Чанакья
|
|
Мэндэлсэн он:
|
МТӨ 350 он
|
Мэндэлсэн газар:
|
Энэтхэг
|
Бие барсан он:
|
МТӨ 275 он
|
Бие барсан газар:
|
Энэтхэг улс, Бихар, Батна
|
Харьяалал:
|
Энэтхэг
|
Үйл ажиллагааны төрөл:
|
Зохиолч, гүн ухаантан, эдийн засагч
|
Чанакья (Самгард хэлнээ: चाणक्य Cāṇakya; МТӨ 370 – 283 оны орчим) болбоос түүхэнд Каутилья,
Вишнагубта, Ватсяяна гэх зэргээр нэрлэгдэж, Нандын гүрнийг мөхөөн (МТӨ
317 он),
Магадха улсыг (МТӨ 321 он) цүглэгч нэр нэндсэн бярман бөгөөд богд хаан Чандрагубтагийн тэргүүн
зөвлөх билээ. Улс төрийн бодлогын хувьд ухаан хэтийдсэн нэгэн байсан тул
түүхчид дундад эртний сэтгэгч Н. Макиавэлли авгайтай зүйрлэн бичих нь олонтоо.
Артхашастир, Чанакья шастир, Чанакья – ражанитишастир тэргүүтэн улс төрийн
бодлого, ёс суртахууны тухай өгүүлсэн олон бүтээл туурвиснаас бидний үед
Артхашастир буюу ашиг тусын тухай сургаал нэрт зохиол нь ихэд дэлгэрч, олон
мэргэдэд гүн хүртээл болжээ. Судлаачдын тэмдэглэснээр, уг зохиол МТӨ IV зууны үед бичигдсэн бололтой. Бярман
Чанакья улс төрийн үзэгдэл, үйл явцыг ашиг тус буюу артхагийн үүднээс
тайлбарлаж, ёс суртахуунаас ангид авч үзсэн эртний Дорно Дахины цолгорсон
сэтгэгч, мэргэдийн оройн чимэг, гэгээн оюут гуру (багш) билээ. Тухайн үедээ соёл, шинжлэх ухааны төв
болж асан Тагсила балгадад эрдэм ухаан хичээн зүтгэж, хожим богд хааны хамт их
улсыг цүглэж түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Цухас дурдсан Артхашастир зохиол Губта
гүрний сүүлээр алдагдаж, хожмоо Шамастра авгайн зүтгэлийн үрээр дахин олдож, 1909
онд хэвлэгдэн, олны хүртээл болжээ.
Гэвч Бярман Чанакьян цэдиг намтрын талаар тоймтой
мэдээлэл өнөө хэр хомс байна. Грекийн түүхч Мегасфэн, Юстин, Помпэй Трог нарын
хүмүүс богд хаан Чандрагубтагийн талаар өдий төдий зүйл бичиж үлдээсэн хэрнээ
Чанакья бярманы талаар нэг ч үг дурсаагүй нь тун хачирхалтай. Үүнтэй холбоотойгоор
бидний үед олон таамаг яригдах болсон. Тухайлбал, богд хаан Чандрагубтагийн үед
бярман амьдарч байгаагүй бөгөөд хожим ардын дунд бий болсон үлгэр, домогт
биежсэн түүхэн бус хүн гэх таамаг хөгжиж байна. Гэтэл зарим судлаачид,
тухайлбал, Ачарэ Хэмачандра авгай түүхэн бие хүн мөн төдийгүй богд хааны үед
амьдарч байсан гэх олон үндэслэл байгааг тогтоожээ.
Чанакья бярманы мэндэлсэн газрыг нарийн тодорхойлох
боломжгүй бөгөөд хэд хэдэн хувилбар яригддаг. «Махавамса-Тиги»-д Чанакья Тагсила балгадад
мэндэлсэн гэжээ. Харин жайнист урсгалын бүтээлүүдэд өмнөд Энэтхэгээс гаралтай
гэсэн байдаг. Дээр нэр дурдсан Ачарэ Хэмачандра авгай Чанакья Голла нутгийн Чанака сууринд бярман Чанин,
авааль эм Чанэсвари нарын гэрт эснэв хэмээн бичжээ. Бас нэгэн хувилбарт эцгийн
алдрыг Чанак хэмээдэг байснаас Чанакья нэр үүссэн гэжээ. Бярман төрөхдөө бүрэн
шүдтэй байсан бөгөөд энэ нь их заяат хүний шинж хэмээн үздэг байжээ.
Бярман баруун хойд Энэтхэгт орших Тагшашил балгадад
мэргэдэд сүслэж, эрдэм ухаан суралцаад эл газраа ачарэ болжээ. Бярманы амьдрал
Тагшашил болон Баталибутра гэсэн хоёр хоттой нягт холбогдоно.
Чанакья богд хаан Чандрагубтатай нийлж, Нандын гүрнийг
мөхөөн, Магадха улсыг байгуулжээ. Тулгар улсыг байгуулсны сүүлээр богд хаан
Чанакьяд тэргүүн зөвлөхийн алдар хайрласан гэдэг. Түүхэн энэ үед Магадха улсын
хоёр дахь хаан мэндэлжээ. Эх нь төрөхийн хүндрэлээр насан хутгийг олж, ханхүү
Биндасура (Дусал цус гэх үг) амьд үлдсэн нь хожмын олон олон таагүй зүйлийн
эхлэл болсон талаар түүхчид тэмдэглэсэн байдаг.
Биндасура эрийн цээнд хүрч, богд эцгийн их орыг
залгасан бөгөөд Чандрагубта хаан жайнист уламжлалаар аглаг буйдад мацаг барьж,
хэдэн жил амьдарсны эцэст биеэ ариутгаж эцлэв. Харин тэргүүн зөвлөх Биндасура
хааны дэргэд албаа үргэлжлүүлсэн байна.
Бярманы хэрхэн бие хураасан тухайд өнөө хэр нэгдсэн ойлголт
бүрдэж чадаагүй байна. Нэгэн хууч ярианд аглаг буйдад гарч, биеэ ариутган эцлэв
гэжээ. Гэтэл Ачарэ Хэмачандран өгүүлсэн өөр нэг хуучид Биндасура хааны түшмэл
Субандху нэрт эртнээс бярманд өшлөн явах аж. Нэгэн удаа Субандху их хаанд
эхийнх нь үхэлд бярманыг буруутган хов хүргэжээ. Их хаан хилэгнэн уурсаж,
бярманыг рашаан хүртэж, өөрийн биеэ
нөгчөөх зарлиг буулгасан гэнэ. Хаан хэргийн учрыг ойлгож, өршөөн хэлтлэх гэсэн
боловч нас дээр гарсан бярман урьдын зарлиг ёсоор рашаан хүртэж, биеэ
егүүтгэжээ.
Улс төрийн сургаал
Бярманы улс төрийн сургаал 15 дэвтэр, 150 бүлэг, 180
хэсэг, 6000 мөрөөс бүрдэх Артхашастир буюу Ашиг тусын тухай сургаал нэрт
бүтээлд тусгагдсан байдаг.
Улс гэр гэгч сүр хүчит хаан, цэцэн билигт түшмэл,
газар нутаг, төв нийслэл, төрийн сан, цэрэг эрс, холбоотон улс гэх долоон
зүйлээс бүрдэнэ. Энэ долоон зүйл цогцлон бүрдвээс улс гэр тогтож, удаан
хугацаанд орших нигуур буй. Долоон зүйлийг хэрхэн цогцлоох хийгээд ашиглах нь
улс төрийн үзэгдэл, үйл явцын мөн чанар болно. Хувь хүний үйл ажиллагаа, улс
гэрийн гадаад, дотоод бодлого бүгд энэ долоон зүйлийн зохист нийцлийг хангахад
чиглэгдэнэ. Улс төрийн шижлэх ухаанд үүнийг Чанакья бярманы "Саптанг" онол хэмээн нэрлэдэг.
Энэ онол ёсоор улс төрд хувь хүний болон улс гүрний эрх ашиг
туйлаас чухалд тооцно. Хууль дүрэм, ёс суртахууны хэм хэмжээг алс хэтийдэн
хэрэглэх нь хөнөөлтэй. Хэрэв хууль дүрэм, ёс суртахуун, улсын эрх ашигтай
зөрчилдвөөс улсын эрх ашгийг чухалчлах хэрэгтэй. Шашин бол ард түмнийг засаглах
улс төрийн арга хэрэгсэл төдий юм. Тиймээс улсын эзэн шашинд хэт сүсэгтэй
хандвал улс орон доройтох талтай. Хөрөнгө мөнгө гачигдсан үед хаан хүн сүм
хийдээс татварлах замаар улсын санг зузаатгаж болно. Хэрэв улс гэрт ёсыг
сахиулах хангалттай хүч үгүй бол хаан хүн олон ардын сүсэг бишрэлийг ашиглан
өөрийгөө шүтүүлэх замаар нийгмийн дэг журмыг хангах бололцоотой.
Төрийн гадаад бодлого дайтах, найрамдах, аргацаах, хамгаалах
арга зам хайх, хоёр үзүүртэй бодлого явуулах, шахалт үзүүлэх гэсэн зургаан
үндсэн арга дээр тулгуурлана. Гэвч бодлогын үр өгөөжийг сайжруулахын тулд элчин
солилцох, нууц гэрээ байгуулах, заншлаач илгээх, хөрш орнуудаа хагалан
бутаргах, хүчтэй хөршөө өшлөн сул дорой хөршөө тэтгэх зэрэг нэмэлт арга хэмжээ
хэрэгжүүлж болно хэмээн зөвлөсөн байна. Булаан эзлэх бодлого явуулахын өмнө дайтах
улсынхаа эдийн засгийн хүчин чадлыг сайтар судлах хэрэгтэйг Чанакья сануулсан
байдаг. Хэрэв сайтар судлахгүйгээр санааны дураар хөдөлбөл улсаа бүрлэх нигуур
буй.
Үүнээс гадна, Артхашастир бүтээлд хаадад зориулсан
засаг захиргаа, ялгах түшмэлийн алба, хууль цааз, гадаад, дотоод бодлогын
асуудлаар олон зөвлөгөөг бичсэн байдаг. Хэдийгээр шашин улс төрийн зэвсэг мөн боловч
олон ардын дунд шашны нөлөө буурваас улс гэр самуурч, бүрлэх цөвтэй. Өөрөөр хэлбэл,
улс оронд хааны засаг сулрахын чухам шалтгаан нь хүмүүсийн ёс суртахууны
үнэлэмж буурах явдал болно гэжээ. Зөвхөн хууль цаазаар шашлах газар ямар ч
засаг удаан оршин тогтнож үл чадна. Засаггүй улс гэгч тэргүүнгүй хүн лугаа адил
буюу. Тэргүүнгүй хүн үл оршихын адил засаггүй нийгэм үл оршино. Иймийн учир улс
гэрт ямар ч тохиолдолд засаг байх нь зайлшгүй. Гэвч засаг сул дорой, эсвэл
хүчтэй байх нь өөр асуудал юм.
Хэдийгээр олон зуун жилийн өмнө бичигдсэн ч
Артхашастир бүтээлийн ач холбогдол өнөө хэр арилаагүй байна. Улс төрийн
мэдлэгийн хүрээнд нийгмийн үзэгдэл, үйл явцыг үнэлэмжийн шинжтэй бус, гагцхүү
бодитойгоор, шалтгаан, үр дагаварын эргэх холбоонд авч үзэхийг оролдсонд Чанакья
бярманы бичсэн Артхашастир бүтээлийн үнэ цэнэ оршино.
БИЧВЭРИЙГ
БЭЛТГЭСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment