт цөмийн зэвсэг байхгүй бол АНУ-тай
холбогдохгүй» хэмээн хариулсан Энэтхэгийн батлан хамгаалахын сайдын үгийг санаж
байх хэрэгтэй болов уу. Цөмийн, химийн, пуужинт зэвсэглэл нь Өрнөдийн давуу
байдлыг сөрөх боломж гэж үзэх алдаатай хандлага байсаар байна. Мэдээж хэрэг,
Хятад улс цөмийн зэвсэгтэй. Пакистан, Энэтхэг улс газар нутагтаа цөмийн зэвсэг
бүтээх бололцоотой. Хойд Солонгос, Иран, Ирак, Ливи, Алжир улсуудын хувьд олж
авахыг эрмэлзэх болсон. Исламын бүх улс цөмийн зэвсэгтэй болох ёстой гэж Ираны
дээд тушаалын нэгэн түшмэл мэдэгдсэн бол «давшилтын болон батлан хамгаалах
зорилгоор хими, биологи, радиологийн зэвсэг» үйлдвэрлэх тухай Ираны
ерөнхийлөгчийн зарлиг 1988 онд гарчээ.
Өрнөдийг сөрсөн цэргийн чадамж бий болоход Хятадын
цэргийн хүчин чадал нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай болсон нь ихээхэн үүрэг гүйцэтгэж
байна. Эдийн засгийн эрчимтэй хөгжлийнхөө үрээр Хятад улс зэвсэгт хүчний
зардлаа тогтмол нэмэгдүүлж, армиа шуурхай шинэчлэх болсон. Хуучин ЗХУ-ын
орнуудаас зэвсэг худалдан авч өөрийн холын тусгалттай балластик пуужинг бүтээж
1992 онд нэг мегатонны хүчин чадал бүхий цөмийн бөмбөгийн туршилт хийжээ.
Нөлөөллийн хүрээгээ өргөтгөх бодлого явуулж буй Хятад улс агаарын орон зайг
хянах тогтолцоо бий болгож, нисэх хүчнээ чадавхжуулж байна. Хятадын цэргийн
хүч, Өмнөд Хятадын тэнгист ноёрхох санаархал нь Зүүн-Өмнөд Азид зэвсэглэлээр
хөөцөлдөх явдлыг бий болгож байна. Ливи, Иракт цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд
шаардагдах түүхий эд нийлүүлэх болсон. Хятадын дэмжлэгтэйгээр Алжирт цөмийн
зэвсэг үйлдвэрлэх, судалгаа явуулахад хэрэгтэй реактор байгуулсан байна. Хятад
улс Америкийн мэргэжилтнүүдийн үзсэнээр, зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагдаж болох
цөмийн технологи Иранд худалдаалжээ. Пакистан, Хятад улсууд 300 милийн тусгалттай
цохилтын пуужин хамтран бүтээж байна. Хойд Солонгос цөмийн зэвсэг үйлдвэрлэх
хөтөлбөрөө боловсруулж байгаа бөгөөд энэ улс Сири, Иранид шинэ төрлийн пуужин,
пуужингийн технологи арилжаалсан нь тодорхой болжээ. Зэвсэг, зэвсгийн технологи
Зүүн-Өмнөд Азиас Ойрх Дорнод руу чиглэж байна. Зарим талаар эсрэгээр байх
тохиолдол ч байна.
Ийнхүү Күнз-Исламын эвсэл бүрэлдэж байна. Түүний
зорилго нь – Өрнөдийн цэргийн хүчин чадлыг сөрөхөд шаардлагатай зэвсэг,
байлдааны технологи олж авахад гишүүн улсууддаа дэмжлэг үзүүлэхэд оршино.
Гэхдээ эвсэл хэр удаан оршин тогтнох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Уг
эвслийг Дэви Маккерди «цөмийн зэвсэг дэлгэрүүлэх хэнээтнүүдээр толгойлуулсан
хуйвалдагчдын холбоо» хэмээн нэрлэжээ. Күнз-Исламын орнууд болон Өрнөдийн
хооронд зэвсэглэлээр хөөцөлдөх явдал шинээр өрнөж байна. Урьд нь талууд бие
биенээсээ түрүүлэх гэж мөн тэнцвэрт байдал тогтоох үүднээс зэвсэг, техник
үйлдвэрлэж байлаа. Харин өнөөдөр талуудын нэг нь зэвсэг, техник үйлдвэрлэж
байхад нөгөөдөх нь зэвсэгт хүчний чадавхиа хорогдуулахын зэрэгцээ зэр зэвсэг
үйлдвэрлэх явдлыг хязгаарлахын төлөө ажиллаж байна.
Өрнөдөд тустай дүгнэлт
Тус өгүүлэлд соёл иргэншлийн таниуц адилсалтын бусад хэлбэрийг орлох
болсон гэх юм уу эсвэл үндэсний төр улс устаж, улс төрийн хувьд соёл иргэншил
бүр нэгдмэл цул болохын зэрэгцээ нэг соёл иргэншилд хамаарах бүлгүүдийн дунд
зөрчил мөргөлдөөн зогслоо гэх мэтийн үзэл санаа дэвшүүлэх, батлах зорилго
тавьсангүй. Миний бие ердөө дараах зүйлийг таамаг болгон дэвшүүлж байна. Үүнд:
1. Соёл
иргэншлийн зөрчил мөргөлдөөн бодитой оршин буй төдийгүй онцгой ач холбогдолтой
болж байна:
2. Соёл
иргэншлийн өөриймсөх ухамсар өсөн нэмэгдэж байна:
3. Соёл
иргэншил хоорондын зөрчил мөргөлдөөн үзэл суртлын зөрчил мөргөлдөөнийг орлон
дэлхий нийтийн зөрчлийн түгээмэл хэлбэр болж байна:
4. Түүхийн
урт удаан хугацаанд Өрнөдийн соёл иргэншлийн хүрээн дэх тоглоомын хэлбэрээр
үүссэн олон улсын харилцаа улам бүр өрнөдийн бус шинжтэй болохын сац өрнөдийн
бус соёл иргэншлүүд идэвхгүй обьект бус, идэвхтэй субьектын хувьд оролцох
тоглоом болж өргөжиж байна:
5. Улс төр,
эдийн засаг, аюулгүй байдлын хүрээн дэх олон улсын харилцааны үр дүнтэй
механизм соёл иргэншил хооронд гэхээсээ илүүтэйгээр нэг соёл иргэншлийн
дотоодод үүсвэрлэх бололцоотой:
6. Харилцан
адилгүй соёл иргэншилд хамаарах бүлэг хоорондын зэвсэгт мөргөлдөөн соёл
иргэншил доторх мөргөлдөөнийг бодвол илүү хэрцгий, цус асгаруулсан шинжтэй болж
байна:
7. Харилцан адилгүй
соёл иргэншилд хамаарах бүлэг хоорондын зэвсэгт мөргөлдөөн дэлхийн дайн болж шатлан
өргөжих аюулыг илүүтэй тээх болсон:
8. Дэлхий
дахины улс төрийн бодлогын үндсэн хүрээ Өрнөд болон Өрнөдийн бус соёл иргэншил
хоорондын харилцаанд оршино:
9. Зарим нэг
салан тусгаарлагч улсын улс төрийн элитүүд өөрийн орныг Өрнөдөд хамааруулахыг
оролдох боловч ихэнх тохиолдолд багагүй саадтай тулгарах болно:
10. Ойрын
ирээдүйд мөргөлдөөний үндсэн голомт Өрнөд болон Күнз-Исламын орнуудын
харилцаанд орших болно:
Энэ бол соёл иргэншил хоорондын мөргөлдөөн зайлшгүй шинжтэй гэсэн үг
хараахан биш бөгөөд ирээдүйд болох үйл явцыг зурагласан таамаглал төдий билээ.
Гэхдээ миний дэвшүүлж буй эдгээр таамаглал батлагдвал Өрнөдийн бодлого ямар
байвал зохимжтой вэ гэх асуулт зайлшгүй урган гарна. Юуны түрүүнд, богино
хугацааны үр дүн болон урт хугацааны зохицуулалтыг тус тусад нь авч үзэх
хэрэгтэй. Богино хугацааны үр дүнг урьтал болговол Өрнөдийн эрх ашигт дараах
зүйлс шаардлагатай болно. Үүнд:
1. Өөрийн соёл
иргэншлийн дотоодод, тодруулбал Европ, Хойд Америкийн хамтын ажиллагаа,
нэгдлийг бэхжүүлэх:
2. Өрнөдийн
орнуудын нэгдэх үйл явцад соёлын хувьд ойр Латин Америк, Зүүн Европын орнуудыг
хамруулах.
3. Орос,
Японтой тал бүрийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, өргөжүүлэх.
4. Соёл
иргэншил хоорондын бүс нутгийн зөрчил мөргөлдөөн соёл иргэншил хоорондын
томоохон дайн болж шатлан өргөжих явдлаас зайлсхийх.
5. Күнз-Исламын
орнуудын цэргийн хүчин чадлын өсөлтөд хязгаар тавих.
6. Өрнөдийн
цэргийн хүчин чадлыг аажим багасгах, Зүүн болон Зүүн Өмнөд Ази дахь цэргийн
ноёрхлоо хэвээр хадгалах.
7. Күнз,
Исламын орнуудын дундах санал зөрөлдөөн, мөргөлдөөнийг үр дүнтэй ашиглах.
8. Өрнөдийн
эрх ашиг, үнэт зүйлийг хүндэтгэж буй бусад соёл иргэншлийн төлөөлөгчдийг
идэвхтэй дэмжих.
9. Өрнөдийн
эрх ашиг, үнэт зүйлийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлж, Өрнөдийн бус орнуудыг
уг үйл хэрэгт татан оролцуулах зорилго бүхий олон улсын байгууллагуудыг дэмжиж,
тэтгэх.
Харин урт хугацааны хувьд өөр хэмжүүр ашиглах шаардлагатай. Өрнөдийн
соёл иргэншил Өрнөдийн зэрэгцээ орчин үеийн соёл иргэншил юм. Өрнөд бус соёл
иргэншил Өрнөдийг сөрөхийн зэрэгцээ орчин үежихийг эрмэлзэх болсон. Гэвч өнөөг
хүртэл зөвхөн Япон улс энэ тал дээр амжилт олжээ. Өрнөдийн бус соёл иргэншил эд
баялаг, технологи, мэргэжил, тоног төхөөрөмж, зэвсэг техник гээд «орчин үеийн
байх» гэсэн ойлголтод хамаарах бүхнийг олж авахыг эрмэлзэж байна. Тэд орчин
үежих үйл явцыг өөрийн соёл, үнэт зүйлтэй хослуулахыг чармайх болсон. Тэдний
эдийн засаг, байлдах чадвар өсөн нэмэгдэж, тэр хэрээрээ Өрнөдөөс хоцрогдсон
байдал багасах болно. Үнэлэмж, эрх ашгийн хувьд эрс зөрөөтэй хэрнээ хүчин
чадлын хувьд ойролцоо эдгээр соёл иргэншлийг хүндэтгэн үзэх шаардлага Өрнөдийн
өмнө тулгарч байна. Энэ нь бусад соёл иргэншилтай харилцах харилцаанд өөрийн
эрх ашгаа хангаж чадахуйц боломж бүрдүүлэхийг Өрнөдөөс шаардаж байна. Үүний
зэрэгцээ Өрнөдөөс дээрх соёл иргэншлүүдийн шашин, гүн ухааны суурь үндсийг тал
бүрээс нь танин мэдэхийг шаардах болсон. Эдгээр соёл иргэншлийн хүмүүс эрх
ашгаа хэрхэн хангахыг эрмэлзэж байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Өрнөдийн болон
Өрнөдийн бус соёл иргэншлүүдийн адил төстэй чанарыг эрж олох шаардлагатай. Учир
нь ойрын ирээдүйд дэлхий нийтийг хамарсан нэгдмэл соёл иргэншил бий болох дүр
зураг харагдахгүй байна. Харин ч эсрэгээр, харилцан адилгүй соёл иргэншлүүд нэг
нэгэнтэйгээ зэрэгцэн орших дэлхий дахин бий болно (Huntington, 1993, хуудсд. 22-49) .
Орчуулгын эх сурвалж
Huntington, S. P. (1993, Summer).
The Clash of Civilizations? Foreign Affairs, Vol. 72(No 3). Retrieved August
10, 2017, from users.metu.edu.tr/utuba/Huntington.pdf
МОНГОЛЧИЛСОН:
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН
АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
[1]
Murray
Weidenbaum, Greater China: The Next Economic Superpower?, St. Louis;
Washington University Center for the Study of American Business, Contemporary
Issues, Series 57, February 1993, pp. 2-3.
[2]
Bernard Lewis, “The Root of Muslim Rage”,
The Atlantic Monthly, vol. 266, September 1990, p.60; Time,
June 15, 1992, pp. 24-28.
[4]
Өрнөдийн удирдагчид «Дэлхийн
хамтын нийгэмлэг» хэмээх хэллэгийг яриандаа ашигладаг. Гэтэл
Булангийн дайны үед нэгэн ялимгүй алдаа гарсан юм. Их Британы ерөнхий сайд
Жон Мэжор 1990 оны арванхоёрдугаар сарын 21 нд “Өглөөний мэнд, Америк
орон” нэвтрүүлэгт ярилцлага өгөх явцдаа Саддам Хусейны эсрэг үйл
ажиллагааны тухай үзэл бодлоо илэрхийлэхдээ «Өрнөд» гэх үгийг
ашигласан байдаг. Ярианы явцад «Өрнөд» гэхийг «Дэлхийн
хамтын нийгэмлэг» гэж залруулсан. Гэвч түүний үйлдэл зөв байсан юм.
[5]
Harry C. Triandis, The
New York Times, Dec. 25, 1990, p. 41, and “Cross- Cultural Studies of
Individualism and Collectivism, ” Nebraska Symposium on Motivation, vol. 37,
1989, pp. 41-133.
[7]
Sergei Stankevich, “Russia in Search of
Itself,” The National Interest, Summer 1992, pp.47-51; Daniel
Schneider, “A Russian Movement Rejects Western Tilt,” Christian Science
Monitor, Feb. 5, 1993, pp. 5-7.
[8]
Овэн Хоррис Австрали улсыг салан тусгаарлагч орон мөн гэж үзсэн байна.
Хэдийгээр энэ орон Өрнөдийн ертөнцийн бүрэн эрхт гишүүн боловч улс төрийн
удирдлага нь Өрнөдөөс тусгаарлаж, хөрш орнуудтайгаа хамтран ажиллах Азийн улс
болгохыг чармайж байна. Тэд Австралийн ирээдүйг Зүүн Азийн эрчимтэй хөгжиж
буй эдийн засаг гэж үзэж байна. Эдийн засгийн нягт хамтын ажиллагаа нь
нэгдмэл соёлын үндэс болох талаар би нэгэнтээ дурдсан. Гэвч Австралийн хувьд
өөр соёл иргэншилд хамрагдах салан тусгаарлагч орны гурван нөхцөлийг бүрдүүлж
чадсангүй.
No comments:
Post a Comment