Tuesday, June 6, 2017

НОРВЕГИЙН УЛС ТӨР СУДЛААЧ СТЭЙН ГЕОРГ РОККАН

Стэйн Роккан
Stein Rokkan
Мэндэлсэн он:
1921 оны долдугаар сарын 4
Мэндэлсэн газар:
Норвеги улс, Нурланн, Воган
Бие барсан он:
1979 оны долдугаар сарын 22 (58 насандаа)
Бие барсан газар:
Норвеги улс, Берген
Иргэний харьяалал:
Норвеги улс
Нөлөө үзүүлсэн эрдэмтэн:
Арнэ Нэсс
Стэйн Роккан (Норвеги хэлнээ: Stein Rokkan1021 оны долдугаар сарын 4, Нурланн, Воган — 1979 оны долдугаар сарын 22, Берген) — нь Норвегийн улс төр судлаач, нэр нэндсэн социологич. Берген Их Сургуулийн харьцуулсан улс төр судлалын профессор нэгэн.
Намтрын товчоон
Стэйн Роккан Лофотен дахь Вагонид төрж, Норвегийн хойд хэсэгт орших Нарвигийн хязгаарт өссөн. 15 насандаа Английн нэрт гүн ухаантан Жон Стюарт Миллийн эрх чөлөөний үзэлд тайлбар хийж дунд сургуулийн багш нараа гайхашруулж байсан гэдэг. Улмаар философийн чиглэлээр дээд мэргэжил эзэмшсэн. 1940-1950-аад оны үед хайв эрдэмтэн, философич Арнэ Нэссийн туслахаар ажилласан. Сүүлээр улс төрийн үзэгдэл, үйл явцыг сонирхох болж, Европын орнуудын нам, намын тогтолцооны чиглэлээр мэргэшсэн. Их бичгийн хүн Сеймур Мартин Липсеттэй хамтран улс төр, социологийн чиглэлээр олон тооны бүтээл туурвисан бөгөөд улс төр, нийгмийн үзэгдэл, үйл явцыг судлагч хүмүүст «Липсет, Роккан нар» гэх хэллэг нэгэнт танил болжээ.
Роккан нийгмийн судалгааны салбарт анх тооцоолон бодох машиныг ашигласан байдаг. Үүнээс гадна, нийгмийн сарнимал байдал, харьцуулсан түүх бичлэг, нам, намын тогтолцоо, Каталоны үндэсний үзэл зэрэг өргөн хүрээтэй асуудлыг судалсан байна.
Европт үндэсний улс бүрэлдэж, тусгаар тогтносон улс болж төлөвших үйл явцыг загварчлах оролдлого хийсэн байна.  1970-1973 онуудад Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбоо (International Political Science Association)-ны ерөнхийлөгч, 1973-1977 онуудад ЮНЕСКО-гийн дэргэдэх Нийгмийн Шинжлэх Ухааны Дэлхийн Зөвлөл (International Social Science Council)-ийн ерөнхийлөгч, 1966-1970 онуудад Олон Улсын Социологийн Холбоо (International Sociological Association)-ны дэд ерөнхийлөгч, 1970-1976 онуудад Европын Улс Төрийн Судалгааны Консорциум (ЕУТСК)-ыг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчөөр нь тус тус ажилласан байна. Сүүлээр ЕУТСК нь Стэйн Рокканы нэрэмжит шагнал олгох болсон. Үүнээс гадна, Рокканы алдраар нэрлэгдсэн шагналуудыг ЮНЕСКО-гийн дэргэдэх Нийгмийн Шинжлэх Ухааны Олон Улсын Зөвлөл болон Берген Их Сургуулиас олгож байна. Роккан Норвегийн Нийгмийн Шинжлэх Ухааны Мэдээллийн Алба, Олон Улсын Статистик Мэдээллийн Алба, ЕУТСК-ийн дэргэдэх Мэдээллийн алба зэргийг үндэслэн байгуулсан. Олон Улсын Социологийн болон Олон Улсын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны дэргэдэх Улс Төрийн Социологийн Хорооны нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа өнөөгийн нийгмийн шинжлэх ухааны хөгжилд үлэмжхэн хувь нэмэр оруулсан байдаг.
Рокканы онол
Рокканы судалгааны үндсэн хүрээ Европын орнуудын сонгогчдийн үйл байдлыг судлахад чиглэгдэж байсан. Европын сонгогчдын үйл байдлыг судлахад америкт хэрэглэж буй судалгааны аргыг ашиглаж болох ч гарах үр дүн нэлээд өөр. Энэ нь Европын болон Америкийн сонгогчдын үйл байдалд өөр өөр хүчин зүйлүүд нөлөөлдөгтэй холбоотой. Түүхэн болон газар зүйн хүчин зүйл Европын сонгогчдын үйл байдалд онцгой нөлөөтэй гэж үзсэн. Сеймур Мартин Липсеттэй хамтарч хийсэн судалгаандаа Өрнөдийн ардчилсан тогтолцоотой арван хоёр орныг (Англи хэлт таван, Европын гурав, Скандиновын хоёр, Бразил, Япон) хамруулсан байна. Судалгааны зорилго нь нийгмийн сарнимал байдалд намын тогтолцоо хэрхэн нөлөөлж байгааг нээн илрүүлэх явдал байв. Нийгэм-улс төрийн сарнимал байдал нийгмийн хөгжлийн явцад түүхэн болон газар зүйн хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлдэн бий болсон бөгөөд улс төрийн нам үүсч, төлөвших үйл явцад тусгалаа олж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор Роккан, Липсет нар нийгмийн кливажи (Франц хэлний Clivage, Англи хэлний Cleavage – бутрах, хуваагдах, зааглагдах гэсэн үг) гэх ойлголтыг шинжлэх ухааны хэрэглээнд нэвтрүүлсэн байна.
Тэгвэл нийгмийн кливажи гэж юуг хэлэх вэ? Улс төрийн нам үүсч, төлөвшихөд нөлөөлөх нийгмийн харьцангуй тогтвортой үзэл бодол, үнэт зүйл, итгэл үнэмшлийн нийлбэр цогцыг нийгмийн кливажи гэнэ. Липсет, Роккан нарын үзсэнээр, Европт нийгмийн клавижи үүсэхэ нөлөөлөх дараах хүчин зүйл байна. Эдгээрт:
·         Улсын төв болон хязгаар нутгийн харилцаа: Шинэчлэгдэн өөрчлөгдөж буй төв хэсэг хийгээд соёл, эдийн засаг, улс төрийн хувьд хоцрогдолтой хязгаар нутаг хоёрын зөрөө нийгмийн клавижи үүсэхэд нөлөөлнө гэж үзсэн.
·         Сүм хийд ба төрийн хоорондын харилцаа:
·         Хот, хөдөөгийн ялгаа:
·         Эзэн, ажилчин хоёр ялгаа зэрэг болно.
Эхний хоёр ялгамжит байдал нийгмийн хувьсгалын явцад бий болдог бол сүүлийн хоёр нь аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд үүсдэг хэмээн Липсет, Роккан нар үзсэн. Аль ч нийгмийн үед үзэл бодлыг ялгамжит байдал үүсэх бөгөөд энэ нь заавал мөргөлдөөнд хүрнэ гэсэн үг биш юм. Нийгмийн доторх ялгамжит байдал хөгжил дэвшилд хөтлөх нь ч бий. Европт нам үүсэх, төлөвших явцад энэ шинж онцгой хүчтэй нөлөөлсөн гэсэн санааг Роккан гаргасан байдаг.
Бүтээлүүд
·         Тоон ардчилал ба эв эеийн плюрализм: Норвегийн улс төр дэх шийдвэр гаргах хоёр суваг (1966 он):
·         Намын тогтолцоо ба сонгогчдын хуваагдал (Сеймур Мартин Липсеттэй хамтарсан 1967 он):
·         Иргэд, сонгууль, намууд: Хөгжлийн үйл явцын харьцуулсан шинжилгээний хандлагууд (1970 он):
·         Үндэстэн, улс бүрэлдэх үйл явц (Шмуёл Эйзеншдат хамтын бүтээл, 1973 он):
·         Эдийн засаг, газар нутаг, таниуц: Баруун Европын хөдөө нутгийн бодлого (Дерег У. Урвин хамтын бүтээл, 1983 он):
МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment