(Theodor Ludwig Wiesengrund Adorno,
1903-1969 он) – Германы гүн ухаантан, Франкфуртын урсгалын төлөөлөгч, хөгжмийн
онолын томоохон шүүмжлэгч нэгэн.
Адорно 1903 оны есдүгээр сарын 11 нд Германы
эзэнт улсын Франкфурт-на-Майнид дарсны худалдаа эрхлэгч еврей гэр бүлд
мэндэлсэн. Тэрээр эхийн талаасаа Итали цустай нэгэн байсан гэдэг. Эцэг Оскар
Александр Визенгрунд нь пүүсээ өргөтгөн хөгжүүлж Лейпциг хотноо салбараа
нээхийн зэрэгцээ АНУ, Англи улс руу дарс экспортод гаргадаг нэгэн байжээ. Адорно
1913-1921 онуудад гимназид суралцаж, улмаар 1921 онд Иоханн Вольфганг Гётегийн
нэрэмжит Франкфурт-на-Майны их сургуульд элсэн орж, гүн ухаан, хөгжмийн онол,
сэтгэл судлал, социологийн ухаан судалсан байна. Гештальт сэтгэл судлалыг
үндэслэгч эрдэмтэн, шинэ хантч үзэлтэн Ханс Корнелиусийн нөлөө Адорнод хүчтэй
байсан гэдэг. Улмаар түүний удирдлага дор 1924 онд Э. Гуссерлийн үзэгдлийн
философийг судлаж докторын зэрэг горилжээ. Нэг талаас, хөгжмийн онол судлалаар
мэргэшин ажиллахын зэрэгцээ нөгөө талаас, нийгмийн болон улс төрийн гүн ухаан
шимтэх сонирхох болсон. энэ хүрээнд Макс Хоркхаймэртай хамтран Нийгмийн Судалгааны
Хүрээлэнд ажиллах болж, шинэ марксизмийн Франкфуртын дэг сургуулийг үндэслэсэн
байна.
1930 онд Франкфуртдаа эргэн ирж их сургуульд
багшлах болжээ. Гэвч нацистууд Германы засаг төрийн эрхэнд гарч, еврей иргэдийг
аймаглан усгах бодлогыг авч хэрэгжүүлсэн бөгөөд Адорно уг балмад явдлын золиос
болж, их сургуульд багшлах эрхгүй болсон байна. 1934 оноос Англи улс руу, 1938
оноос АНУ руу дүрвэсэн байна. 1938-1941 онуудад Нью-Йорк хотноо ажилласан бол
1941-1949 онуудад Бэркли дахь Калифорнийн их сургуульд багшилжээ. Адорно 1949
онд эх орондоо эргэн ирж 1953 онд Нийгмийн Судалгааны Хүрээлэнгийн захирал,
1963 оноос Германы Социологийн Нийгэмлэгийн даргаар ажилласан.
Хөгжмийн онолч, улс төрийн философич Теодор
Людвиг Визенгрунд Адорно 1969 оны наймдугаар сарын 6 нд Швейцарийн Виспад 65
насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.
Нийгэм-улс төрийн асуудлаар Адорно Элька
Френкель-Брюнсвик, Даниэл Лэвинсон, Нэвит Сэнфорд нартай хамтран «Авторитари бие хүн» (1950 он) гэх бүтээл туурвиж өөрийн үзэл санааг хөгжүүлсэн байна. Энэ
бүтээл түүний шууд удирдлага, оролцоотой бүтээгдсэнээрээ онцлогтой. Уг
судалгааны үндсэн зорилго нь - «антропологийн шинэ хэв шинжийг»
тодорхойлон гаргаж ирэхэд оршиж байсан. Түүний үзсэнээр, авторитари бие хүн
садомазохист шинж чанартай байдаг. Хэдийгээр Франкфуртын шинэ марксист дэг
сургуулийг хөгжүүлэгчдийн нэг байсан боловч насны чээжинд буюу 1968, 1969
онуудад үзэл санааны хувиралд автаж шинэ марксист үзэл санааг зарим талаар
үгүйсгэх болсон.
МОНГОЛЧИЛСОН:
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН
АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР (ཐ་ཆུ་ང་ནོར་བུ་།༡༩༨༢ཟླ་༦ཚེས་༡༣ཉིན།)
No comments:
Post a Comment