Tuesday, November 6, 2018

ДЭВИД ИСТОН "АНУ ДАХЬ УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААН: ӨНГӨРСӨН БА ӨНӨӨ ҮЕ"


(POLITICAL SCIENCE IN THE UNITED STATES: PAST AND PRESENT)
АНУ дахь улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн тоймыг бичиж эхлэхийн өмнө бид уг шинжлэх ухааны мэдлэгт юуг хамааруулан авч үздэг талаар зарим нэг төсөөлөлтэй болох хэрэгтэй болов уу. Бид энэ шинжлэх ухааны судлах зүйлийг хэрхэн тодорхойлох ёстой вэ?
Улс төрийн шинжлэх ухааныг эрх мэдлийн тухай, хүчирхийллийг хууль ёсоор монопольчлон хэрэглэх тухай, сайн сайхан амьдралын тухай, төрийн улсын тухай гэхчлэн янз бүрээр тодорхойлсон байдаг. Ямартаа ч тодорхой нэг шинжээр Барууны улс төрийн шинжлэх ухааныг бүхэлд нь тодорхойлох гэж оролдвол харамсалтай нь, таатай үр дүнд хүрч чадахгүй болов уу. Өмнөх бүтээлд (Easton, A Framework of Political Analysis, 1981b ) дурдсан тэр л шалтгаанаар миний бие улс төрийн шинжлэх ухааныг нийгэмд бүхэлд нь хамааралтай шийдвэрийг хэрхэн боловсруулан гаргадаг хийгээд ямар учраас олонхд албадлагын хэлбэрээр хэрэгждэг болохыг судлах шинжлэх ухааны мэдлэг мөн гэж тодорхойлох байна. Улс төр судлаачид засаглан шийдвэр гаргаж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх тодорхой нийгмийн институт, түүний үйлдлийг их, бага ямар нэгэн хэмжээгээр сонирхон судалж байдаг (Easton, A Framework of Political Analysis, 1981b ). Улс төрийн амьдралыг үнэн зөвөөр танин мэдэхийн тулд нийгэмд үнэт зүйлсийг албадан хуваарилах үйл явцыг судлах хэрэгтэй.  Өнөө үеийн болон эртний, их, бага, аж үйлдвэржилтийн эсвэл хөдөө аж ахуйн, олон түмний болон овог аймгийн гээд бүх цаг үеийн улс төрийн тогтолцоонд энэ нь нэгэн адил хамааралтай.
Нийгмийн амьдралд улс төрийн хүрээ товойн гарч ирсэн нь зууны шувтрагад улс төр судлаачдын ихэнх хэсэг идэвхтэй ажиллаж байсантай шууд холбоотой хэмээн хэлэхэд хилсдэхгүй болов уу. Ингэснээр бид өөрийн сонирхлын хүрээг эдийн засагчид, угсаатан судлаачид болон социологичид, нийгэм судлалын бусад эрдэмтдийн сонирхлоос зааглах бололцоотой болсон билээ.
Улс төрийн шинжлэх ухааны судлах зүйлийг тодорхойлох асуудалд XX зууны туршид Өрнө Дахинд, ялангуяа АНУ-д ихээхэн анхаарч байсныг тэмдэглэх байна. Өрнө Дахинд улс төрийн шинжлэх ухааны мэдлэг дөрвөн үе шаттайгаар хөгжсөн юм. Үе бүхэн өөрийн гэсэн онцлог шинжтэй байв. Үүний зэрэгцээ үе бүхэн өмнөх үеийнхээ ололт, амжилтад суурилж байсан юм. Эдгээрт миний бие формаль (эрх зүйн), уламжлалт (формаль бус буюу бихевиорализмын өмнөх), бихевиорист, бихевиорализмын дараах гэх дөрвөн үеийг багтааж байна. Одоо тэдгээрийг нэгбүрчлэн авч үзье.
Формаль болон уламжлалт үе шат
XIX зуууны шувтаргад шинэ тутам хөгжих болсон улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн тогтолцоонд эрх мэдэл хуваарилах үйл явцыг удирддаг ерөнхий зүй тогтол байдаг гэсэн үзэл бодол давмгайлах болсон бөгөөд ингэснээр бид улс төрийн институцийн үйл ажиллагааны талаар зөв төсөөллийг олж авсан юм. Улс төр судлаачид эрх зүй, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхтэй хамаарал бүхий үндсэн хуулийн болон бусад салбар хуулийн хэм хэмжээ улс төрийн бодит байдалтай бүрэн нийцсэн байх ёстой гэж үзэх болсон.
XIX зууны шувтарга гэхэд Их Британид Уолтэр Бэйжхот (Walter Bagehot), түүний дараа АНУ-д Вудро Вильсон (өгүүлэн буй үед тэрээр оюутан байсан бөгөөд дараа нь салбартаа нэр цолгорсон профессор болсон) чухал нээлтүүд хийсэн. Улс төрийн албан тушаал, институцийн албан ёсны бүтцээс гадна шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх чадвартай албан бус зохион байгуулалт, зан үйлийн олон хэлбэр байдгийг тэд баталсан нь олон нийтэд онцгой сонин, содон зүйл байв. Бэйжхот, Вильсон нарын олон судлаачид өөрийн орны хууль тогтоох байгууллага болон улс төрийн намууд дахь албан бус бүтцийг судлах болсон. Эрдэмтдийн анхаарал сэвшээх болсон албан бус институцийн жагсаалтад сүүлээр сонирхлын буюу шахалтын бүлгийг хамруулах ойлгох болжээ. Эдгээр нээлтийн үр дүнд улс төрийн шинжлэх ухааны хөгжил шинэ шатанд дэвшин орж, судлагааны үндсэн нэгж нь албан ёсны, эрх зүйн тогтолцоо бус, бидний эргэн тойронд өрнөх улс төрийн албан бус харилцаа, үйл ажиллагаа болж хувирсан. XIX зууны шувтарга үед эхэлсэн судалгааны судлагдахууны уг өөрчлөлт 1920-оод он хүртэл үргэлжилсэн юм. АНУ-д 1920-1940 онуудад суралцсан хүмүүс ихэнхдээ дээрх хандлагын нөлөөн дор байсан учир улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн эл үе шатыг сүүлээр уламжлалт улс төрийн шинжлэх ухааны үе гэх болсон. Өгүүлэн буй үед судалгаа их төлөв улс төрийн намуудын үйл ажиллагаа, тэдгээрийн Конгресс буюу парламентад үзүүлэх нөлөө, АНУ дахь шахалтын болон бусад бүлгүүдийн өсөлт зэрэгт төвлөрч байв. Шахалтын бүлэг улс төрийн шинжлэх ухааны судлагдахууны талбарт нэвтэрч, бүтээл нь орчин үеийн судлаачдад гүн сэтгэгдэл төрүүлсэн А. Бэнтли (Bentley, 1908), П. Хэрринг (Herring, 1929), Д. Трумэн (Truman, 1951) нарын хичээл зүтгэлээр эрчимтэйгээр судлагдах болсон юм. Уламжлалт үе шатын арга зүйн онцлог нь улс төрийн үзэгдэл, үйл явцыг түгээмэл зүй тогтлыг нээн илрүүлэхэд чиглэсэн онолын бүтээц бий болгоход бус, харин улс төрийн үйл явцыг тодорхойлох, түүнд нийцүүлж мэдээлэл цуглуулахад оршиж байв. Гэвч чухамдаа бол судалгааны үйл ажиллагаа илүү онолын шинжтэй байсныг дурдах хэрэгтэй. Тухайн үеийн ихэнх улс төр судлаачид улс төрийн үйл явц бол шийдвэр гаргах агуу том механизм мөн гэдэгтэй санал нэгдэж байжээ. Энэ чиглэлийн төлөөлөгчдийн нэг М. Фэйнсодын хэлсэнчлэн шийдвэр гэдэг нь үүсмэл «хүчнүүдийн параллелограмм» (Fainsod, 1940) байсан юм. Хууль тогтоох юм уу засаг захиргааны гээд аль ч түвшин дэх шийдвэр гаргах үйл явц үнэндээ улс төрийн нам, төрийн албаны бүтэц доторх бүлэг, сонирхлын болон нийгмийн санаа бодлын бүлэг гэх мэт нийгмийн янз бүрийн бүлгийн шахалт дор явагдаж байсныг тодорхойлсон хэрэг байлаа. Өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэхийн зэрэгцээ яриа хэлцэл, зөвшилцөл, буулт зэрэг олон арга замаар дээрх эсрэг тэсрэг сонирхол тодорхой хугацаанд тэнцвэржилтийг бий болгодог зүй тогтолтой. Уг байдал нь шийдвэр гаргагч этгээдэд нөлөө үзүүлж, янз бүрийн хүчний хооронд тэнцвэрт байдлыг хангах бодлого бий болгоход хүргэдэг байна. Хэрэв ямар нэгэн хүчин өөрчлөлтөд орвол эдийн засгийн бүтэц, нийгмийн байр суурь юм уу эрх мэдэл атгагчид өөрчлөлт орж эцэстээ хуучин бодлогоо шинэчлэх юм уу бүрэн татгалзах байдалд хүргэдэг байна. Тэр цагт нийгмийн бүлгүүдийн дунд улс төрийн бодлогод нөлөөлөхийн төлөө дахин тэмцэл эхлэх бөгөөд үр дүнд нь тэнцвэржилтийн шинэ орчин үүсэж болдог байна (Easton, Political System, 1981a). Миний бие энэхүү онол эрдэм шинжилгээний хүрээнд нөхцөлт шинжтэй байдгийг нэгэнтээ дурдсан билээ. Улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн уламжлалт үе шат дахь судлаачдын арга нь онолын гэхээсээ илүүтэйгээр албан бус шинж чанартай байв. Өгөгдөл цуглуулах, шинжлэх тусгай аргын хэрэглээ туйлын хангалтгүй байсан юм. Аргын асуудал өөрөөр хэлбэл, тусгай анхаарал, чадвар шаардсан арга гэхээр зүйл байсангүй. Мэдээлэл цуглуулах, шинжлэх тухайд хэн ч гэсэн хийж чадахаар байв. Ингэхлээр цуглуулсан мэдээллийн мадаггүй байдлыг шалгах, ийм байдал дээр суурилж үнэлэлт дүгнэлт өгөх явдал байсангүй.
Үүнээс гадна, судлаач өөрийн бодол санаагаа илэрхийлж байна уу, эсвэл улс төрийн институци хэрхэн ажиллаж байгааг үнэн зөвөөр тодорхойлж чадаж байна уу гэдгийг ялгахад хүндрэлтэй байв. Ёстойн тухай болон бэлээхэн үзэл санаа хоёрыг ялган зааглахад хэцүү, харилцан уялдаатай байсныг дурдах хэрэгтэй.
Баримт, үнэлэмж хоёр харилцан нэгнээ нөхвөрлөж байв.
Уламжлалт улс төрийн шинжлэх ухааны онолын үндэслэгээний хангалтгүй байдал миний эрдэм шинжилгээний ажлаас ч харагдаж байсан юм. Харвардын их сургуульд сурч байхдаа миний бие улс төрийн шинжлэх ухааны олон ч хичээлд сууж байлаа. Улс төрийн сэтгэлгээний түүх, нутгийн удирдлага, үндсэн хуулийн эрх зүй, гадаад бодлого, төрийн зохицуулалттай эдийн засаг, сонирхлын буюу шахалтын бүлэг, олон улсын харилцаа, гадаад орнуудын засаглалын хэлбэр, Конгресс дахь хууль тогтоох үйл ажиллагаа гэхчлэн олон хичээлийг нэрлэж болох байна. Эрдмийн зэрэг горилох ажлын төгсгөлд ухаан минь мухардалд орсон байлаа. Улс төрийн шинжлэх ухааныг сонирхон судлахын тулд засаглал хэмээх үзэгдэлд хамаарал бүхий ийм олон хичээл ямар учраас судлах болж байгааг хэн ч надад тайлбарлаж өгсөнгүй. Надад улс төрийн шинжлэх ухааныг нэгдмэл мэдлэгийн салбар гэж үзэх ямар үндэслэл байгаа талаар огтхон ч төсөөлөл байсангүй. Миний олж авсан мэдлэг, уг мэдлэгт үзэж буй хичээл маань ямар хамааралтайг тодорхойлох онол ч байсангүй. Магадгүй, улс төрийн онол гэх ерөнхий нэршлээр уг байдалд хариулт өгч болох байлаа. Гэхдээ л энэ салбар ухаан гол төлөв улс төрийн сэтгэлгээний түүхийг судалж байсныг дурдах хэрэгтэй. Мэдээж хэрэг, энэ мэдлэгийн төрөл сонирхолтой бас чухал. Гэвч шинжлэх ухааны мэдлэгийг бүрэн дүүрэн илэрхийлэх боломж хомс юм. Эдийн засаг, хими юм уу физик гэх мэт бусад шинжлэх ухаанд тодорхой нэг онолын гүйцэтгэдэг шиг тийм л үүрэгтэй байв.
Ийнхүү улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн уламжлалт үе шат нь өөртөө төрийн бодлогын хэлбэрээр илэрхийлэгдэх олон талт албан бус үйл ажиллагааны урсгалыг нээж өгсөн юм. Гэвч өгүүлэн буй үед улс төрийн үзэгдэлд обьектив байдлаар өгсөн тодорхойлолт, тухайн судлаачийн үнэлэмж хоёрыг нарийн зааглах бололцоогүй байсны дээр онол нь өөрийн үүргээ гүйцэтгэж чаддаггүй, аргыг тусгайлан судлах, авч үзэх шаардлагагүй байв.
Бихевиорист үе шат
Формал-эрх зүйн болон уламжлалт үе нь орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн эхний хоёр үе шат байв. Түүний цаашдын хөгжил Америкт анх үүсэж, дараа нь дэлхийн бусад хэсэгт хурдацтайгаар тархсан бихевиорист хувьсгалтай холбогдсон. Хэдийгээр бихевиорист үе шат дэлхийн хоёрдугаар дайны дараагаас эхэлсэн гэж үздэг ч анхны үр хөврөл нь арай эрт үед бүрэлдсэн байдаг. Энэ бол манай зуунд улс төрийн шинжлэх ухаанд үүссэн хамгийн том өөрчлөлт гэдэг нь эргэлзээгүй.
«Бихевиоризм», «бихевиорализм» гэх ойлголтууд нь англи хэлний «behavior» гэх нэг үгнээс гаралтай ч өөр хоорондоо нийтлэг зүйл бага бөгөөд хольж ойлгох бололцоогүй юм. Улс төрийн шинжлэх ухаан бихевиоралист чиглэлийн цэцэглэлтийн үедээ ч «бихевиорист» байгаагүй билээ (Political science has never behavioristic even during the height of its behavioralistic phase; Политология никогда не была «бихевиористской» — даже в период расцвета бихевиоралистского направления).  «Бихевиоризм» хэмээх ойлголт нь Ж. Б. Уотсон (J. B. Watson)-ы бүтээлд тусгагдсан сэтгэл судлал дахь хүний зан үйлийн онолыг төлөөлдөг. Би хувьдаа энэ номлолыг дэмжигч нэг ч улс төр судлаачийг танихгүй. Хамтран зүтгэгчдийн маань дунд ч Уотсоны залгамжлагч, сэтгэл судлал дахь үйл байдлын дэг сургуулийг үндэслэгч Б. Ф. Скиннерын онолыг дагагчид тааралдаж байсангүй (Хэдийгээр ийм байх бололцоотой ч).
«Бихевиоризм», «бихевиорализм» хоёрын адил төстэй байдал нь хоёр чиглэл хүний зан үйлийн хүчин зүйлд тулгуурлан үзэгдэл, үйл явцад тайлбар хийдэгт оршино. Үүнээс гадна байгаль шинжлэлийн арга зүйд тулгуурлан хүнийг судалдаг болно. Хувь хүнийг судалгааны үндсэн судлагдахуун болгон авч үздэг болон шинжлэх ухааны аргад тулгуурлан оюун дүгнэлт хийдэг зэрэг адил төстэй байдал их юм.
Улс төрийн шинжлэх ухааны хөгжил дахь бихевиоралист үе шат нь өмнөх үеэсээ олон онцлог шинжээр ялгардаг байна (Easton, The Current Meaning of 'Behavioralism' in Political Science , 1962). Нэгдүгээрт, бихевирализм нь хүний зан үйлийг ухамсарлагдах нэгдмэл чанар гэж үздэг бол хоёрдугаарт, эмпирик аргаар түүнийг нотлох боломжтой гэж сургадаг байна. Гуравдугаарт, мэдээлэл цуглуулах, шинжлэх нарийн арга хэрэглэхийг эрмэлздэг байна. Арга нь тухайн байдлыг бус, асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг болно. Үүний хаяалбар нөлөөгөөр урьд өмнө нь байгаагүй мэдээлэл цуглуулал, шинжлэх сурах бичиг, сургалтын хичээл орох, түгэн дэлгэрэх болжээ. Улс төрийн шинжлэх ухаанд тоон арга зүйн хандлага чухалчлагдах болсон тул дээрх хичээл, сурах бичгийг үр дүнтэй ашиглах бололцоотой болсон. Үр дүнд нь 1950-1960-аад оны үед улс төрийн шинжлэх ухаанд асуулга, сурвалжлага, түүвэр, регресс болон хүчин зүйлийн шинжилгээ, загварчлал гэх мэт тоон шинжилгээ, эмпирик судалгааны нарийн аргууд хэрэглэгдэх болсон. Дөрөвдүгээрт, бихевиоралистууд өмнөх үеийн төлөөлөгчдөөсөө илүү онолын эрэл хайгуул хийх болсон. Обьектив ажиглалт дээр тулгуурлан юм, үзэгдлийн талаар цэгцтэй тайлбар хийх нь онолын үндсэн ухагдахуун өөрчлөгдөхөд хүргэдэг байна. Урьд өмнө онол илүү гүн ухааны шинж чанартай байв. Түүний гол асуудал нь «таатай амьдрал»-ыг цогцлооход оршиж байв. Сүүл үеийн онол нь их төлөв түүхэн шинж чанартай болсон бөгөөд гол зорилго нь өнгөрсөн үеийн улс төрийн үзэл санааны үүсэл, хөгжлийг шинжлэхэд оршиж байжээ. Бихевиоралист онол нь эмпирик хэрэглээ баримжаалж байсан бөгөөд улс төрийн институцийн үйл ажиллагаа, хүмүүсийн улс төрийн зан үйлийг ухан ойлгох, тайлбарлах, урьдчилан тааварлахыг зорилгоо болгосон байна.
Бихевиоралист үеийн судлаачдын гол хүчин чармайлга нь шинжилгээний янз бүрийн түвшинд хэрэглэгдэхүйц эмпирик баримжаалсан онол боловсруулахад чиглэгдэж байв. Дунд түвшний гэж нэрлэгдэх онол нь агуулгын хувьд шинжлэх ухааны бүхий л салбарыг хамарсан онол боловсруулах арга хэрэгсэл болж байсан юм. Тухайлбал, засаглалын плюрализмын онол нь ардчилсан тогтолцооны, тоглоомын тэрчлэн нийгмийн сонголтын онолыг бий болгосон байна (Riker и Ordeshook, 1973).
Үүний сац өргөн хүрээний онол хэмээн нэрлэгдэх илүү өргөн асуудлыг шийдвэрлэх боловсруулахад хүчин чармайлга гаргах болсон. Харин дээрх гаргалгаа нь улс төрийн тогтолцоог өргөн бөгөөд нийтлэг хүрээгээр ухан ойлгох боломж олгож байсан юм. Ийм төрлийн оролдлогын нэг нь бүтэц-чиг үүргийн онол болон системийн шинжилгээ байв (Easton, A Framework of Political Analysis, 1981b ).  Тавдугаарт, ихэнх бихевиоралстууд судалгааны үйл явц нь хувь судлаач болон нийгмийн санаа бодлоос үлэмж хэмжээгээр ангид байх ёстой гэж үзэх болсон. Ёс зүйн үнэлгээ, эмпирик тайлбар нь шинжилгээний хувьд харилцан бие биенээсээ ангид, нарийн зааглагдсан янз бүрийн санаа бодол дээр тулгуурладаг гэж үзсэн. Бихевиоралист үзэлтнүүд судлаачийн үйл ажиллагаа аливаа үнэлэмжээс ангид юм уу үнэт зүйлсийн хувьд төвч байх ёстой гэх позитивизмийн анхдагч үзэл санааг тунхагласан байна. Хэдийгээр намайг оролцуулан бидний зарим нэг нь уг санааг дэмждэг (Easton, Political System, 1981a) боловч бихевиоралист хувьсгалын үе дэх уг хандлагыг хэтрүүлэн үнэлэх хэрэггүй юм. Үр дүнд нь улс төр судлаачдын үйл ажиллагаанаас ёс суртахууны үнэлэмж ангид орших болсон билээ.
Зургаадугаарт, бихевиорализмын хүрээнд хавсарга судалгаанаас ангид «цэвэр онол»-ын бие даасан үүргийн тухай төсөөлөл дахин сэргэсэн юм. Бихевиоралист хандлагыг баримтлагчид нийгмийн мэдлэгийн зорилт нь юм, үзэгдлийг ул суурьтай танин мэдэх, тайлбарлах явдал гэж үзсэн учир нийгмийн тулгам асуудлыг шийдвэрлэхэд хэрэг болохуйц улс төрийн институцийн үйл ажиллагаа, ерөөсөө хүмүүсийн улс төрийн зан үйлийн тухай бат нот мэдээлэл цуглуулахыг чухалчлах болсон юм. Ийнхүү улс төрийн шинжлэх ухааны бихевиоралист үе шатад судлаачийн сонирхол нийгмийг шинэтгэх зорилтоос тухайн шинжлэх ухааны өмнө тулгамдаж буй асуудалд шилжиж өөрчлөгдсөн байна.
Ямар учраас 1950-1960-аад оны үед АНУ-д бихевиоралист хувьсгал үүссэн бэ?
Энэ бол нарийн, ээдрээт хандлагын үр дагавар гэдэг нь ойлгомжтой. Түүний шалтгаан нь тухайн шинжлэх ухааны жам ёсны хувьслын үр дүн юм.
(Үргэлжлэл бий....)

Эх сурвалжийн жагсаалт

B. Ollman & E. Vernoff. (1982). The Left Academy: Marxist Scholarship on American Campuses. New York : McGraw-Hill.
Beitz, C. R. (1979). Political Theory and International Relations. Princeton, NJ: Princeton Univ. Press.
Bell, D. (1960 ). The end of ediology: On the Exhaustion of Political Ideas in the Fifties. Glencoe, IL: Free Press.
Bentley, A. (1908). The Process of Government: A Study of Social Pressures. Chicago : Chicago University Press.
Downs, A. (1957 ). An Economic Theory of Democracy . New York : Harper .
Easton, D. (1962). The Current Meaning of 'Behavioralism' in Political Science . The Annals of the American Academy of Political and Social Science. Monograph (October), 1-25.
Easton, D. (1969). The New Revolution of Political Science . Amer. Pol. Sci. Rev. 68, 1051-1061.
Easton, D. (1981a). Political System. New York: Knopf.
Easton, D. (1981b ). A Framework of Political Analysis. Chicago : Univ. of Chicago Press.
Easton, D. (1981c). Political system besieged by the state. Pol. Theory, 9, 303-325.
Eckstein, H. (1966). Division and Cohesion in Democracy . Princetion, NJ: Princetion University Press.
Fainsod, M. (1940). Some reflections on the nature of the regulatory process. In Public Policy . Cambrodge, MA: Harvard University Press.
Fishkin, J. S. (1982). The Limits of Obligation. New York : Yale University Press .
G. H. Kramer & J. Hertzberg. (1975). Formal Thery . In Handbook of Political Science (p. Chap. 7). Reading, MA: Addison-Wesley.
Hanson, N. R. (1969). Perception and Discovery. San Francisco: Freeman Cooper.
Herring, P. (1929). Group Representation Before Congress . Baltimore : John Hopkins Press.
I. Lakatos & A. Musgrave . (1970). Criticism and the Growth of Knowledge . Cambridge : Cambridge University Press.
K. Lehrer & C. Wagner. (1981). Rational Consensus in Science and Society . Dordrecht, Holland : Reidel .
Kuhn, T. (1962). The Structure of the Scientific Revolution. Chicago: University of Chicago Press.
Monroe, K. (1983). Presidental Popularity and Economy. New York : Praeger.
N. Frolich & J. A. Oppenheimer . (1982). Modern Political Economy . Englewood Cliffs, NJ: Prentice-Hall.
Poulantzas, N. (1973 ). Political Power and Social Classes. London: New Left Books: Sheed and Ward.
Rawls, J. (1971). A Theory of Justice. Cambridge, MA: Cambridge University Press.
Shapere, D. (1974). Discovery, rationality and progress in science. In K. Schaffner and P. Cohen (Ed.), Proceedings of 1972 Biennial Meetings of Philosophy Science Association (pp. 407-419). Dordrecht, Holland: Reidel.
Suppe, F. (1977). The Structure of Scientific Theories. Urbana : University Illinois Press.
Toulmin, S. (1972). Human Understanding . Princeton, NJ: Princeton University Press.
Truman, D. (1951). The Governmental Process: Political Interests and Public Opinion. New York : Knopf.
W. H. Riker & P. C. Ordeshook. (1973 ). An Introduction to Positive Theory. Englewood-Cliffs, NJ: Prentice-Hall.


МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

Wednesday, September 19, 2018

УЛС ТӨРИЙН ЗАСАГЛАЛ: ОЙЛГОЛТ, БҮТЭЦ, ЧИГ ҮҮРЭГ НӨӨЦ. ТӨРИЙН ЗАСАГЛАЛ. ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭРҮҮД


Засаглал төрт ёс бүрэлдэн тогтохоос өмнө бий болсон үзэгдэл бөгөөд анхандаа цэвэр улс төрийн гэхээр үүрэг хэрэгжүүлж байсангүй. Хүмүүс бие биетэйгээ харилцаанд орж, нэгдэн нягтарч байсан 40 орчим мянган жилийн өмнө нийгмийн өөрөө өөрийгөө удирдан зохион байгуулах үндсэн механизм нь засаглал болж байв. Гэхдээ илрэх хэлбэр нь нутаг жалгын овгийн холбоо, удирдагч, бөө гэх мэт хүй элгэний үеийн зонхилогч нарын удирдлагаар дамжин үүсэж байжээ. Өгүүлэн буй үеийн хүмүүсийн харилцааны гол холбоос нь харилцааны энгийн арга, бичмэл бус хэм хэмжээ, зан заншил, уламжлал, ёс суртахууун байсан юм. Итгэл бишрэл, ёс суртахуунлаг байдал дээр суурилж сайн дураар захирагдах нь засаглалын харилцааг тодорхойлж байжээ.
Улс төрийн засаглал хэмээх ойлголт нь улс төрийн шинжлэх ухааны үндсэн ойлголтын нэг юм. Улс төрийн шинжлэх ухааны ном зохиолуудад Т. Хоббс, М. Вебер, Р. Даль, Х. Лассуэл нарын өгсөн засаглалын талаарх олон тодорхойлолтыг дурдсан байдаг. Нийтлэг шинжид нь тулгуурлан авч үзвэл улс төрийн засаглал гэдэг нь нийгмийн бусад хүчин буюу хувь хүнтэй харилцахдаа өөрийн хүсэл сонирхлыг хэрэгжүүлэх чадвар юм уу боломжийг хэлдэг байна. Англи хэл дээр бичигдсэн сурах бичгүүдэд «нийгмийн болон улс төрийн шинжлэх ухаанд хүмүүсийн зан үйлд хяналтаар дамжин нөлөөлөх чадварыг засаглал хэмээн үздэг байна» (in social science and politics, power is the ability to influence or outright control the behavior of people) хэмээн бичжээ. Төрийн засаглал улс төрийн засаглал байх ч улс төрийн засаглал болгон төрийн засаглал болдоггүй. Улс төрийн засаглал нь нийгмийн нэг төрлийн үзэгдэл бөгөөд улс төрийн харилцааны зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг.
Улс төрийн засаглал нь:
-          Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хамтын үйл ажиллагаа өрнүүлэх, байгаа нөөцөө бүрэн хэмжээгээр дайчлан зарцуулах, улс төрийн засаглал, бодлогын зорилго, зорилтыг тодорхойлох үүднээс нийгмийн субьектуудыг зохион байгуулах хэм хэмжээгээр бататгагдсан институционал хүчийг хэлнэ. Засаглал нь нийт нийгмийн, ядахдаа нийгмийн олонхын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг байна.
Улс төрийн засаглалын үндсэн шинж:
-          Засаглалын хуваагдашгүй, бие даасан байдал: Бие даасан байдал гэдэг нь ямар нэгэн хүчин, нөхцөл байдлаас үл хамааран үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, шийдвэр гаргах, бие даан захирах улс төрийн засаглалын эрхийг хэлнэ.
-          Нэр хүнд өөрөөр хэлбэл, засаглалын хэрэгжүүлэх арга, засаглалын онцгой шинж чанар болно. Нэр хүнд гэдэг нь засаглалын үнэлэмж иргэдийн олонхын төсөөлөлд бүрнээ нийцэж хууль ёс, сайн дурын үндсэн дээр засаглалд иргэд захирагдах байдлыг хэлнэ.
-          Хүсэл зоргийн шинж буюу засаглалд агуулагдах зорилго, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх боломтжтой байдлыг хэлнэ. Зорилго чиглэлгүй засаглал хямрал юм уу дампууралд хөтөлдөг жамтай.
-          Албадлага өөрөөр хэлбэл бусдыг захирах, тавьсан зорилгодоо хүрэхийн тул өөрт байгаа нөөцийг ашиглах чадвар болно. Засаглал ямагт албадлагын шинэтэй байдаг. гэхдээ нэр хүнд өндөр байгаа нөхцөлд албадлага бага хэрэглэх тохиолдол байна.
Улс төрийн засаглал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
-          Ноёрхлын чиг үүрэг (Нэг бүлэг, анги бусадаа захирах):
-          Жолоодох (Нийгмийн засаглагч элит өөрийн улс төр, үзэл суртал, эдийн засгийн хүсэл сонирхлоо хууль тогтоомжийн хүрээнд бататган бэхжүүлэх):
-          Удирдах (Удирдлагын тодорхой шийдвэрийг амьдралд нэвтрүүлэх):
-          Хянах (Нийгэм, нийгмийн бүлэг, хүмүүсийн үйл ажиллагааг тодорхой дүрэм, журамд захируулах):
-          Нийгмийн улс төрийн тогтолцоог бүрдүүлэх:
-          Улс төрийн болон улс төрийн бус үйл явцыг удирдан чиглүүлэх, засаглалын байгууллагуудыг жолоодох:
-          Нийгмийн амьдралын улс төрийн хүрээг зохион байгуулах, улс төрийн удирдлагаар хангах:
-          Бие хүнийг төлөвшүүлэх, нарийн ээдрээт төр, нийгмийн үйл ажиллагаанд татан оролцуулах:
Улс төрийн засаглал чиг үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас түүний үр ашиг, засаглалын хэв шинж, улс төрийн дэглэм, төрийн байгуулал, тухайн нийгмийн улсын төрийн бусад шинж хамаарч байдаг.
Төр улсын дотоодод засаглалын харилцаанд бодитойгоор оролцож буй бүхнийг улс төрийн засаглалын субьект гэнэ. Түүнд дараах этгээдийг хамруулж болох юм. Үүнд:
- нийгмийн нийтлэгүүд
- төр
- улс төрийн нам, байгууллагууд
- засаглагч элит, төрийн алба, лобби бүлэг
- бүлгийн болон хувь хүний манлайлал
- Бие хүний засаглал
- Сонгууль, бүх нийтийн санал асуулга, жагсаал цуглааны үе дэх иргэд
Засаглалын янз бүрийн арга, хэрэгслээр хэрэгжүүлж болдог. Арга, хэрэгсэл нь ноёрхол, жолоодлого, удирдлага, зохион байгуулалт, хяналт болно.
Төрийн засаглал гэдэг нь албадлага хэрэглэх чадвартай, нэр хүнд, хүсэл зориг бүхий бие даасан шинжтэй улс төрийн засаглалын төрөл мөн.
Засаглалын олон янзын хэлбэрүүд байдаг. гэхдээ үндсэнд нь дараах дөрвөн хэлбэрт авч үзэж болно. Үүнд:
-          Албадлага дээр суурилсан засаглал:
-          Шагнал, урамшил дээр суурилсан засаглал:
-          Албан тушаалын засаглал:
-          Нэр хүндийн засаглал байна.
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etiugen.edu.mn

УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААН БУЮУ УЛС ТӨР СУДЛАЛ


Улс төр судлал буюу улс төрийн шинжлэх ухаан (Грек хэлний πολιτικός — нийгмийн, πολίτης — иргэн, πόλις — хот улс;  λόγος — сургаал, үг гэсэн үг болно) нь нийгэм дэх эрх мэдлийн харилцаа, улс төр болон төрийн зохион байгуулалттай хамаарал бүхий хүмүүсийн үйл ажиллагааны онцгой хүрээ болох улс төрийн үзэгдэл, үйл явц, түүний түгээмэл харилцаа, хамаарлын тухай нийгмийн шинжлэх ухаан болно. Улс төрийн шинжлэх ухаан буюу улс төр судлалаар мэргэшсэн хүнийг улс төр судлаач гэж нэрлэдэг.
Улс төрийн шинжлэх ухааны үүсэл хөгжил
Улс төрийн шинжлэх ухааны бүрэлдэн хөгжсөн түүхийг үндсэн гурван үед ангилж болох юм. Үүнд:
·         Гүн ухааны үе шат: Эртний дэлхий дахинд үүссэн. XIX зууны дунд үе хүртэл үргэлжилсэн. Улс төрийн шинжлэх ухааныг үндэслэгч нь Аристотель мөн гэж үздэг. Алдарт уран илтгэгч Цицерон, Платон нар улс төрийн мэдлэгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан. Флорэнцэд амьдарч Италийн цолгорсон гүн ухаантан Никколло Макиавэллиг өнөө цагийн улс төрийн шинжлэх ухааны “загалмайлсан эцэг” хэмээн нэрлэдэг.
·         Эпирик үе шат: XIX зууны дунд үеэс 1945 он хүртэл үргэлжилсэн. Улс төрийн мэдлэгийг шинжлэх ухааны аргад тулгуурлан судлах болсон. Түүний хөгжилд социологи томоохон нөлөө үзүүлсэн байна. Марксизмын хөдөлгөөн үүссэн. 1920-1930-аад оны үед улс төрийн судалгааны үндсэн төв нь АНУ болж байсан. Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт улс төрийн шинжлэх ухааныг заах болсон.
·         Рефлексийн үе шат: 1945 оноос өнөөг хүртэл үргэлжилж байна. 1948 онд ЮНЕСКО-гийн ивээл дор олон улсын улс төр судлаачдын анхдугаар чуулган хуралдаж, улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл, зорилго, зорилтыг тодорхойлсон. Дэлхийн бүх улс их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт улс төрийн шинжлэх ухааныг заах шаардлагатай болохыг онцолсон.
Шинжлэх ухааны тулгуур бүтээлүүд:
·         Эртний Дорно дахинд улс төрийн сэтгэлгээний түүх бие даасан утга дайх болсон.
·         Эртний Грек-Рим: өнөө бидний үе хүртэл хадгалагдсан улс төрийн сонгодог бүтээлүүд бичигдсэн.
    Платон. Төр улс  (НТӨ 360 он) 
   Аристотель. Улс төр (НТӨ 330 он)
·         Дундад эртний үе: Аквино газрын Фома болон Саламаны дэг сургуулийн төлөөлөгчид
·         Сэргэн мандалтын үе
 Макиавэлли, Н. Эзэн хаан (Ойролцоогоор 1513 он)
XVII зуун: Английн болон Холландын соён гэгээрүүлэгчдийн бүтээл
XVIII зуун: Франц, Германы соён гэгээрүүлэгчдийн бүтээл
  Монтескьё, Ш. Хуулиудын амин сүнс (1748 он)
   Морелли, Э. Байгалийн хууль (1755 он)
   Руссо, Ж.-Ж. Нийгмийн гэрээ (1762 он)
   Хольбах, П. Жам ёсны улс төр (1770 он)
   Марат, Ж. Боолчлолын гинж (1774 он)
   Мабли, Г. Хууль тогтоомжийн тухай (1776 он)
XIX зуун: социалист, позитивист, анархист үзэл баримтлал
  Сен-Симон, А. Аж үйлдвэр эрхлэгчдийн катехизис  (1823 он)
   Фурье, Ш. Аж үйлдвэр, нийгмийн шинэ ертөнц (1828 он)
   Спенсер, Г. Бие хүн ба төр (1884 он)
XX зуун: коммунист, тоталитаризмын эсрэг болон даяарчлалын үзэл баримтлал
   Арендт, Х. Тоталитаризмын эх сурвалж (1951 он)
   Поппер, К. Нээлттэй нийгэм ба түүний дайснууд (1965 он)
   Римийн клубын бүтээлүүд.
Сургалтын судлагдахуун болох улс төрийн шинжлэх ухааны түүх
Сургалтын судлагдахуун болохын хувьд улс төр нь XIV зууны сүүл үеэс Европын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт орох болсон. Анхлан Аристотелийн «Улс төр» судлах байдлаар сургалт явагдаж байсан.
Социологи, позитивизмийн арга зүйн эрчимтэй хөгжлийг дагалдаад XIX зууны хоёрдугаар хагасаас улс төрийг заах үйл явцад чанарын томоохон өөрчлөлт гарах болсон. Европ, Хойд Америкийн их, дээд сургуулиудад улс төрийн шинжлэх ухааны факультет, тэнхим хүртэл байгуулагдах болсон. 1857 онд анх удаа Колумбын их сургуульд улс төрийн шинжлэх ухаан, түүхийн тэнхим байгуулагдсан. Үүнээс гадна, Мадридад Ёс суртахуун, улс төрийн шинжлэх ухааны академи (Испани, 1861 он), Парижид Улс төрийн шинжлэх ухааны чөлөөт сургууль (Франц, 1871 он), Колумбад Улс төрийн шинжлэх ухааны сургууль (АНУ, 1880 он), Берлинд Төр судлалын нийгэмлэг (Герман, 1883 он), Лондоны Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургууль (Англи, 1895 он) тус тус байгуулагдсан.
Улс төр судлалын боловсролын хөгжилд 1948 онд ЮНЕСКО-гийн ивээл дор явагдсан улс төрийн шинжлэх ухааны олон улсын симпозиум үлэмжхэн нөлөө үзүүлсэн. Энэ хурлаар их, дээд сургуульд үзэх улс төрийн мэдлэгийг «улс төр судлал» хэмээх ерөнхий нэрийн дор хамруулан нэрших шийдвэр гарчээ.
Улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл, обьект
Юуны өмнө бие даасан шинжлэх ухааны мэдлэг болохын хувьд улс төрийн шинжлэх ухааны судалгааны обьект нь улс төрийн засаглал, түүний эрх зүйн орчны үндэс, легитим байдал, тогтвортой, үр ашигтай байлгах механизмын асуудал болно. Үүний зэрэгцээ улс төр судлалын судалгааны обьект нь улс төрийн бодлого, нийгмийн амьдралын улс төрийн хүрээ болдог байна. Улс төрийн засаглалаар сэдэлжигдсэн нийгмийн бүлгүүдийн хоорон дахь харилцааны зүй тогтол нь улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл юм. Мэдээж хэрэг, улс төрийн шинжлэх ухаанаас гадна философи, социологи, төр-эрх зүйн ухаан гээд олон мэдлэг уг асуудлыг судалдаг. Гэхдээ дээрх мэдлэгүүдээс ялгаатай нь улс төрийн шинжлэх ухаан уг үзэгдэл, үйл явцыг нэгдмэл, цөм шинжтэйгээр авч үзэж судалдагт оршино. Систем-удирдлагын хандлагын хүрээнд улс төрийн шинжлэх ухааны судалгааны обьектыг улс төрийн удирдлагын үйл явц, үр ашиг гэж үздэг байна. Улс төрийн удирдлагын тогтолцооны логик үндэс нь үзэл суртал мөн гэж сургадаг. Энэ хүрээнд үзэл суртал, улс төрийн соёл, иргэний нийгмийн үүрэг, улс төрийн удирдлагын үр ашиг, улс төрийн субьектуудын үйл ажиллагааны үнэлгээ зэргийг авч үздэг байна.
Олонх судлаачид улс төрийн шинжлэх ухааны судлах зүйлийг улс төрийн амьдралын хөгжил, үйл ажиллагааны хандлага, зүй тогтол мөн бөгөөд мөн чанарын хувьд салбар дагнасан шинжтэй гэдгийг онцолдог. Гэвч үүний зэрэгцээ эсрэг үзэл санааг баримтлах эрдэмтэд цөөнгүй байдгийг онцлох байна. Эдгээр судлаачид улс төрийн зүй тогтлыг танин мэдэхэд прогресс, регрессийг шинжлэх нь чухал гэж үздэг байна.
Орчин үед улс төрийн шинжлэх ухааны судлах зүйлийг дараах үндсэн гурван хүрээгээр авч үзэх болсон. Үүнд:
·         Нийгмийн амьдралын улс төрийн дэд тогтолцоо, улс төрийн үзэгдэл, үйл явцад агуулагдах мөн чанар, голлох шинжийг илэрхийлэх улс төрийн философи, үзэл санаа-онолын үндэслэл:
·         Улс төрийн тогтолцоо, улс төрийн соёл, ялгаатай болон адил төстэй шинж, улс төрийн дэглэм, давуу болон сул тал, өөрчлөлт хийх нөхцөл гэх мэт:
·         Улс төрийн институт, улс төрийн үйл явц, улс төрийн зан үйл, оролцоо гэх мэт.
Улс төрийн судалгааны арга, арга зүй
Улс төрийн шинжлэх ухаан нь олон шинжлэх ухааны уулзвар зааг дээр үүссэн мэдлэг учир арга, арга зүйн хувьд нийгмийн шинжлэх ухааны олон талт аргуудыг судалгааны үйл явцад ашигладагаараа онцлогтой.
Ихэнх судлаачид улс төрийн шинжлэх ухааны аргыг дараах гурван бүлэгт хуваан авч үздэг. Үүнд:
Нийгмийн шинжлэх ухааны салбар учир гүн ухаан, социологи, эдийн засаг зэрэг бусад шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэгдэх ерөнхий арга буюу нэгдүгээр бүлгийн арга гэж байна. Үүнд:
·         Анализсинтез;
·         Индукци, дедукци;
·         Адилтгах;
·         Загварчлах;
·         Ангилах;
·         Хийсвэрлэх, хийсвэрлэлээс тодорхойд шилжих арга;
·         Түүхэн болон логик шинжилгээг хослуулан хэрэглэх;
·         сэтгэхүйн туршилт.
Хоёр дахь бүлэг— улс төрийн үзэгдэл, үйл явцын талаар ахдагч мэдээлэл олж авах эмпирик судалгааны аргууд байна. Үүнд:
·         Статистик мэдээлэл ашиглах (юуны түрүүнд цахим);
·         Баримт бичгийн шинжилгээ (тоон болон чанарын шинжилгээ);
·         Асуулга  (Анкет болон эксперт үнэлгээ);
·         Сурвалжлага;
·         Лабораторийн туршилт;
·         Тоглоомын онол;
·         Цахим технологид суурилсан арга байна.
Дээр дурдсан бичвэрт тулгуурлан гурав дахь бүлэг буюу улс төрийн шинжлэх ухааны арга зүйг гаргаж болно. Үүнд:
1.      Социологийн арга — улс төрийн нийгмээс хамаарсан байдал, улс төрийн үзэгдлийн нийгмийн мөн чанар зэргийг судална. Улс төрийн бүтэц эдийн засгийн үндсээс хамаарна гэх марксизмын үзэл санаа үүний томоохон жишээ юм.
2.      Бихевиорист арга зүй байна. Институционал хандлагын дараагаар гарч ирсэн. АНУ-д XIX зууны гуравдугаар хагаст үүссэн. Байгалийн ухааны нарийн аргад тулгуурлан улс төрийн үзэгдэл, үйл явцаас дээд зэргийн шинжлэх ухаанч үр дүн гаргаж авахыг чухалчилдаг. Бихевиорист арга зүйн мөн чанар нь хувь хүн болон нийгмийн бүлгүүдийн үйл байдлыг судлах замаар улс төрийг танин мэдэхэд оршино. Энэ арга зүй нь 1) улс төрийн үзэгдэл, үйл явц нь бие хүний хэмжүүрт суурилах бөгөөд зан үйлтэй шууд холбогдоно; 2) хүмүүсийн зан үйлийн үндсэн сэдэлжүүлэгч нь сэтгэл зүйн, тэр дундаа хувь хүний шинж чанартай; 3) улс төрийн үзэгдэл, үйл явц нь тоон утгаар хэмжигддэг. Ингэхлээр математик аргыг чухалчилдаг.
3.      Норматив-үнэлэмжийн арга зүй: улс төрийн үзэгдэл, үйл явцыг нийгмийн, цаашлаад нийтийн сайн сайхан байдал, шударга ёс, эрх чөлөө, хүний эрхэм чанарыг хүндэтгэх үүднээс авч үзэхэд оршино. Энэ хандлага нь улс төрийн байгууллын төгөлдөр хэлбэрийг зураглаж, нийгмийн практикт хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Өөрөөр хэлбэл, улс төрийн төгөлдөр хэв шинжид бодит улс төрийн үйл явц хэрхэн нийцэж байгааг судалдаг болно.
4.      Чиг үүргийн арга зүй: улс төрийн үзэгдэл, үйл явцыг туршлага, эдийн засгийн хөгжлийн түшин хоорондын хамаарал, хотжилтын хэмжээ, улс төрийн нам, сонгуулийн тогтолцооны хамаарал зэргээр нөхцөлдүүлэн судлах арга зүй болно.
5.      Системийн арга зүй: XX зууны 50-60-аад оны үед Д. Истон, Т. Парсонс нарын судлаачид анхлан боловсруулсан. Энэхүү хандлагын мөн чанар нь улс төрийг хүрээлэн буй орчинтой нарийн шүтэлцээ бүхий, оролт, гаралтаар холбогдох, өөрийгөө зохицуулагч механизм бүхий бүхэллэг, нарийн организм мөн гэж үздэг байна. Улс төрийн тогтолцоо нь нийгэмд хамгийн дээд байр сууринд байна.
6.      Анторопологийн хандлага: Ерөнхий шинж чанарын хувьд социологийн хандлагын шууд эсрэг болно. Улс төрийг нийгмийн бус, олон суурь хэрэгцээ бүхий төрлийн амьтан гэж үзэж, түүгээр нөхцөлдүүлэн судалдагт оршино.  
7.      Сэтгэл зүйн хандлага: Антропологийн хандлагатай төсөөтэй. Гэвч түүнээс ялгаатай нь хувь хүний сэтгэл зүйн шинж чанарт суурь ач холбогдол өгдөгт оршино. Энд Зигмунд Фройдын боловсруулсан сэтгэцийн задлан шинжилгээний арга томоохон байр суурь эзэлдэг.
8.      Нийгэм-сэтгэл зүйн хандлага: Өмнө өгүүлсэн сэтгэл зүйн хандлагатай төстэй гэж үзэж болох ч түүнээс ялгаатай нь сэтгэл зүйн шинж чанарыг нийгмийн бүлгээр нөхцөлдүүлэн судалдагт оршино. Түүний туслалцаатайгаар дээрх бүлгийн сэтгэл зүйн шинж чанарыг судалдаг байна.
9.      Шүүмжлэлт-диалектик хандлага: Зөвлөлтийн марксизмын сургаалд өргөн дэлгэр ашиглагддаг. Улс төрийн үзэгдэл, үйл явцыг тухайн юм, үзэгдэлд агуулагдах улс төрийг хөдөлгөгч хүч болсон дотоод зөрчлөөр нөхцөлдүүлэн судалдаг болно. Уг арга зүйг шинэ марксизмын сургаалд мөн ашигладаг (Ю. Хабермас, Т. Адорно).
10.  Харьцуулсан арга зүй: Орчин үеийн улс төрийн шинжлэх ухаанд өргөн дэлгэр ашиглагдах болсон. Энэхүү хандлага нь нэг хэв шинжит улс төрийн үзэгдлийг, тухайлбал, улс төрийн тогтолцоо, улс төрийн олон янзын чиг үүрэг зэргийг ялгаатай болон нийтлэг шинж чанарыг гаргах, үр ашигтай хэлбэрийг тодлох зорилгоор харьцуулан судалдаг болно.  
Улс төрийн шинжлэх ухааны зорилго, зорилт
Улс төрийн шинжлэх ухааны зорилго, зорилт нь – улс төрийн бодлого, улс төрийн үйл ажиллагааны талаар мэдлэг бүтээх: улс төрийн үзэгдэл, үйл явц, улс төрийн хөгжлийг урьдчилан таамаглах: улс төрийн шинжлэх ухааны ойлголт, ухагдахууны хүрээ, улс төрийн судалгааны арга, арга зүйг боловсруулахад оршино. Эдгээр зорилго, зорилттой улс төрийн шинжлэх ухааны чиг үүрэг холбогддог. Эдгээрт танин мэдэхүйн, үнэлэмжийн, удирдлагын, улс төрийн амьдралыг эрүүлжүүлэх, улс төрийн нийгэмшүүлэлт гэх мэт үүрэг багтана. Улс төрийн шинжлэх ухааны арга нь тодорхойгүй байдлыг багасгах, улс орон дахь улс төрийн тогтолцоог танин мэдэх, улс төрийн удирдлагын олон янзын үр дагаварыг ойлгох арга хэрэгслийн нийлбэр цогцыг хэлнэ.  Нийгэм-эдийн засгийн үйл ажиллагааны үр ашгийн түвшинг дээшлүүлэх, улс төрийн эрсдлийг багасгах зэрэг нь улс төрийн шинжлэх ухааны үүрэг болно.
Улс төрийн шинжлэх ухааны чиг үүрэг
·         Танин мэдэхүйн үүрэг. Улс төрийн шинжлэх ухаан нь шинэ мэдлэг олж авч, тодорхой болсон мэдээллийг албажуулж өгдөг байна.
·         Үнэлэмжийн чиг үүрэг. Улс төрийн шинжлэх ухаан нь үнэлэмжийн тогтолцоо бүрдүүлж, улс төрийн шийдвэр, улс төрийн институт, улс төрийн үйл явцад үнэлэлт өгдөг.
·         Онол-арга зүйн үүрэг. Улс төрийн шинжлэх ухаан нь улс төрийн үзэгдлийг судлах онол, арга зүйг боловсруулдаг байна.
·         Нийгэмшүүлэх чиг үүрэг. Хүмүүсийг улс төрийн үйл явцад оролцох боломж олгодог байна.
·         Сэдэлжүүлэх чиг үүрэг. Улс төрийн шинжлэх ухаан нь хүмүүсийн үйлдлийг сэдэлжүүлж өгдөг байна.
·         Практик улс төрийн чиг үүрэг. Улс төрийн шийдвэр, улс төрийн шинэчлэлийн үйл явцыг хэрэгжүүлнэ.
·         Таамаглах чиг үүрэг. Улс төрийн шинжлэх ухаан нь улс төрийн үзэгдэл, үйл явцыг таамаглах, урьдчилан тааварлана (Wikipedia, 2018).

Орчуулгын эх сурвалж

Wikipedia. (2018 оны September 19). Политология. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%BE%D0%BB%D0%B8%D1%82%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8%D1%8F-ээс Гаргасан

МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etiugen.edu.mn