Saturday, February 11, 2017

ДЭВИД БИКНЭЛЛ ТРУМЭН: СОНИРХЛЫН БҮЛГИЙН ОНОЛ

Улс төр гэж юуг хэлэх, улс төр хэрхэн бүтдэг, улс төрийн зорилго юунд оршдог вэ?
Эдгээр асуултад сонирхлын бүлгийн үйл ажиллагааг судлах замаар хариулт өгөхийг оролдсон XX зууны нөлөө бүхий эрдэмтэн бол Колумбын Их Сургуулийн профессор Дэвид Бикнэлл Трумэн билээ. Сонирхлын бүлэгтэй холбон улс төрийн үзэгдэл, үйл явцыг тайлбарлах оролдлого анхлан Америкийн дөрөв дэх ерөнхийлөгч Жамес Мэдисон, Францын улс төрийн зүтгэлтэн Алексис де Токвиль нарын бүтээлд тусгагдсан байдаг ч Чикаго Их Сургуулийн профессор Артур Фишер Бэнтли, Колумбын Их Сургуулийн профессор Дэвид Бикнэлл Трумэн нарын судалгаагаар шинэ онол, үзэл баримтлалын түвшинд хүрч боловсрогджээ (David Truman, 2017).
Дэвид Бикнелл Трумэн (David Bicknell Truman) 1913 оны зургаадугаар сарын 1 нд Иллинойс муж улсын Еванстон хотноо мэндэлсэн. 1935 онд Амхерст коллежийг дүүргэж, Чикаго их сургуульд докторын зэрэг горилсон бөгөөд улмаар 1950 он хүртэл  Бэннингтон, Корнелл, Харвард, Иелийн Их Сургуулийн зэрэгцээ Уильямс Коллежид багшилж байжээ. 1950 онд Колумбын Их Сургуульд зочин багш, 1951-1959 онуудад профессор, 1959-1961 онд төрийн захиргаа, удирдлагын тэнхимийн эрхлэгчээр тус тус ажилласан байна. Ялдарт нь, “Засгийн газрын үйл ажиллагаа: Улс төрийн ашиг сонирхол ба олон нийтийн санаа бодол(Governmental Process; Political Interests and Public Opinion: Управленческий процесс. Политические интере­сы и общественное мнение) нэрт бүтээлээ 1951 онд нийтлүүлжээ. 1962 оноос Колумбын Коллежийн захирал, 1967 оноос Колумбын Их Сургуулийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан байна. Энэ үед тус сургуульд нийтдээ 17500 оюутан суралцдаг байжээ. Хэдийгээр Трумэн захиргааны алба үүрэглэдэг байсан боловч оюутан сурагчдын итгэлийг хүлээсэн, тэдэнтэй ойлголцож, ойр ажиллаж чаддаг гэдгээрээ ихээхэн нэртэй нэгэн байсан гэдэг (Columbia University, 2003).
1969 оноос Массачусэтс дахь Моунт-Холиок Коллежийн 15 дахь ерөнхийлөгчөөр сонгогдон найман жилийн туршид ажиллажээ. 1978-1979 оны зурвас хугацаанд Гүн Ухаантан Расселлийн Сангийн ерөнхийлөгч байв (Mount Holyoke College, 2003).
Энэ бүхнээс гадна, Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны болон Философийн Холбооны гишүүн тэрээр 1964-1965 оны хооронд Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны ерөнхийлөгч байжээ. Элинор Гриффинхагэн авхайтай 1939 онд ураглаж, хүү Эдвин нь мэндэлжээ. Дэвид Б. Трумэн “Засгийн газрын үйл ажиллагаа: Улс төрийн ашиг сонирхол ба олон нийтийн санаа бодол” бүтээлээс гадна 1940 онд “Захиргааны төвлөрлийн сааруулах үйл явц(Administrative Decentralization), 1959 онд “Конгрессийн нам” (The Congressional Party) нэрт зохиол бичсэн байна (Corcoran, 2003).
XX зууны нэр нэндсэн улс төр судлаач Дэвид Бикнэлл Трумэн 90 насандаа сүүлийн 15 жилийн туршид амьдарсан Флорида мужийн Сарасота хотноо 2003 оны наймдугаар сарын 28 ны пүрэв гарагт бие баржээ.
Өнөөгийн нийгмийн онцлог шинж нь ангиуд устаж, тодорхой ашиг сонирхлоор нэгдсэн богино настай сонирхлын бүлгүүд бий болсонд оршино. Давын өмнө, тэд улс төрийн үйл явцыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, нийгмийн нөөцийг хуваарилах, захиран зарцуулах эрх мэдэл олж авахын төлөөх сонирхлын бүлгүүдийн дунд өрнөх үйл явцыг Трумэн улс төр (Truman, 1951, хууд. 14) гэж тодорхойлсон байна.
Трумэн бүлэг гэдгийг “тодорхой хэмжээнд өөр хоорондоо харилцаж буй хүмүүсийн олонлог” (Truman, 1951, хууд. 13) хэмээн тодорхойлжээ. Бүлгийг ерөнхийд нь, энгийн болон сонирхлын бүлэг гэж ангилсан. Тэдэнд сонирхол гэсэн нийтлэг шинж байх ч энгийн бүлгээс ялгарах сонирхлын бүлгийн онцлог нь зан үйлийн тодорхой хэв шинжийг төлөвшүүлэх зорилгоор гишүүдийн нийтлэг эрх ашгийг шаардлагын хэлбэрээр бусад бүлэг тулган хүлээлгэх чадвартай байдагт оршино (Truman, 1951, хуудсд. 15, 16).
Сонирхлын бүлгийн зэрэгцээгээр Трумэний бүтээлд болзолт бүлэг гэсэн өөр нэг ухагдахууны талаар дурдсан байдаг. Ердийн бүлэг, болзолт бүлэг гэж юуг хэлэх вэ, тэд сонирхлын бүлгээс юугаараа ялгаатай вэ? Тодорхой нийтлэг эрх ашиг бүхий тогтмол бус харилцаатай хувь хүмүүсийн эрээвэр хураавар нэгдлийг болзолт бүлэг гэнэ (Truman, 1951, хуудсд. 14, 15). Тогтвортой байх шинж энэ төрлийн бүлэгт байдаггүй.
Үүнээс гадна, Трумэн сонирхлын бүлгийг улс төрийн болон улс төрийн бус гэсэн хоёр төрөлд ангилжээ. Засаг төрийн албан ёсны бүтцэд нөлөөлөл үзүүлэх замаар эрх ашгаа хангахыг эрмэлзэх бүлгийг улс төрийн, буюу шахалтын бүлэг гэж тодорхойлжээ. Харин нийгмийн бусад бүлэгт нөлөөлөх замаар эрх ашгаа хэрэгжүүлэх бүлгийг улс төрийн бус бүлэг хэмээсэн. Улс төрийн, буюу шахалтын бүлэг нь лоббизмтой шууд холбоотой.
Бүлгийн дотоод дахь харилцаа ямагт тэнцвэржилтийг хангах, тогтвортой байлгах хандлагад чиглэгдэнэ.
Трумэний үзсэнээр, АНУ нэг ч сонирхлын бүлэг олон нийтийн санаа бодолд давамгай байдлаар нөлөөлөх юм уу, хяналтаа бүрэн тогтоож үл чадах плюралист улс төрийн тогтолцооны сонгодог жишээ юм  (Truman, 1951, хууд. 44). Ийм хэв шинжийн улс төрийн тогтолцоонд олон нийтийн ардчилсан үзэл бодол сайн төлөвшдөг талаар тэрээр дурдсан байна. Эндээс засгийн газрын үндсэн чиг үүрэг нь хүн амын амьдралын чанарыг хангах юм уу эдийн засгийн хөгжлийг бий болгоход чиглэгддэггүй. Харин нийгмийн баялагийг хуваарилах, зарцуулах эрх мэдлийн төлөө өөр хоорондоо өрсөлдөж буй сонирхлын бүлгүүдийн дунд тэнцвэржилтийг хангах явдал болно гэж үзжээ. Ийм төр, нийгмийг Трумэн ардчилсан гэж тодорхойлсон бол Иелийн их Сургуулийн профессор Робэрт Алан Даль “полиархи” хэмээн нэрлэжээ.
Нийгэм олон тооны сонирхлын бүлгээс тогтсон, тэдгээр нь эрх мэдэл олж авахын төлөө үйл ажиллагаа явуулдаг байх нь олон тулгуурт ашиг сонирхлыг дээдэлсэн ардчилсан төр, нийгмийн цөм чанар юм. Нийгмийн хөгжлийн явцад хүн амын янз бүрийн давхаргыг эрх ашгийг нэгтгэн илэрхийлэх үүрэгтэй сонирхлын бүлэг олноор байгуулагдах нь зүй бөгөөд ингэснээр нэг талаас, нийгмийн харилцаа эрүүлжиж, төрийн эрх мэдлийн төлөөллийн чанар сайжрах, нөгөө талаас, төр засаг ялзрахгүй байх, үйл ажиллагааны механизм үр дүнтэй байх таатай хөрс суурь бүрддэг байна.
Уламжлалт нийгмийн үнэт зүйлс бүдгэрч сарних, шинжлэх ухаан, технологийн дэвшил хүмүүний амьдралд хурдацтай нэвтрэх үйл явц нь өөрөө нийгэм ашиг сонирхлын бүлгээс бүрдсэн плюралист тогтолцоонд шилжихийн зайлшгүйг нотлон харуулж байна. Өөр гарц байх боломжгүй. Трумэний үзсэнээр, уламжлалт нийгмийн үед сонирхлын бүлэг үүсэх, тэдгээр нь засгийн газартаа шахалт үзүүлж, эдийн засгийн хэлбэрээр олон нийтийн эрх ашгийг хангах эргэх холбооны үйл ажиллагаа бүрдэж чаддаггүй байна. Үүнийг гагцхүү шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан өнөөгийн нийгэмд бүрдүүлэх боломжтой (Truman, 1951, pp. 14-58).
Орчин үед АНУ болон Европын орнуудад сонирхлын бүлгийн онол арав гаруй хандлагын хүрээнд хөгжиж байна. Тэдгээрээс хамгийн нөлөө бүхий нь плюралист болон элитист хандлага юм.

Эх сурвалжийн жагсаалт

Columbia University. (2003, September 03). Former Provost, University Vice President David Truman Dies. Retrieved from Columbia News: http://www.columbia.edu/cu/news/03/09/davidTruman.html
Corcoran, D. (2003, August 31). David Truman, 90, Columbia Provost During 1968 Unrest. Retrieved from The New York Times: http://www.nytimes.com/2003/09/01/nyregion/david-truman-90-columbia-provost-during-1968-unrest.html
David Truman. (2017, February 11). Retrieved from Wikipedia : https://en.wikipedia.org/wiki/David_Truman
Mount Holyoke College. (2003, September 05). In Memoriam: President David Truman, 1913-2003. Retrieved from College Street Journal: https://www.mtholyoke.edu/offices/comm/csj/090503/truman.shtml
Truman, D. B. (1951). The Governmental Process: Political Interests and Public Opinion. New York: Alfred A. Knopf.

БЭЛТГЭСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Thursday, February 9, 2017

АВРЕЛИЙ АВГУСТИНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Дундад эртний улс төрийн сэтгэлгээний түүхэнд Аврелий Августин хүндтэй байр суурь эзэлдэг билээ. Католиг суртлын гэгээн эцэг Августин олон ухаанд нэр нэндэн тодорч, хожмын мэргэдэд зүйрлэшгүй нөлөөлөл үзүүлсэн суутан болно. Түүний туувисан “Эзний хот улсын тухайDe civitate Dei»), “Шүтлэг («Confessiones»),  “Бүтээгчийн тухайDe Trinitate»), “Эрх чөлөөт хүслийн тухайDe libero arbitrio») тэргүүтэн зохиол нь өдгөө ч шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлоо алдаагүй, сэхээрэлт багачуудын уншваас зохих номын жагсаалтад байсаар байна.
Гэгээн хэмээгдэн олноо цолгорсон Аврелий Августин 345 оны арваннэгдүгээр сарын 13 нд тэр үеийн Ромын эзэнт улсын харьяанд багтах хойд Африкийн Нумидийн Тагас балгаснаа, өнөөгийн Алжир улсын Суг-Ахраст газрын эзний гэрт эснэв. Христос шүтлэгч оюут төгс эхийн ивгээлээр номын ухаанд хичээн суралцаж, дээдийн эрдэмд шарласан гэдэг. Бага залуугаас Герег хэл, соёлыг захчлан латин утга зохиолд шимтэн эрдэм ухааны уурхай Мадавр балгаснаа үргэлжлүүлэн суралцсан байна. 370 оны намар буянт хүмүүн Романианы туслалцаатайгаар Карфаген хотноо хүрэлцэн очиж, яруу илтгэл зүй судалжээ. Карфагенид байхдаа 17 насандаа Августин 13 настай, дорд язгуурт охинд сэтгэл алдарч хэсэг хугацаанд хамт амьдарсан байна. Улмаар 372 онд хүү Адеодат нь мэндэлжээ.
373 онд Цицероны бүтээлийг судалж, философид татагдах болсон бөгөөд шүтлэгийн хувьд манихейн сурталд орсон байдаг. Гэвч 383 онд Ромд, 384 онд Миланд яруу илтгэл зүйгээр хичээл зааж, гэгээн Амвросийн нөлөөгөөр 387 онд эрхүүд болжээ. Ромоор дамжин төрөлх Тагас балгаснаа хүрэлцэн ирж, хэсэг хугацаанд өнгөт орчлонгийн элдэв бүхнийг тэвчин оршихуйн чанад утгыг тайлах аглаг буйдыг номлосон нийгэмлэг цүглэж, багачуудад суртхаал хайрласан байна. 395 онд Хиппоны хамба лам Валерий жанч халж, шинэ хамбаар Августиныг өргөмжилжээ. Энд байхдаа тэрээр Нумидын хамба Донатын цогцлоосон донатизм, санваартан Пелагийн үүсгэсэн пелагионизм, Александрын санваартан Аригийн анх номлосон ариан тэргүүтэн олон зүгийн тэтрүү санаатны цуудам үзлийг чумарлан няцааж, христос суртлын үнэн утгын мадаггүй чанарыг дахин номлосон байна.
Мэргэдийн оройн чимэг, хритос суртлын оюут санваартан Гэгээн Аврелий Августин 430 оны наймдугаар сарын 28 нд Карфагены ойролцоо орших Хиппонид вандалуудын довтолгооны үеэр 85 насандаа жанч халжээ.
Тэрээр философийн хувьд дараах үзэл санааг хөгжүүлсэн байна. Ертөнцийн эзэн материйг бий болгож, түүний хэлбэр, шинж чанар, зорилгыг тодорхойлж өгсөн. Манай гараг ертөнцөд оршин буй бүх зүйл сайн, сайхан, зохист утгыг агуулах учир оршидог. Харин эсрэгээр, муу, муухай бүхэн ахуйлаг бус шинжтэй бөгөөд алдаа дутагдал болно. Ингэхлээр, ертөнцийн эзэн ахуй, сайн сайхан байдал, цэвэр хэлбэр, дээд үзэмжийн эх сурвалж юм. Ертөнцийн эзний тасралтгүй үргэлжлэх сайжруулалтын үр дүнд гараг ертөнц оршин тогтнодог. Гараг ертөнц цор ганц бөгөөд зэрэгцээ ертөнцийн утга тээх боломжгүй. Матери хэлбэр, хэмжээ, тоо ширхэг, зүй тогтлын хувьд харилцан адилгүй. Гэвч бүх юм эзний бүтээл учир зохистой.
Ертөнцийн эзэн бүхнийг бүтээгч, эзэн биегүй, төсөөлшгүй, төгсгөлгүй шинж чанартай. Хүнийг анх эрх чөлөөт болгон бүтээсэн авч нүгэлт үйлийн улмаас хүн өөрийгөө эрх чөлөөгүй амьтан болгосон. Ингэхлээр, хүний эрх чөлөөгүй байдал нүгэл хилэнц, өөрөөр хэлбэл, муу муухай бүхнээс үүдэлтэй. Хүний амьдралын зорилго нүглийг тэвчиж, буяныг эрэлхийлэх, ингэснээр ертөнцийн эзний гэсгээлээс ангижрахад оршино.
Тэгвэл буян гэж юу вэ? Августин буяныг ертөнцийг эзнийг сүслэх итгэл бишрэлтэй холбон авч үзсэн байна. Ертөнцийн эзэнд сүслэх итгэл бишрэлгүйгээр гэсгээлээс ангижрах боломжгүй. Хүн итгэл бишрэлийн хүчээр гэсгээлээс ангижирч, жинхэнэ эрх чөлөөг олно.
Цаг хугацаа гэгч өөрчлөлт, хөдөлгөөний хэмжилт юм. Гараг ертөнц орон зайд, ахуй цаг хугацаанд хязгаарлагдана. Өнгөрсөн болон ирээдүй гэгч бодитой бус. Гагц өнөө цаг бодитой. Өнгөрсөн цаг бидний дурсамжид, ирээдүй цаг бидний итгэл найдварт үрэвтэж оршино.
Улс төрийн сургаал
Августины улс төрийн сургаал 413-427 оны хооронд бичигдсэн 22 дэвтэр, 659 бүлгээс бүрдэх “Эзний хот улсын тухай” нэрт зохиолд системтэйгээр тусгагдсан байдаг. Юуны түрүүнд, Августин нийгмийн харилцаан дахь хүмүүсийн хөрөнгө чинээний тэгш бус байдлыг зөвтгөн авч үзсэн байна. Тэгш бус байдал нийгмийн амьдралын зүй ёсны үзэгдэл бөгөөд баялагийн тэгштгэх явдал ямагт бүтэлгүйтлээр дуусах болно. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөний бүхий л түүхэн хөгжлийн явцад тэгш бус байдал байсан, байсаар ч байна. Гэвч эцсийн эцэст, бүх хүн ертөнцийн эзний өмнө эрх тэгш.
Төр бол нийгмийн дотоодод элх амгаланг тогтоож, хүмүүст сайн сайхныг авчрах үүрэгтэй байгууллага бишээ. Харин хүний аминч чанарын улбаа нүглийн шийтгэл юм. Адам, Евагаас эхтэй нүгэлт үйлийн улбаа хүн төрөлхтөнд ертөнцийн эзний хоёр дахь гэсгээл иртэл оршсоор байх бөгөөд уг чанар нь эзний хүсэл зоригт бус, хүн өөрийн дур зоргод захирагдах болсонд агуулагдана.  Хүн төрөлхтөний түүх газрын болон ертөнцийн эзний хаант улс гэсэн хоёр үед хуваагдана. Хүн хүнээ дарлан мөлжиж, нунжлах, ёс бусаар дээрэмдэх, үтээрхэж тэмцэлдэх зэрэг нь газрын хаант улсын үндэс бол элгэмсүү найрсаг, элх амгалан, дарлал, зовлонгүй, эд хөрөнгөд шунаглан тачаадах сэтгэл үгүй хүн бүр итгэлээр цэнгэж амьдрах нь ертөнцийн эзний улсын суурь юм. Газрын хот улсад нүгэл бүх үйлийн үүтгэл бол ертөнцийн эзний улсад буян, бишрэл чухалчлагдана. Нүглийн өр төлөөс гэсгээл, буяны үр нь аз жаргал, сайн сайхан байдал юм. Эндээс Августин нийгмийн харилцаанд урагшин бугшиж буй бурангуй бүхнийг нүглийн өр төлөөс, харин сайн сайхан бүхнийг ертөнцийн эзний хайр ивээл хэмээн тайлбарласан байна. Эзний хот улсад төр хууль цаазыг сахиулж, элх амгаланг тогтоох, гадны халдлагаас иргэдээ хамгаалж, тэтрүү нартай тэмцэхэд сүм хийдэд тусладаг байна. Гэтэл газрын хот улсад төр албат иргэнээ тонон дээрэмдэх, дарлан зовоох, зүйл бүрийн цуудам үзлийг хөгжөөн дэлгэрүүлэхэд анхаардаг байна. Зургаан эрин дуустал газрын болон ертөнцийн эзний хот улс зэрэгцэн орших нигууртай. Гэвч эцэстээ эзний хотын иргэд аврагдаж, газрын хотын иргэд мөнхийн тамд унана. Долоон дахь буюу сүүлийн эринд сайн бүхэн үлдэж, муу бүхэн тонилох жамтай.
Августин иргэний болон сүм хийдийн засгаас хамгийн дээд нь сүм хийд болой гэж үзсэн. Учир нь нүгэлт хүн төрөлхтөнг ертөнцийн эзэнтэй холбогч “гүүр” нь сүм хийд гэсэн санааг гаргажээ.

БЭЛТГЭСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 

Saturday, February 4, 2017

УЛС ТӨР СУДЛААЧ АНЖЕЛО ПАНЭБИАНКО

Анжело Панэбианко (1948 оны зургаадугаар сарын 11, Болон) – Италийн улс төр судлаач, нийтлэлч, либерал улс төрийн үзэл санааг талархагч нэгэн.
1967 онд Болонд лицей сургууль төгсч, 1971 онд Болоны их Сургуулийн улс төр судлалын салбарыг дүүргээд дараагийн жил нь Жон Хопкинс Их Сургуулийн дэргэдэх Болоны Төвд зэрэг хамгаалсан. Өөрийн судалгааг Харвардын Их Сургууль, Бэркли дахь Калифорнийн Их Сургууль, Лондонгийн Эдийн Засгийн Сургуульд хийсэн байна. 1977 онд “Шинэ радикал хүчнүүд” нэрт хамтын бүтээлийг зохиоход гар бие оролцсон. 1985-1990 онуудад Il Mulino сэтгүүлийн редакцийн зөвлөлийн, 1991-1996 онуудад тус сэтгүүлийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажилласан.
1989 оноос Болоны Их Сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар хичээл заах болсон.
90-ээд оны үед Болоны Их Сургуулийн номын сангийн эрхлэгчээр ажиллахын зэрэгцээ Форли арал дахь Болоны Их Сургуулийн харьяа Робэрто Руффилло Улс төрийн Шинжлэх Ухааны Сургуулийг үүсгэн байгуулсан. 1991-1995 онуудад Улс төрийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны хөтөлбөрийн даргаар ажилласан байна.  
Италийн их, дээд сургуулийн сургалтын арга барил, хөтөлбөрийг шинэчлэх ажилд идэвхтэй оролцож байсан.
Болоны Их Сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар багшлахын зэрэгцээ Милан дахь Вита Салют Сан-Раффаэл Их Сургуульд геополитик, улс төрийн бодлогын онолоор хичээл зааж байна.
Анжело Панэбианког алдар хүндийн оргилд хүргэсэн бүтээл нь 1988 оны олны хүртээл болсон “Улс төрийн намууд: Зохион байгуулалт ба эрх мэдэл” (Modelli di partito. Organizzazione e potere nei partiti politici: Political Parties: Organization and Power: Политические партии: Организация и власть) нэртэй зохиол юм. Уг бүтээлдээ 1960, 1970-аад оны үеийн Америк, Европын орнуудын намуудын хөгжлийн ерөнхий хандлагыг судлаад нам түүхэн хөгжлийн явцдаа олон түмний бюрократ, сонгуулийн мэргэшсэн гэсэн хоёр хэлбэрийг дамжин иржээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Намын бүтцэд мэргэшсэн менежер, экспертүүдийн нөлөө өсөн нэмэгдэж, үүнийгээ дагаад зохион байгуулалт нь цэвэр техникийн шинжтэй болсон (Panebianco, 1988, хууд. 232). Эдгээр онцлогийг тусгасан сонгуулийн мэргэшсэн нам гэх зохион байгуулалтын шинэ хэлбэр ч үүсч байгааг онцолсон байдаг (Panebianco, 1988, хууд. 264).
 Түүний үзсэнээр, сонгуулийн мэргэшсэн нам нь 1. Улс төр, захиргааны гэхээсээ илүү техникийн шинжтэй хөлсний менежерүүдийн нөлөө өссөн: 2. Намын дотоод зохион байгуулалт суларч, сонгогчидтой шууд харилцах болсон: 3. Намын удирдлага мэргэшсэн шинжтэй болсон: 4. Гишүүдийн татвараар бус, сонирхлын бүлэг, олон нийтийн байгууллагаас санхүүжих болсон гэсэн дөрвөн үндсэн онцлог шинжтэй (Panebianco, 1988, хууд. 264) гэжээ. Сонгуулийн мэргэшсэн намд бюрократ улс төрийн эрх мэдлийн төлөөлөх төв байхаа больж, дүрэм журмыг хэрэгжүүлэгч цэвэр захиргааны бүтэц болж хувирдаг байна (Panebianco, 1988, хууд. 233). Ийм хэв шинжийн намд үндсэн эрх мэдэл цөөн тооны манлайлагчдын гарт төвлөрдөг (Panebianco, 1988, хууд. 229).
Панэбионкагийн бүтээлд туссан өөр нэг санаа нь улс төрийн намын төлөвшилтийн тухай асуудал юм. Намын төлөвшилтөд дараах гурван хам хүчин зүйл нөлөөлдөг байна. Үүнд: 1. Нам үүсгэн байгуулах санаачлага орон нутаг, төв хоёрын алинаас гарч байгаа: 2. Ямар нэг хүчний эсвэл өөрийн боломж, бололцоонд тулгуурлаж бий болсон уу: 3. Нам харизматик манлайлагчтай эсэх орно.
Харизматик манлайлалгүй байх, дотооддоо хүлээн зөвшөөрөгдсөн байх нь намын төлөвшилтөд эерэгээр нөлөөлдөг байна. Гэхдээ Панэбионка намын эдгээр шинж хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоотой парламентын засаглалын үед илэрхий давамгай ажиглагдаж байгааг онцолсон байна (Panebianco, 1988, хуудсд. 50-55).
Судлаачтай холбогдох цахим шуудангийн хаяг: angelo.panebianco@unibo.it

Эх сурвалж

Panebianco, A. (1988). Political Parties: Organization and Power. Cambridge: Cambridge University Press.


ИТАЛИЙН УЛС ТӨР СУДЛААЧ ПИЭРО ИГНАЦИ

Пиэро Игнаци (1951 оны хоёрдугаар сарын 15, Фэинцо суурин) – нь Италийн нэр нэндсэн эрдэмтэн, улс төр судлаач, харьцуулсан улс төрийн судлалын салбар дахь томоохон мэргэжилтэн бөгөөд өдгөө 65 настай нэгэн болно.
1951 онд Италийн Фэинцо сууринд мэндэлсэн. 1974 онд Болоны Их Сургуулийг улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр онц дүнтэй дүүргэсэн. 1976-1978 онуудад Флорэнц дахь Европын Их Сургуульд, 1978-1979 онд Массачусэтсийн Технологийн Дээд Сургуульд тус тус эрдмийн зэрэг горилсон. Суралцах хугацаандаа 1976, 1977 онд Жон Хопкинс Их Сургуулийн дэргэдэх Болоны Төвийн, 1976-1978 онуудад Флорэнц дахь Европын Их Сургуулийн, 1978, 1979 онд АНУ-ын Фулбрайт-Хэйс Сангийн, 1982 онд Үндэсний Судалгааны Зөвлөлийн болон Францын Улс Төрийн Шинжлэх Ухааны Улсын Сангийн, 1986 онд Шинжлэх Ухааны Судалгааны Улсын Төвийн нэрэмжит тэтгэлэгүүд хүртэж байсан.
1984 онд Болоны Их Сургуулийн Харьцуулсан Улс Төр Судлалын Тэнхимд туслах ажилтнаар ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Игнаци 1991-1994, 1996-1998 онуудад туслах профессор, 1994-1996 онд дадлагжигч багш, 1998-2000 онд Калабри Их Сургуульд Улс Төр Судлалын Тэнхимийн доцент, 2000 оноос Болоны Их Сургуульд профессороор тус тус томилогдон багшилсан болон багшилж байна. Мөн 2000-2003 онд Болоны Их Сургуулийн олон улсын магистрын хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, 2003 оноос магистрийн хөтөлбөрийн даргаар ажиллаж байна.
Энэ бүхнээс гадна, 1996 онд Техасын Их Сургуульд, 2002, 2003 онд Монреалийн Их Сургуульд, 1996, 2005, 2007 онд Денверийн Их Сургуульд, 1999 онд Лиллийн Их Сургуулийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Хүрээлэнд, 1998-2005 онд Парижийн Их Сургуульд, 2007 онд Оксфордын Их Сургуулийн дэргэдэх Наффильд Коллежид тус тус зочин профессороор ажилласан болно.
Игнацитай холбогдох цахим хаяг: piero.ignazi@unibo.it

ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ ОНОЛЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ, УЛС ТӨР СУДЛААЧ ЖОЗЭФ САМУЭЛ НАЙ

Дэлхийн Олон Улсын Харилцааны Залуу Судлаачдын Холбоо 2011 онд 20 орны 1700 гаруй эрдэмтдийн дунд санал асуулга явуулсан бөгөөд уг асуулгаар Жозэф Найг сүүлийн хорин жилд гарсан хамгийн нөлөө бүхий судлаач болохыг тогтоожээ (Daniel Maliniak, Susan Peterson and Michael J. Terney, May 2012). Мөн 2011 болон 2014 онуудад Foreign Policy сэтгүүлийн явуулсан судалгаагаар Жозэф Найг хорьдугаар зууны нэр нэндсэн 100 эрдэмтний зургаад оруулсан байх юм. Ингэхэд Жозэф Самуэл Най гэж хэн бэ, улс төрийн шинжлэх ухаанд ямар хувь нэмэр оруулав аа?
Олон улсын харилцаа, дэлхийн улс төрийн бодлого, улс орнуудын гадаад бодлогын үйл явцыг тайлбарлах “зөөлөн хүчний” үзэл баримтлалыг анхлан хөгжүүлэгч, эрдэмтэн, өдгөө 80 настай бага Жозэф Самуэл Най 1937 оны нэгдүгээр сарын 19 нд Америкийн Нью-Жерси муж улсын Нью-Оранжид мэндэлжээ. Моррис тауны бага сургуулийг дүүргээд 1954 онд Принстоны Их Сургуульд элсэн суралцаж, улмаар 1958 онд олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсчээ. 1964 онд Харвардын Их Сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар PhD-ын зэрэг хүртэж, мөн ондоо Харвардын Их Сургуульд багшлах болсон байна. 1985-1990 онуудад Жон Хэннэдийн нэрэмжит Төрийн Удирдлагын Сургуулийн Шинжлэх Ухаан, Олон Улсын Харилцааны Төвийн захиралаар ажилласан. 1989-1992 онуудад Харвардын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Факультетын орлогч декан, 1989-1993 онуудад мөн сургуулийн Олон Улсын Харилцаа Судлалын Төвийн захирал, 1995-2004 онуудад Жон Хэннэдийн нэрэмжит Төрийн Удирдлагын Сургуулийн захиралаар тус тус ажиллаж байв. 2012 оны арванхоёрдугаар сараас Харвардын Их Сургуулийн тэргүүлэх профессороор томилогдон өнөөг хүртэл багшилж байна.
Жозэф Най зөвхөн эрдэмтэн судлаач байсангүй ээ. Тэрээр төрийн бодлого боловсруулагч улс төрийн зүтгэлтэн байв. Тухайлбал, 1977-1979 онуудад төрийн нарийн бичгийн даргын аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн зөвлөх, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх үндэсний хорооны бүлгийн дарга, 1993-1994 онуудад Үндэсний Тагнуулын Хорооны дарга, 1994-1995 онуудад АНУ-ын Батлан Хамгаалах Яамны сайдын олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн орлогч зэрэг албыг хавсран гүйцэтгэж байжээ. 2004 онд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Жон Кэрригийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллах боломжтой хүмүүсийн тэргүүн эгнээнд дурдагдаж байснаас үзэхэд Жозэф Най улс төрийн тулхтай зүтгэлтэн болох нь харагдана.
Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны болон Дипломат Академийн гишүүн Жозэф С. Най Аспен Хүрээлэнгийн анхны гишүүн, Аспены стратеги бүлэглэлийн захирал, Гурван Талт Комиссийн Гүйцэтгэх Хорооны гишүүн зэрэг сонгуульт алба үүрэглэж байна. Үүнээс гадна,  Өрнө, Дорнын Аюулгүй Байдлын Судалгааны болон Олон Улсын Стратеги Судалгааны Хүрээлэнгийн захирал, Дэлхийн Эдийн Засгийн Хүрээлэнгийн Зөвлөх Хорооны гишүүн, НҮБ-ын дэргэдэх Зэвсэг Үл Дэлгэрүүлэх Зөвлөх Хорооны Америкийн талын төлөөлөгч нэгэн болно.
Олон улсын түвшинд нэр хүнд бүхий импакт фактор сэтгүүлүүдийн редакцийн зөвлөлд багтах Най нэг сэдэвт олон арван бүтээл туурвихын зэрэгцээ мэргэжлийн сэтгүүлд 150 гаруй өгүүлэл нийтлүүлжээ. Томоохон хэмжээний  “For the People: Can We Fix Public Service? (2003 он), Soft Power: The Means to Success in World Politics” (2004 он) зэрэг бүтээлүүдийн зэрэгцээ Нью-Йорк Таймс, Вашингтон Пост, Интернэшнл Гэральд Трибун, «Уолл-стрит Жоурнал», «Файнэншл Таймс» сэтгүүлд улс төрийн сэдвээр нийтлэлүүд бичиж байсан. «Найтлайн АВС», «Өглөөний мэнд, Америк орон», «Жим Лэхрэрийн мэдээний цаг» зэргээс гадна австрали, британи, франц, швейцари, япон, солонгосын телевизүүдэд ярилцлага өгч байв.
Харвардын Их Сургуулиас гадна Жозэф С. Най Женев, Оттава, Лондонд багшилж байжээ. Тэрээр Европ, Зүүн Африк, Төв Америкт амьдарч, дэлхийн 90 гаруй орноор тойрон аялсан байна.
Улс төр судлаач Робэрт Кеохэйнтэй хамтран 1972 онд “Үндэстэн хоорондын харилцаа ба дэлхийн бодлого” нэрт бүтээл нийтлүүлж үүндээ үндэсний улс олон улсын харилцааны цорын ганц субьект биш гэсэн санааг гаргажээ. 1977 онд бичсэн “Эрх мэдэл ба бие даасан байдал: Дэлхийн улс төрийн бодлогын хөгжил” зохиолдоо олон улсын харилцааны шинэ либерал дэг сургуулийн үндсийг боловсруулсан байна. Тэрээр 1980-аад оны үеэс эхлэн зөөлөн хүч буюу soft power онолыг хөгжүүлсэн юм. Ялангуяа, зөөлөн хүчний онол АНУ Ирак руу цэргээ оруулсны дараа төрийн бодлогод хүч түрэн орж ирсэн түүхтэй. Найгийн судалгааны гол чиглэл нь даяаршил, дэлхий нийтийн харилцан хамаарал, зэвсэглэл, цөмийн зэвсэгтэй холбоотойгоор үүсэх гадаад бодлого, АНУ-ын Азийн бодлого (Хятад, Япон), улс орны доторх эрх мэдэл, удирдлагын асуудалд төвлөрч байна.
Найгийн үзсэнээр, өнөөгийн олон улсын харилцааны гол онцлог нь нийгэм-улс төрийн шалтгаанаас үүдэн үндэсний төр улсад итгэх итгэл эрс буурах болсонд оршино. Олон улсын харилцаан дахь төр улсын жин нөлөө буурахын хэрээр хүч түрсэн, айлган сүрдүүлсэн хатуу бодлого суларч, соёл, үнэлэмжийн шинжтэй зөөлөн хүчний бодлого улс хоорондын харилцаанд хөгжих таатай орчин бүрдэж байна гэжээ.  

Эх сурвалж

Daniel Maliniak, Susan Peterson and Michael J. Terney. (May 2012). TRIP Around the World: Teaching, Research and Policy Views of International Relations Faculty in 20 Countries . Williamsburg, Virginia : The College of William and Mary.