Sunday, July 23, 2017

ТЕОДОР АДОРНО

(Theodor Ludwig Wiesengrund Adorno, 1903-1969 он) – Германы гүн ухаантан, Франкфуртын урсгалын төлөөлөгч, хөгжмийн онолын томоохон шүүмжлэгч нэгэн.
Адорно 1903 оны есдүгээр сарын 11 нд Германы эзэнт улсын Франкфурт-на-Майнид дарсны худалдаа эрхлэгч еврей гэр бүлд мэндэлсэн. Тэрээр эхийн талаасаа Итали цустай нэгэн байсан гэдэг. Эцэг Оскар Александр Визенгрунд нь пүүсээ өргөтгөн хөгжүүлж Лейпциг хотноо салбараа нээхийн зэрэгцээ АНУ, Англи улс руу дарс экспортод гаргадаг нэгэн байжээ. Адорно 1913-1921 онуудад гимназид суралцаж, улмаар 1921 онд Иоханн Вольфганг Гётегийн нэрэмжит Франкфурт-на-Майны их сургуульд элсэн орж, гүн ухаан, хөгжмийн онол, сэтгэл судлал, социологийн ухаан судалсан байна. Гештальт сэтгэл судлалыг үндэслэгч эрдэмтэн, шинэ хантч үзэлтэн Ханс Корнелиусийн нөлөө Адорнод хүчтэй байсан гэдэг. Улмаар түүний удирдлага дор 1924 онд Э. Гуссерлийн үзэгдлийн философийг судлаж докторын зэрэг горилжээ. Нэг талаас, хөгжмийн онол судлалаар мэргэшин ажиллахын зэрэгцээ нөгөө талаас, нийгмийн болон улс төрийн гүн ухаан шимтэх сонирхох болсон. энэ хүрээнд Макс Хоркхаймэртай хамтран Нийгмийн Судалгааны Хүрээлэнд ажиллах болж, шинэ марксизмийн Франкфуртын дэг сургуулийг үндэслэсэн байна.
1930 онд Франкфуртдаа эргэн ирж их сургуульд багшлах болжээ. Гэвч нацистууд Германы засаг төрийн эрхэнд гарч, еврей иргэдийг аймаглан усгах бодлогыг авч хэрэгжүүлсэн бөгөөд Адорно уг балмад явдлын золиос болж, их сургуульд багшлах эрхгүй болсон байна. 1934 оноос Англи улс руу, 1938 оноос АНУ руу дүрвэсэн байна. 1938-1941 онуудад Нью-Йорк хотноо ажилласан бол 1941-1949 онуудад Бэркли дахь Калифорнийн их сургуульд багшилжээ. Адорно 1949 онд эх орондоо эргэн ирж 1953 онд Нийгмийн Судалгааны Хүрээлэнгийн захирал, 1963 оноос Германы Социологийн Нийгэмлэгийн даргаар ажилласан.
Хөгжмийн онолч, улс төрийн философич Теодор Людвиг Визенгрунд Адорно 1969 оны наймдугаар сарын 6 нд Швейцарийн Виспад 65 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.
Нийгэм-улс төрийн асуудлаар Адорно Элька Френкель-Брюнсвик, Даниэл Лэвинсон, Нэвит Сэнфорд нартай хамтран «Авторитари бие хүн» (1950 он) гэх бүтээл туурвиж өөрийн үзэл санааг хөгжүүлсэн байна. Энэ бүтээл түүний шууд удирдлага, оролцоотой бүтээгдсэнээрээ онцлогтой. Уг судалгааны үндсэн зорилго нь - «антропологийн шинэ хэв шинжийг» тодорхойлон гаргаж ирэхэд оршиж байсан. Түүний үзсэнээр, авторитари бие хүн садомазохист шинж чанартай байдаг. Хэдийгээр Франкфуртын шинэ марксист дэг сургуулийг хөгжүүлэгчдийн нэг байсан боловч насны чээжинд буюу 1968, 1969 онуудад үзэл санааны хувиралд автаж шинэ марксист үзэл санааг зарим талаар үгүйсгэх болсон.

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР  (ཐ་ཆུ་ང་ནོར་བུ་།༡༩༨༢ཟླ་༦ཚེས་༡༣ཉིན།)

КОНСТАНТИН СЕРГЕЕВИЧ АКСАКОВ

(1817-1860 он) – Оросын улс төрийн сэтгэгч, нийтлэлч, утга зохиолын шүүмжлэгч, түүхч, хэл шинжлэлтэн, нармай славян үзэлтний түрүү үеийн томоохон төлөөлөгч нэгэн.
Нармай славян үзэл гэдэг нь славян үндэстнийг нэгт, нийгмийн хувьд, хоёрт, үндэстний хувьд, гуравт, оюун санаа, шашин суртхаалын хувьд соён гэгээрүүлэх, сурган тэжээх, шинэтгэн сайжруулахад чиглэсэн нийгэм-улс төрийн шинжтэй цогц үзэл суртал билээ.
Константин Сергеевич 1817 оны гуравдугаар сарын 29 нд Оросын Эзэнт Улсын Оренбург губерны Аксаково сууринд С. Т. Аксаковын гэр бүлд мэндэлсэн. Түүний амьдралд эцгийнх нь нөлөө хүчтэй байсныг хойч үеийн судлаачид нэг бус удаа тэмдэглэсэн байдаг. Константин Сергеевич 1832 онд 15 насандаа Москвагийн Их Сургуулийн хэл шинжлэлийн салбарт суралцсан байна. Энд байхдаа тэрээр хайв эрдэмтэн Павлов, Надеждин, Победоносцев зэрэг алдартнуудыг лекцийг сонсож байв. Улмаар 1835 онд сургуулиа дүүргэсэн. Их сургуульд сурч ахуйдаа нармай славян үзэл, Германы сонгодог философид татагдах болжээ. Ялангуяа түүний 1846 оны магистрын ажилд дээрх байдал хүчтэй мэдрэгддэг. Хэдийгээр их сургуульд багшлах сонирхол их байсан ч түүний хүсэлтийг хүлээн аваагүй учир өөрийгөө утга зохиол, шинжлэх ухааны үйлд зориулах болсон.
Эцэг нь бие барсан явдал Константин Сергеевичийн эрүүл мэндийн байдалд огцом нөлөөлж, 1860 оны арванхоёрдугаар сарын 7 нд Грекийн Зантэ аралд 43 насандаа мөнх бусыг үзүүлсэн. Ихэнх судлаачдын зүгээс Константин Сергеевичийг ердөө утга зохиолын шүүмжлэгч, онолч төдийгөөр үнэлдэг ч хараахан тийм биш бөгөөд утга зохиол, хэл шинжлэлийн зэрэгцээ нийгэм-улс төрийн хүрээнд олон шинэлэг санааг хөгжүүлсэн цолгорсон эрдэмтэн байв. Ялангуяа түүний 1855 онд бичсэн «Орос орны дотоод байдлын тухай», 1856 оны «Орос үзэл санааны тухай» зэрэг зохиолыг дурдаж болох байна.
Оросын ард түмний онцгой ахуй, мөн чанарыг нээн илэрүүлэхийг Аксаков зорьсон. «Орос орон бол Европын нэг ч улс орон, ард түмэнтэй адилгүй өвөрмөц ахуйтай газар нутаг билээ. (…) Европын бүх улс байлдан дагуулал, булаан эзлэлт дээр үндэслэгдсэн. Дайсагнал, самуурал тэдний суурь юм. Эрх мэдлийг энд эзлэгдсэн ард түмнүүдийг хүч хэрэглэн, нухчин дарж байх хүч мөн гэж үздэг. Нэг ард түмэн юм уу нэг нөхөрлөл бусад ард түмнээ нухчин дарах замаар улс гэрийг цүглэх бөгөөд дайсагнал, самуурал улс гэр цогцлохын үндэс болж түхийн бүхий л үеийн туршид хадгалагдсаар ирсэн. Харин эсрэгээр, Орос төрийн хувьд байлдан дагуулал, самуурал дээр бус, эрх мэдлийг сайн дураар хүлээн зөвшөөрөх явдал дээр тулгуурладаг. Тийм ч учраас дайсагнал, самуурал бус, энх тайван, хэлцэл энэ төрийн үндэс мөн» (Профессора М. А. Василика , 2000, хуудсд. 192, 193)  хэмээн тэрээр бичжээ. Оросын ард түмэн төрийн эрх мэдэлд улайрагч ард түмэн биш бөгөөд мөн чанарын хувьд хүй элгэний ард түмэн болно. Төрт ёсны тухайд бусдын нөлөөний үр дүн болж харьцангуй сүүлд үүссэн. Хууль эрх зүй, үндсэн хууль, хувьсгал тэмцэл Оросын ард түмний мөн чанарт харшлагч тэрслүү зүйл юм.
Хэдийгээр төрт ёс харьцангуй сүүл үед үүссэн ч Оросын ард түмний хүртээл бус, их төлөв цэрэг, дайчдын эрх мэдлийн төв болж ирсэн. Орос улсын түүхэнд нийгмээ нухчин дарсан төр улс хэзээ ч байгаагүй. Гэвч Нэгдүгээр Петр хааны үеэс эхлэн Орос улсын олон зуун жилийн туршид уламжлагдан ирсэн энэ байдал үгүй болж Оросын төр ард түмнээ нухчин дарж, боолчлох болсон. Ингэснээр Орос оронд хагарал тэмцэл, дайсагнал улам бүр хүчээ авч байна. Үүний бодит илрэл нь төр хүй элгэний хэрэгт оролцож, ард түмнээ үг дуугүй дуулгавартай захирагдах боол болгон хувиргаж байгаа явдал юм. Петрээс өмнө Орос оронд хамжлагын тариачид байгаагүй. Зөвхөн хүй элгэний иргэд байсан. Тэд улс төрийн эрх мэдлийг бус, оюун санааны дотоод суртхаалыг эрх чөлөөг бүрэн эдэлж байсан. Харамсалтай нь, өнөө үед ийм байдал бүрэн үгүй болжээ. «Ард түмний үйл ажиллагаа хүний үйл ажиллагааны нэгэн адил бие даасан байх ёстой» хэмээн Аксаков бичжээ. Европын харь үзэл санааг сохроор даган баясах, улайран нутагшуулах нь нийгэмд нийцлийг бус, дайсагнал, самуурлыг хөгжөөнө. Иймд үзэл санааг энэ мэт даган баяёахгүй байваас сая болох гэдгийг тэрээр онцолсон.
Ихэнх нармай славян үзэлтний нэгэн адил улс төрийн болон оюун санааны эрх чөлөөг Аксаков авгай зааглан авч үзсэн байна. Төрийн хэрэгт оролцох, улсын төлөө сэтгэл, оюунаа шавхах нь харцын тавилан биш ээ.  Ард иргэд төрийн хэрэгт огт оролцохгүй байваас сая зохино. Харин оюун санааны хувьд чанагшилж, дотоод мөн чанараа төгөлдөржүүлэх хэрэгтэй. «Төрийн хэргээс хөндийрсөн Оросын ард түмэн нийгмийн амьдралд өөрийгөө зориулах бөгөөд төр ч үүнийг нь хүндэтгэн нийгмийн амьдралд өөрсдийгөө зориулах боломжийг нь хангах ёстой» хэмээн Аксаков бичжээ. Ард түмэн гадаад буюу улс төрийн эрх чөлөөг бус, дотоод, оюун санааны эрх чөлөөг эрэлхийлбээс сая болох хэмээн Аксаков үзсэн.
Улс төрийн хувьд хэмжээгүй эрхт эзэн хааныг талархан хүлээн авсан. Үүнтэй холбоотойгоор Аксаковын бүтээлд төр, газар нутаг гэх хоёр ойлголт онцгой чухал ач холбогдолтой. «(…) Өрнөдийн ардчилал хэзээ ч байгаагүй. Орос орон хүй элгэний хүмүүс, албат хүмүүс гэх хоёр хэсэгт хуваагдсан Төр, Хүй Элгэн гэсэн хоёр эрх мэдлийн дор явж ирсэн» (Профессора М. А. Василика , 2000, хууд. 195).  Оросын ард түмэн газрын шим шүтэж амьдрах ард түмэн бөгөөд газар бол түүний оршин ахуй, атрибут шинж юм. Хэдийгээр төр муу шинж чанартай боловч Оросын ард түмний атрибут шинж болсон газар орших байхын баталгаа, эрх мэдэл, гадаад хүч мөн. «Төр зарчим болохын хувьд муу зүйл мөн: муу шинж нь төрийн тодорхой нэг хэлбэрт бус, ерөөсөө зарчим болох төрийн үзэл санаанд агуулагдана» хэмээн К. С. Аксаков бичжээ.

Эх сурвалж

Профессора М. А. Василика (Ed.). (2000). Хрестоматия политология. Москва: Гардарика.


МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР  (ཐ་ཆུ་ང་ནོར་བུ་།༡༩༨༢ཟླ་༦ཚེས་༡༣ཉིན།)

Wednesday, July 19, 2017

АМЕРИКИЙН УЛС ТӨР СУДЛААЧ, СОЦИОЛОГИЧ ЖЕЙМС БЕРНХЕМ

Жеймс Бернхем
James Burnham
Үйл ажиллагааны төрөл:
Гүн ухаантан, социологич, эдийн засаг, консерватизмийн онолч нэгэн
Мэндэлсэн он:
1905 оны арваннэгдүгээр сарын 22
Мэндэлсэн газар:
Чикаго хот
Харьяалал:
Америкийн Нэгдсэн Улс
Бие барсан он:
1987 оны долдугаар сарын 28 (81 насандаа)
Бие барсан газар:
АНУ, Коннектикут муж улс, Кент
Гавьяа, шагнал:
Жеймс Бернхем буюу Бёрнхем (Англи хэлнээ: James Burnham1905 оны арваннэгдүгээр сарын 22, Чикаго хот — 1987 оны долдугаар сарын 28, АНУ, Коннектикут муж улс, Кент) — нь Америкийн гүн ухаантан, социологич, эдийн засагч, Нью-Йоркийн Улсын Их Сургуулийн профессор (1929-1953 он). Консерватизмийн онолч нэгэн.
Цадиг намтар
Жеймс Бернхем 1905 оны арваннэгдүгээр сарын 22 нд АНУ-ын Иллинойс муж улсын Чикаго хотноо Английн цагаач Клаудэ Жорж Бернхем (Claude George Burnham)-ийн гэрт мэндэлсэн. Оксфордын Их Сургуулийн Баллиол Коллежийг дүүргэсэн. 1929 оноос Нью-Йоркийн Улсын Их Сургуулийн профессороор ажиллах болсон. Их сургуулийн профессороор томилогдсон тэрээр радикал үзэл бодол бүхий янз бүрийн сэтгүүлтэй хамтарч ажиллах болсон бөгөөд Сидней Хуктай хамтран Америкийн Ажилчны Намыг үүсгэн байгуулжээ. 1934 онд уг намаа Америкийн Коммунист Холбоотой нэгтгэхийн төлөө тэмцсэн. Энэ үеэс эхлэн Оросын нэрт хувьсгалч Лев Троцкийтой ойр дотно холбоо тогтоон харилцах болсон.
1939 он хүртэл Америкийн троцкист үзэлтнүүдийн удирдагч нарын нэг байжээ. Сүүлээр марксист философи, диалектик материализмийг хурцаар шүүмжлэх болсон.
Америкийн Социалист намын троцкистуудаас салж, Ажилчны Социалист Намыг үүсгэн байгуулсны дараах хэдэн жилийн хугацаанд Бернхем троцкист бүлэглэлийг дотроос нь хагалан бутаргаж, ЗХУ-ыг цэвэр ажилчин ангийн улс болгох гэсэн Троцкийн онолын эсрэг Макс Шахтманы хамт тэмцэх болсон. Үзэл санааны хувьд хэт зүүний троцкист байр сууринаас барууны консерватив байр сууринд шилжсэн.
1941 онд капиталист нийгэм удирдлагын шинэ анги бүхий “менежерүүдийн нийгэм” болж шинэчлэгдэж буй тухай өгүүлсэн «The Managerial Revolution» («Менежерүүдийн хувьсгал») нэртэй бүтээлээ нийтлүүлсэн.
Хөрөнгө, үйлдвэрийн хэрэгслийг өмчлөх, эзэмших үйл явцаас удирдлагын үүргийг тусгаарлан авч үзсэн бөгөөд энэ ч үүднээс зохион байгуулагчдын шинэ ноёрхогч анги капиталист өмчтөнгүүдээс үл хамаарч бүхэл нийгмийг удирдах чадвартай болсон хэмээн сурталчилсан.
1947 онд уг бүтээлийг «Зохион байгуулагчдын эрин үе» нэртэйгээр франц хэлнээ хөрвүүлсэн байна. Энэ ном сүүлээр хэт консерватив бүлэг болох Соёлын Эрх Чөлөөний Холбоо (Association for Cultural Freedom)-ны тунхаг бичиг болж хувирсан.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа консерватизмийн томоохон онолч гэгдэж олноо нэр цолгорсон. «Коммунизмийн зэрлэгшилт»-ээс хүн төрөлхтнийг аврах цорын ганц найдвар болсон АНУ-ыг хамгаалж, ЗХУ тэргүүтэй социалист орнууд, тэрчлэн марксизмийн үзэл санааг хурцаар шүүмжилж байсан.
Жеймс Бернхем «Миний бие Париж, Лондон, Ром, (…)  ерөөсөө нийт өрнийн соёл иргэншлийг үгүй хийхээр заналхийлж буй бөмбөгийг Сибирь юм уу Кавказад байршуулахын эсрэг байна (…). Гэхдээ таван жилийн туршид Өрнөд Европын эрх чөлөөний цорын ганц баталгаа гэгдэж байсан Лос Аламосод (…) бөмбөг байршуулахын төлөө байна» хэмээн мэдэгджээ.  
1983 онд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган түүнийг Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Төлөө Медалиар шагнажээ.  Америкийн эрдэмтэн, улс төр судлаач, социологич Жеймс Бернхем 1987 оны долдугаар сарын 28 нд Коннектикут муж улсын Кент хотноо элэгний өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Sunday, July 16, 2017

ЯПОНЫ УЛС ТӨР СУДЛААЧ ТАКАШИ ИНОГУЧИ

Японы нэртэй улс төр судлаач Иногучи Такаши (Inoguchi Takashi; 猪口 \いのぐち たかし\; 1944 оны нэгдүгээр сарын 17 нд мэндэлсэн) Ниигата Мужийн Их Сургуулийн ерөнхийлөгч, Токио Их Сургуулийн профессор нэгэн. Улс төрийн онол, олон улсын харилцаагаар мэргэшсэн эрдэмтэн. 1974 онд Массачусэтсийн Технологийн Дээд Сургуульд докторын зэрэг горилсон.
Ниигата мужийн Ниигата хотноо мэндэлсэн. Англи, Орос, Хятад, Солонгос хэлтэй. Женевийн Их Сургууль, Австралийн Улсын Их Сургууль, Харвардын Их Сургууль, Токио Их Сургууль, Ниигата Мужийн Их Сургуульд багшилж байснаас гадна НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байв. 2009 оны дөрөвдүгээр сараас Ниигата Мужийн Их Сургуулийн ерөнхийлөгчөөр сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байна.

Олон улсын харилцаа, улс төрийн онолын сэдвээр олон тооны ном гаргасан учир Японид төдийгүй дэлхий дахинаа нэр түгсэн. Сэйжи рирон буюу Улс төрийн онол (猪口孝。 政治理論。猪口孝編者。東京: ミネルヴァ書房、2015) зохиол Иногучи Такашигийн тулгуур бүтээлийн нэгд тооцогддог. Уг номондоо Өрнөдөд хөгжиж буй улс төрийн судалгааны илэрхий нэг дутагдалтай тал нь ямар нэгэн үзэл санаа, онолыг Өрнөдийн орнуудтай холбон үзэж, түүгээр бүхнийг тайлбарлах зорилго тавьдагт оршино. Гэвч Өрнөдийн болон Өрнөдийн бус улс төрийн шинжлэх ухаан гэж байх боломжгүй юм. Гагцхүү авраамын (Өрнөдийн) болон дармын (Дорно Дахины) уламжлал дээр суурилсан нэгдмэл улс төрийн шинжлэх ухаан байдаг гэсэн санааг дэвшүүлжээ. Түүний үзсэнээр, Авраамын уламжлал христос, ислам, иудаизмын соёлтой холбоотой бол дармын соёл нь буддизм, индуизм, даосизм, синто соёлын сурталтай холбогдоно. Эхний уламжлалд үзэл санаа, онолыг тодорхой нэг стандартад захируулж, түүгээр бүхнийг тайлбарлах гэж зорьдог бол хоёр дахь уламжлалд олон янзын үзэл санаа, онолыг хүлээн зөвшөөрч хүндэтгэхийн зэрэгцээ харилцан зэрэгцэн оршихыг хүлээн зөвшөөрдөг гэжээ. Ингочи Такашигийн уг санааг судлаачид улс төрийн судалгаанд үзэл баримтлал, арга зүйн томоохон ач холбогдолтой гэж үзсэн байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Иногучи Такашигийн доорх цахим хаягаар үзэх боломжтой: https://www.t-inoguchi.com  
МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР